Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00097

 

 

                                          З.Г-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02688 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр магадлалтай,

З.Г-ийн нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч З.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Прокурор Д.Сарантуяа, нэхэмжлэгч З.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өвөө, ээжийн аав З.Мижиддорж нь 1938.03.08-ны өдөр улс төрийн хилс хэргээр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938.03.18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолоор Шүүхийн цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад ДЯЯ-ны дэргэдэх тусгай комиссын 1940.11.04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллажээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.Мижиддоржийн төрсөн охин М.Зина нь 2020.03.27-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 1822 дугаарт бүртгэгдсэн болно. З.Г миний бие эцэг эхээс тавуулаа, дүү Х.Ганцэцэг, Х.Нандиа, Х.Баярсайхан, Х.Эрдэнэбаяр нар нь өвлөх эрхээсээ хуулийн дагуу татгалзсан. З.Г 2020.08.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өвлөгчөөр тогтоосон.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 заасны дагуу М.Зинагийн төрсөн охин З.Г-д цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос 40,000,000 төгрөг олгохоор сонинд зарлагдсаны дагуу нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.

Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор тайлбартаа: З.Мижиддорж нь Хэнтий аймгийн Баян суманд мал маллан амьдарч байгаад 1938 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч хилс хэрэг байсан нь тогтоогдсон учир Дотоод явдлын яамны 1940.11.04-ний өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор цагаатган, шоронгоос суллагджээ. Харин З.Мижиддоржийн төрсөн охин М.Зина нь нас барсан тул түүний хүүхдүүд болох Х.Ганцэцэг, Х.Нандиа, Х.Баярсайхан, Х.Эрдэнэбаяр нар нь өвлөх эрхээс татгалзах хүсэлт гаргасан, уг нөхөх олговортой холбоотой баримт бичгийг бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг З.Г-д олгосон гэрээ хэрэгт авагдсан байна.

Нөхөх олговорт олгогдсон мөнгөнөөс хүү С.Цэдэв нь өөрт ногдох хувиас бүхэлд нь татгалзаж, хэлмэгдэгч З.Мижиддоржийн охин М.Зинагийн хууль ёсны өвлөгч З.Г-д уг нөхөх олговрыг бүгдийг өгөхөөр тохиролцсон хэлцлийг 2020.09.03-ны өдөр С.Цэдэв З.Г нар байгуулжээ. Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020.03.19-ний өдрийн 254 дугаартай албан бичгээр З.Мижиддорж болон түүний эхнэр Р.Цэрмаа нарт байр орон сууц болон худалдан авахад зориулсан мөнгөн олговор олгосон баримт бүртгэгдээгүй, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2020.03.23-ны өдрийн 7/2428 дугаартай албан бичгээр улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг үндэслэлээр орон сууц олгож байгаагүй болохыг гэрчилж байна. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02688 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-ийн гаргасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч З.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдол болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 “...Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...”, мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “...Өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрх өвлөгдөнө...” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Миний ээж болох /өвлүүлэгч/ М.Зина нь өөрийн эцэг З.Мижиддоржийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсний нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд анх 2020.02 дугаар сард өгч байсан ба шүүхээс 2020.02.21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа буюу 2020.03.27-ны өдөр нас барсан бөгөөд энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...” гэх заалтын дагуу миний ээжид олгогдох байсан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх нь түүний хууль ёсны өвлөгч надад гарцаагүй шилжихээр байна.

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нөхөх олговрыг өвлөх, нэхэмжлэх эрхийг зөвхөн тус хуулийн 13.2.2-т заасан этгээдүүдэд шилжүүлнэ гэсэн утга, агуулга огтхон ч байхгүй байна. Мөн дээрх хуулийн 10 дугаар зүйлд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүдийг нэрлэн заасан болохоос, өвлөх эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй, өвлөх эрхтэй этгээдүүдийг нэрлэн заагаагүй тул энэхүү хэргийн өв залгамжлалтай холбоотой харилцаа нь ерөнхий агуулгаараа Иргэний хуулиар зохицуулагдах тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 2, 3, 4-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан бол тэдгээрийн нэхэмжлэх эрх нь мөн хуулийн 10.3-т зааснаар Иргэний хуулийн дагуу хууль ёсны өв залгамжлагчид шууд шилжих нь ямар ч хоёрдмол утгагүйгээр ойлгогдож байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “...Өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрх өвлөгдөнө...” гэх заалтаас авч үзвэл эрх гэдэгт шаардах эрх, нэхэмжлэх эрх, өвлөх эрх зэрэг бүхий л ойлголтууд хамаарах ба Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д тус тус зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэх эрх нь өв залгамжлалаар шилжих нь тодорхой зохицуулагдсан атал анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөх олговрыг иэхэмжлэх эрх нь өв залгамжлалаар шилжих эрхэд хамаарахгүй, зөвхөн хуулийн 13.2.2-т заасан субъектүүдийн хүрээнд хэрэглэгдэнэ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй төдийгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган нөхөх олговорт 40,000,000 төгрөгийг надад гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Г нь нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ “...Миний өвөө буюу ээжийн аав З.Мижиддорж нь 1938.03.08-ны өдөр улс төрийн хилс хэргээр баривчлагдаж, ээж М.Зинагийн төрсөн охин Гансүхэд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос 40,000,000 төгрөг олгохоор сонинд зарлагдсаны дагуу нөхөх олговор гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэлмэгдэгч Зоригтын Мижиддоржийг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938.03.18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1940.11.04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон суллажээ.

Хэлмэгдэгч З.Мижиддоржийн төрсөн охин М.Зина Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан үндэслэлээр 40,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан байна.

Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хэлмэгдэгч З.Мижиддоржийн төрсөн охин М.Зина нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан хэдий ч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан өв залгамжлагчид шилжих эрхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх багтаагүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн “...М.Зина шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2020.03.27-ны өдөр нас барсан бөгөөд энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол... гэж зааснаар миний ээжид олгогдох байсан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх нь түүний хууль ёсны өвлөгч надад шилжихээр байна...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.        

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл уг хууль   “...хэлмэгдэгчдийг цагаатгах... нэр төрийг нь сэргээх... нөхөх олговор олгох... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах...” асуудлыг зохицуулах зорилгыг агуулжээ. 

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...учирсан хохирлыг... хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө...” гэж зохицуулан заажээ.

Хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1,000,000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500,000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговрыг нэг удаа олгоно гэж заасан байжээ.    

Хууль тогтоогчоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018.01.12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговрыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговрыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40,000,000 төгрөг болон 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна.

Иймээс хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2 гэсэн заалтууд нь “нөхөх олговор”-ын талаарх зохицуулалт байхын зэрэгцээ “гэр, орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц, эсхүл орлох мөнгө аваагүй байх” нөхцөл шаардаагүй, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгахаар зохицуулсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018.01.12-ны өдрийн хуулиар  өөрчлөлт орсонтой холбогдуулан, Үндсэн хуулийн цэцэд хандаж, иргэн Х.Оюунцэцэг, О.Тэмүүжин, Ц.Чулуунбаатар, Т.Галсан, Г.Жамъян нар “...Хэлмэгдэгчийн ач, зээг Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүйг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, нөхөх олговор авах эрхийг нь хассан байна. ...хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтад “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ.” гэсэнтэй шууд зөрчилдөж байна. ... хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1, 13.2.2 дахь заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн байдлыг тогтоож, хэлмэгдэгчдийн ач, зээ болон түүний шууд асрамжид байсан иргэдийн хууль ёсны эрхийг сэргээн тогтоолгохыг хүсч байна...” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчим нь бүх зүйлд тэгш хандана гэсэн үг бус гэм хор, хохирол амссаны хэрээр адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг. Гэхдээ тодорхой тохиолдолд буюу тухайн цаг үеийн үйлдэл, шалтгаан нөхцөлөөс хамаарч дээрх хуулиар улс төрийн хэлмэгдүүлэлтэд илүүтэй хохирч, дам хэлмэгдсэн хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд олгох нөхөх олговрыг ялгамжтай байдлаар хуульчилсан нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна...” гэсэн тайлбарыг гаргажээ. 

Үндсэн хуулийн Цэцийн 2019.10.16-ны өдрийн дунд суудлын хуралдаан болж 27 дугаар магадлалд “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,000,000 төгрөг” мөн хэсгийн 13.2.2 дахь заалтад “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40,000,000 төгрөг” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо...” гэж дүгнэсэн байна. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018.01.12-ны өдрийн хуулиар “..13.2..”  гэсэн нэмэлт өөрчлөлт сүүлд батлагдсан, тухайн харилцааг өөрт заасан хэм хэмжээнд зохицуулахаар нарийвчлан заасан, хуулийн 10 дугаар зүйлийн 10.3  тусгагдсан ойлголттой харилцан хамааралгүй байх бөгөөд хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02688 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАНЗРАГЧ   

                        ШҮҮГЧИД                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                           Х.СОНИНБАЯР

                                                                            Г.ЦАГААНЦООЖ