Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 3677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо   тоотод оршин суух Б овогт Ш Б/РД:  , утасны дугаар:  /

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   тоотод оршин суух Б овогт С Ц/РД:  , утасны дугаар: 90119948/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 928000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б

хариуцагч С.Ц

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс иргэн С.Цд өөрийнх нь хүсэлтээр 800000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Одоог хүртэл юу ч өгөөгүй тул 800000 төгрөг, 2 сарын хүү 128000 төгрөг, нийт 928000 төгрөгийг С.Цгаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч Ш.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Цбид хоёр нэг газархамт ажиллаж байсан. Ингээд намайг тэтгэвэрт гарсны дараа С.Цманай гэрт ирж надаас 800,000 төгрөг зээлээч гэж хүссэний дагуу би С.Цд итгэж 800000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд миний мөнгийг өгөөгүй. Мөнгийг ирж авахдаа тэр Хын авгайтай ирж авсан. Би гэрээг С.Цтай хийж нотариатаар баталгаажуулсан. Өмнө нь н.Х гэж хүн 1500000 төгрөг надаас аваад сарын дараа надад буцааж өгсөн. н.Х бид хоёрын асуудал энэ хэрэгт хамааралгүй. 800000 төгрөгийг С.Цөгөөгүй, н.Х ч өгөөгүй. С.Цтай хамт Х ажиллаж байсан цагдаагийн байгууллага дээр очиж даргатай нь уулзаж байсан нь үнэн гэхдээ би Хаас 800000 төгрөгийг авахыг зөвшөөрч байгаагүй, би чамд өгсөн чамаас авна гэдгээ С.Цд хэлж байсан. Иймд зээлүүлсэн 800000 төгрөгөө 2 сарын хүүгийн хамт нийт 928000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ олон жилийн хугацаанд алданги тооцох боловч тооцоогүй үндсэн мөнгөө, хүүгийн хамт шаардаж байна. Тухайн үед хүүд тооцож 80000 төгрөг суутгаж үлдээсэн гэж байгаа бол тийм байж болно мөнгөнөөс хасахад татгалзахгүй.

Хариуцагч С.Цшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С овогтой Цби 2015 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ажилтай байсан иргэн Хт өөрийн танил Ш.Баньдсүрэнд зуучлан 800000 төгрөг бэлнээр 1 сарын хүүг нь хасаад 720000 төгрөг авч өгсөн. Гэтэл Х уг төлбөрийг барагдуулахгүй байсан тул Бгуайн хамт 2016 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга нарт нь хандан Хын цалингаас уг төлбөрийг барагдуулах тохиролцоо хийсэн. Гэтэл сая 2018 онд уг хэрэг сөхөгдөн миний төлөх ёстой өр мэт байдал үүсгэн Бгуай танай шүүхэд гомдол гаргасан байна. Тиймээс Бгуай болон Хын эхнэр Өнөржаргалтай хөөцөлдөж байж биечлэн уулзаж, аль аль талуудад нь би уг мөнгийг өөртөө захиран зарцуулаагүй талаар ойлгуулсан. Ийм учраас Бгуайд уг мөнгийг Хаас гаргуулж өгөхөөр тохиролцсон болохоо тайлбарлаж байна.

Хариуцагч С.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би жирэмсний амралттай байх хугацаандаа 2015 онд Ш.Бгуайгаас мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ н.Х надаас мөнгө зээлээч гэж би бөөгийн сахиусаа авахгүй бол миний бие өвдөөд хэцүү байна гээд гуйгаад байхаар нь би н.Эрдэнээ гэж хүнээс 11000000 төгрөг авах ёстой байснаасаа 3000000 төгрөгийг нь аваад н.Хт 1500000 төгрөгийг нь өгсөн. Надад дахин мөнгө дутаад байна гэхээр нь би Ш.Бгэж манай ажлын тэтгэвэртээ гарсан хүн байгаа. Ш.Бгуай мөнгө зээлдэг гэсэн. Би Ш.Бгуайгаас мөнгө зээлж өгье. Гэхдээ мөнгийг нь даруй гаргаж өгөөрэй гэсэн чинь манай аав Зүүн хараад хувийн хамгаалалтын алба ажиллуулдаг. Мөнгийг нь удахгүй явуулна гэхээр нь би н.Хт итгэж, н.Хыг дагуулж, Ш.Бгуай дээр хамт очиж зээл авсан. Бид зээл аваад н.Хтай шууд Нарантуул зах гарч өөрт нь хэрэгтэй зүйлсийг авч хамт явсан. Дараа нь Ш.Бгуай надаас мөнгөө авъя гэж ирэхээр нь уг мөнгийг би захиран зарцуулаагүй н.Х захиран зарцуулсан гээд Ш.Б гуайг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр дагуулж очсон. Тэгээд н.Хыг хариуцдаг дээд шатны бүх дарга нар дээр нь н.Х, Ш.Ббид гурав хамт ороход н.Х даргынхаа дэргэд мөнгийг нь өгнө гэж бичиг үйлдсэн. Би ч гэсэн н.Хаас өөрийнхөө мөнгийг аваагүй. Ш.Б гуайгаас авсан мөнгийг н.Х захиран зарцуулсан. Ш.Бгуай шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа би н.Х дээр очиж уулзахад би Ш.Б гуайн бүх мөнгийг өгсөн байгаа, надаас болон чамаас мөнгө нэхэмжлэх ёсгүй. Ямар учиртай мөнгө нэхэмжилж байгааг би мэдэхгүй гэж надад хэлсэн. Ш.Бгуайгаас авсан мөнгийг н.Х захиран зарцуулсныг Ш.Бгуай өөрөө мэдэж байгаа. Би бол яг 800000 төгрөг аваагүй, тухайн үедээ 80000 төгрөгийг нь хүүд авлаа гээд хасаад 720000 төгрөг өгч байсан.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Ш.Бхариуцагч С.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 928000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг гэрээгээр зээлдэгч С.Цнь 800,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн байна. Уг гэрээний дагуу хариуцагч мөнгө хүлээн авснаа зөвшөөрч байгаа боловч уг мөнгийг захиран зарцуулаагүй, өөр хүн төлнө, үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа гэж маргаж байна.

Зээлийн гэрээ гэдгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь үүнтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн байхыг ойлгоно. Талуудын тохиролцооноос үзвэл Ш.Бнь С.Цд 800,000 төгрөг шилжүүлэх, С.Цнь 800,000 төгрөгийг 2 сарын дараа хүүгийн хамт төлөх үүрэг хүлээжээ. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ш.Б800,000 төгрөг шилжүүлэх үүрэгтэй боловч уг мөнгөнөөс 80,000 төгрөгийг хүүд суутгаж, 720,000 төгрөг шилжүүлжээ. Иймд нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрт 720,000 төгрөг шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар С.Цнь өөрийн үүргийг бусад этгээдээр гүйцэтгүүлж болно. Үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхийг үүрэг гүйцэтгүүлэгч болон гуравдагч этгээд зөвшөөрсөн байхыг шаардана. Хэрэгт авагдсан баримтаар С.Цнь Ш.Баньдсүрэнд төлөх зээлийн гэрээний үүргийг гуравдагч этгээд н.Хаар гүйцэтгүүлэхийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Ш.Баньдсүрэн, гуравдагч этгээд н.Х нар зөвшөөрсөн болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Иймд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч С.Цбиелүүлэх үүрэгтэй. Талууд зээлийн гэрээгээр 800,000 төгрөгт сарын 8 хувийн хүү тооцохоор тохирч, урьдчилан хүүд 80,000 төгрөг суутгуулсан нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно гэж заасантай нийцэж байна. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь бодитоор авсан 720,000 төгрөг, 2 сарын хүү 128,000 төгрөг нийт 848,000 төгрөг төлөхөөс хүүд 80,000 төгрөгийг урьдчилан өгсөн гэж үзэн хүүгийн зөрүү 48,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Иймд хариуцагч С.Цгаас зээлийн гэрээгээр бодитойгоор авсан 720,000 төгрөг, хүү 48,000 төгрөг нийт 768,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 160,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овогт С Цгаас 768,000 /долоон зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Ш Бд олгож, нэхэмжлэлээс 160,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид 22,982 /хорин хоёр мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА