| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/03563/и |
| Дугаар | 3701 |
| Огноо | 2018-12-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 3701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо тоотод оршин суух М овогт Н М /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 22 дугаар хороо тоотод оршин суух Х овогт М Э /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 22 дугаар хороо тоотод оршин суух Боржигон овогт Д Э/РД: , утасны дугаар: /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 52,800,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М
хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Э
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.М надаас гэр бүлийн гишүүд болох Д.Э, М.Э нар нь 2013 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийж 32000000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар бэлнээр зээлж авсан. Гэвч Д.Э, М.Э нар нь авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үндсэн зээл болох 32000000 төгрөг, сар бүрийн хүү 800000 төгрөгийг 6 сараар тооцвол 4800000 төгрөг, зээлийн гэрээний 3-т заасны дагуу 2014 оны 5 сарын 29-нөөс хойш үүрэг хэтрүүлсэн 100 хоног тутмаар тооцсон алданги 16000000 төгрөг буюу нийт 52800000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан авахаар нэхэмжилж байна.Д.Эийн барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 22 хороо, Зүүн нарангийн 13-р гудамжны 160Е тоот хаягт байршилтай 18639313706102 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай гэрчилгээний дугаар 000086826, Улсын бүртгэлийн Г-2205004912 дугаартай 700м.кв газрыг хуулийн дагуу худалдан борлуулж өр төлбөрийг минь барагдуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.
Нэхэмжлэгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж С.Ч гэж хүн байгаа. Манай ээжийн төрсөн ахынх нь хүүхэд Д.Э, М.Э нь Д.Эийн нөхөр. М.Э, Д.Эхоёр 4 дүгээр хороололд газартай. Тэгээд гэрт хөгшин настай хүмүүс амьдраад байх хэцүү байна уг газар дээрээ байшин барих гэсэн юм тусалж, дэмжээч гээд манай ээжтэй харьцаж, ээж маань надаас шаардаж байгаад бага, багаар мөнгө авч байгаад дараа нь надаас 2013 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийж 32000000 төгрөгийг хүлээж авсан байгаа. Үүнээс хойш мөнгөө өгнө гээд өнөөдрийг хүртэл өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Э, Д.Энартай гэрээ байгуулж, 32000000 төгрөг зээлүүлсэн. Түүнээс хойш 5 жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд нэг төгрөг ч өгөөгүй учраас гомдолтой байна. Иймд зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Өр төлбөрөө барагдуулахгүй бол Д.Эийн нэр дээрх газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Нийтийн байраа түрээсэлж байгаад мөнгөө өгчиж болдоггүй юм уу, мөнгө өгч чадахгүй болохоороо зовлон ярьдаг. Надад ч гэсэн мөнгө хэрэгтэй байна. Миний мөнгийг өгөхгүй бол миний ээжийн мөнгийг өгчихөөч. Зээлийн гэрээн дээр гарын үсгээ зурсан, мөнгө хүлээж авлаа гээд гарын үсгээ зурсан байгаа. Иймд 52,800,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг 22 дугаар хороо ЗН-13-160 тоотод оршин суух М.Э би иргэн Н.Мгийн нэхэмжлэх 53800000 төгрөгийн 30000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 23 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Мгийн ээж С.Ч гэж хүнээс эхлээд 5 сая төгрөг, дараа нь 15 сая төгрөг авсан, үүнээс 500,000 төгрөгийг л төлж чадсан, ингээд хоёр зээлийг нийлүүлж сүүлд нь 19,500,000 төгрөг дээр гэрээ хийсэн юм. Үүний дараа нь 1, 2 саяар нь аваад нийт 23,000,000 төгрөгийг бэлнээр авсан үнэн. Тэгээд өөрийн ах дүү, найз нөхдийн дэмжлэгээр газар дээрээ нийтийн байр барьсан. Д.М надад 32,000,000 төгрөг бэлэн өгөөгүй. Ээжээс нь мөнгө авсныг мэдээд уурлаж, С.Ч гэж хүнээс авсан 19500000 төгрөгийг хүү, алдангийн хамт 32,000,000 төгрөг болгож зээлийн гэрээ хийлгэсэн. Түүнээс би Д.Мгаас 1000 төгрөг ч аваагүй. Би С.Ч эгчээс 23,000,000 төгрөг авсан, хүүхэд нь болохоор нэхэмжлэх эрхтэй байх гэж бодоод би авсан 23,000,000 төгрөгөө төлье, харин би хүү, алданги төлж чадахгүй нь гэдгээ хэлж байна. Би Мгаас мөнгө аваагүй, ээж болох С.Ч эгчээс 23000000 төгрөг авсан үнэн. С.Ч гэдэг хүний мөнгийг буянаараа болно биз миний мөнгийг өгчих гэж байгааг би ойлгохгүй байна. Н.М нь бид нарыг С.Ч эгчээс мөнгө авсныг мэдэж, та нар яахаараа миний ээжээс мөнгө авдаг юм гэж элдвээр хашгичиж, загнаж 32,000,000 төгрөгийн гэрээг хийлгэсэн. Яагаад шүүхийн өмнө үнэн байдлаа хэлэхгүй, мөнгө авсан гээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Би С.Ч эгчтэй ярихад та нар Мтай л учраа ол, би мэдэхгүй гэж хэлсэн. С.Ч эгчийн мөнгийг өгөөгүй удаасан нь миний буруу, авсан 23,000,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Н.М хариуцагч М.Э, Д.Энарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,800,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан асуудлаар талууд маргаагүй боловч уг гэрээгээр мөнгө хүлээж аваагүй, С.Чаас зээлсэн мөнгийг хүүгийн хамт тооцож Н.Мтай зээлийн гэрээ байгуулсан гэж хариуцагч маргаж, зээлийн гэрээний дагуу 23,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр Н.М нь 32,000,000 төгрөг шилжүүлэх, М.Э, Д.Энар нь уг мөнгийг сарын 2,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлийн гэрээний агуулга, зохицуулалтад нийцэж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн, мөнгө хүлээж авсан болохоо баталгаажуулж зээлдэгч М.Э, Д.Энар гарын үсэг зурсан /ХХ-ийн 6 дугаар тал/, уг мөнгийг төлөх талаар баримт /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/ бичиж өгсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч нар 32,000,000 төгрөгийг хүлээж авсан гэх баримтад гарын үсэг зурсан, мөнгө төлөхөө илэрхийлж 3 баримт бичиж өгснөө хүлээн зөвшөөрч байгаа боловч мөнгө хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нотолгооны үндэслэл болж буй баримтуудыг бичиж өгсөн, уг баримтад гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа ч тухайн баримтуудад авагдсан мэдээллийг бодит үнэнд нийцээгүй гэж маргаж байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нарт 32,000,000 төгрөг бэлнээр өгсөн үйл баримтыг нотлох үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нь өөртөө мөнгө байсныг нотлох зорилгоор Н.М, А.Тэрбиш нарын хамтран эзэмшдэг Хаан банкны депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан ба уг данснаас 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийн зарлага гаргажээ. Энэ нь тухайн мөнгөнөөс 32,000,000 төгрөгийг нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч нарт өгсөн болохыг нотлохгүй болно. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хариуцагч нарын бичиж өгсөн 3 баримтын 2015 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн баримтад 32 сая төгрөг жилийн хугацаатай зээл авлаа, огноогүй баримтад /ХХ-ийн 7 дугаар хуудасны ар тал/ мөнгөний хэмжээ засвартай, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн баримтад 30 сая төгрөг зээлсэн үнэн болно гэж бичигдсэн байна. Хариуцагчийг зээлийн төлбөрт огт мөнгө төлөөгүй гэсэн атлаа хариуцагчийн бичсэн баримтуудад зээлсэн гэх мөнгөний хэмжээнүүд зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийг хариуцагч нарт 32,000,000 төгрөг зээлсэн болохыг дээрх 3 баримт нотлохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь манай ээжтэй харьцаж, ээж маань надаас шаардаж байгаад бага, багаар мөнгө авч байгаад дараа нь надтай 2013 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийж32,000,000 төгрөгийг хүлээж авсан гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч Д.Эийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр С.Чтай байгуулсан зээлийн гэрээгээр зээлсэн 5,000,000 төгрөг, хариуцагч М.Э, Д.Энарын 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр С.Чтай байгуулсан зээлийн гэрээгээр зээлсэн 19,500,000 төгрөгийг С.Чаас аваагүй, эх үүсвэр нь Н.Мгаас гарсан байх боломжтой байна. Үүнээс гадна С.Ч, М.Э, Д.Энарын байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 19,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаагаар зээлдүүлсэн байх ба зээл болон нэг жилийн хугацааны хүүгийн төлбөрт 28,860,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Уг төлбөр дээр хариуцагчийн С.Чаас авсан гэх 23,000,000 төгрөг болон 19,500,000 төгрөгийн зөрүү 3,500,000 төгрөгийг нэмбэл 32,360,000 төгрөг болж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч М.Эын Н.Мгийн ээж С.Ч гэж хүнээс эхлээд 5 сая төгрөг, дараа нь 15 сая төгрөг зээлсэн, үүнээс 500,000 төгрөгийг буцааж өгсөн, хоёр зээлээ нийлүүлээд 19.5 сая төгрөг дээр зээлийн гэрээ хийсэн, дараа нь 1, 2 саяар нь аваад нийт 23 сая төгрөгийг бэлэн авсан, ээжээс нь мөнгө авсныг М эгч мэдээд намайг дуудаж, эхнэрээ дагуулж ирээд надтай гэрээ хий, авсан мөнгө чинь хүүтэйгээ нийлээд 32000000 төгрөг болсон гэж хэлсэн гэсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу бодит үнэнд нийцсэн үнэн зэв гэж үнэлэв. Иймд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Н.М нь 32,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй, харин С.Чын 2011 оны 11 дүгээр сарын 30, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрүүдийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар шилжүүлэн авсан гэж үзлээ.
Гэрээний үүргийг шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ заавал үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд шаардах эрхээ шилжүүлсэн болон шилжүүлж байгааг мэдэгдсэн байх, шаардах эрх шилжүүлэхдээ үүрэг үүсэх үеийн анхны гэрээг хууль болон гэрээнд ямар хэлбэрээр хийхээр зохицуулсан тэр хэлбэрээр шилжүүлэх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл С.Ч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээ Н.Мд шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгч М.Э, Д.Энараас зөвшөөрөл авах шаардлагагүй, энэ тухайгаа тэдэнд мэдэгдсэн байх, зээлийн гэрээг хуульд зааснаар хийж болох хэлбэрээр шаардах эрхээ шилжүүлсэн байх шаардлагатай. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 281-285 дугаар зүйлд зээлийн гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага тавиагүй тул С.Чаас зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нараас шаардах эрхээ Н.Мд шилжүүлэх гэрээг бичгээр хийхийг шаардахгүй. Тодруулбал, зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийг амаар шилжүүлж болно.
Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр С.Чын шаардах зээлийн төлбөр, хүү, алдангийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй ба уг гэрээний дагуу алданги шаардаагүй байна. Харин 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр хүү, алданги шаардах эрхгүйг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч нараас 32,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс хүү, алданги 20,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х овогт М Э, Б овогт Д Энараас 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М овогт Н Мд олгож, нэхэмжлэлээс 20,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Э, Д.Энар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 160Е тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 гэр бүлийн зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээсүүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Э, Д.Энараас улсын тэмдэгтийн хураамжид 388,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА