Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 3771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо   тоотод оршин суух Б овогт Г П /РД:  /

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо   тоотод байрлах Х ХХК /РД: 5385032/

Хариуцагч: Өмнөговь аймаг Ханбогд сум  дугаар баг Ж И ХХК /РД: 2047594/

Багажны үнэ 9,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.П

хариуцагчийн төлөөлөгч И.Э

хариуцагчийн өмгөөлөгч Э.Э

нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие интернэтээс геологийн зориулалттай чулуу хайгч багаж Герман улсын www.gerdetect.de-ээс Titan ger-500 худалдан авах хүсэлт тавьсан. Тус компани хэрэв багажийг худалдан авахыг хүсвэл Монгол дахь албан ёсны дистрюбитрээс авч болно гээд доорхи хаягийг өгсөн. Imcomex.llc Mongolia-Ulaanbaatar add: 7136 Khasbaatar street, Bayangol district 16091 Ulaanbaatar, Mongolia. Өгсөн хаягаар нь н.Баяртуяатай холбогдож уулзсан. Баяртуяа хэлэхдээ манай компани энэ Германы албан ёсны дистрибютер болон төлөөлөгчийн компани гээд, миний сонирхсонTitan ger-500 танилцуулгыг надад өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Имкомекс ХХК-иас Titan ger-500 багажны үнэ 4000 доллар, тухайн үеийн ханшаар 9860000 төгрөг, тус компани дансанд шилжүүлэн, тус багажийг авсан. Тус багажийг хөдөө, талбар дээр шалгахад тус багаж нь миний шаардлагыг огт хангаж чадахгүй нь хэд хэдэн туршилтаар тодорхой болсон. Энэ тухайгаа Герман дахь компанид удаа дараамэдэгдсэн. Тэднээс тавьсан бүх шаардлагын дагуу дахин туршилт хийхэд багаж үнэхээр миний шаардлага хангахгүй гэдгээ дахин нотлосон. Германы компанид энэ тухайгаа дахин мэдэгдэж, багажаа буцаах санал тавьснаас хойш хариу ирэхээ больсон. Тус багажийг ИХХК, Баяртуяа дээр буцаах гэж очсон боловч тус багажийг буцааж аваагүй. Баяртуяа надад хэлэхдээ та өөрөө буцаах талаар Герман руу бич, тэгээд тэндээс буцаах гэсэн хариу ирвэл надад хуулбараа авчраад, таньд буцааж өгнө гэсэн. Тэгээд Герман руу энэ багажаа буцаах гэж сар шахуу өдөр бүр бичсэн боловч тэндээс одоо хүртэл хариу ирээгүй. Бодоод байхад би ИХХК-ийн хийх ёстой дистербьютерийн ажлыг хийгээд байна гэж бодоод ИХХК-д хандаж байна. Би мөнгөө ИХХК-ийн Баяртуяад өгч, тэрнээс Titan ger-500 багаж авсан. ИХХК нь энэ багажны албан ёсны дистербюьтерийг хийж надад багаж зарсан тул миний асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Тиймээс миний хүсэлтийг хүлээн авч шийдэж өгнө үү. Тус багаж 2 жилийн баталгаат хугацаатай, би худалдан авснаас хойш нэг сарын дараа буцаах хүсэлтээ тавьсан.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие интернетээс геологийн зориулалттай чулуу хайгч багаж Герман улсын www.gerdetect.de-ээс худалдан авах хүсэлт тавьсан. Тус компани хэрэв багажийг худалдан авахыг хүсвэл Монгол дахь албан ёсны дистрюбитрээс авч болно гээд хаягийг өгсөн. Би өгсөн хаягийнх нь дагуу 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Монгол дахь албан ёсны төлөөлөгч ИХХК-ийн захирал н.Баяртуяатай уулзаж би Titan ger-500 багажийг авах хүсэлтэй байна, танайхаас ав гэсэн гэж хэлэхэд н.Баяртуяа хэлэхдээ манай компани энэ Германы албан ёсны дистрибютер болон төлөөлөгчийн компани гээд, миний сонирхсон Titan ger-500 танилцуулгыг надад өгсөн. Titan ger-500 багажны үнэ 4000 доллар, тухайн үеийн ханшаар 9860000 төгрөг болж байна гэсэн. Би тухайн багажны танилцуулгыг 3 хоног судалж, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр н.Баяртуяатай очиж уулзаж, багажийг авахаар болж, надад багажийг хайрцагтай нь авч ирж өгсөн. Тухайн багажийг яаж ажилладгийг би маш их судалсан. Анх багажийг авч ирж өгөхөөр нь би асааж үзсэн, багаж шинэ байсан. Тэгээд би дансаар төлбөр болох 9860000 төгрөгийг шилжүүлж, багажаа авсан. Наадмын дараа би уг багажийг хөдөө очиж шалгаж үзсэн боловч ямар ч үр дүн өгөөгүй. Тэгэхээр нь би Герман дахь компанитай нь харьцаж, багаж чинь ажиллахгүй байна гэхэд дахиж өөр зарчмаар үз гэж зөвлөгөө өгсний дагуу би өөр 3 газар очиж багажийг шалгахад миний шаардлагыг хангаагүй. Би н.Баяртуяатай ярьж багаж чинь ажиллахгүй байна, Герман дахь компанитай чинь харьцахад надад заавар зөвлөгөө өгч, би зааврын дагуу ажиллуулах гэтэл мөн ажиллахгүй байна гэхэд н.Баяртуяа Герман дахь компани руу дахиад имэйл бич, тэгээд тэндээс буцаах гэсэн хариу ирвэл надад хуулбараа авчраад, таньд буцааж өгнө гэсэн. Тэгээд Герман руу энэ багажаа буцаах гэж сар шахуу өдөр бүр бичсэн боловч тэндээс одоо хүртэл хариу ирээгүй. Тэгээд би буцаад н.Баяртуяа дээр очиход байр нь цоожтой байсан. Гэтэл хуучин байрнаасаа нүүж, шинэ байранд орсон байсныг нь би хоёр өдөр хайж байгаад олсон. Би захиагаа бичсэн боловч хариу өгөөгүй багажаа буцааж өгч мөнгөө авъя гэхэд н.Баяртуяа буцааж авахгүй гэсэн. н.Баяртуяа миний асуудлыг шийдэх ёстой байтал яагаад би н.Баяртуяагийн өмнөөс захиа бичих ёстой юм. ИХХК албан ёсны дистрибютр тул миний асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Тус багажны танилцуулгаас харахад яг надад маш их хэрэгтэй багаж мөн байсан учраас би тодорхой хэмжээний зээл тавьж, багажийг авсан. Гэтэл уг багаж миний шаардлагыг хангахгүй байгаад гомдолтой байна. Би топаз,аквамарин, кварц гэсэн 3 төрлийн чулуун дээр туршилт хийхэд багаж шаардлага хангаагүй. Уг багажийг хэрхэн ажиллах, ямар үүрэгтэйг би маш сайн судалж, мэдсэний үндсэн дээр багажийг авсан. Иймд би энэ багажийг хуурамч гэж үзэж байгаа тул надад хэрэгцээгүй багажийг буцааж, 9,860,000 төгрөгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгч И.Эшүүхэд гаргасан тайлбартаа: Г.Пгийн нэхэмжлэлтэй ИХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.П нь Монгол дахь албан ёсны дистрибютерээс Titanger-500 багаж 9,860,000 төгрөгөөр авсан. Тус багаж нь миний шаардлага болон нөхцөлийг хангахгүй тул тус багажийг буцаан өгч төлбөрөө буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ньГерман улсын Жердетект компанийн албан ёсны www.gerdetect.de сайт руу орж, Titan ger-500 багажны танилцуулга, зориулалт зэрэг бүх заавартай нь танилцаад хүлээн зөвшөөрсний үндсэн дээр худалдан авах хүсэлтийг гаргаж, тус компанийн Монгол дахь албан ёсны дистрюбитр ИХХК-иас багажийг худалдаж авсан. Нэхэмжлэгч нь багажийг худалдаж авахдаа шалгаж үзээд болж байна гэж хүлээн зөвшөөрч багажаа авч явсан. Түүнээс хойш уг багаж, миний шаардлагыг хангахгүй, доголдолтой, танилцуулга дээр заасан шаардлагыг хангахгүй байна. 3 удаагийн туршилт хийсэн боловч чулуу илрүүлээгүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч хэлж байгаа боловч уг багаж яг ямар шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхойгүй байна. Мөн туршилт хийсэн гэж байгаа боловч яг ямар туршилтыг яаж хийсэн нь ярианаас өөр зүйлээр нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байгаа. Багаж нь яг ямар шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхойгүй байгаа учраас түүнтэй холбоотой тайлбар хэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч яг ямар чулуу хайсныг мэдэхгүй байна. 3 төрлийн чулуу шалгасан гэж байгаа боловч яг зааврын дагуу шалгасан эсэх нь тодорхойгүй. Уг багаж газрын хөрсөд удаан хугацаанд тогтсон үнэт чулууг хайх зориулалттай. Өнцөг, градус гээд хэрэглэх заавар нь нарийн зааж өгсөн байгаа. Энэ заавар зориулалтын дагуу нэхэмжлэгч хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байна. Багаж шаардлага хангахгүй байна гэж би бодохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Г.П, Х шХХК нь хариуцагч ИХХК-д холбогдуулан багажны үнэ 9,860,000 төгрөг буцаан гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ багажаар 18 төрлийн үнэт чулуу хайх зориулалттайгаас 3 төрлийн чулууг хайж туршиж үзэхэд хайж олоогүй гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч багажийг зааврын дагуу зөв ажиллуулсан эсэх нь тодорхойгүй, чулуугаа хайж олохгүй байгаагаа баримтаар нотлоогүй гэж маргав.

Нэхэмжлэгч Х шХХК, хариуцагч ИХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээний худалдан авагч Х шХХК-ийг төлөөлж Г.П гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр худалдагч ИХХК нь биет байдлын болон эрхийн доголдолгүй Герман улсын Gerdetect компанийн Titan ger-500 маркийн 18 төрлийн үнэт болон хагас үнэт чулууг 65 метр хүртэлх газрын гүнээс, 3000 метр хүртэлх зайнаас олж илрүүлэх зориулалттай хайгч багаж болон түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Х шХХК нь багажны үнэ 9,860,000 төгрөгийг төлөх, багажийг хүлээн авах үүргийг хүлээжээ. Дээрх гэрээг талууд байгуулсан эсэх, хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргаагүй боловч гэрээний тал хэн болох талаар нэхэмжлэгч Г.П нь багажийг би өөртөө зориулж, интернэтээс удаан хугацаанд маш их судалсаны үндсэн дээр худалдаж авсан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой учраас заавал компаниар гэрээгээ хийнэ гэсний дагуу өөрийн хүүгийн компани болох Х шХХК-иар хийсэн, төлбөрийг би өөрийнхөө данснаас гаргаж, компанийн нэрээр шилжүүлсэн гэж, хариуцагчийн төлөөлөгч бичгээр хийсэн гэрээг хоёр компаниар хийсэн байна, Х шХХК-ийг төлөөлж Г.П гарын үсэг зурсан учраас Х шХХК-тай гэрээ байгуулсан гэж үзэж байна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан ба харин гэрээ бол хоёр ба түүнээс дээш этгээдийн хүсэл зоригийн харилцан тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл, гэрээ гэдгийг хоёр ба түүнээс дээш этгээдийн агуулгын хувьд хууль зөрчөөгүй, харилцан илэрхийлсэн хүсэл зориг, түүний илэрхийллээс бүрдэх хэлцэл гэж ойлгоно. Хариуцагчийн төлөөлөгч нь хариуцагч ИХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа атлаа хэний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, хэнтэй гэрээ байгуулсан талаарх ойлголтгүй, зөвхөн бичгээр хийгдсэн гэрээг үндэслэн Х шХХК-тай гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Харин нэхэмжлэгчийн Titan ger-500 багажийг өөртөө зориулж, маш их судалж авсан гэсэн тайлбар болон багажны үнийг өөрийнхөө данснаас гаргаж төлсөн баримт /Хаан банкны депозит дансны хуулга/-ыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлийн тохиролцоо Г.П, ИХХК-ийн хооронд хийгдсэн, тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв. Иймд нэхэмжлэгч Х шХХК, хариуцагч ИХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, Х шХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг, түүнтэй холбоотой үр дагаврыг шаардах эрхгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх юм. Уг үүргээ худалдагч биелүүлээгүй бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй ба харин худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зааснаар биет байдлын доголдол ч худалдан авагчид шилжинэ. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь худалдагчаас эд хөрөнгийг хүлээж авахдаа түүний бүрэн бүтэн байдал, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг худалдан авагч өөрөө хариуцна гэж ойлгоно. Иймд биет байдлын доголдол нь эд хөрөнгийг хүлээж авах үед буюу эрсдэл худалдан авагчид шилжих үед илэрсэн нөхцөлд худалдагч Иргэний хуулийн 254, 256 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээхээр байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан эрсдэл шилжих хугацааг тодорхойлохдоо худалдагч гэрээгээр баталгаат хугацаа тогтоосон бол уг хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол 6 сарын дотор байхыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан ба дээрх хугацаанд доголдлыг илрүүлж, худалдан авагчид мэдэгдсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дахь хэсэгт зааснаар доголдлыг эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авах үед байсан гэж үздэг. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1.6-д худалдагч баталгаат хугацааг 2 жилээр тогтоосон байх бөгөөд уг хугацааг Г.Пг эд хөрөнгийг хүлээн авсан өдрөөс эхлэн тоолох ба Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр дуусч байна. Иймд худалдан авагч Г.П нь худалдагчид гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Харин худалдан авагч дээрх хугацаанд багажны доголдлыг илрүүлсэн, худалдагчид мэдэгдсэн байх, үүнийгээ баримтаар нотлох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Нэхэмжлэгч нь багаж гэрээнд заасан зориулалтаар ажиллахгүй буюу хайж олох чулууг олж илрүүлэхгүй байгаа талаарх гомдлоо багажийг худалдан авснаас хойш 1 нэг сарын дотор худалдагчид гаргасан, ийм гомдол гаргасанд хариуцагч маргахгүй боловч ямар нэг нотолгоогүйгээр багажийг буцаах хүсэлтийг хүлээн авах боломжгүй, багажийг эвдэлсэн байх боломжтой гэж маргаж байхад нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно. Иймд нэхэмжлэгчийн Зүүнбаян /Дорноговь аймаг/ болон Төв аймгийн нутаг дэвсгэрт багажийг ашиглаж усан биндэръяа /aquamarine/, топаз /молор/, кварц /болор/ чулуунуудыг хайж үзэхэд олж илрүүлээгүй гэсэн тайлбар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх аймгуудын нутаг дэвсгэрт нэхэмжлэгчийн хайсан 3 төрлийн чулуулагийн тархацтай эсэх, хайлт хийсэн газарт нь тухайн чулуунууд 65 метрийн гүнээс олдох боломжтой эсэхийг нотолсон, тогтоосон баримтгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч ИХХК-д холбогдох багажны үнэ 9,860,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэгч Б овогт Г П, Х шХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА