Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0309/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч А.А.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 2218003550343 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, “****************” ХХК-д ************* ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт **************************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.А-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А.А- 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах Соёлын төвийн урд талын талбайн дэргэдэх 9 дүгээр байрны орчим Г.Г.Э-гийн гээгдүүлсэн Самсунг А23 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг  мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218003550343 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Г.Э-гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 60 жилийн ойд зориулсан төв талбай дээр болсон урлагийн тоглолт үзэж байгаад 23 цагийн үед дэлгүүр орж ундаа худалдаж авах гэтэл гар утсаа гээчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

 

 Гэрч Ц.А- өгсөн: “...Г.Э- эгч 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Самсунг А23 маркийн гар утсаа алга болгочихсон. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргахаар явж байна гэдгээ хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 19/,

 

Шүүгдэгч А.А.А-ийн яллагдагчаар өгсөн: “...машиндаа суух гээд явж байхад газарт ногоон саарал өнгийн гар утас байж байхаар нь аваад тэр гар утсыг халаасандаа хийгээд шууд гэр рүүгээ явсан. Тухайн үед тэр утас унтарчихсан байсан. 2022.07.16-ны өглөө олсон гар утсаа цэнэглээд дотор нь байсан 2 ширхэг сим картыг гаргаж хаяад өөрийнхөө сим картыг хийгээд форматлаад дотор нь байсан бүх зураг, хадгалсан дугаар зэргийг нь устгаад шинэ гар утас шиг болгоод ашиглаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх 53/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2022/27 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Samsung A23” маркийн 32 GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 650000 төгрөг байна. /хх 25-26/,

 

Шүүгдэгч А.А.А-ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 59-64/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч А.А.А- нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах Соёлын төвийн урд талын талбайн дэргэдэх 9 дүгээр байрны урдаас хохирогч Г.Г.Э-гийн “Самсунг А23” маркийн гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгийг өмчлөгчид эргүүлэн өгөх санаа зорилгогүйгээр өөрийн эзэмшилд авч завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч А.А.А-ийн үйлдлийг хохирогч Г.Г.Э-гийн “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 60 жилийн ойд зориулсан төв талбай дээр болсон урлагийн тоглолт үзэж байгаад 23 цагийн үед дэлгүүр орж ундаа худалдаж авах гэтэл гар утсаа гээчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 10/, гэрч Ц.А- өгсөн: “...Г.Э- эгч 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Самсунг А23 маркийн гар утсаа алга болгочихсон. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргахаар явж байна гэдгээ хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 19/, шүүгдэгч А.А.А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...машиндаа суух гээд явж байхад газарт ногоон саарал өнгийн гар утас байж байхаар нь аваад тэр гар утсыг халаасандаа хийгээд шууд гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх 53/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 650000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг биет байдлаар буцаан өгсөн болох нь “Самсунг А-23 маркийн шинэвтэр, ногоон саарал өнгийн гэр утас болох зүйлийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16:42 цагт хохирогч Г.Г.Э-д хүлээлгэн өгөв” /хх 69/ гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг хүлээн авч шүүгдэгч А.А.А-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч А.А.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ