| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/03741/и |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Ч О /РД: /
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо тоотод оршин суух М овогт П Б /РД: /
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол байрны тоот орон сууцны анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ю.С
хариуцагчийн төлөөлөгч Ч.Э
нарийн бичгийн дарга Ц.Жаввзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О, П.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ч.О, П.Б бид нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1-р хороо, Богд Ар хороолол байрны тоот 80.20 м.кв 3 өрөө орон сууцыг 2018.09.28-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа бидэнд мэдэгдээгүй албадан дуудлага худалдаа явуулсан байна. Иймд дээрх албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ю.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Ч.О, П.Бнарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт холбогдох дуудлага худалдааг хүчингүй болгуулах иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаа явуулахдаа тэдний өмчлөлийн орон сууцыг хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшны өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнэлгээнд 3/1-ээс багагүй хэмжээнд өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийлгэж болно гэсэн байх бөгөөд дуудлага худалдаа явуулахыг мэдэгдээгүй. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үнийн саналаар буюу түүний 50 хувь 100250000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд дуудлага худалдаанд оруулсан үнэ болон 2 дахь дуудлага худалдааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О, П.Бнар нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б ББСБХХК-д 49353682.76 төгрөг төгрөгийг төлөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарсан. Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол *байрны * тоот 80.20 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан. Хоёр дахь дуудлага худалдааг явуулахдаа анх 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үнийн саналаар явуулсан. Энэ үнийн саналаар хоёр дахь дуудлага худалдааг үнэлгээний 50 хувиар үнэлж явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс хамааран анх тогтоосон хөрөнгийн үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдвол талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийлгэж болно гэж заасан заалтыг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг дахин тогтоогоогүй. Өмнө нь дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаж, 3 шатны шүүхээр шийдэгдэж ирснээс хойш үнийн санал авалгүйгээр дуудлага худалдааг явуулсанд гомдолтой байна. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдааг төлбөр төлөгч П.Бд мэдэгдээгүй хийсэн. Мэдэгдээгүйгээс болж төлбөр төлөгч нар дуудлага худалдааны үнийн санал өгөх эрхээ алдсан. Хэдийгээр хариуцагч тал гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэнэ гэсэн үндэслэлээр Ч.От мэдэгдсэн гэдэг боловч Ч.О өөрөө төлбөр төлөгч байгаа. Төлбөр төлөгчийн үүргийг хэн аль нь гүйцэтгэж байгаа учир төлбөр төлөгчид бүгдэд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдэгдэх журмаар шуудангаар буюу биечлэн мэдэгдэнэ гэж зааснаар мэдэгдэх ёстой. П.Бд дуудлага худалдаа болон шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар ямар ч баримт дээр гарын үсэг зурж, нэг ч удаа мэдэгдсэн мэдэгдэл байдаггүй. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.О, П.Бнарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаар захирамжаар П.Б, Ч.О нараас 49.558.991 төгрөгийг гаргуулж Б ББСБ ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр төлөгч Ч.О, П.Бнарыг төлбөрөө сайн дураараа төлж барагдуулахыг бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Ч.О, П.Бнарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богда Ар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 80,20 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд оруусан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хоёрдахь албадан дуудлага худалдаа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 давхарт 400 тоотод зохион байгуулахыг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15165 тоот мэдэгдэл, хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/16 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол зэргээр төлбөр төлөгчид биечлэн мэдэгдэж энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс хамаарч анх тогтоосон хөрөнгийн үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдвол талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийлгэж болно гэж заасан заалтыг зөрчсөн гэж байна. Энэ заалт бол талуудын хүсэлтээр тогтоож болно гэж байгаа бөгөөд заавал тогтооно гэж заагаагүй, мөн үнэлгээ дахин хийлгэх хүсэлт гаргаагүй. Үнэлгээтэй холбоотой асуудлаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч, дуудлага худалдааг дахин зарлаж, төлбөр төлөгч Ч.От 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг биечлэн мэдэгдсэн. Мэдэгдэл, тогтоолуудыг мэдэгдэхдээ тухай бүрт нь Ч.Оийн хажууд П.Бтай утсаар ярьж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, Ч.Оээр гарын үсэг зуруулж баталгаажуулж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг яаж зогсоож бол бүх боломжийг ашигладаг П.Бажилтай гээд ирдэггүй учраас Ч.Оийн хажууд утсаар ярьж ажиллагаануудыг мэдэгдэж явдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт мэдэгдэх хуудсыг шаардлагатай тохиолдолд утас болон факсаар мэдэгдэж болно гэж заасан байгаа. Энэ хуулийн заалтыг баримталсан. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаан дээр аль ч талаас үнэлгээтэй холбоотой санал гомдол ирээгүй. Тийм учраас дуудлага худалдаа зарлагдаж хийгдсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Ч.О, П.Бнар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол *байрны * тоот орон сууцны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дуудлага худалдаа явуулах талаар П.Бд мэдэгдээгүй, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байхад шийдвэр гүйцэтгэгч дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан ба харин хариуцагчийн төлөөлөгч нь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж маргаж байна.
Б ББСБХХК нь Ч.О, П.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,353,682.76 төгрөг гаргуулахаар шаардсанаас нэхэмжлэлийн шаардлагыг Ч.О, П.Бнар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөх хугацааг талууд тохирч эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/00965 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх захирамжийг Ч.О, П.Бнар сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2017/06577 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 00685 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Уг ажиллагааг явуулж байх хугацаанд нэхэмжлэгч Ч.О, П.Бнар хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу хийгдэх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлүүдийг тус тус гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 579 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01031 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзнэ.
Харин 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу хийгдэх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2017/15115 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байх ба уг ажиллагааг хууль зөрчсөн үндэслэлээр Ч.О, П.Бнар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны ажиллагааг хуулийн дагуу хийгдсэн гэж төлбөр төлбөгч нарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Ийнхүү орон сууц анхны дуудлага худалдаагаар борлогдоогүйгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/10 дугаар тогтоолоор хоёр дахь дуудлага худалдааг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн боловч төлбөр төлөгч Ч.О, П.Бнар дуудлага худалдааг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2017/13173 дугаар захирамжаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг түдгэлзүүлж, тухайн ажиллагаа хийгдээгүй байна. Ч.О, П.Бнарыг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж нэхэмжлэлийг буцааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/09 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах шийдвэр гаргасан боловч төлбөр төлбөгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж, дээрх ажиллагааг шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2017/16742 дугаар захирамжаар түдгэлзүүлж, хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагаа нь үнэлгээний талаарх гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01031 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд явагдаагүй үйл баримт тогтоогдов.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой төлбөр төлөгч нарын шүүхэд гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсний дараа 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураагдсан орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр явуулахаар тогтоож, энэ ажиллагааны талаар мэдэгдсэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15165 тоот мэдэгдлийг Ч.О гарын үсэг зурж хүлээн авсан, харин П.Бд утсаар мэдэгдэж, уг ажиллагаагаа 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ., мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно., мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэж байна. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааны талаар төлбөр төлөгч П.Бд хуульд заасан журмаар мэдэгдээгүй гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
Төлбөр төлөгч Ч.О, П.Бнар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар удаа дараа шүүхэд гомдол гаргасан боловч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчөөгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Иймд орон сууцны хоёр дахь дуудлага худалдаа нэг жилийн хугацаанд явагдаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно. Мөн орон сууцны үнэлгээг дахин хийлгэх хүсэлтийг төлбөр авагч нар гаргаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэлгээ тогтоох ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч санаачилгаараа явуулахгүй гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол *байрны * тоот орон сууцны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол *байрны * тоот орон сууцны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА