Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/326

 

 

2022.10.06            326

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2022/0301/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогч Ц.Ц.М-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С.Ц-,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Б.Б- /цахимаар/,  

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х.Э- /цахимаар/,

Шүүгдэгч Г.Г.У-ын өмгөөлөгч И.А-,

Шүүгдэгч М.М.О-ын өмгөөлөгч Ц.Т-,

Шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-, М.О- нарт холбогдох эрүүгийн 2203002180324 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ************* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ****************** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Г.У-

 

Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ********** төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, ***************** ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ************** тоотод суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.О-

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г.У- нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цаг 14 минутын орчимд **********************нутаг дэвсгэрт шугам сүлжээний дагуу үзлэг хийж гүйцэтгэх явцдаа удирдлагын шийдвэр нарядгүйгээр кабелын гэмтлийг тодорхойлох хэмжилтийг хийж гүйцэтгэхдээ дур мэдэн ажлын байрыг өргөтгөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;” гэснийг мөн хэм хэмжээний акт болох Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 27 дахь заалт “Сэлгэн залгалт хийхдээ заавал зөвшөөрөл авах ёстой. Сэлгэн залгалтыг зөвшөөрөл авмагц гүйцэтгэнэ.”, 175 дахь заалт “Зөвхөн зөвшөөрөл олгогчоос зөвшөөрөл авсны дараа ажлын байр бэлтгэх, ажилд оруулах арга хэмжээг зохион байгуулна. Аваар, ослын үед болон хойшлуулшгүй ажлыг шийдвэрээр гүйцэтгэх үед ч ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг заавал авна.”, 226 дахь заалт “Зөвшөөрөл олгогч нь зөвхөн тухайн ажлын ажилд оруулагч, ажлын удирдагч (хэрвээ ажлын удирдагч томилоогүй бол ажил гүйцэтгэгч) тус бүрээс ажлыг бүрэн дуусган, хүчдэл залгах бололцоотой болсон тухай мэдээлэл авсны дараа цахилгаан байгууламжийг хүчдэлд залгах зөвшөөрөл өгнө.”, 229 дэх заалт “Засварт гаргасан цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжийг онцгой нөхцөл байдал үүссэн (аваар) үед түүн дээр ажил гүйцэтгэж байсан бүх ажилтан хүчдэлд нэрвэгдэхгүй байх бололцоог хангасны үндсэн дээр зөвшөөрөл олгогчийн зөвшөөрснөөр шуурхай ажиллагааны буюу шуурхай үйлчилгээ-засварын ажилтан эсвэл ажилд оруулагч хүчдэлд залгаж болно. Ингэхдээ ажил гүйцэтгэгч болон бригадын гишүүн нэг бүрт заавал мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдэх боломжгүй байсан бригадын гишүүдэд энэ тухай мэдэгдэх өөр арга хэмжээ (холбооны хэрэгсэл ашиглах, ажлын байран дээр нь мэдэгдэх үүрэг бүхий ажилтан зогсоох г.м)-г заавал авсан байх ёстой.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Ц.Ц.М- нь тогонд цохиулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан,

 

Шүүгдэгч М.М.О- нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цаг 14 минутын орчимд **********************нутаг дэвсгэрт шугам сүлжээнд гарсан кабелын гэмтлийг тодорхойлох хэмжилтийг Г.Г.У-, Ц.Ц.М- нараар хийж гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;”, мөн Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6 дахь заалт “Сургалт, шалгалтанд хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн, ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчин аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, эрчим хүчний системийн хэмжээнд нийтээр заавал дагаж мөрдөн үүрэгтэй дүрэмд заасан шаардлага хангаагүй ажилтан болох Ц.Ц.М-аар ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас монтёр Ц.Ц.М- нь тогонд цохиулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө ****** хэсэгт цахилгаан тарах үед дарга болон диспетчерт мэдэгдсэн. Улмаар шугам сүлжээндээ үзлэг шалгалт хийхэд хэвийн байсан. Энэ талаар диспетчер болон М.М.О- нарт мэдээлэл дамжуулсан. Тэгээд М.М.О-аас сэлгэн залгалтыг нэг тал руу нь шилжүүлэх үүрэг даалгаврыг авсан. Улмаар өөрийнхөө санамсар болгоомжгүй үйлдлээс болоод Ц.Ц.М-ыг цахилгаанд цохиулсан юм. Би тухайн ослыг гаргасандаа үнэхээр их харамсаж байна.” гэв.

 

Шүүгдэгч М.М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 12-ны өглөөний 05 цагийн үед над руу диспетчер залгаад цахилгаан тасарсан талаар мэдээлэл өгсөн. Цахилгааныг автоматаар залгасан ч тог ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд 05 цаг 40 минутын хувьд монтёр Г.Г.У- руу залгаад шугамдаа үзлэг хийж гэмтлийг олоорой гэж үүрэг өгсөн. Үүрэг өгөхдөө нүдэнд харагдахуйц үзлэг хийгээд диспетчертээ мэдэгдээрэй гэж хэлсэн. Үүнээс хойш 07 цаг хүртэл хугацаанд холбоогүй байж байгаад надад 2 дэд станцад үзлэг хийхэд хэвийн байгаа талаар хэлсэн. Тэгэхэд нь би Г.Г.У-т чи сэлгэн залгалт хийнэ шүү. Харин сэлгэн залгалт хийхээсээ өмнө диспетчертээ мэдэгдэхийг сануулсан. Намайг сэлгэн залгалт хийх үүрэг өгсөн гэж байгаа боловч би үүрэг биш шийдэл өгсөн юм. Намайг 07 цаг 15 минутын үед ажил дээрээ ирээд хувцсаа сольж байх үед манай слесарь залгаад осол гарсан талаар хэлсэн. Мөн намайг шалгалтад тэнцээгүй хүнийг ажиллуулсан гэж буруутгаж байгаа. Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байна. Манай диспетчер 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө нь зааварчилгаа өгсөн байдаг. Би өглөөний 08 цагаас өмнө зааварчилгаа өгөх байсан ч өмнө нь осол гарсан.” гэв.

 

Хохирогч М.Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 12-ны үүрийн 05 цагийн үед *********** шугамд цахилгаан тасарсан гэх дуудлагыг монтёр Г.Г.У-аас авсан. Тухайн дуудлагын дагуу Г.Г.У- бид хоёр 07 цаг хүртэл үзлэг шалгалт хийж байгаад хамгийн сүүлд ДП-7 станц үлдсэн. Тэгээд Г.Г.У- намайг дээшээ гарчих ах нь кабелаа шалгаад ирье гэсэн. Тэгээд намайг дээшээ гараад хүчдэл шалгахад хүчдэлгүй байсан. Дараа нь Г.Г.У- над руу залгаад ах нь кабелыг шалгасан хэвийн байна ахын дүү буцаагаад холбочих гэж хэлсэн. Би дөрөө бүсээ шалгачхаад кабелыг холбох гэтэл тог цохисон. Тухайн үед надад үнэхээр аймшигтай өвдөлт мэдрэгдсэн. Дараа нь ухаан алдаад Улаанбаатар хотод эмнэлгийн түлэнхийн тасагт гүйцэд ухаан орсон. Үүнээс өмнөх үйл явдлыг сайн санахгүй ухаан санаа орж, гараад байсан.” гэв.

 

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “********************2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102611 дугаартай итгэмжлэлийн хүрээнд энэ шүүх хуралдаанд оролцож байна. Ослын улмаас учирсан хохирол болох нийт 8,252,447 төгрөгийг одоогоор байгууллагаас төлсөн байдаг. Ирээдүйд үүсэх эмчилгээний зардлыг хэмжих боломжгүй учраас энэ талаар төлөх тухай илэрхийлэх боломжгүй байна. Нөгөө талаар хохирогч Ц.Ц.М- нь эрүүл мэндийн комиссоор хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохоо тогтоолгож, ажил олгогчоос үйлдвэрийн осолд өртсөн тэтгэмжээ авах боломжтой. Төмөр зам нь тээврийн тусгай объект бөгөөд байгууллагын ажилтнууд ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, үнэлгээний хуудас бөглөж, гарын үсэг зураад баталгаажуулсны дараа ажилдаа гарах үүрэгтэй. Энэ зааварчилгааг осол гарсан өдөр удирдаж байсан диспетчер нь танилцуулаагүй ба ажилтан Ц.Ц.М- нь мөн танилцахгүйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн байна.” гэв.

 

Эрүүгийн 2203002180324 дугаартай хэргээс:

 

Гэрч Э.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******ад гэртээ байж байхад Г.У- намайг гэмтэл гарсан яаралтай ТП-7 дээр хүрээд ир гэж 06 цаг 49 минутанд залгаж дуудсан. Тэгээд босоод ТП-7 дээр очиход Г.У- ганцаараа байсан. Би очоод мигометр эргүүлсэн. Г.У- хүнтэй утсаар ярьж байгаад сэлгэн залгалт хийнэ намайг яваад сандал аваад ир гэсэн. Би сандал аваад очиход ТП-7-ийн 04 дээр юм хийж байсан. Намайг Г.У- сэлгэн залгалт хийнэ сандал түшиж бай гэж хэлэхээр нь сандлыг түшсэн. Г.У- дээр гараад юм хийгээд буусан чинь гэрэл манас гээд асаж унтарсан. Тэгээд би Ц.М- гээд сандраад гараад 13 дугаар байрны хажуугаар гараад харахад Ц.М- шонгийн модноос унжсан толгойгоороо доошоо харсан байдалтай дүүжлэгдсэн байсан. Г.У- машинтайгаа давхиад явсан. Би араас нь гүйгээд очиход замын 6 дугаар ангийн орчим очиход чимээ гараад Ц.М- орилж байсан. Би шууд ********** руу М.О- лүү залгаад Ц.М- тогонд цохиулаад модноос дүүжлэгдсэн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 45/,

 

Гэрч Б.С- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**********а хэсгийн инженер нь М.М.О- нь шийдвэр өгөх, ямар бригад ажиллах, хаана ажиллах болон техникийн арга хэмжээ авах талаар диспетчерт мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулж ажилладаг албан тушаалтан. Монтёр Г.У- нь дур мэдэн диспетчерийн командгүйгээр хэсгийн инженер М.О-ын өгсөн үүрэг даалгавраар сэлгэн залгалт хийж, сэлгэн залгалт хийхдээ алдаа гаргаснаар тухайн осол гарсан. 3 дугаар зэргийн монтёр Ц.М-ыг тулгуур дээр ажиллаж байхад монтёр Г.У- нь хяналт тавиад хажууд нь зогсож байх ёстой байсан боловч орхин явж дэд станцад сэлгэн залгалт хийсэн байсан. Хэсгийн инженер М.О- нь ажлын шийдвэр өгөхдөө техникийн арга хэмжээг хаана, яаж авахыг диспетчер болон ажил гүйцэтгэгч монтёр Г.Г.У- нарт хэлж, диспетчер зөвшөөрөл олгон, техникийн арга хэмжээг бүрэн гүйцэт авхуулсны дараа, цахилгааны монтёр Г.Г.У-, Ц.М- нар ажиллах ёстой байсан. Кабел шугамын гэмтлийг тодорхойлсны дараа ажлаа бүрэн дуусгаад, диспетчерт мэдэгдэж дараагийн шийдвэр авах ёстой байсан. Гэвч технологийн алдаа гаргаж инженер М.О-аас 0,4 кВ талд сэлгэн залгалт хийх шийдвэр авсны дагуу диспетчерт хэлэлгүй дур мэдэж, сэлгэн залгалт хийхдээ 2 дугаар трансформаторын ерөнхий рубилник салгаагүй, секцийн залгуур залгаснаас 2 дугаар трансформатор хүчдэлтэй болж улмаар Ячейк номер 3 цахилгаан дамжуулах агаарын шугамаар хүчдэл дамжиж очсоны улмаас анкер шонгийн тулгуур дээр кабел шугам уяж байсан Ц.М- хүчдэлд нэрвэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 63-64/,

 

Гэрч Ц.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний 20 цаг 00 минутаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 00 минутын хооронд графикийн дагуу ээлжинд ажилласан. Ээлжинд ажиллах хугацаанд ************* яч №15 дээр гэмтэл гарсан байгаа. 05 цаг 03 минутанд ******ын монтёр Г.Г.У- ********** дэд станцын яч №15 талаас хүчдэл тасарсныг надад мэдэгдсэн.

“...05 цаг 43 минутанд ******ын монтёр Г.Г.У-т зааварчилгаа өгсөн. Дэд станцуудад үзлэг хий шугамд гарахгүй байх, үйлдэл хийхдээ диспетчерт мэдэгд гэсэн тухайлсан зааварчилгааг өгсөн. Мөн Эрхэтийн монтёр С.Б- цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийх тухайлсан зааварчилгааг тус тус өгсөн. 06 цаг 53 минутанд ******ын монтёр Г.Г.У- QS-6-ТП-8-д үзлэг хийсэн хэвийн байна QS-6 салгаатай байгаа ТП-8 талаасаа кабель шугамыг мегометроор шалгаж үзлээ хэвийн байна. Одоо ТП-7-н кабель шугамд үзлэг хийнэ гэж ярьсан. КТП-3, 4-н хуурай салгуурыг салгаж байгаад хоосон шугамаа кабельтайгаа мегометрээр шалгаж үзье гэж тохиролцсон. Үүнээс хойш 07 цаг 14 минутанд ШД Энхбаяраас ******ын шон дээр хүн түлэгдээд байна гэсэн мэдээллийг өгсөн. 07 цаг 15 минутанд ******ын монтёр Г.У-тай ярихад Ц.М- хүчдэл орсон. Баруунхараагийн яч №15 талаас яагаад хүчдэл өгсөн юм бэ. Хурдан салгуулъя гэсэн. Тэгээд би Эрхэтийн монтёр С.С.Б-ыг залгасан юм боловуу гэж бодоод ярихад шугаманд үзлэг хийгээд явж байна QS-7 З хутга бүрэн салгаатай байгаа, шугам цоожтой байгаа тул залгах боломжгүй гэж хэлсэн. Иймээс би QS-г залгасан юм болов уу гэж бодоод дамжуулах шугам сүлжээ рүү Б****** яч №15-г тасалж өгнө үү гэж хэлсэн. Г.У-тай холбогдож чадахгүй байж байгаад 7 цаг 21 минутанд **********гийн инженер М.М.О-тай ярихад ****** ТП-7 дэд станцад 0.4-р секц холбох шийдвэрийг би өгсөн юмаа, шугам дээр Ц.М- гараад хүчдэлд нэрвэгдсэн гэж байна. Би одоо **********гаас ****** руу гарлаа гэж мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 66-67/,

 

2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 19/2022/02 дугаартай үйлдвэрлэлийн ослын тухай шинжээчийн дүгнэлт:

1.Монтёр Ц.Ц.М-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зааварчилгаа өгсөн эсэх?

Хариулт: Үйлдвэрлэлийн осол гарсан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр монтёр Ц.Ц.М-д ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй байна.

2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зааварчилгааг хэн хариуцаж өгдөг байсан байна вэ?

Хариулт: **************** 2018 оны А/442 дугаар тушаалаар баталсан “****************, хэлтэс төв, салбар нэгжийн ажилтан нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа өгөх журам”-ын 2.4.4.2 дахь хэсэгт “Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг шууд ажил удирдагч (мастер, бригадын дарга, илчит тэрэгний зааварлагч, хэсэг, цех, тасгийн дарга, галт тэрэгний дарга) болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан болон тухай ажлыг аюулгүй хийх ажлыг хариуцсан ажилтан ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй хугацаанд өдөр бүр бичгээр, аргачилсан байдлаар өгнө” гэж заасны дагуу ********** хэсгийн ************* М.М.О- зааварчилгаа өгөх байсан.

****************2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Өндөр, нам хүчдэлийн цахилгаан байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж дээр ажиллах үеийн аюулгүй байдлыг хариуцах эрх бүхий хүмүүсийг шинэчлэн батлах тухай” 06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар ********** хэсгийн Дэд станцын ашиглалтын инженер М.М.О-ыг 1000в-оос дээш хүчдэлийн ЦБ-д /цахилгаан байгууламж/ наряд олгогч, ажлын удирдагчаар томилсон байна

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зааварчилгааг Ц.Ц.М-д ямар хэлбэрээр өгдөг байсан бэ?

Хариулт: Урьдчилсан болон ээлжит давтан зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.

4.Ц.Ц.М-д хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас, хэрэглэл өгсөн эсэх?

Хариулт: Монтёр Ц.Ц.М-д ажлын тусгай хувцас, багаж, хамгаалах хэрэгсэл олгосон тухай карт, бүртгэл “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-д хавсаргасан байна.

5.Осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ямар хууль тогтоомж зөрчигдсөнөөс болсон эсэх?

Хариулт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн дараах заалтууд зөрчигдсөн байна.

Үүнд:

а/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “ ...зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүрэг хангагдаагүй.

б/“Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 151 дэх “Шийдвэрээр ажилд оруулахын өмнө шийдвэр өгөгчийн тодорхойлсон ажлын байр бэлтгэх техникийн бүх арга хэмжээг авсан байх ёстой” 175 дахь “Зөвхөн зөвшөөрөл олгогчоос зөвшөөрөл авсны дараа ажлын байр бэлтгэх, ажилд оруулах арга хэмжээг зохион байгуулна. Аваар, ослын үед болон хойшлуулшгүй ажлыг шийдвэрээр гүйцэтгэх үед ч ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг заавал авна” гэсэн заалтууд

в/“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион Т байгуулалт. Үндсэн дүрэм” MNS-4969:2000 стандартын 4.16 дахь “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.

г/**************** 2018 оны А/442 дугаар тушаалаар баталсан “****************, хэлтэс төв, салбар нэгжийн ажилтан нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа өгөх журам”-ын 2.4.4.2 дахь “Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг шууд ажил удирдагч (мастер, бригадын дарга, илчит тэрэгний зааварлагч, хэсэг, цех, тасгийн дарга, галт тэрэгний дарга) болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан болон тухай ажлыг аюулгүй хийх ажлыг хариуцсан ажилтан ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй хугацаанд өдөр бүр бичгээр, аргачилсан байдлаар өгнө” гэсэн заалтууд,

6. Осол нь ямар ажилтан, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас болсон байна вэ?

Хариулт: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...” гэж заасан тул энэ асуултад хариулах боломжгүй байна.

7.Хэрэв хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам зааврыг зөрчсөн бол яг хэддүгээр зүйлийн хэдийн хэдэд заасан заалтуудыг зөрчсөн болохыг заалт нэг бүрээр нь тусгах?

Хариулт: 5 дугаар асуултад хариулсан.

8.Шинжилгээний явцад ач холбогдол бүхий илэрсэн зүйлийг дүгнэлтэд тусгах.

Хариулт: “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 151 болон 175 дахь хэсэгт заасан ажлын байр бэлтгэх техникийн арга хэмжээ аваагүй. ****************2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Өндөр, нам хүчдэлийн цахилгаан байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж дээр ажиллах үеийн аюулгүй байдлыг хариуцах эрх бүхий хүмүүсийг шинэчлэн батлах тухай” 06 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар ********** хэсгийн ******ийн монтёр Г.Г.У-ыг 1000В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид наряд шийдвэрийн дагуу ажил гүйцэтгэгч, ажлын байр бэлдэгч, ажилд оруулагчаар ажиллах, шуурхай сэлгэн залгалт хийх эрх бүхий ажилтнаар томилсон байна.” /1-р хх 86-87/,

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 07-015/15 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Осол юунаас болж гарсан бэ?

Хариулт 1. Тухайн хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд шугам сүлжээний дагуу үзлэг хийж гүйцэтгэх явцдаа ажлын байрыг өргөтгөж ХТП-7 дугаартай дэд станцын 10 кВ-ын үндсэн тэжээлийн кабель шугамыг хөндийрүүлж гэмтлийг тодорхойлох ажлыг цахилгааны монтёр Ц.Ц.М-, Г.Г.У- нар гүйцэтгэсэн байна.

Тухайн 10 кВ-ын анкер тулгуур дээр кабель шугамын үзүүрүүдийг тайлж хөндийрүүлэх ажлыг Ц.Ц.М- нь гүйцэтгэн улмаар холболтын ажлыг хийх явцад тухайн ажлыг бүрэн дуусгаж, ажлын байрыг чөлөөлөөгүй байх үед Г.Г.У- нь ТП-7 дугаартай дэд станцын Т- 2 трансформаторын 0.4 кВ-ын буюу “нам” талаас эргэж өндөржсөн хүчдэл дамжин ирэх нөхцөлийг таслах арга хэмжээг хангалттай авч хэрэгжүүлэлгүй 0.4 кВ-ын хуваарилах байгууламжид сэлгэн залгалт хийж гүйцэтгэсэн нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 175 /Зөвхөн зөвшөөрөл олгогчоос зөвшөөрөл авсны дараа ажлын байр бэлтгэх, ажилд оруулах арга хэмжээг зохион байгуулна. Аваар, ослын үед болон хойшлуулшгүй ажлыг шийдвэрээр гүйцэтгэх үед ч ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг заавал авна/-д заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон байна.

2. Осол ямар албан тушаалтны буруутай үйл ажиллагаа улмаас үүссэн бэ?

Хариулт 2. Тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан М.М.О- нь аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, эрчим хүчний системийн хэмжээнд нийтээр заавал дагаж мөрдөх үүрэгтэй, дүрэмд заасан шаардлага хангаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн /шалгалтанд тэнцээгүй/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6 /Сургалт, шалгалтад хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн, ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно/- заасныг зөрчсөн байна.

Мөн монтёр Г.Г.У- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан нийтлэг чиг үүргээ биелүүлээгүй байна.

3.Ямар албан тушаалтан хууль болон хэм хэмжээний актыг зөрчсөн бэ?

Хариулт 3. Тухайн хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд /хуудас-32, хуудас-39/ гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд хэсгийн инженер М.М.О- нь монтёр Г.Г.У-т шугам сүлжээнд үзлэг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн байна. Мөн тухайн үед ажиллаж байсан ээлжийн инженер ****************нь /хуудас 48, шуурхай ажиллагааны тэмдэглэл хуудас 48/ монтёр Г.Г.У-т үзлэг хийх явцад тулгуурт гарахгүй байх талаар мэдэгдсэн байна.

Шугам сүлжээний дагуу үзлэг хийж гүйцэтгэх явцдаа монтёр Г.Г.У-т нь шийдвэр, нярадгүйгээр кабелын гэмтлийг тодорхойлох хэмжилтийг хийж гүйцэтгэхээр дур мэдэн ажлын байрыг өргөтгөж, 10000 В-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуур дээр кабелийн үзүүрийг хөндийрүүлэх, тусгаарлах ажлыг Ц.Ц.М-аар гүйцэтгүүлж, улмаар мегометр буюу хэмжүүрийн багажаар гэмтэл тодорхойлох ажил гүйцэтгэсэн байгаа нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” ЭХД-1-12- 06-2014-ийн 760 /1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид энэ дүрмийн 152-т зааснаас бусад тохиолдолд нарядаар, 1000 В хүртэл хүчдэлийн цахилгаан байгууламж болон хоёрдогч хэлхээнд шийдвэрээр хэмжих ажлыг гүйцэтгэнэ/, 54/ наряд, шийдвэр, ашиглалтын явцад хийх ажлын жагсаалтад зааснаас бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх, ажлын байрыг өргөтгөх, өөрчлөхийг хориглоно/, 39/үзлэгийн үед ямар нэгэн ажил гүйцэтгэх, засвар, үйлчилгээ хийхийг хориглоно/ дэх заалтуудыг зөрчсөн байна. Тухайн хэргийн материалд хавсаргагдсан мэдүүлэг авсан тэмдэглэлд /хуудас29/ тусгагдсан Г.Г.У-ын хариултад дүн шинжилгээ хийхэд монтёр Ц.Ц.М-ын хийж гүйцэтгэж буй ажлыг бүрэн дуусган, ажлын байрыг чөлөөлсөн эсэхийг талаарх мэдээлэл авалгүй, залгах бололцоотой тухай мэдээллийг бүрэн аваагүй, мөн ажилтан хүчдэлд нэрвэгдэхгүй байх бололцоог бүрэн хангахгүй буюу ТП-7 дугаартай дэд станцын 0.4 кВ-ын буюу “нам” талаас эргэж өндөржсөн хүчдэл дамжин ирэх нөхцөлийг таслах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, ээлжийн инженерийн шийдвэргүй 0.4 кВ-ын хуваарилах байгууламжид сэлгэн залгалт хийсэн байгаа нь “Цахилгаан байгууламж)-н ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” ЭХД-1-12-06-2014-ийн 27/Сэлгэн залгалт хийхдээ заавал зөвшөөрөл авах ёстой. Сэлгэн залгалтыг зөвшөөрөл авмагц гүйцэтгэнэ/, 226/Зөвшөөрөл олгогч нь зөвхөн тухайн ажпын ажилд оруулагч, ажлын удирдагч (хэрвээ ажлын удирдагч томилоогүй бол ажил гүйцэтгэгч) тус бүрээс ажлыг бүрэн дуусган, хүчдэл залгах бололцоотой болсон тухай мэдээлэл авсны дараа цахилгаан байгууламжийг хүчдэлд залгах/, 229 /Засварт гаргасан цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжийг онцгой нөхцөл байдал үүссэн (аваар) үед түүн Дээр ажил гүйцэтгэж байсан бүх ажилтан хүчдэлд нэрвэгдэхгүй байх бололцоог хангасны үндсэн дээр зөвшөөрөл олгогчийн зөвшөөрснөөр шуурхай ажиллагааны буюу шуурхай үйлчилгээ-засварын ажилтан эсвэл ажилд оруулагч хүчдэлд залгаж болно. Ингэхдээ ажил гүйцэтгэгч болон бригадын гишүүн нэг бүрт заавал мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдэх боломжгүй байсан бригадын гишүүдэд энэ тухай мэдэгдэх өөр арга хэмжээ (холбооны хэрэгсэл ашиглах, ажлын байран дээр нь мэдэгдэх үүрэг бүхий ажилтан зогсоох г.м)-г заавал авсан байх ёстой/ дэх заалтуудыг зөрчигдсөн байна.

4.Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрвэл дүгнэлтэд дурдаж болно.

Хариулт 4. Тухайн хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд /хуудас-48, хуудас-49/ гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд ээлжийн инженер Ц.Э- хариултад ТП-8 дэд станцад нярадгүйгээр кабелын гэмтлийг тодорхойлох хэмжилтийг хийж гүйцэтгэсэн улмаар ТП-7 дэд станцад мөн гэмтлийг тодорхойлох хэмжилтийг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн буюу ажлын байрыг өргөтгөн ажиллаж буйг мэдсэн байна.” /1-р хх 102-104/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 624 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ц.Ц.М-ын эрүүл мэндэд ослын улмаас хоёр гарын сарвуу, бугуй, шуу, хүзүү, баруун шилбэний III-IV зэргийн түлэгдэлтийн улмаас гүн татагдсан сорви, мэдрэлийн гэмтэл, хөдөлгөөний алдагдал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь эргэшгүй өөрчлөлт учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулна.

-Учирсан гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөр их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /3-р хх 13-17/,

 

****************2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай Ц.Ц.М-ыг ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2-р хх 2-8/,

 

******************************** 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А-442 дугаартай “****************, хэлтэс төв, салбар нэгжийн ажилтан нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх журам”, “ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгөх зайлшгүй шаардлагатай ажлын жагсаалт” батлах тухай тушаал, тушаалын хавсралт /2-р хх 89-98/,

 

******************************** 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А-54 дугаартай “Ажилтын нарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах чиг үүрэг”-ийг батлах тухай тушаал, тушаалын хавсралт /2-р хх 103-118/,

 

******************************** 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А-488 дугаартай “****************“Улаанбаатар Төмөр зам”ын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн дүрэм”-ийг батлах тухай тушаал, тушаалын хавсралт /2-р хх 119-126/,

 

****************2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай “ Өндөр, нам хүчдэлийн цахилгаан байгууламж шугам сүлжээ, тоног төхөөрөмж дээр ажиллах үеийн аюулгүй байдлыг хариуцах эрх бүхий хүмүүсийг шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралт /2-р хх 127-138/,

 

******************************** 2014 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн А-03 дугаартай “Цахилгаан байгууламжид төлөвлөгөөт ажил гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааг хангах” журмыг батлах тухай тушаал, тушаалын хавсралт /2-р хх 174-182/,

 

Шүүгдэгч М.М.О-ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2-р хх 142-151/,

 

Шүүгдэгч Г.Г.У-ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2-р хх 190-199/,

 

Хохирогч Ц.Ц.М-ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2-р хх 200-209/,

 

Шүүгдэгч Г.Г.У-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 142/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх 142-153/,

 

Шүүгдэгч М.М.О-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 154/, оршин суух хаягийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, бакалаврын диплом, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 156-166/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.У- нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” ЭХД-1-12- 06-2014-ийн 760 /1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид энэ дүрмийн 152-т зааснаас бусад тохиолдолд нарядаар, 1000 В хүртэл хүчдэлийн цахилгаан байгууламж болон хоёрдогч хэлхээнд шийдвэрээр хэмжих ажлыг гүйцэтгэнэ/, 54/ наряд, шийдвэр, ашиглалтын явцад хийх ажлын жагсаалтад зааснаас бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх, ажлын байрыг өргөтгөх, өөрчлөхийг хориглоно/, 39/үзлэгийн үед ямар нэгэн ажил гүйцэтгэх, засвар, үйлчилгээ хийхийг хориглоно/ дэх заалтыг, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн ЭХД-1-12-06-2014-ийн 27/Сэлгэн залгалт хийхдээ заавал зөвшөөрөл авах ёстой. Сэлгэн залгалтыг зөвшөөрөл авмагц гүйцэтгэнэ/, 226/Зөвшөөрөл олгогч нь зөвхөн тухайн ажпын ажилд оруулагч, ажлын удирдагч (хэрвээ ажлын удирдагч томилоогүй бол ажил гүйцэтгэгч) тус бүрээс ажлыг бүрэн дуусган, хүчдэл залгах бололцоотой болсон тухай мэдээлэл авсны дараа цахилгаан байгууламжийг хүчдэлд залгах/, 229 /Засварт гаргасан цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжийг онцгой нөхцөл байдал үүссэн (аваар) үед түүн Дээр ажил гүйцэтгэж байсан бүх ажилтан хүчдэлд нэрвэгдэхгүй байх бололцоог хангасны үндсэн дээр зөвшөөрөл олгогчийн зөвшөөрснөөр шуурхай ажиллагааны буюу шуурхай үйлчилгээ-засварын ажилтан эсвэл ажилд оруулагч хүчдэлд залгаж болно. Ингэхдээ ажил гүйцэтгэгч болон бригадын гишүүн нэг бүрт заавал мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдэх боломжгүй байсан бригадын гишүүдэд энэ тухай мэдэгдэх өөр арга хэмжээ (холбооны хэрэгсэл ашиглах, ажлын байран дээр нь мэдэгдэх үүрэг бүхий ажилтан зогсоох г.м)-г заавал авсан байх ёстой/ дэх заалтуудыг,

Шүүгдэгч М.М.О- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Эрчим хүчний сайдын 2014 оны 102 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6 /Сургалт, шалгалтад хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн, ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно/- заасныг зөрчсөний улмаас 10 кВ-ын анкер тулгуур дээр кабель шугамын үзүүрүүдийг тайлж хөндийрүүлэх ажлыг Ц.Ц.М- гүйцэтгэн улмаар холболтын ажлыг хийх явцад 10000 вольтын цахилгаан хүчдэлд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.М.О-ын өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ...” Миний хувьд улсын яллагчийн зүгээс М.М.О-д холбогдох гэм буруугийн дүгнэлтийн эсрэг байр суурьтай байна. Учир нь яллах дүгнэлтэд нэгдүгээрт аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй гэж буруутгасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Ц.М- нь би Г.Г.У- ахаас зааварчилгаа авдаг гэж мэдүүлсэн. Мөн байгууллагаас зааварчилгааг тогтмол өгдөг гэж хэлсэн учраас аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй гэх нь үндэслэлгүй. Хоёрдугаарт: Эрчим хүчний системийн хэмжээнд нийтээр заавал дагаж мөрдөх үүрэгтэй, дүрэмд заасан шаардлагыг хангаагүй хүнийг ажиллуулсан гэж буруутгаж байна. Миний хувьд шаардлага хангаагүй ажилтан гэж шүүгдэгч М.М.О-ын хэлснээр слесарь мэргэжилтэй хүн ажилласан бол өөр асуудал юм. Мөн шалгалтад тэнцээгүй хүнийг ажиллуулсан гэж байгаа хэдий ч 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Ц.М- нь өндөр хүчдэлийн шугам дээр ажиллахдаа мэргэжлийн алдаа гаргаагүй гэж мэдүүлсэн. Харин мэргэжлийн алдааг шүүгдэгч Г.Г.У- гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа талаар тодорхой хэлсэн. Хэрвээ Ц.Ц.М- өөрийн алдаанаас болж осол гарсан бол ажил олгогчийн буруутай үйлдэл болно. Иймд шүүгдэгч М.М.О-ыг гэм буруутайд тооцох саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэв” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь:  **************** 2018 оны А/442 дугаар тушаалаар баталсан “****************, хэлтэс төв, салбар нэгжийн ажилтан нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа өгөх журам”-ын 2.4.4.2 дахь хэсэгт “Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг шууд ажил удирдагч (мастер, бригадын дарга, илчит тэрэгний зааварлагч, хэсэг, цех, тасгийн дарга, галт тэрэгний дарга) болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан болон тухай ажлыг аюулгүй хийх ажлыг хариуцсан ажилтан ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй хугацаанд өдөр бүр бичгээр, аргачилсан байдлаар өгнө” гэж заасны дагуу ********** хэсгийн Дэд станцын ашиглалтын инженер М.М.О- зааварчилгаа өгөх эрх бүхий албан тушаалтан байна. /2хх-89-98ху/, Мөн ****************2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Өндөр, нам хүчдэлийн цахилгаан байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж дээр ажиллах үеийн аюулгүй байдлыг хариуцах эрх бүхий хүмүүсийг шинэчлэн батлах тухай” 06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар ********** хэсгийн Дэд станцын ашиглалтын инженер М.М.О-ыг 1000в-оос дээш хүчдэлийн ЦБ-д /цахилгаан байгууламж/ наряд олгогч, ажлын удирдагчаар томилсон байна. /2-р хх 127-138/ болон Хөдөлмөр хамгаалал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөн гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор ушиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.М-ын эрүүл мэндэд хоёр гарын сарвуу, бугуй, шуу, хүзүү, баруун шилбэний III-IV зэргийн түлэгдэлтийн улмаас гүн татагдсан сорви, мэдрэлийн гэмтэл, хөдөлгөөний алдагдал гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ц.Ц.М-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, түүний үр дагаврыг арилгах эмчилгээний зардалд иргэний хариуцагч Улаанбаатар Төмөр замын эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангиас 8.252.447  төгрөг, Г.Г.У- 300.000 төгрөг тус төлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Ц.М-, түүний хууль ёсны төлөөлөгч С.С.Ц- нараас эмчилгээ, замын зардал, хоол хүнсний зардалд 2.492.154 төгрөг, өмгөөллийн хөлс болох 2.000.000 төгрөг, хууль ёсны төлөөлөгчийн олох ёстой байсан орлого болох 4.200.000 төгрөг зэргийг нэхэмжилснээс нотлох баримтын хүрээнд эм, эмчилгээний болон галт тэргээр зорчсон зардалд 532.980 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг нийт 2.532.980 төгрөгийг хангаж, хоол хүнсний зардал 1.959.170 төгрөг, иргэний нэхэмлэгч С.С.Ц-гийн олох байсан орлого 4.200.000 төгрөгийг хэргэсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д Бусдын амь нас, эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ........ эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын гэзэр сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

            Хохирогч Ц.Ц.М-ын хоолны зардал 1959170 төгрөгийн зардал нь түүнд нэмэгдэл хоол өгөх зайлшгүй шаардлага үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болох хоол хүнс, гадаад паспорт захиалга тул шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С.Ц- нь малчин Г.Б- 600 ямааг тус бүрийг 7000 төгрөгөөр самнаж, олох байсан орлого 4.200.000 төгрөг байсан гэх боловч тухайн хөлсөөр ажиллах гэрээг хэзээ байгуулсан огноо тавигдаагүй, малчны нэр дээрх малын А данс авагдаагүй, өмнөх жилүүдэд тухай ажлыг гүйцэтгэж орлого олж байсан гэх боловч Хувь хүний орлогын албан татвар төлж байгаагүй зэргээс шалтгаалан нотлогдоогүй тул  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нараас 2.532.980 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Г.У-аас 1.266.490 төгрөг, шүүгдэгч М.М.О-аас 1.266.490 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нар нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Ц.Ц.М- БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Бүндан салбар эмнэлэгт үзлэг оношилгоонд орох, хагалгаа хийлгэх шаардлагатай гэснийг иргэний хариуцагч байгууллага нөхөн төлөхөө илэрхийлсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчийн “...шүүгдэгч Г.Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахилгаанчин мэргэжлээр ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч М.М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахилгааны инженер мэргэжлээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, өмгөөлөгч И.А- “...миний үйлчлүүлэгч Г.Г.У- нь тохиолдлын шинжтэй, анх удаагаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэх хүсэлт, өмгөөлөгч Ц.Т- “...Миний хувьд М.М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрүүгийн хариуцлагын тухай санал байхгүй.” гэх хүсэлт, шүүгдэгч Г.Г.У-ын шүүхийн хэлэлцүүлэг эцсийн болгож хэлсэн “...Миний хувийн байдал, амьдралын түвшинг харгалзан хөнгөн ял оногдуулахыг хүсэж байна.“ гэх тайлбар, шүүгдэгч М.М.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “... хэлэх зүйл байхгүй.” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-ыг цахилгаанчин мэргэжлээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.М.О-ыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нарт шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй тэдэнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.У-, М.О- нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-ыг цахилгаанчин мэргэжлээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.М.О-ыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер мэргэжлээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нарт шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У-т оногдуулсан цахилгаанчин мэргэжлээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, шүүгдэгч М.М.О-д оногдуулсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нараас тус бүр 1,266,490 төгрөгийг гаргуулж, хохирогч ************, ****** ***************** оршин суух Ц.Ц.М-,-д олгосугай.

 

7.Хохирогч Ц.Ц.М- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.У-, М.М.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ