Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Мижиддорж, шинжээч Э.Цацрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б***, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М***ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.А***, шүүгдэгч Б.Б***, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00607 1408 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  М*** овгийн Б***ын Б***, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт С*** дүүргийн *** дугаар хороо, Т***ын *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б***ын Б*** нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 5-113А тоот хашаанд “Х***” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан бетон зуурмагийн тоног төхөөрөмж, контейнерыг бусдад худалдаж, 212,639,150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч,  М*** овгийн Б***ын Б*** нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 5-113А тоот хашаанд хадгалуулж, Х*** ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан бетон зуурмагийн тоног төхөөрөмж, контейнерыг бусдад худалдаж завшсаны улмаас бусдад 176,008,450.0 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

- Шүүгдэгч Б.Б***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Яллах дүгнэлтэд үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө дансаар шилжүүлж өгсөн ба тоног төхөөрөмжийг мөн буцааж өгсөн. Гэм буруу дээрээ маргахгүй. Миний буруу, өмнө авсан өмгөөлөгч маань буруу дүгнэлт хийснээс үл ойлголцол гарсан байсан....Тоног төхөөрөмжийг 2019 оны 09 дүгээр сард 140,000,000 төгрөгөөр н.Б***т зарсан. Ингэхдээ урьдчилгаа 30,000,000 төгрөгийг авч, тээврийн зардал хийгээд, М***ХХК-д бүрэн гүйцэт ажиллагаанд оруулж 2019 оныхоо 11-12 сарын хооронд хүлээлгэж өгсөн байгаа. Тухайн үед зарим жижиг эд анги дутуу байсныг урьдчилгаа 30,000,000 төгрөгөөс нь авч бүрэн болгож өгч байсан. Дутуу зүйлсийг авахад нийт 42,000,000 төгрөг болсон. Би урьдчилгаа болгож 30,000,000 төгрөг л авсан, үлдэх мөнгөө аваагүй. ...маргаан бүхий техник хэрэгслийг захиран зарцуулах эрх надад байхгүй. Тухайн хашаанд 4-5 жил хөдөлгөөнгүй байсан. Мөн зарна гэж сонсож байсан. Тэгээд зарж тус больё л гэж бодсоноос анхнаасаа зарж борлуулаад үрэгдүүлье гэсэн шунахайн сэдэл байгаагүй... Хохирогч дутуу эд зүйл байгаа гэсэн. Тэр контейнерт байсныг гаргаж өгсөн. Урьдчилгаа 30,000,000 төгрөгөөс дутуу байгаа зүйлсийг нь бүрдүүлээд 11 сард ажиллагаанд ороход бэлэн болгоод хүлээлгэж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн яриад байгаа зүйлсийг анх хүлээн авсан гэдгээ мэдэхгүй байна. Би тухайн тоног төхөөрөмжийг 5 жил хадгалсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б***гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...2019 оны 09 сард компанийн тоног төхөөрөмжийг худалдаж авах сонирхолтой хэдэн хүмүүст үзүүлэхээр Б.Б*** руу ярихад тухайн үед хөдөө явж байна гэж хэлсэн. Хэд хэдэн удаа холбогдоод тоног төхөөрөмжөө асуухад янз бүрийн шалтаг хэлээд байсан учир хардалт төрсөн. Тэгээд 9 сард зарж үрэгдүүлсэн болохыг 11 сард олж мэдсэн ба тэр даруй тоног төхөөрөмжөө хайсан. Ингээд 2019 оны 12 сарын 06-ны өдөр М***ХХК-ийн хашаанд баригдсан байхыг нь мэдээд Б.Б***аас асуутал “найзын хашаанд түр буулгасан байгаа” гэж эхэндээ хэлж байгаад сүүлдээ хүнд өгсөн талаараа ярьсан. М***ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Б***тай утсаар ярьтал “би Б.Б***ад мөнгийг нь өгөөд худалдаад авсан, чамтай ярих зүйл байхгүй” гэсэн. Ингээд 40 тоннын 2 контейнертой төхөөрөмж алга болсон. Энэ нь компанийн эд зүйл гэдэг утгаараа хувьцаа эзэмшигч 3 хүн гурвуулаа хохирч байгаа юм. Тэгээд ч М***ХХК-ийн хашаанд байхад н.Б***аас мөнгөө авах гэж их олон очсон ба хууль бусаар ажиллуулаад байсан учир элэгдэл хорогдол үүссэн. Хэдийгээр манайх тоног төхөөрөмжөө буцаагаад авсан ч анхны бус харин хуучирч, ашигласан эд зүйлийг авсан. Өөрөөр хэлбэл бид тоног төхөөрөмжийнхөө шинж чанар дээр хохироод байна. Элэгдэл хорогдол нь хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний дүгнэлтийн баримтаар нотлогдож байгаа. Үүн дээр нэмээд биднээс нэмэлт зардал гарсан. Үүнд М***ХХК-ийн хашаанд суурилуулсан байхад нь буулгаж авсан, мөн ачилт угсралт, салгалтыг мэргэжлийн хүмүүс хөлсөлж хийлгүүлсэн гээд нийт 98,091,180 төгрөгийн бодит хохирол учирсан. Энэ бүх зардлыг бид өөрсдөө төлсөн. Мөн дутуу авсан эд хөрөнгө байгаа. М***ХХК бол “Бид нар Б.Б***аас дутуу юм аваад гүйцээж хийсэн учраас гэж хэлээд хамаг зүйлсийг нь салгаад авчихсан. Би бол түүнийг Б.Б*** ахыг авсан гэж бодохгүй байна. Эд анги тухайн төрлийн эд зүйлсээсээ салахаараа шинж чанараа алдаад хэрэглэгдэхгүй болчихдог. Тэгэхээр яахын аргагүй иж бүрдэл гэж тооцогдоно.  Тиймээс салгаж авсан, алга болсон эд зүйлийг бид М***ХХК-иас нэхэмжилж байна. Энэ тал дээр хариуцлагаа хүлээх байх...  Учир нь 2019 оны 12 дугаар сарын 06-нд уг компанийн хашаанд байхад нь буюу мөнгөө өгөлцөж авалцаагүй байхад нь би ирсэн. Хүний эд зүйл гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Тэгээд эзэн нь гараад ирсэн байхад “ахын дүү байж бай, би мөнгөө өгөөгүй байгаа юм чинь чамд өгнө” гэж хэлж байгаад сүүлдээ ашигласаар байгаад өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Бид 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаад хэргийг шалгаад явж байхад хүртэл М***ХХК-ийн нэр бүхий ажилтнууд нь уг тоног төхөөрөмжийг ажиллуулсаар байсан. Цагдаа шалгаад удаа дараа битүүмжилсэн ч лацыг хөндөхгүйгээр араар нь ороод ажиллуулдаг. Тоног төхөөрөмжөө н.Б***аас авахад маш олон эд анги дутуу байсан. Шник, тугнуурын рам, агаар шүүгч болон түүний удирдлага гэх мэт. Мөн селосны гар хаалт байдаг түүнийг өгөөгүй, яагаад вэ гэхээр дотроо нойтон зуурмагтай байгаа, түүнийг нь авчихвал зуурмаг нь доошоо унана гэдэг. Хаалт болон тулгуур багана, авирдаг шатыг мөн өгөөгүй. Тоног төхөөрөмж ажиллаж байгааг би нүдээрээ харсан. Хэрвээ эд анги дутуу бол хэвийн ажиллах боломжгүй... Мэргэжлийн шинжээчийн дүгнэсэн үнийн дүн болон ачилтын 8,000,000 төгрөгийн хохирол гарсан. Үүн дээр элэгдэл хорогдлын 90,291,480 төгрөг, нийт 98,291,480 төгрөгийг нэхэмжилж байна. Харин салгаж авсан гэх эд ангийг тусад нь нэхэмжлэх саналтай байна...Б.Б*** ахын хашаанд байсан 40 тоннын 2 контейнер дотор ямар, ямар тоног төхөөрөмж байсан талаар баримт байгаа ч үнийн дүнтэй холбоотой баримт байхгүй.  Салгаж авсан эд ангиуд нь шник, тугнуурын рам, агаар шүүгч, агаар шүүгчийн удирдлага, селосын гар хаалт, хашлага, шат, шникийн хаалт, цилиндрийн хаалт, боолтны ком хайрцаг, селосын мэдрэгч, ком хайрцаг, цахилгаан монтажны үйлдвэрийн бүх утас, шникийн 4 мотор, зуурагч тогооны ховхлогч, цахилгаан хаалтны мотор, будаг, усны сав, угольник, ус урсах хашлага, автоматжуулалт уншуулах диск, удирдлагын control panel байрлах жижиг амбаар зэрэг эд ангиуд юм. Тус бүрийнх нь үнэлгээ байхгүй. Б.Б***ад өгсөн эд хөрөнгийн жагсаалт гэж бас байхгүй. 2 дугаар хавтаст хэргийн 183 дугаар талд тээвэрлэлтийн материал авагдсан боловч эдгээр дутуу байгаа эд ангийн бүртгэлийг нэг бүрчлэн хавсралтад тусгаагүй. Нэг контейнерын үнийг шүүгдэгч төлсөн учир 212,639,150 төгрөгийн үнэлгээнээс 1 контейнерын 3,500,000.0 төгрөг хасагдана...” гэсэн мэдүүлэг,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.А***ын шүүх хуралдаанд өгсөн  “...Манай байгууллагыг иргэний хариуцагчаар татсан нэг шалтгаан бол шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээ байна. Үнэлгээг хийхдээ шинжээч нь манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ нь шинжээч 09 сард анхны хэлцэл хийгдсэн сараас энэ төхөөрөмж ажиллаж эхэлсэн гэж хэлж байна. Гэтэл Б.Б*** маш олон эд анги дутуу байсан гэж хэлдэг. Би 30,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмждөө дутуу зүйлс авч хийсэн. Тухайн үед БНСУ-аас мэргэжилтэн авч ирж 5 сард анх ажиллуулсан. Үүнийг бол шинжээч огт тогтоогоогүй. Мотор ажиллаж байгаа нь төхөөрөмж бүрэн ажиллаж байна гэсэн үг биш. Тоног төхөөрөмжийг анх авахад эд хөрөнгө дотроо селос нь байхгүй, бетон нь дотроо хатчихсан байсан. Үүнийг бид цохиж гаргасан. Гэтэл үүнийг шинжээч огт тогтоогоогүй, шууд хэлцэл хийгээд ажиллаад эхэлсэн гэж үзсэн учраас манай байгууллага дээр элэгдэл хорогдлын тооцоо гаргаад байна. Бид Иргэний хуульд зааснаар Б.Б*** гэх хүнтэй гэрээ хийж худалдаж авсан. Бидэнд бол энэ хөрөнгө өөрийнх чинь мөн үү гэж мөрдөн шалгах эрхгүй, өөрөө л нотлохгүй бол шалгах эрхгүй учир тухайн үедээ Б.Б***ын үгэнд итгээд илээр гэрээ хийсэн. Гэтэл бид яагаад хэн нэгэн этгээдийн хохирол төлбөрийг хариуцах болсон юм. Бид тэр хөрөнгийг хадгалах гэж биш ашиглах гэж авсан. Ашиглахын тулд маш их хөрөнгө зарлагадсан. Б.Б***ад 30,000,000 төгрөг өгсөн. Хохирогч тал дутуу эд хөрөнгө байсан гээд байна. Тэр огт байгаагүй, тэр битгий хэл селос руугаа задгай цементийг жинлэж оруулдаг 9 ширхэг жин нь байгаагүй. Энэ жинг бид Солонгосоос захиж авхуулсан. Солонгос мэргэжилтэн урьж авч ирүүлсэн. Бид ажиллуулах гэж маш их хичээсэн. Б.Б*** мөн хичээсэн. 2 талын хүчин чармайлтаар ажиллуулах гэж маш их үзсэн. Тийм боловч жигд ажиллахгүй байсан. Дотроо холилдохгүй зөвхөн усаа л гаргаад байсан. Усаа голоод байсныг нь бид зөөсөн. Зөөж байгааг хохирогч тал баримтжуулаад бичиж авсан. Энэ төхөөрөмжийг ажиллуулах гэж үзсэн боловч ажиллаагүй. Тухайн үед энэ хэргийг шалгаж байсан цагдаагийн ахмад н.Б*** гэх хүнд олон удаа гомдол гаргасан. Энэ гомдол хавтаст хэрэгт авагдаагүй, алга болсон. Мөн тухайн эд хөрөнгийг битүүмжлээд аваад явж байхад манай байгууллагыг хохироосон. Усны 2 төхөөрөмжийг хагалсан. Мөн мөрдөгч нь “та энэ хуурай цемент жинлэдэг жингээ өгөөд явуулчих, гуйж байна” гэж хэлж байсан. Тухайн утасны бичлэгийг бас өгсөн. Бас хэрэгт авагдаагүй. Энэ нь манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулсан. Хяналтын удирддаг самбарыг мөрдөгч мөн аваад явсан. Энэ төхөөрөмжгүй бол ажиллахгүй. Ийм байхад яаж ажиллах вэ. Бид зөвхөн энэ хөрөнгийг ажиллуулахын тулд хичээсэн. Хохирогчийн талаас яриад байгаа зүйл бол ямар ч үндэслэлгүй, өөрөө түүнийгээ нотолж чадахгүй байна. Гэтэл хэн нэгэн этгээдийн амандаа орсон тоогоор шийдвэр гаргаж болохгүй. Бид бол ямар ч ашиг олоогүй. Ашиг олох зорилгоор биш зөвхөн өөрсдийн хэрэгцээнд авсан. Иймээс шүүхээс анхаарч үзнэ үү. ...Манайх шүүгдэгчээс 30,000,000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн тоног төхөөрөмжийг бетон зуурмаг гаргах хэлбэрээр нь бид огт ашиглаагүй. Манай хашаанд бетон хийцлэл маш их хэмжээгээр байсан гээд байна. Хэрэв манай хашаанд очиж үзвэл гараар зуурдаг, 220 вольтоор ажилладаг 16 ширхэг 1.8 тоннын зуурагч байгаа... Бид хохирогчид тухайн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй. 2020 оны 09 сард цагдаагийн байгууллагаас битүүмжлээд аваад явсан. Өмнө нь Б.Б***аас 2019 оны 10 сарын 21-нд авч өөрийн хашаанд 11 сар байлгасан. Угсрагдсан хэлбэрээр 2-3 сар байсан. Манай компани Б.Б***аас 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн.  Гэрээндээ ч маш тодорхой байдлаар тухайн төхөөрөмжийг бүрэн ашигласан өдөр үлдэгдэл 55,000,000 төгрөгийг өгнө гэж заасан. Бүрэн ашиглалтад ороогүй учраас бид үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Солонгос мэргэжилтэн хүртэл ирээд ажиллахгүй юм байна гэж хэлсэн. Мотор бол эргэж байсан ч бетон зуурмаг гардаггүй. Тиймээс нэг ч төгрөгийн элэгдэл хорогдол гарсан гэж үзэхгүй байна. Энэ талаар нотлох үүрэггүй. Хохирогч дутуу гэх эд зүйлсийг нэрлэж байна. Тухайн эд хөрөнгийг битүүмжлээд аваад явахад мэргэжлийн хүмүүс байгаагүй. Манай байгууллагын хүмүүс тэнд буй бүх зүйлсээ өгсөн. Б.Б***аас авсан тэр байдлаараа мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Мөн манай байгууллагын эд хөрөнгийг ч аваад явсан. Битүүмжилсэн байхад ашигласан гэсэн. Битүүмжилснээс хойш ашиглах ямар ч боломжгүй тул ашиглаагүй, удирдлагыг нь аваад явчихсан...” гэсэн тайлбар,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээч Э.Цацралын шүүхэд өгсөн “...Тэнцвэр Эстимейт компанийн үнэлгээний тайлантай танилцахад огноог 2008 оны байдлаар тооцсон гэхээр энэ төхөөрөмж нь зарж борлуулахаас 11 жилийн өмнөх үнэлгээ юм. Миний хийсэн дүгнэлт бол энэ төхөөрөмжийг шинээр нь худалдаж авбал хэд байх бэ гэдгийг долларын ханшаар тооцож гаргасан үнэ байгаа юм. Тэр үнээс бид олон улсын стандартад зааснаар элэгдэл хорогдлыг тооцож гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг завшсан хугацааны элэгдэл хорогдлын үнэлгээг гаргасан гэсэн үг. Үнэлгээний олон улсын стандартыг дагаж мөрдөх ёстой гэж Монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан байдаг тул бид үнэлгээний олон улсын стандартаа баримталдаг. Хэрвээ энэ тоног төхөөрөмж хэвийн ажиллагаатай, технологийн ямар нэгэн хуучрал байхгүй бол би энийг шинэ гэж үнэлж үзэж болно. Мөн хэрэгт авагдсан мэдүүлэг, хүмүүсийн өгсөн мэдээлэл зэргээр тухайн тоног төхөөрөмжийг хэзээ ашиглагдсан бэ гэдгээр үнэлгээгээ тодорхойлно. Хэрэгт авагдсан мэдүүлгийг үндэслээд завшсан гэх хугацааг 1 жил ашигласан гэж элэгдэл хорогдлыг тооцсон. Энэ хөрөнгө хэрвээ угсарч суурилуулагдаагүй бол ямар үнэтэй байх вэ гэдгийг үндэслээд нийт үнэлгээний 6 хувиар элэгдлийн үнэ цэнийг тооцсон. Биет элэгдлийг 10 хувиар тооцсон. Хэрвээ ашиглагдаагүй шинэ хөрөнгө байвал шинээр тооцно, харин ашиглагдсан нийт хугацааг нь 10-аас 1 жил ашигласан гээд биет элэгдлийг нь 10 хувиар тооцно. Бид төхөөрөмжийг шинжлэн судалж байхдаа шинэ гэж тусгай төсөөлөл дэвшүүлсэн. Яагаад гэвэл өгсөн мэдүүлэг болон цагдаагийн биднээс хүссэн дүгнэлтийн тайлбараас харахад энэ тоног төхөөрөмжийн бүх эд зүйлс нь бүгд бүрэн гэсэн тусгай төсөөлөл дэвшүүлсэн. Үнэлгээний олон улсын стандартад тусгай болон энгийн төсөөлөл гэж байдаг. Энэ нь өөрөө тусгай төсөөлөл юм. Түүнээс би уг хөрөнгийг шинэ байхыг харах боломжгүй. Учир нь, тухайн тоног төхөөрөмж нь шинэ байхаа болиод ашиглагдаж байхад нь харсан. Тиймээс би битүүмжилснээс хойш ажилласан байна гэх төсөөллийг дэвшүүлсэн. Харин 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр угсраатай байхад нь очиж биет үзлэгийг хийсэн. Миний хувьд энэ хэрэг дээр зөвхөн элэгдэл хорогдлыг тогтоох хөрөнгийн үнэлгээ хийнэ гэдгээ байцаагчид хэлсэн. Би бол хэргийн шинжээч биш, хөрөнгийн үнэлгээ талаасаа үнэ цэнэтэй холбоотой хохирлыг тогтоогч юм.  Биет үзлэгийг хийж байх явцад ашиглаж байсан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ бүх юм нь холбоотой байсан. Үндсэн хөрөнгийн үнэлгээг Тэнцвэр эстимэйт ХХК 2008 оны байдлаар буюу худалдаж авах үеийн үнэлгээгээр гаргасан байсан. Миний хувьд шинэ байсан гэдэг төсөөллөөр үнэлсэн. Надаас технологийн хоцрогдол ямар нэгэн мараалын элэгдэл байх уу гэж асууж байх шиг байна. Хэрвээ контейнерт зориулалтын дагуу ашиглагдахад боломжтой байлгах тэр байдлаар хадгалсан бол элэгдэл хорогдол байхгүй. Харин энэ технологийн хувьд ажиллаж байсан. Үнэлгээг бол 2020 оны 09 дүгээр сарын 03-ны байдлаар, ашигласан хугацааг 1 жилээр тооцсон. Эхлэл төгсгөлийн хувьд 2019 оны 09 сараас буюу гэрээ хийгдсэнээс эхлэн биет үзлэг хийн ачиж болно гэх өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон. Хэрвээ 2020 оны 02 сараар тасалбар болговол энэ үнэлгээний биет элэгдэл дээр өөрчлөлт орно...” гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

- Хохирогч Д.Б***гийн “...иргэн Б.Б*** нь 2006 оны үеэс манай компанийн герман хувьцаа эзэмшигч нарт хувийн болон албаны шугамаар машин унаагаар үйлчилж, жолоочоор ажилладаг байсан учир Солонгос улсаас оруулж ирсэн машин тоног төхөөрөмжийг “...өчнөөн олон жил энэ хүмүүсийн дэм тусыг хүртсэн. Эргэж хариу тус хүргэе” гэж саймширч, өөрийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хашаандаа буулгавал хадгалж чадахаа илэрхийлж амласан байдаг. Хувьцаа эзэмшигч Ф*** түүнд итгэж, түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтад байх хашаанд нь 5 жилийн өмнө буулгаж, машин  тоног төхөөрөмж тус бүрийг контейнерт хийж цоожилж үлдээсэн болно. Иргэн Б.Б*** нь машин тоног төхөөрөмжийг худалдан борлуулах гэж байгаа талаар бидний яриан дундаас мэдсэн, худалдвал ямар үнэ хүрэх талаар ч асууж лавлаж байсан бөгөөд бас өөрөө ч сонирхож байна гэж бэлэн мөнгөөр өөрөө авах бол хэдэн төгрөг байх вэ гэж асууж байсан. Компанийн зүгээс дээрх машин тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон тул худалдан борлуулахаар идэвхтэй зар мэдээ түгээн, 2019 оны 5 болон 6 дугаар саруудад сонирхсон хүмүүст худалдан борлуулахаар үзүүлж, харуулах шаардлага гарсан боловч иргэн Б.Б*** нэг бол хөдөө явж байна, эсхүл завгүй байна, өөр газар байна гэх мэтээр олдохоо больсон. Бидний зарын дагуу хэд хэдэн газраас машин тоног төхөөрөмжүүдийг худалдан авах тухай хүсэлт гаргасан тул 2019 оны 11 сард машин тоног төхөөрөмжөө үзүүлэхээр иргэн Б.Б***ын хашаанд очтол манай бетон зуурмагийн тоног төхөөрөмжтэй 1 контейнер тэдний хашаанд байхгүй байсан.Бид тэр даруйдаа түүнийг дур мэдэн машин тоног төхөөрөмжийг бусдад худалдсан байна гэж сэжиглэн, цагдаад хандана гэж олон удаа асууж шалгаасны дүнд Б.Б*** нь өөрийн хамаатны ахын хашаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 42 гэх тоотод аваачсан гэж хэлсэн. Б.Б***ын хэлснийх нь дагуу очиход Б.Б*** нь манай компанийн өмч болох машин тоног төхөөрөмжийг хадгална гэж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлж өөрийн хашаанд буулгуулан, улмаар худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа завшиж манайд 190,000 ам.долларын шууд хохирол учруулсан. Уг хоёр тоног төхөөрөмж нь хувь хүний нэр дээр биш “Х***” ХХК-ийн нэр дээр байдаг юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 60-63 дахь тал),

- Гэрч Ц.Б***ын“...2019 оны 8 дугаар сард FM радиогоор бетон зуурагч машин зарна гэсэн зарын дагуу холбогдсон. Тухайн үед утсаар яриад очиж үзэхээр болсон. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад очиж Б.Б***тай уулзаад үзэхэд нэг хашаанд төмөр контейнерт хураасан бетон зуурмагийн Солонгос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж байсан. Б.Б*** өөрөө ярьж тохироход 140,000,000 төгрөгөөр тохирч Б.Б*** гэдэг залуу өөрөө зардлыг нь гаргаж надад суурилуулж өгнө гэж хэлсэн. ...2019 оны 09 дүгээр сард Б.Б***тай утсаар холбогдоход зарагдаагүй байна гэхээр нь очиж авахаар болоод өвлийн улирлын өмнө суурилуулж чадах уу гэхэд чадна гээд урьдчилгаанд 30,000,000 төгрөг бага багаар нь цувуулж Б.Б***ын дансанд хийсэн. Тэгээд зуурмагийн тоног төхөөрөмжийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Толгойт өртөөний хойно суурилуулж эхэлсэн. Би үлдсэн 55,000,000 төгрөгт чирэгч толгой машин эсвэл 2020 оноос ажиллаж эхлэхээр бетон зуурмаг өгнө, үлдсэн 55,000,000 төгрөгийг мөнгөөр төлөхөөр тохирсон байсан” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 71 дэх тал),

- Гэрч Ф***ын“...2015 онд ...Б.Б*** надад хэлэхдээ манай хашаанд Бетон зуурмагийн тоног төхөөрөмжтэй 40 тонны чингэлэг, Хөнгөн блокийн машинтай 20 тонны чингэлэг нэг ширхэг, нийт гурван ширхэг чингэлгийг манай хашаанд буулгачих, танай компанийн тоног төхөөрөмжийг би хашаандаа үнэ төлбөргүй харж байя, та нар надад олон жил тус дэм болж амьдралд минь тусалсан гэж хэлэхээр нь эдгээрийг Б.Б***ын хашаанд буулгасан. Би Б.Б***ын хашаанд гурван чингэлгээ буулгахаас өмнөх хугацаанд ч гэсэн санхүүгийн болон бусад байдлаар их тусалдаг байсан. ...Б.Б***аас 40 тонны хоёр чингэлэгтэй тоног төхөөрөмжөө асуухад надад Улаанбаатар хотод өөр айлын хашаанд байгаа гэсэн. Ингээд Б.Б*** тоног төхөөрөмж хаана байгаа газрыг удаа дараа зөрүүтэй мэдээлэл өгч худал хэлээд байсан тул түүнтэй хэд хэдэн удаа Д.Б*** болон н.Б***ийн хамт уулзсан. Ингээд бид Дархан явж тоног төхөөрөмжөө айлын хашаанд очиж үзнэ гэж хэлтэл Б.Б*** удахгүй буцаагаад хашаандаа буулгачихна, би айлын хашаанд түр буулгасан байгаа гэж хэлсэн. Хэд хоногийн дараа н.Б***бид хоёрт Б.Б***тай уулзаад Б.Б***аас би 40 тонны 2 чингэлэгтэй тоног төхөөрөмжөө буцааж чамаас авъя гэхэд би ахтайгаа нийлээд юм хийх гэж байгаа юм. Надад хямд зарчих гэхээр нь би 150,000,000 төгрөгөөр авбал ав гэсэн чинь юм хэлээгүй. Тэгээд би 40 тонны 2 чингэлэгтэй тоног төхөөрөмжөө хаана байгааг асуугаад очиж үзэхийг шаардахад за гэж хэлээд салаад явсан. Ингээд хэд хоногийн дараа н.Б*** бид хоёрт тоног төхөөрөмж хаана байгаа газрыг зааж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг компанийн хашаанд байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би гүйцэтгэх захирал Д.Б***д 40 тонны 2 чингэлэгтэй тоног төхөөрөмжийг харж байя гээд хашаандаа буулгуулсан байж компанийн зөвшөөрөлгүй өөр хашаанд буулгасан байна гэж хэлсэн. Тэгээд Д.Б*** нь цагдаагийн байгууллагад хандсан. Үүнээс гадна 2019 оны зун Б.Б*** нь Д.Б***тэй уулзаж, тоног төхөөрөмжийг 125,000,000 төгрөгөөр худалдан авах санал өгсөн байсан. Д.Б*** татгалзсан тул манай компани нь этгээдүүдэд тоног төхөөрөмжөө худалдан борлуулахаар танилцуулж байсан. Ингээд би 2019 оны намар Монгол руу ирж тоног төхөөрөмж худалдан авах сонирхолтой хүмүүстэй уулзалт хийж байсан. Би болон манай компанийн гүйцэтгэх захирал Д.Б*** болон хувьцаа эзэмшигч Б.Б*** нар Б.Б***ад тоног төхөөрөмжийг бусдад худалдан борлуулах зөвшөөрлийг огт өгөөгүй. Надад Б.Б*** хэлэхдээ өөрийнхөө хашаанд сайн харж байна. Та манай гэр бүлд олон жил тус нэмэр болсон гэж хэлэхээр нь би итгээд Б.Б***ад 3 чингэлэгтэй тоног төхөөрөмжийг хашаанд буулгасан юм. Б.Б*** 40 тонны 2 чингэлэгтэй тоног төхөөрөмжийг ашиглах зарах зөвшөөрөл аваагүй. Харин зарын дагуу очсон хүмүүст тоног төхөөрөмжийг үзүүлэх зорилгоор хоёр чингэлгийн түлхүүрийг Б.Б***ад өгсөн байсан. Гэхдээ тоног төхөөрөмжийн техникийн бичиг баримт болон гаалийн бичиг чингэлэгт байхгүй байсан. Надад болон Х*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б***, хувьцаа эзэмшигч Б.Б***нарт огт мэдэгдээгүй. Тухайн үед түлхүүр нь Б.Б***ад байсан. Учир нь манай компани нь бусдад зарах гэж байсан. Тэгээд 40 тонны 2 чингэлэгтэй төхөөрөмжийн түлхүүрийг Б.Б***ад өгсөн байсан юм. Бид хоёрын дунд өр, авлагын асуудал байхгүй. Тухайн үед Б.Б*** нь би хашаандаа Бетон зуурмагийн тоног төхөөрөмж, 40 тонны 2 чингэлгийг хашаандаа харж байя гэсэн саналыг өөрөө надад тавьсан. Тэгэхээр нь би компанийн эд зүйлийг бусдад миний болон компанийн хувьцаа  эзэмшигч нарын зөвшөөрөлгүй бусдад зарж, ашиглуулсан үйлдэлд маш их гомдолтой байна. Х*** ХХК-д ямар нэгэн шийдвэр гаргах, амаар болон бичгээр гэрээ байгуулах шийдвэр гаргах эрх, үүрэг байхгүй...Би англи хэлээр ярьж чадна. Би Б.Б***тай англиар ярьж байгаагүй. Учир нь Б.Б*** англиар хэдэн үг л мэднэ. Тэр үг нь хүнтэй ойлголцоход хүрэлцэхгүй”  гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 157-158 дахь тал),  

- Гэрч П***ийн “...Би Б.Б*** гэх хүнийг мэднэ. Тухайн үед манай компанид жолоочоор ажиллаж байсан. Миний санаж байгаагаар 2018 онд санагдаж байна. Тухайн үед Б.Б*** танай компанийн тоног төхөөрөмжүүдийг үнэ төлбөргүй харж өгнө гэж хашаандаа буулгасан. Тухайн үед манай компанид орчуулагч байсан н.Г*** гэдэг хүн нь 2018 онд нас барсан гэж сонссон. Холбогдох утас нь байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 210-211 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч Д.А***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...Манай байгууллага нь цемент зуурах төхөөрөмжийг хууль ёсны дагуу гэрээ байгуулан Б.Б*** гэх хүнээс худалдаж авсан. Тэгээд төлбөрт Б.Б*** гэх хүнд дансаар 30,000,000 төгрөг өгсөн бөгөөд худалдан авах гэрээнд уг төхөөрөмжийг суурилуулах зардлыг Б.Б*** өөрөө хариуцахаар заасан. Тэгээд Б.Б***ын өөрийн хэлснээр суурилуулалтын зардлыг өгөх мөнгөнөөс хасах тохироо хийж 9,968,000 төгрөг төхөөрөмжийг суурилуулахад зарцуулсан. Мөн Б.Б*** нь төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт VOIVO маркийн ачааны автомашиныг 55,000,000 төгрөгөөр худалдаж авч өгөхөөр авсан байгаа” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73 дахь тал),

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн “...Kumkang piant industry ХХК зуурмагийн тоног төхөөрөмжийг 209,139,150 төгрөгөөр, 40 тонны контейнерыг 3,500,000 төгрөгөөр, нийт 212,639,150 төгрөгөөр тогтоож байна...” гэсэн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 75-76 дахь тал),

- Б.Б***, М*** ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “...Kumkang Plant industry нэр бүхий солонгос улсын 45 м.куб багтаамжтай, 2008 онд үйлдвэрлэж, 2009 онд монголд орж ирсэн бетон узелийг 140,000,000 төгрөгөөр худалдсан” гэх Худалдах, худалдан авах гэрээ (2-р хавтаст хэргийн 119 дэх тал),

- Эм жи эл радио ньюс ХХК-ийн “...9983-3611 дугаартай иргэн Дэлхийн монголчуудын MGLRADIO 88.3-т 2019 оны 09 сарын 12-оос 2019 оны 09 сарын 13-ны өдрийг хүртэл нийт 2 өдөр зар өгсөн нь үнэн болно...” гэсэн албан бичиг (1-р хавтаст хэргийн 146 дахь тал),

- Тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай зөвшөөрөл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 33, 35 дахь тал),

- Хохирогч Д.Б***гийн “...Би 2013 онд Герман улсаас Монгол Улсад ирсний дараа монголд бизнес явуулдаг Герман улсын Ф***, П*** нартай танилцаад тэд нарт орчуулгын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө буюу миний мэргэжлийн дагуу туслалцаа хэрэг болсон. Тэгснээр тухайн хоёр германтай 6 жил хамтарч ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаанд надад цалин, мөнгө өгөх болоход Ф*** “Манай Б*** ХХК хайгуулын лицензтэй компани байгаа. Чи энэ компанийн хувьцааг зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөр болгож  чамд өгье” гэхээр нь зөвшөөрөөд цалин, мөнгөнийхөө оронд тус компанид хувьцаа эзэмшихээр болсон. Х*** ХХК, Б*** ХХК-ийг Ф***тай хамтран үүсгэн байгуулж байсан Д.Л*** нь Ф***тэй хамтран үүсгэн байгуулж байсан Д.Л*** нь Ф***тай “Б*** ХХК хайгуулын лицензийн зөвшөөрөлтэй байгаа юм чинь хугацаа нь дуусахаас өмнө би 100 хувь эзэмшээд би зарчихъя, оронд нь Х*** ХХК-ийн эзэмшиж байгаа 51 хувь хувьцаагаа өгье” гэж ярилцаад Ф*** зөвшөөрөөд надад тэр үед “Д.Л*** Б*** ХХК-ийг зарж чадна гэнэ, Х*** ХХК-ийн хувьцааг эзэмшээд цаашдаа хамтарч ажиллах уу” гэхэд нь ямар компани гэдгийг нь асуухад “Солонгос улсаас авч ирсэн 300 сая төгрөгийн үнэлгээтэй бетон зуурмагийн тоног төхөөрөмж, хөнгөн блокийн машин зэрэг эд хөрөнгөтэй, цаашдаа 51 хувийн хувьцааг эзэмшиж хамтарч ажиллая” гэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Х*** ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурал болж Д.Л***ийн 51 хувийн хувьцаа болон Ф***ээс 5 хувийн хувьцааг миний нэр дээр шилжүүлж би компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Анх энэ тоног төхөөрөмжийг Х*** ХХК худалдаж авсан бөгөөд би компанийн 56 хувийн хувьцааг эзэмшиж байгаа болохоор энэ хэмжээний эд хөрөнгө миний эзэмшлийнх мөн гэсэн үг байгаа юм. Мөн 2019 оны 09 дүгээр сард Б.Б*** бусдад худалдан борлуулах үед би хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан болохоор би хохирогч мөн. ...Энэ бетон зуурмагийн тоног төхөөрөмж 10 жил ашиглаж чадаагүй байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард Б.Б*** нь М*** ХХК-ийн хашаанд ахынхаа хашаанд түр буулгачихсан байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М*** ХХК-ийн   н.Б*** захирал руу нь залгаж “манай Х*** ХХК-ийн эд хөрөнгө яагаад танай хашаанд байгаа юм бэ” гэж хэлэхэд н.Б*** “би мөнгөө өгөөд авсан, чамтай ярих юм байхгүй” гээд утсаа салгасан. Удалгүй цагдаа дээр ирээд н.Б***байцаагч мэдүүлэг өгөх үед “би наадхыг чинь худалдаж аваад чамд мөнгийг чинь өгье” гэж н.Б*** хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд хүлээсээр байсан. Тэгээд мөнгөө өгөлгүй удаа дараа хойшлуулах хугацаандаа ажиллуулаад байсан. Удаа дараа битүүмжилсэн эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулаад байсан болохоор М*** ХХК нь элэгдэл, хорогдлыг хариуцах ёстой. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр М*** ХХК-ийн хашаанд бетон зуурмагийн төхөөрөмжийг битүүмжилсний дараа н.Б*** надаас худалдаж авъя гээд байхаар нь “мөнгөө өгөөд ажиллуул” гэж хэлж очих гэхэд ашиглаад, ажил хийгээд байхаар нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр удирдлагын төхөөрөмжөөс нь 2 ширхэг эд ангийг хураагаад авч байсан...Би одоо М*** ХХК ашиглаж, үйл ажиллагаа явуулсан элэгдэл хорогдлын 90,291,484 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 45 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***ын “...Б.Б***тай анх уулзаж ярилцахад “миний, өөрийнх” гэж ойлгуулж ярьж байсан. Сүүлд нь гэрээ хийсний дараа Б.Б*** манай компанийн хашаанд суурилуулаад дуусаж байхдаа “Би герман захирлын жолооч байсан юм. Манай компани дампуураад Герман захирал нутаг буцчихсан юм. Энийг надад өгсөн” гэх юм ярьж байсан. Уг худалдан авсан 36,000,000 төгрөг М*** ХХК-ийн эд хөрөнгө мөн. Б.Б***тай 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа 36,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрт Волво маркийн машин оролцуулж, үлдэгдлийг тоног төхөөрөмжийг 100 хувь ажиллагаанд орсны дараа төлөхөөр тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний нөхцөлд угсралтын зардлыг 100 хувь худалдагч тал хариуцан ажиллагаанд оруулж хүлээлгэн өгнө гэсэн заалттай байгаа... 2019 оны 10 дугаар сараас угсралтын ажил эхэлсэн бөгөөд 2020 оны хавраас угсралтын ажил явуулах гэсэн чинь Д.Б*** ирээд “миний эд зүйл” гэж маргалдаад цагдаагаас ирээд лацдаж, битүүмжлээд явчихсан. Манайх ерөөсөө ажиллуулаагүй байсан ба бүрэн угсарч чадахгүй, мэргэжлийн хүн байхгүй байсан болохоор ажиллуулаагүй юм” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 41 дэх тал),

- Арима пропертийс ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тоног төхөөрөмжийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 50-74 дэх тал),

- Х*** ХХК-ийн тайлбар, тоног төхөөрөмжтэй холбоотой гаргаж өгсөн баримтууд (3-р хавтаст хэргийн 84-98 дахь тал),

- Шинжээч Э.Цацралын “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан нь завшсан гэх тоног төхөөрөмжийн ашигласан гэх хугацаан дахь элэгдэл, хорогдлын хэмжээг тогтоосон. Ашигласан хугацааг шинжээч томилсон тогтоол болон мөрдөн байцаалтад үндэслэн 1 жил буюу 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл гэж үзсэн ба Үнэлгээний олон улсын стандартын дагуу 3 төрлийн элэгдлийн тооцож нийт элэгдэл, хорогдлыг тодорхойлсон бөгөөд нийт элэгдэл, хоцрогдлын хувь 23 хувь ба тоног төхөөрөмжийн үнэлгээ хийж буй өдрөөр өөрийн бүрэн орлуулах өртөг нь 429,420,816 төгрөг бөгөөд 23 хувь нь 90,291,484 төгрөгийн нийт элэгдэл тооцогдсон. Энэ тоног төхөөрөмжийн үнэ нь 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн мэдүүлгээр 115,900 ам.доллар байгаа бөгөөд төгрөгөөр 132,855,011 төгрөг байна. Энэ дээр нэмэх нь гааль, татвар, тээврийн зардал нэмэгдээд 172,508,450 төгрөг болж байна. Дээрх үнэлгээг энгийнээр тайлбарлавал тус тоног төхөөрөмжийг шинээр худалдаж авах үнэ нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны биет байдлаар нь очиж үзсэн өдрөөр 429,420,816 төгрөгийн үнэтэй, ашиглагдсан хугацаа, элэгдлийг хасвал 339,129,332 төгрөгийн үнэтэй байна гэсэн үг. 2008 онд худалдаж авсан анхны өртөг нь 172,508,450 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын байдлаар уг тоног төхөөрөмжийг шинээр худалдаж авах үнэ 408,327,016 төгрөгийн үнэ, ханштай байна” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 109 дэх тал),

- Гэрч Л.Б***ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 111 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б*** нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...2014 оноос хойш Герман улсын иргэн Ф*** нь надад 20 тонны 1 ширхэг чингэлэгт хөнгөн блокийн төхөөрөмж, 40 тонны 2 ширхэг чингэлэгт нь блокийн машинтай төхөөрөмжүүд байгаа гэж хэлээд 1 сарын 500,000 төгрөгөөр тохиролцоод харуулахаар болсон юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын зун Герман улсын иргэн Ф*** надтай албан ёсны орчуулагчтай уулзана гэхээр нь Ф*** орчуулагч Д.Б***, З*** нарын хамт хотын төв уулзахаар болоод уулзсан юм. Тэгээд Ф*** надад миний тоног төхөөрөмжүүдийн 100 сая төгрөгөөр зараад өг гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн хашаанд буулгасан тоног төхөөрөмжүүдийг зар өгч бусдад зарахаар болсон юм. Ингээд 2019 оны 09 дүгээр сард М*** ХХК-ийн Ц.Б***т 140,000,000 төгрөгөөр зарсан. Тэгээд төхөөрөмжүүдийг суурилуулаад байж байсан чинь М*** ХХК-ийн Ц.Б***аас 30,000,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл мөнгийг надад өгөөгүй. Тэгээд байж байсан чинь орчуулагч Д.Б*** гэх эмэгтэй гарч ирээд энэ хөрөнгө миний хөрөнгө гэж хэлээд 125,000,000 төгрөг өг гэж хэлээд надаас нэхэж эхэлсэн. Би 20 тонны хөнгөн блокийн машиныг буцааж өгсөн. Бусад 40 тонны чингэлгийг бусдад зараад тоног төхөөрөмж суурилуулахад хэрэглэсэн...” (2-р хавтаст хэргийн 201 дэх тал) гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу, өмнө авсан өмгөөлөгч маань буруу дүгнэлт хийснээс үл ойлголцол гарсан байна...” гэсэн нь талуудаас шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байгаа тул шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэм хэмжээг 176,008,450.0 төгрөг болгон бууруулсан болно. Учир нь, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Kumkang piant industry ХХК зуурмагийн тоног төхөөрөмжийг 209,139,150 төгрөгөөр, 40 тонны контейнерыг 3,500,000 төгрөгөөр, нийт 212,639,150 төгрөгөөр тогтоож байна...” гэж дүгнэхдээ үнэлгээний аргачлал, үндэслэлийг тодорхой тусгаагүй байсан, харин Арима пропертийс ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 50-74 дэх тал)-д тоног төхөөрөмжийн тухайн үеийн захиалгын үнэ болон бусад зардлаар нь тооцож, 172,508,450.0 төгрөг дээр контейнерын үнэ болох 3,500,000.0 төгрөгийг нэмээд 176,008,450.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг өөрчлөн тогтоосон болно. Гэхдээ энэхүү өөрчлөлт гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.     

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б***ын үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 176,008,450.0 төгрөгийн шууд хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохиролд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Б.Б*** нь хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр, итгэмжлэн хариуцуулж хадгалуулсан тоног төхөөрөмжийг шунахайн сэдлээр зарж борлуулан бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б***ыг “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Энэ хэргийн хохирогч “Х***” ХХК нь шүүгдэгч Б.Б***д тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгч, хадгалуулахдаа ямар нэгэн баримт үйлдэж, бүртгэл хөтлөөгүй байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар тоног төхөөрөмжийн бүрдэл анх ямар байсан, үүнээс юу юу нь дутсан болохыг тогтоох боломжгүй болсон байна. Хууль ёсны төлөөлөгч Д.Б*** нь дутсан эд анги, иж бүрдлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч тэдгээр эд анги, иж бүрдэл нь шүүгдэгч Б.Б***ад хадгалуулсан тоног төхөөрөмжид анхнаасаа байсан болох нь тогтоогдохгүй байна. Энэ нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх, сэргээн тогтоох боломж байхгүй гэж шүүх үзлээ. Учир нь, өмчийн эзэн анхнаасаа итгэмжлэн хариуцуулж хадгалуулсан хөрөнгөө өөрийн хуулийн этгээдийн дансанд бүртгээгүй, хүлээлгэж өгсөн акт баримт үйлдээгүй байх тул зөвхөн хохирогчийн мэдүүлгээр шийдвэрлэх, өөр ажиллагаагаар тогтоох боломжгүй юм.

Шүүгдэгч Б.Б*** нь өөрийн хашаанд хадгалагдаж байсан тоног төхөөрөмжийг дур мэдэн иргэний хариуцагч М***ХХК-д худалдан борлуулсан байх ба тухайн тоног төхөөрөмжийг шударга өмчлөгчид нь олгох зорилгоор тэмдэглэл үйлдэн хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Б***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч “Х***” ХХК-ийн нэхэмжилж буй тээврийн зардал болох 8,000,000.0 төгрөгийг шүүх нэхэмжлэх үндэслэлгүй хэмээн үзсэн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогчийн тухайд өөрийн өмч хөрөнгө гэх тоног төхөөрөмжөө шүүгдэгч Б.Б***ын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 5-113А тоот хашаанд хадгалуулж байгаад буцаан авах үед ч мөн адил тээврийн зардал гарах байсан тул хохирогчийн нэхэмжилж буй тээврийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй юм.    

Эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын тухайд хохирогч “Х***” ХХК-ийн нэхэмжлэл нь прокуророос шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б.Б***ад холбогдох хэргийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, хохирогч тал иргэний хариуцагч болох М***ХХК-ийг битүүмжилсэн хөрөнгийг ашиглаж, чанар байдлыг нь алдагдуулсан гэж үзэн элэгдэл хорогдол тооцуулан нэхэмжилж байгаа нь шүүгдэгч Б.Б***ад холбогдох “Завших” гэмт хэргийн хохирол гэж үзэхээргүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болохуйц өөр субъектэд хамаарах асуудал байна хэмээн шүүх дүгнэв. Иймд энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэл алга.

Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний байгууллага болох “Арима пропертийс” ХХК-ийн шинжээч Э.Цацрал нь тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлыг тооцохдоо худалдан борлуулсан, ашигласан, битүүмжилсэн, эцэст нь хураан авч хохирогчид буцаан олгосон   цаг хугацааг ялгаж салгалгүйгээр анх худалдан борлуулсан гэх цаг хугацаанаас өөрийн дүгнэлт гаргах цаг хугацааг хүртэл тооцсон байгаа нь үндэслэлгүй болжээ. Үүнээс гадна тэрээр элэгдэл хорогдлыг тооцсон хувь хэмжээг дүгнэлтэд 15 хувь, мөрдөн байцаалтад 23 хувь, шүүх хуралдаанд 10 хувь гэж эрс зөрөөтэй дүгнэлт, мэдүүлгүүд гаргасан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэх боломжгүй хэмээн үзээд хэлэлцэхгүй орхив.

Хэрэв тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын асуудал нь битүүмжилсэн байх үед бий болсон бол эрүүгийн журмаар, харин түүнээс өмнө бий болсон иргэний журмаар хохирол, гэм хорын асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Эцэст нь, иргэний нэхэмжлэгч М***ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд тусгайлан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тухайн компани нь гэмт хэрэг үйлдэж олсон буюу бусдын эд зүйл гэдгийг мэдээгүй байсан болох нь тогтоогдож байх        тул тэдний хооронд худалдах, худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзээд шүүхээс хэлэлцээгүй орхисон болохыг дурдах нь зүйн хэрэг.   

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.       Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б***д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 127 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 149-163 дахь тал),  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 166-177 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх хэргийн оролцогч нар, талуудын санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б***д 12,000 нэгж буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хоёр жилийн дотор хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх болон цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

2.2.      Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. М*** овгийн Б***ын Б***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б***ад арван хоёр мянган нэгж буюу арван хоёр сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б***ад оногдуулсан арван хоёр сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б***д сануулсугай.

5.Хохирогч “Х***” ХХК-ийн 8,000,000.0 төгрөгийн тээврийн зардал гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын 90,291,484 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, эрүүгийн журмаар шалгуулах, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА