Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/330

 

 

 

2022.10.07 330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0292/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Б.Б.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э-,

Шүүгдэгч П.П.Х- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Х-д холбогдох эрүүгийн 2218000000325 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  П.Х-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.П.Х- нь 2022 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багт үйл ажиллагаа явуулдаг DD баарны гадна Б.Б.Б-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.П.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2022 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө “ДД” баарны гадна Б-, Б-э, А-, О-э, Д- зэрэг найзуудын хамтаар зогсож байсан. Тэр үед хохирогч Б.Б- 2 хүнтэй хамт юм ярьж байхад нь Б- ямар чанга ярьдаг юм гэхэд Б.Б-тай хамт явж байсан ахтай маргалдсан. Гэтэл Б- тэр ахыг унагаачхаад яваад өгсөн. Би зодоон болох гэж байна гэж бодоод Б.Б-г барьж авсан. Тэгээд Б-э, Б.Б- бид 3 зууралдаж байгаад шат руу унасан. Би хохирогч Б.Б-г цохисон нь үнэн. “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.  Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хохирогчоос уучлалт гуйж байна” гэв.

 

Хохирогч Б.Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө “ДД” барны гадаа хэсэг бүлэг танихгүй залуучууд байсан. Би найз М-, Б- хоёртой хамт юм яриад зогсож байтал хэсэг бүлэг залуучуудын нэг нь ямар чанга ярьдаг лалрууд бэ гэж хэлсэн. Гэтэл Б- тэр залуутай маргаад шатнаас буусан. М- бид хоёр утсаар бичлэг хийгээд араас нь буусан. Бид 2 ахыгаа аваад явчхъя гэж 10 аад удаа гуйсан, миний үгийг сонсоогүй. Тэр залуучуудыг согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн гэж дүгнэж байгаа. Гэтэл тэр залуучуудын нэг болох Б- гэх залуу манай ах Б-ыг хавсарч унагаад, өшиглөчхөөд зугтаасан. Д-, Б-э нар намайг барьж аваад цохисон дараа нь П.Х- ирээд намайг цохиж зодсон. Би босоод зам хөндлөн гарч зугтсан утасны бичлэг дээр намайг П.Х- 2-3 удаа хөшиглөсөн бичлэг байдаг. Тухайн үед миний гарт цаг байсан нь бичлэгт гардаг. АТМ-ны урд намайг дахин гаргаж ирж зодсон түүний дараа шүдээ гэмтсэнийг мэдсэн. Эргүүлийн 2 цагдаа ирээд одоо ингээд харьцгаа гээд салгасан. Тэгээд байж байтал “Соёмбо”-ын урд 2-3 приус маркийн автомашинтай залуучууд дахин бид 3-ыг дуудсан бид очоогүй. Хохирлыг бүрэн гаргуулмаар байна.” гэв.

 

Эрүүгийн 2218000000325 дугаартай хэргээс:

Гэрч Ү.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз М-тэй хамт 23 цагийн үед DD баарнаас орж 2, 2 шил пиво ууцгаасан. Тэгээд шөнө 02 цагийн үед баар хаахаас өмнө 10, 20 минутын өмнө би манай фитнест ажилладаг Б.Б- гэдэг залуу руу утсаар яриад “ОО баарнаас ирээд авчих” гэж хэлээд удалгүй Б.Б- өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд Б.Б-, М- бид гурав 00 баарны үүдний дотор хэсэгт 20 орчим минут зогсож байгаад баар хаагаад гарч ирээд гадаа шатан дээр зогсож байсан. Бид гурвыг гадаа шатны дээд хэсэгт зогсоод хоорондоо юм яриад зогсож байсан хүмүүсийн нэг нь “чимээгүй байгаач ээ, хэнгэрэг хагаллаа шүү дээ писда чинь” гэсэн. Тэгэхээр нь би эргэж хараад “чи одоо яасан сүртэй юм бэ, чиний ямар чихэн дээр чинь орилчихсон уу” гэсэн чинь тэр залуу өөдөөс хэрүүл хийгээд бие бие рүүгээ дайрцгаасан. Тэгж байгаад тэр надтай анх хэрүүл эхэлсэн хар хувцастай залууг хүзүүнээс нь бариад доошоо шатаар буугаад, машины зогсоол руу авч яваад “одоо зүгээр маргалдахгүй ингээд салъя” гэсэн чинь тэр залуу “манай ах цагдаа тэгээд би том байдаг юм” гэж байсан. Тэр үед нэг машинаас тэр залуутай хамт явж байсан залуучууд буугаад ирэхээр нь би “та хэд ийм олуулаа байж бид хэд рүү дайрах гээд байгаа юм уу, одоо ингээд зайлцгаа” гэсэн чинь анх надтай хэрүүл эхэлсэн Б- гэдэг залуу нь миний хойноос хөл рүү хавсраад намайг газар унагаагаад, өшиглөхөөр нь би босоод тэр залуу руу дайрсан чинь тэр залуу цаашаа зугтаж тойроод, тэр үед М- хажууд зогсож байсан чинь намайг хавсарч унагасан. Б- гэдэг залуугийн хамт явсан хүмүүс нь М- бид хоёр руу дайрахаар нь бид хоёр зугтаад зам хөндлөн гарч гүйгээд үйлчилгээний урд байдаг 24 цагийн дэлгүүрийн урд очоод эргээд хартал Б- байхгүй, М- бид хоёрын хойноос хөөж байсан хүмүүс АТМ-ийн урд бүгдээрээ байхаар нь бид хоёр буцаад очтол Б.Б- зодуулчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх 17-19/,

 

Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр эмэгтэй надад “танай найз чинь тэр АТМ дотор зодуулчихсан байна” гэж хэлэхээр нь би АТМ дээр очтол нөгөө хүмүүс явчихсан, Б.Б-, нэг хүнтэй хамт байсан ба тэр надад “миний шүд хугарчихлаа” гэж байсан, намайг харахад түүний хамар нь далийчихсан, хөмсөгний дээд хэсэгт нь хавдчихсан байсан. Б.Б-г хэн хэн зодсон гэдгийг би мэдээгүй, гүйж байхдаа харахад 3,4 залуу л Б.Б- дээр үлдчихсэн байсан. Б.Б- бас тэдгээр залуусын яг хэнийг нь зодож цохисныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 23-24/,

 

Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагаан футволктой залуу намайг ахын дүү нааш ир гэж хэлээд шатнаас авч буусан. Тэр залуу шатнаас буугаад юм ярьж зогсож байгаад одоо зайл, муу бацаан минь гэж хэлсэн. Ингээд миний уур хүрээд би түүнийг өшиглөөд унагаасан. Ингээд араас манай найзууд болон тэр залууд ирээд зодоон болсон. Энэ үед миний өшиглөж унагаасан залуу болон түүний найз гэх нэг залуу хамт зам гараад зугтааж байсан. Дахиад нэг найз болох Б.Б- ганцаараа үлдсэн байсан. Би зугтсан 2 залуугийн араас нь дуудаж байх хооронд Б.Б-г Х- өшиглөөд байсан. Тэгээд би Б.Б- Х- нарыг салгаад Б.Б-г явуулсан.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагаан футволктой чанга орилдог залуу нь “Муу бацаанууд зайл” гэж хэлээд манай найз Б-тай маргалдсан. Тэгээд би Б- цагаан футволктой залуугаас салгаад явах гэтэл Б-г араас хүзүү рүү нь цохисон. Ингээд Б- тэр залууг өшиглөж унагаад цохисон. Араас нь манай найзууд болон тэр цагаан футволктой залуугийн найзууд нь орж ирээд зодоон болсон. Энэ үед цагаан футволктой залуу нэг найзын хамтаар зугтаасан. Би Б-, Т-, Б- бид нар цагаан футволктой залуугийн араас гүйсэн. П.Х-, А- нар баарны урд Б.Б-тэй зодолдоод үлдсэн. Тэгээд би Б-, Т-, Б- бид нар цагаан футволктой залууг хөөгөөд замын эсрэг талд байрлах Хаан банкны АТМ-ын урд очиж барьж аваад тэр 2 залуутай маргалдсан. Тэнд зодоон болоогүй. Удалгүй Б.Б- ирж найзуудыгаа аваад буцаад зугтаасан. Бид нар ч араас нь хөөгөөгүй салаад явцгаасан. Б.Б-г, А- болон Х- нар зодсон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 28-30/,

 

Гэрч М.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 11-нд шилжих шөнө 02 цагийн орчим манай найз А-ын найзууд болох П.Х-, Д-, Б-, Б- нартай хамт Ой баарны гадаа шатан дээр зогсож байхад ард зогсож байсан 3 залуугийн нэг нь маш чанга орилсон. Би тэр залууд хандаж “ямар чанга орилдог юм бэ лаларууд минь” гэж хэлсэн. Энэ үед цагаан футволктой чанга орилдог залуу нь Б-тай маргалдсан. Тэгээд Б-, Х- нар Б-г цагаан футволктой залуугаас салгаад явах гэтэл Б-г араас нь хүзүү рүү нь цохисон. Ингээд Б- тэр залууг өшиглөж унагаад цохисон. Араас нь манай найзууд болон тэр залуу цагаан футволктой залуугийн найзууд орж ирээд зодоон болсон. Энэ үед цагаан футволктой залуу нэг найзын хамтаар зугтаасан. Би Б-, Т-, А- бид нар цагаан футволктой залуугийн араас гүйсэн. Б.Б-г Д-, П.Х- нар өшиглөж унагаасан гэж хэлж байсан. Д- өөрөө өшиглөж унагаасан талаараа хэлсэн. П.Х- Б.Б-г цохисон талаар Д- хэлсэн..” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч Г.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 11-нд шилжих шөнө 02 цагийн орчим найзууд болох П.Х-, Б-, Б-, Б- нартай хамт ОО баарны гадаа гарахад бороо ширүүн орж байсан. Би найз П.Х-гийн машин руу орсон. Би машинд сууж байгаад нойр хүрээд унтах гэж байсан. Гэтэл Б-г цагаан футволктой залуу шатнаас авч буугаад хүзүүнээс нь түлхсэн. Би энэ үйл явдлыг хараад машинаас буугаад “юу болоод байгаа юм бэ” гэхэд цагаан футволктой залууг Б- өшиглөөд унагаасан. Ингээд манай найзууд араас нь орж ирээд бужигнаад байсан. Энэ дунд зодоон эхлүүлсэн цагаан футволктой залуу бас нэг найзын хамт зам гараад зугтсан. Нэг найз нь манай найз П.Х-тэй зодолдоод үлдсэн. Тэр нь одоо яриад байгаа Б.Б- гэх залуу юм. Б.Б- гэх залууг П.Х-тэй зодолдож байхаар нь би Б.Б-г түлхэж унагаасан. П.Х- түүнийг цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх 34-36/,

 

Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-, Д-, П.Х-, Т- нар очсон, харин нөгөө маргалдаж байгаад хавсруулж унадаг ахын хамт 2 найз нь очоод тэгээд тэд маргалдаад ноцолдож зууралдсан. Тэгж байгаад тэд нар зам хөндлөн гараад АТМ-рүү орчихсон чинь тэнд байсан нэг танихгүй эмэгтэй хүн хаалгыг нь дараад манай найзуудыг оруулахгүй гээд зогсож байсан. Тэр үед Т-э бид хоёр зодоонд оролцохгүй холоос харж байсан болохоор ингээд салчхаж байгаа юм байна гэж бодоод очоогүй юм. Дараа нь тэр хэд маргалдахаа больсныхоо дараа манай найз Д- очиж тэр Б.Б- гэдэг залуугаас уучлалт гуйж байх шиг байсан. Манай найзуудаас Т-э бид хоёр огт зодоонд оролцоогүй, хүн цохиогүй, хүнд ч цохиулаагүй. Харин Б-, Б-, Д-, П.Х-, Т- нар маргаан эхлүүлсэн ахтай цагаан футволктой ах болон түүнтэй хамт явж байсан Б.Б-, бас нэг танихгүй залуу гэсэн гурван хүнтэй маргалдаж зодолдсон.” гэх мэдүүлэг /хх 41/,

 

Гэрч О.Т-баярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-тай утсаар ярихад “Би үйлчилгээний төв дээр хүнд зодуулах гээд байна, чи хүрээд ирээч” гэхээр нь би 5 орчим минутын дараа очиход үйлчилгээний төвийн DD баарны гадна Б- нэг цагаан футволктой, жинсэн өмдтэй ахтай муудалцаад, түүний яг хавирч унагааж байхад нь би очиж таарсан. Тэгээд Б- тэр хүнийг унагаачхаад өөрөө зугтаагаад, нөгөө цагаан футволктой хүн босоод хойноос нь хөөсөн. Тэгэхээр нь би хойноос нь хараад зогсож байтал тэд нартай хамт явсан миний нэг танихгүй хүн хойноос ирээд миний хөл рүү хавсарч унагаахаар нь би босоод тэр хүүхдийн хойноос хөөж байгаад зам хөндлөн гарч АТМ-ийн цаахна талд түүнийг барьж аваад “чи яагаад намайг хавсарч унагааж байгаа юм бэ” гэсэн чинь би тэгээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би -чи ямар арчаагүй юм бэ гэж хэлчхээд явж буцаад АТМ-ийн урд иртэл манай найз П.Х- тэнд байсан Б- гэдэг залууг өшиглөх гэж байгаад хойшоо савж унасан. Би тэд нарыг хэрэлдэж байхаар нь боль, боль гэж салгаад найзуудаа аваад зам гарч машиндаа суугаад явцгаасан.” /хх 43/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

-Б.Б.Б-гийн биед хамар ясны таславчийн хугарал, үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх 46-47/,

 

Шүүгдэгч П.П.Х-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 124/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 129-142/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч П.П.Х- нь 2022 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багт үйл ажиллагаа явуулдаг DD баарны гадна Б.Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч П.П.Х-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Б.Б- нь шүдний эмчилгээний зардал 4.600.000 төгрөг, хамрын хагалгааны зардал 2.500.000 төгрөг, гинжний 1.632.000 төгрөг, цагны 260.000 төгрөг, подвалк завсарлуулах 8.000 төгрөг, үзлэг, оношилгооны зардал 200.000 төгрөг, шатахууны зардал 373.700 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа ба үүнээс шүдний эмчилгээний төлбөр 4.600.000 төгрөг, хамрын эмчилгээний төлбөр 2.500.000 төгрөг зэргийг хэлэлцэхгүй орхиж, гинжний 1.632.000 төгрөг, цагны 260.000 төгрөг, подвалк засварлуулах 8.000 төгрөг, үзлэг, оношилгооны төлбөр 200.000 төгрөг, шатахууны зардал 373.700 төгрөг нийт 2.473.700 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч П.П.Х- нь төлж барагдуулсан байна.

 

Хохирогч Б.Б.Б- нь шүдний эмчилгээ, имплант шүд хийлгэх зардал болон хамрын эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч “...2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт”,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар... “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан ялаас чөлөөлж өгнө үү” гэх санал, хохирогч Б.Б.Б-гийн “Хохирлыг бүрэн барагдуулсан тул эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбар гаргаж тус тус мэтгэлцлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.П.Х-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.П.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

   4.Шүүгдэгч П.П.Х- нь хохирогч Б.Б.Б-д 2.473.700 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсныг дурдсугай.

 

   5.Хохирогч Б.Б.Б- нь шүд болон хамрын эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

   6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.П.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ