Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0484

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С овгийн Т. Г  /РД:/,

Хариуцагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаанд 180 дугаарт /Т.У-ын нэр дээр/, унаач хүүхдийн 227 дугаартай бүртгэгдсэн Т.Г-ын хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг уралдуулаагүй үүлдэрлэг байдлаар нь хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Т. Г би Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмаар их насны морьдын уралдаанд өөрийн хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг оролцуулахаар бүртгүүлэхэд үндэслэлгүйгээр хасаж уралдуулаагүй байдаг.

Т.Г миний хүрэн халзан соёолон насны морь нь соёолон насны морьдын уралдаанд уралдах гэсэн боловч үүлдэрлэг байдлын шаардлага хангаагүй гэж үзэн хасаж уралдуулаагүй нь үндэслэлгүй байсан тул эс зөвшөөрч Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан ба тус гомдлыг 2020 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн Х/641 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шилжүүлсэн боловч гомдлыг шийдвэрлэсэн тухай ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан дүрмийн 11.4-т заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Үндэсний их баяр наадмаар мөрдлөг болгож ажилласан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Журам батлах тухай 05 дугаар тогтоолоор батлагдсан Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам-ын 3.1-т Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, биеийн хэсгүүдийн харьцаа /толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно гэж заасан ба хүрэн халзан соёлон насны морь нь дээрх шаардлагуудыг хангаж байхад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо хассан нь буруу байна. Хүрэн халзан зүсмийн соёолон насны морь нь 2019 онд Баянхонгор аймгийн Ламын гэгээний 380 жилийн ой даншиг наадамд түрүүлсэн байгаагаас үзэхэд ч 1 жилийн дараа эрлийз гэх үндэслэлээр Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй хасах боломжгүй байна.

Иймд 2020 оны Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд Т.Г хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг бүртгэхээс татгалзаж, уралдуулаагүй Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн байна гэж заасан. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг салбар хорооноос бүртгэхээс татгалзаж, уралдуулаагүй нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Яагаад уралдуулаагүй талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй. Салбар хорооны хуучин нарийн бичгийн даргыг гэрчээр асуухад соотон чихтэй, ямаан хоншоортой, дэл сүүл шингэн, харахад эрлийз морины шинжийг агуулсан байна буюу Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмын 3.1 болон 3.3-т заасан үндэслэлийг хангаж байсан тул тухайн морийг уралдуулаагүй гэж тайлбарладаг боловч нотолж чадаагүй. Морийг уралдуулалгүй хасах шийдвэрийг нотлох баримтаар гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргахад хариуцагчаас ирүүлээгүй, аман байдлаар гарсан талаар тайлбарладаг. Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн захиргааны акт гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан, дүгнэлтийг нотлох баримтаар хавсаргасан. Тухайн шинжээчийн дүгнэлтээр хүрэн халзан зүсмийн морийг Монгол Улсад байгаа галшир удмын болон Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий аймгийн адуунуудын нийтлэг биеийн харьцааг харьцуулсан байдлаар шинжлэн судлахад хүрэн халзан зүсмийн соёолон насны морь байвал зохих өндрийн хэмжээнд нийцсэн ба сэрвээний өндрийн дээд хэмжээг 141 см гэж зааснаас 2 см бага буюу 139 см байсан. Уг дүгнэлтээр эрлийз морь гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд салбар хорооноос гаргасан үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэсэн дүгнэлт нь хууль бус болох нь тогтоогдож байна. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр уралдуулсан Т.Г хүрэн халзан морийг уралдуулахгүйгээр хассан шийдвэр хууль бус тул хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Т.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хүрэн халзан морийг Улсын их баяр наадамд Ардын хувьсгалын 99 жилийн ойд уралдуулсан эсэх болон бүртгэсэн эсэх ирсэн нотлох баримтаар харагдаж байна. Унаач хүүхдийн 227 дугаартай, морьдын бүртгэлийн жагсаалтад 180-т бүртгэгдэж, уралдахаар бүртгүүлсэн боловч уралдуулаагүй хассантай маргаантай байна. Т.Г-ын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороонд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдэд, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч н.Б-ийн мэдүүлэгт морийг уралдуулалгүй хассан талаар дурдсан байдаг. Мөн хэргийн хариуцагч Н.Т-ийн бичгээр өгсөн тайлбар болон нарийн бичгийн дарга Ц.Г-ын тайлбарт тус тус уралдуулаагүй хассан талаар дурдсан байдаг. Эдгээр морийг уралдуулаагүй хассан талаар үйл баримтуудаар Т.Г-ын морийг гарааны зурхайнаас гаргаагүй, уралдуулаагүй нь нотлогдсон. Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын 3.3-т заасныг харвал Хүнс, хөдөө аж ахуйн сайдын саналаар сэрвээний өндөр хэмжих, үүлдэрлэг байдлыг тогтоохоор томилогдсон ажлын хэсэг хурдан морины сэрвээний өндөр хэмжих гэж нэршил бүхий ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Гэтэл эдгээр хүмүүс маргаан бүхий хүрэн халзан морины өндрийг хэмжилгүй, үүлдэрлэг байдлын талаар тайлбарлан хасаж, уралдуулаагүй талаар гэрч н.Б-ийн мэдүүлгээс харагдаж байна. Хурдан морины сэрвээний өндрийг хэмжих, сэрвээний өндөр илэрхий алдаатай үед эрлийз гэж дүгнэлт гарган уралдуулдаггүй. Гэтэл ямар нэгэн бичгээр дүгнэлт гаргалгүй, гадаад үзэмжээр харж хассан. Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журамд заасан монгол морины ерөнхий бүтэц, галбир, биеийн хэмжээ толгой хоншоор хүзүү, чих, өрөмдлөг, дэл, сүүл гэснийг ямар нэгэн шинжлэх ухаан болон баримтыг үндэслэж дүгнэлт гаргалгүйгээр өөр зүйл үндэслэж буюу ямаан хоншоортой, соотон чихтэй гэх мэтээр дүгнэж хассан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мал эмнэлгийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг энэ салбарын бүх төлөөллүүдийг оролцуулсан шинжээчийн дүгнэлт хийлгүүлэхэд монгол морины шинжтэй байна, эрлийз шинж байхгүй гэж дүгнэлт гаргасан. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд нэхэмжлэгч Т.Г-ын хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэж уралдуулахаас хассан шийдвэр үндэслэлгүйг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дахин 2020 оны баяр наадамд оролцох боломжгүй боловч дараагийн удаад хүрэн халзан зүсмийн соёолон насны морины үүлдэрлэг байдалтай холбоотой маргаан үүсгэхгүйн тулд шүүхээр үндэслэл бүхий шийдвэр гаргуулах хүсэлттэй байна. Т.Г-ын хүрэн халзан морийг уралдуулахгүйгээр хассан шийдвэр хууль бус тул хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад Т.Г-ын хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг соёолон насны морьдын бүртгэлийн 180 дугаарт Т.Г-ын төрсөн ах Т.У-ын нэр дээр бүртгэсэн байна.

Иргэн Т.Схэргийн материалын талаар дурдахдаа хүрэн халзан соёолон насны морийг үүлдэрлэг байдлын шаардлага хангаагүй гэж үзээд хасаж уралдуулаагүй нь үндэслэлгүй гэжээ. Хурдан морины салбар хороо үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын саналыг үндэслэн байгуулагдаж ажилладаг ба энэ ажлын хэсэг нас, насны морьдыг үүлдэрлэг байдлаар хассан шалтгааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулдаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо хурдан морьдын үүлдэрдэг байдлыг тогтоох ажлын хэсгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/2378 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу малын генетик нөөц, удмын сан, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бүхий 7 хүний бүрэлдэхүүн ажиллаж хурдан морьдын үүлдэрлэг байдлыг тогтоож ажилласан. Дээрх ажлын хэсгээс хүрэн халзан морь нь гадаад хэв шинжээр ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа хүзүүний суулт буюу өмөлдрөг дээр, дэл, сүүл шингэн зэрэг шинжүүдээр үүлдэрлэг байдалд тэнцэхгүй гэж дүгнэж, хурдан морины уралдаанд уралдуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Т.С өөрийн нэхэмжлэлдээ дурдсанаар хүрэн халзан соёолон морь 2019 онд Ламын гэгээни 380 жилийн ойн даншиг наадамд уралдаж байсан нь 2020 оны Үндэсний их баяр наадмын хурдан морины үүлдэрлэг байдлын шалгуурыг хангана гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгээс наадамд уралдах 6 насны морьдын үүлдэрлэг байдлыг тогтоож шинжсэн. Уг ажлын хэсгээс хүрэн халзан зүсмийн соёолон морьд нь гадаад хэв шинжээрээ ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа, хүзүүний суулт буюу өрөмдлөг дээр дэл сүүл шингэн зэрэг шинжүүдээр үүлдэрлэг байдалд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаж, хурдан морьдын уралдаанд уралдуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Шийдвэрийг гаргахад тухайн морьдод сэрвээний хэмжилт хийгээгүй. Учир нь тухайн адуутай холбоотой шүдлэх ажил хийгддэг. Шүдлэх ажлын дараа үүлдэрлэг байдлыг гадаад хэв шинжээр нь харж тогтоодог. Тухайн морьд нь үүлдэрлэг байдал нэгэнт илэрхий байсан учир ажлын хэсгээс сэрвээний өндрийг хэмжээгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын 3.1-т заасныг үндэслэн уралдуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын саналаар байгуулагдсан үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг тухайн морьд байгаа газар дээр нь очиж хурдан морьдыг ялгаж байсан. Үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүс мал эмнэлэг, малын удам зүйн мэргэшсэн албан хаагчид байгаа.

Хүрэн халзан соёолон Ламын гэгээний даншиг наадамд түрүүлж байсан гэж байна. Энэ нь тухайн морь нь монгол морины шинжийг агуулж байна гэж үзэх шууд үндэслэл болохгүй.

Бүртгүүлсэн морийг хасахдаа бүртгэлийн дугаарыг дугуйлж, хасагдсан морьдын жагсаалт үйлддэг. Өөр тусдаа шийдвэр гардаггүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос хүрэн халзан морины сэрвээний өндрийг хэмжээгүй. Гадаад хэв шинжийн хувьд эрлийз адуу мөн гэж үзсэн.

Шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон хүрэн халзан морь хасагдсан морь мөн эсэхэд гомдол, санал байхгүй.

Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжлийн мал зүйчид уралдуулах эсэх болон үүлдэрлэг байдлыг тогтоох асуудлыг газар дээр нь хэмжиж шийдвэрлэсэн. Тухайн морь нь гадаад хэв шинжээрээ Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын 3.3-т заасан шаардлагын хувьд нийцэхгүй гэж үзсэн. Цаашид холбогдох журмыг нарийвчлан зохицуулах шаардлага үүсэж байна. Шинэчлэн найруулсан төсөл Улсын Их Хуралд хэлэлцэгдэж байгаа. Малтай холбоотой удмын бүртгэлийн сан бий болгож, паспорттой болгож шийдвэрлэх нь зүйтэй талаар яригдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Гэрчээр Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн бичгийн бичгийн даргаар ажилласан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хурдан морины салбар хорооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүсэлт тавьсны дагуу үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт орох мэргэжилтнүүдийн нэрсийг Хурдан морины салбар хороонд хүргүүлсэн. Ажлын хэсэг үүний дагуу ажилласан. Ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмын 3-т заасны дагуу ажилласан. Эхлээд үүлдэрлэг байдлыг биеийн ерөнхий галбир, биеийн хэсгүүдийн харьцаагаар тогтооно. Үүлдэрлэг байдлыг биеийн галбир, биеийн хэсгүүдийн харьцаагаар тогтоосны дараа сэрвээний өндрийг давхар хэмждэг. Үүлдэрлэг байдал гэсэн агуулгад биеийн ерөнхий галбир, дэл сүүл, биеийн хэсгүүдийн хэмжээс, сэрвээний өндөр бүгд хамаарна. Хүрэн халзан морь биеийн ерөнхий галбир, дэл сүүл, биеийн хэсгүүдийн харьцаагаар үүлдэрлэг байдлын хувьд илт тэнцэхгүй байсан тул сэрвээний өндрийг хэмжээгүй. Гадна төрхийн хувьд эрлийз морь байсан. Биеийн ерөнхий хэв шинж нь ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл сүүл шингэн байсан. Улсын ангилал, ангийн ангилал гэж 2 янзын мэргэжлийн дүгнэлт байдаг. Үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг ангийн ангилал хийсэн. Улсын ангиллаар толгой, хүзүү, шилбэ, цээжний бүслүүр, хондлой зэргийг бүгдийг хэмжиж шинжих ёстой. Гэтэл 1 морийг хэмжихийн тулд 20-30 минут шаардагдах тул хэмжээгүй, гадаад хэв шинжийг харсан. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Снь 2020 оны Үндэсний их баяр наадмын соёолон насны морины уралдаанд 180 дугаарт /Т.У-ын нэр дээр/, унаач хүүхдийн 227 дугаартай бүртгэгдсэн хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг уралдуулаагүй үүлдэрлэг байдлаар нь хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь Үндэсний их баяр наадамтай холбоотой бүхий л харилцааг зохицуулах бөгөөд энэ хуульд Үндэсний их баяр наадам нь улсын баяр наадам, аймаг, сумын баяр наадмаас бүрдэхээр, улсын баяр наадмыг тэмдэглэх газрыг Засгийн газар тогтоохоор, Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр, баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор, үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй, улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд хурдан морь нь түрүүлсэн, айрагдсан тоогоор улсын алдарт, манлай, тод манлай уяач цол олгохоор, тэр дундаа түрүүлсэн, айрагдсан морьдын 50 ба түүнээс дээш хувьд нь азарга, их насны ангилалд байхаар, цол олгох уяачийн амжилтыг тооцохдоо тухайн уралдааныг зохион байгуулж буй Хурдан морины салбар хорооны бүртгэлийг үндэслэл болгохоор хуульчилсан байх тул 2020 оны Үндэсний их баяр наадамд уралдуулахаар бүртгүүлсэн соёолон насны морийг хассан Хурдан морины салбар хорооны шийдвэр нь захиргааны байгуулагаас гаргасан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэсэн захиргааны акт мөн гэж үзэж шийдвэрлэлээ.

Хүрэн халзан зүсмийн соёолон насны морь соёолон насны морьдын бүртгэлийн 180 дугаарт, унаач хүүхдийн 227 дугаартайгаар Т.Г төрсөн ах Т.Ууганбаярын нэрээр бүртгэгдсэн байх бөгөөд Т.Унь миний төрсөн дүү Т.Снь Үндэсний их баяр наадамд өөрийн латин g тамгатай хүрэн халзан соёолон насны морийг миний нэр дээр уралдуулахаар 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд уг морь нь миний төрсөн дүү Т.Г өөрийн эзэмшлийн морь юм хэмээх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн, маргаанд хамаарах адууны эзэмшлийн буюу Т.Г морь эсэх талаар маргаангүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон гэж үзээгүй.

Нэхэмжлэгч Т.Г хүрэн халзан зүсмийн соёолон насны морь 2020 оны Үндэсний их баяр наадамд уралдах соёолон насны морьдын бүртгэлийн 180 дугаарт, унаач хүүхдийн 227 дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг үүлдэрлэг байдлаар нь хасаж Үндэсний их баяр наадамд уралдуулаагүй байна.

Нэхэмжлэгч нь ийнхүү бүртгэлээс уралдуулаагүй хассан Хурдан морины салбар хорооны шийдвэрийг захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа хэмээн уг шийдвэрийг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд, зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болохоор заасан бөгөөд Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмээр Хурдан морины салбар хороо нь морьдыг бүртгэх, уралдаанд оролцуулахгүй хасах, уралдааныг зохион байгуулах, уралдаантай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй байна.

Иймд 2020 оны Үндэсний их баяр наадамд уралдуулахаар бүртгүүлсэн соёолон насны морийг хассан шийдвэрийг гаргасан, хууль, дүрмээр энэ чиг үүргийг хариуцсан Хурдан морины салбар хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж гомдол гаргасны дараа Хурдан морины салбар хороонд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан тул хариуцагчийг зөв тодорхойлсон гэж үзлээ.

Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг Т.Г хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг үүлдэрлэг байдлын хувьд гадаад хэв шинжээр ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа хүзүүний суулт буюу өмөлдрөг дээр, дэл, сүүл шингэн зэрэг шинжүүдээр эрлийз буюу үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэж үзэж Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй хасжээ.

Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн бичгийн бичгийн даргаар ажилласан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бшүүх хуралдаанд гэрчээр хүрэн халзан зүсмийн соёолон насны морь нь гадаад хэв шинж буюу ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл сүүл шингэн гэх мэт шинжүүдээр үүлдэрлэг байдлаар тэнцээгүй учир сэрвээний өндрийг хэмжээгүй гэж мэдүүлснээс, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэн халзан зүсмийн соёолон насны морины үүлдэрлэг байдлыг тогтооход сэрвээний өндрийг хэмжээгүй, биеийн гадаад хэв шинжээр эрлийз морь гэж үзсэн хэмээн тайлбарласнаас үзэхэд Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг үүлдэрлэг байдлын хувьд гадаад хэв шинжээр ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа хүзүүний суулт буюу өмөлдрөг дээр, дэл, сүүл шингэн зэрэг шинжүүдээр эрлийз буюу үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэж дүгнэж, сэрвээний өндрийг хэмжээгүй байна.

Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор батлагдсан Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмын 3.1-д монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгохоор, 3.2-т монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ. Үүнд их нас 141 см, 3.3-т сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/-ын хувьд эрлийз адууг уралдуулахгүй гэж салаа утгатай, тодруулбал ерөнхий галбир, бие цогцосын хэмжээг, сэрвээний өндрийн хамт үндсэн үзүүлэлт болгож харгалзахаар заасан атал, нөгөө заалтаараа сэрвээний өндрөөр шаардлага хангасан ч биеийн ерөнхий галбир, бие цогцосоор эрлийз адуу гэж үзэж болохоор заажээ. Гэхдээ уг журмын баримтлах зарчимд ажлын хэсгийн нэрийг чиг үүргийнх нь байдлаар сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсэг хэмээн нэрлэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр сэрвээний өндөр хүрэхгүй ч биеийн ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/-ын хувьд эрлийз адуу гэж үзсэн бол уралдуулахгүй хасахаар заасан ч биеийн ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/-ын хувьд ямар байхыг эрлийз гэж үзэх, монгол адуу ямар байхыг заагаагүй тул 2020 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн хүрэн халзан соёолон насны морийг үүлдэрлэг байдлын хувьд тэнцэхгүй гэж хассан ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл, сүүл шингэн гэсэн шинж нь монгол адуу биш бөгөөд эрлийз адуу юм гэх үндэслэлийг шууд тодорхойлохгүй байна.

Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд үүлдэрлэг байдлыг тогтоох, үүлдэрлэг байдлаар уралдуулахгүй хасах талаарх зохицуулалт байхгүй, зөвхөн шүдлэх, шүдээр тохирохгүй морийг хасах зохицуулалт бий бөгөөд, 2020 оны 7 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Мал аж ахуй. Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага MNS 6464:2014 Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаан, хурдан морины бүсийн уралдаан, аймаг, сумдын хурдан морины уралдаан зохион байгуулахад хамаарах хурдан морины уралдааныг эрлийз /холимог цусны/ болон монгол адууны ангиллаар зохион байгуулахад уралдах морьдыг ялгахад баримтлах сэрвээний өндрийн хэмжээг тогтоох зорилго бүхий стандартаар сэрвээний өндрийн дээд хэмжээг тогтоосон, үүнд соёолон насны морины сэрвээний өндөр 141 см, түүнээс доош байж гэмээнэ Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаан, хурдан морины бүсийн уралдаан, аймаг, сумдын хурдан морины уралдаанд уралдаж болохоор байна.

Ийнхүү үндэсний стандартаар Үндэсний их баяр наадамд монгол морьдтой уралдаж болох соёолон насны морины сэрвээний өндрийн дээд хэмжээг заасан байхад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг баталж, ингэхдээ ерөнхий галбир, бие цогцосын хэмжээг, сэрвээний өндрийн хамт үндсэн үзүүлэлт болгож харгалзахаар, бас сэрвээний өндрөөр шаардлага хангасан ч биеийн ерөнхий галбир, бие цогцосоор эрлийз адуу гэж үзэж болохоор заасан, гэхдээ биеийн ерөнхий галбир, бие цогцосын хэмжээс ямар байвал монгол гэж үзэх, эрлийз гэж үзэхээ ялгаж тодорхойлоогүй, Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг энэ маргаанд хамаарах хүрэн халзан зүсмийн соёолон насны морины сэрвээний өндрийг хэмжихгүйгээр шууд ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл сүүл шингэн гэх стандарт болон журамд заагаагүй шинжээр эрлийз гэж тодорхойлж, энэ үндэслэлээр соёолон насны морьдын бүртгэлээс хасаж уралдуулаагүй Хурдан морины салбар хорооны шийдвэр үндэслэлгүй болжээ.

Шүүхээс хүсэлт тавьж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв болон Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо НҮТББ-аас санал болгосноор Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, био технологийн сургуулийн багш, адуу судлаач, доктор, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, мал зүйч, адуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, адуу судлаач, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэргэдэх Адууны үүлдэр, ашиг шимийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат мал зүйч, шинжээч, профессор, зөвлөлийн гишүүн, шинжээч мал зүйч гэсэн мэргэжлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хүрэн халзан зүсмийн соёолон насны морины сэрвээний өндрийн хэмжээ, ерөнхий галбир, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл тус бүр ямар шинжтэй, энэ нь монгол морины шинжийг агуулж буй эсэхийг тогтоолгосон, шинжээчдийн дүгнэлтээр хүрэн халзан соёолон насны морь хоншоорын тойрог нь 42 см, чихний урт болон тойрог 16 см, хүзүүний тойрог чахалзуураараа 72 см, хүзүүний урт 56 см, сэрвээний өндөр 138 см байх бөгөөд ямаан хоншоортой, соотон чихтэй болох нь тогтоогдоогүй, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хүзүү, хүзүүний суултын хувьд эрлийз гэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Дүгнэлтэд мөн эрдэмтдийн судалгаагаар эрлийз адууны толгойн урт 60 см ба түүнээс дээш байдаг бол энэ морины толгой 56 см буюу монгол адууны толгойн уртын дундаж хэмжээнд байгааг, соёолон насны эрлийз морины хөлийн урт буюу өндөр 90 см-ээс дээш байдаг бол энэ мориных 84 см байгаа нь монгол адууны дундажтай адил байгааг, дэлний нарийн дунджаар 116.8 мкм, сүүлний нарийн дунджаар 162.0 мкм байгааг, энэ нь монгол адууны дэл сүүлний стандарт үзүүлэлттэй тохирч байгааг, монголд үржүүлж буй арабын эрлийзээс бүдүүн байгааг дурджээ.

Ийнхүү мал зүйч, адуу судлаач мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хийсэн дүгнэлтээр нэхэмжлэгч Т.Г англи жи үсгэн тамгатай, хүрэн халзан зүсмийн соёолон насны морь нь сэрвээний өндрийн хэмжээ, ерөнхий галбир, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл тус бүрээр монгол адууны шинжийг агуулсан болохыг тогтоосон, 2020 оны Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг сэрвээний өндрийг хэмжихгүйгээр стандарт болон журамд заагаагүй шинжээр эрлийз гэж тодорхойлж 2020 оны Үндэсний их баяр наадмын соёолон насны морины уралдаанаас хассан Хурдан морины салбар хорооны шийдвэр үндэслэлгүй, нэхэмжлэгч, уяач Т.Г улсын их баяр наадамд морь уралдуулах, улсын цол хүртэх амжилт тооцуулах эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.8, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны Үндэсний их баяр наадмын соёолон насны морины уралдаанд 180 дугаарт унаач хүүхдийн 227 дугаартай Т.Ууганбаярын нэр дээр бүртгэгдсэн Т.Г хүрэн халзан зүсмийн соёолон насны морийг уралдуулаагүй үүлдэрлэг байдлаар нь хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА