Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 089

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Т.Мижиддорж

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайн хууль ёсны төлөөлөгч Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайд холбогдох  201605000041 тоот эрүүгийн хэргийг 2016 оны   05  дугаар сарын   17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав дүү нарын хамт амьдардаг. Хэрэгт холбогдох үедээ Баянхонгор аймгийн МСҮТ-ийн 1 курс өрлөгийн ангид сурч байсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-2-26 тоотод түр оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй,  Боржигон овогт Батсүхийн Энхманлай /ВТ99071416 /.

Үйлдсэн хэргийн талаар

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай нь яллагдагч Т.Түмэндэмбэрэлтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 02- ны хооронд шөнө 03 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2-26 тоотод байрлах хохирогч Б.Буянжаргалын эзэмшлийн түр эзгүй байсан байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тэр үед Түмэндэмбэрэл хашаа, байшинд ороогүй хашааных нь гадаа байж байсан юм. Буянжаргал эгчийн гэрээс хулгай хийх санааг би гаргаж гэрээс нь зурагт зэрэг эд зүйлийг авсан юм. Түмэндэмбэрэл намайг тухайн үед дарамталсан зүйл байхгүй.Тэр эд зүйлүүдийг аваад Түмэндэмбэрэлийн гэрт нь очиход гэрт нь жижигхэн 2-3 настай дүү нь л байсан өөр хүн байгаагүй, тэр дүү нь хулгай хийсэн эсэхийг мэдээгүй байх, унтаж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 66/

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Буянжаргал мэдүүлэхдээ:

2016 оны 02 сард манай нөхөр хот явчихсан байсан юм. Б.Энхманлайгийн ээж нь өнгөрчихсөн, 4 дүгээр ангиас нь хойш би асран хамгаалж байгаа. Мэргэжилтэй болгох үүднээс МСҮТ-д оруулсан. Өөрөө дотуур байранд байна гэхээр нь би дотуур байранд нь оруулаад холбогдох хүмүүстэй нь гэрээ хийж нэг хэсэг сурч байсан. Байнга эргэж очиж, багш Гунгаанямтай нь байнга холбоотой байсан. Сүүлийн үед хаана байгаа нь мэдэгдэхгүй гадуур тэнээд байгаа. Сураглаад явахаар 2, 3 айлд очдог болсон байсан. Очдог айлын хүмүүстэй нь уулзаад учир байдлыг нь ойлгуулж хэлж байсан. Хамгийн сүүлд театрын хөгжимчин Дэлгэрмаагийнд байсан. Ээжийнхээ ах дүүг бараадчихсан байхаар нь санаа зовоогүй. Тухайн үед манай нөхөр цус алдчихсан байсан учраас гэрээ хүргэндээ захиж үлдээгээд хотруу явсан. Хотод очсоноос 3 хоногийн дараа гэрт чинь хулгай орчихож гэж ярьсан. Би Б.Энхманлайг хулгайлсан гэж бодоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 7 хоногийн дараа олдохгүй болохоор нь асуусан чинь сэжиглэж байгаа хүн байна уу гэж асуусан.

Дүүгээ хаана яваа юм ерөөсөө нэг сураглаад үзье гээд Гунгааням багшаас сургуульдаа явж байна уу гэж асуухад сургуульдаа явахгүй байгаа, сургууль тарчихсан гэж хэлсэн. Хичээл нь тарчихсан юм бол хаагуур юу хийгээд байна гээд сураглахад Баянхонгор аймгийн 5-9-17 тоотод манай МСҮТ-ийн нэг ангийнхаа хүүхдийнд байна гэж багш нь сураг гаргаж өгсөн. Хүргэнийгээ очоод үзээтэх гэсэн ба Б.Энхманлай байна, бас хулгайд алдагдсан зүйлүүд чинь ч байна яах вэ ээжээ гэж хэлсэн. Тэгээд нэгэнт цагдаад мэдэгдсэн учраас, миний дүү байгаа юм гээд өнгөрөөе гэж бодоогүй. Дүүгээ авсан гэж бодоогүй байтал авчихсан байна нэгэнт би мэдэгдсэн учраас үнэн зөв мэдүүлэх ёстой. Байгаа газар дээр нь очоод үз гэж цагдаагийнханд хэлсэн. Би дүүдээ зөндөө ойлгуулж хэлдэг, цаашид энэ хүүхдийг гэмт хэрэгт холбогдохгүй байх талаас нь сайн ойлгуулаасай гэж бодож байна. Аавыг нь дуудаж одоо өөртэй нь байлгана гэж бодож байгаа гэв.

Хохирогч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... хүргэн Уламбаяр нь манай гэрийг эргэж очоод танай гэрт хулгай орсон байна гэж надад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэлсэн юм. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм Манай гэрээс наiег гэсэн бичигтэй хар өнгийн 47 инчийн зурагт, 2 ширхэг хивс, орны бүтээлэг, 4 ширхэг түлхүүр, 1 ширхэг индүү зэрэг зүйлүүд алга болсон байсан. Би эдгээр хоёр шинжээчийн гаргасан эд зүйл үнэлсэн тухай тайлан, шинжээчийн 022 дугаартай дүгнэлтийг уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би эдгээр зүйлээ хүлээж авсан байгаа. Би гэрээсээ алдсан зурагт, 2 ширхэг хивс, орны бүтээлэг, 4 ширхэг түлхүүр, зэргээ хүлээж авсан байгаа харин алдсан индүүгээ хүлээж аваагүй гэхдээ энэ индүүгээ нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 18/

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд

 ...2000 онд Улаанбаатар хотруу шилжихдээ Энхманлайг манай төрсөн эгч болох Буянжаргалынд үлдээсэн юм. Би Энхманлайг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцуулж үлдээсэн юм. Тэгээд сүүлдээ тэднийхээс гараад дотуур байранд орсон байсан. Тэгж байгаад Буянжаргал эгчийнхээс хулгай хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч Б.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... гэрийнх түлхүүрийг аваад хадмынхаа гэрт нь очоод араас юм аваад явуулаарай гэхээр нь би тэрийг гэрээс нь аваад автобусанд аваачиж өгсөн. Тэгээд хадмынхаа гэрт нь дахин очоогүй байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрийг нь эргэж очсон чинь гэрт нь байсан зурагт, 2 хивс, орны бүтээлэг зэрэг зүйл нь алга болчихсон байхаар нь би хадам ээж болох Буянжаргалд хэлсэн чинь манай хадам ээж цагдаад дуудлага өгсөн юм. Манай хадам ээж Энхманлай танихгүй айлуудаар явж байгаад тэгээд манай хадмынхаас хулгай хийсэн юм шиг байна. Зан аашийн хувьд харахад бол даруухандуу зантай, дуугүй хүүхэд л харагддаг....гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/    

Гэрч З.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би Түмэндэмбэрэлийн дүүтэй найз юм. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрт нь орсон чинь хоймортоо нэг хар өнгийн том зурагт тавьчихсан байхаар нь би энэ зурагтыг хаанаас авсан гэсэн чинь Түмэндэмбэрэл /Бандиа/ нь ахынхаасаа авсан, мөн зурагтынхаа ард талд нэг хивс хадчихсан байсан бүгдийг нь ахынхаасаа авсан гэж хэлж байсан юм. Өмнө нь бол тэдний гэрт тийм хивс, том зурагт зэрэг зүйл байгаагүй өмнө нь манайх тэднийд хуучин зурагтаа өгсөн юм...гэх мэдүүлэг/ хх-ийн 23 /

Гэрч Д.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би Түмэндэмбэрэлийн гэрт 2016 оны 2 дугаар сарын 02- ны өдөр орсон чинь тэднийх гэрийнхээ хойморт нэг хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй том зурагт тавьчихсан байхаар нь би энэ хэний зурагт юм гэж асуусан чинь манай ахын зурагт байгаа гуйж авчирч тавьсан гэж надад хэлсэн  ...гэх мэдүүлэг/хх-ийн 26/          

Сэжигтэн Т.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Б.Энхманлай нь тухайн үед манай гэрт түр амьдарч байсан юм. Тэгээд Б.Энхманлай нэг өдөр айлын банш хийлцэж байгаад шөнө 03:00 цагийн үед манай гэрт орж ирээд намайг сэрээгээд явъя гэхээр нь би хаашаа гэсэн чинь Гандангийн ар талд манай ахынх байдаг юм хоёулаа очоод хивс зурагтыг нь аваад ирье гэхээр нь би цуг яваад Гандангийн хашааны хажуу талд нэг хашааны хажууд ирээд намайг тэндээ үлдээсэн. Тэгээд Энхманлай өөрөө хашаа руу нь хаалгаар нь ороод жаахан байж байгаад намайг дуудахаар нь би араас нь тэр хашаанд байсан байшингийн үүдний өрөө тамбарт нь зогсож байсан чинь Энхманлай эхлээд 2 ширхэг хивс авчирч өгсөн дараа нь нэг зурагт тэврээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр энэ зурагт хивс орны бүтээлэг зэргийг аваад манай гэрт очоод тавьсан тэгээд 2-3 хоногийн дараа цагдаад баригдсан... гэх мэдүүлэг/хх-ийн 69/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны үнэлгээчин Д.Энхтуяагийн “...уг эд зүйлүүдийн үнэ ханш нь  790.000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / хх-ийн 35-37/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны үнэлгээчин Д.Энхтуяагийн “...вакум цонхны түгжээ 1 ширхэг 3000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / хх-ийн 41-42/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1-2/, хэрэг учрал болсон гэх газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4-8/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 12-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-ийн 15/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16/, эд зүйл үнэлсэн тухай тайлан/хх-ийн 35-37, 41-42/, шинжээчийн дүгнэлт/хх-ийн 46/, шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа/хх-ийн 55/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 74-75/, Б.Энхманлайгийн насыг тооцсон тэмдэглэл/хх-ийн 80/,  насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны 393 тоот тодорхойлолт/хх-ийн 73/, төрсний бүртгэлийн лавлагаа/хх-ийн 78/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 92/ шинжлэн судлав.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай нь яллагдагч Т.Түмэндэмбэрэлтэй бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 02- ны хооронд шөнө 03 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2-26 тоотод байрлах Б.Буянжаргалын эзэмшлийн байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол буюу 793000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Буянжаргалын ...Манай гэрээс наiег гэсэн бичигтэй хар өнгийн 47 инчийн зурагт, 2 ширхэг хивс, орны бүтээлэг, 4 ширхэг түлхүүр, 1 ширхэг индүү зэрэг зүйлүүд алга болсон. Би гэрээсээ алдсан зүйлүүдийг хүлээж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Б.Уламбаярын...гэрт нь байсан зурагт, 2 хивс, орны бүтээлэг зэрэг зүйл нь алга болчихсон байхаар би манай хадам ээж болох Буянжаргалд хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /

Гэрч З.Оюун-Эрдэнийн ... хар өнгийн том зурагтыг ахынхаасаа авсан гэж хэлсэн. мөн зурагтынхаа ард талд нэг хивс хадчихсан байсан ...гэх мэдүүлэг/хх-ийн 23/

Гэрч Д.Батбилэгийн ...нэг хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй том зурагт тавьчихсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 26/

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайгийн ... Буянжаргал эгчийн гэрээс хулгай хийх санааг би гаргаж гэрээс нь зурагт зэрэг эд зүйлийг авсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 66/

Сэжигтэн Т.Түмэндэмбэрэлийн... Энхманлай эхлээд 2 ширхэг хивс авчирч өгсөн дараа нь нэг зурагт тэврээд гараад ирсэн, бид хоёр энэ зурагт хивс орны бүтээлэг зэргийг аваад манай гэрт очоод тавьсан ...гэх мэдүүлэг/хх-ийн 69/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны үнэлгээчин Д.Энхтуяагийн “...Б.Буянжаргалын эд зүйлийг 790.000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / хх-ийн 35-37/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны үнэлгээчин Д.Энхтуяагийн “...Вакум цонхны түгжээ 1 ширхэгийг 3000 төгрөгөөр, үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт  / хх-ийн 42/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайг бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Энхманлай нь насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай  нь хувьд ногдох хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Хэрэгт авагдсан баримтаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.Буянжаргал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Харин насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 92/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай нь гэмт хэргийн улмаас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 18/арван найм/ хоног цагдан хоригдсон, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батсүх нарын өмчлөлийн 5 ханатай монгол гэр 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Б.Энхманлай, Б.Батсүх нарт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294,295 дугаар зүйлийн 295.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 337 дугаар 377.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Энхманлайг бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацааагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайд оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайд оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засал хүмүүжилд хяналт тавихыг эцэг Б.Батсүх, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар нарт  хариуцуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийин 62.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай нь шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай нь  2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 18/арван найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

7.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлай, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батсүх нарын өмчлөлийн 5 ханатай монгол гэр 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Б.Энхманлай, Б.Батсүх нарт буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхманлайд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА