Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03755 дугаар шийдвэртэй, М.Гын нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 65 000 000 төгрөг, алданги 32 500 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 34 дүгээр байрны 52 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг авахаар Б.Б, М.Мөнхцаст нартай тохиролцон урьдчилгаа 65 000 000 төгрөгийн төлбөрийг төлж 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 тоот Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч тал барилгыг ашиглалтанд оруулахгүй хугацаа алдсан ба 2015 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авсан. Гэтэл захиалсан байрыг өөр хүнд зарж намайг цаг хугацаа, эд материалаар хохироож гэрээний үүргээ зөрчсөн.

Хариуцагч Б.Бгийн нөхөр М.Мөнхцас сахарын өвчин хүндэрсэн, гадаадад эмчлүүлэх шаардлагатай, хугацаа өгөөч 1 өрөө байрыг 2 өрөө болгож зохицуулана гэсээр 2017 он гаргасан. М.Мөнхцас 2017 оны 1 дүгээр сард өвчний улмаас нас барсан тул энэ хүнд байдлыг ойлгон 49 хоног дуустал орон сууцны асуудлыг хөндөөгүй. Гэтэл Б.Б гадаадад байгаа гэх шалтгаанаар одоог хүртэл орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хохироож байгаа тул гэрээний 6.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 2017 оны 5 дугаар сарын 20 дуустал хугацааны алдангийг тооцход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуульд заасанд нийцүүлэн 32 500 000 төгрөгийн алдангийг үндсэн төлбөр 65 000 000 төгрөгийн хамт бүгд 97 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч Б.Бд холбогдуулан гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж “нэг талаас ... Бямба овогтой Бямбасүрэн /цаашид гүйцэтгэгч гэх/-г төлөөлж Мятав овогтой Мөнхцас...,  гэрээ байгуулсан гүйцэтгэгч тал Б.Бг төлөөлж М.Мөнхцас” гэж гарын үсэг зурсан байдаг. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэлд мөн л М.Мөнхцас гарыг үсэг зурсанаас үзэхэд хариуцагч Б.Б тухайн гэрээний харилцаанд оролцож, нэхэмжлэгч М.Гын өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээсэн гэж үзэх боломжгүй.

М.Мөнхцас агсан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нас барснаар маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжих хуулийн хугацаа нээгдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээ байгуулсан гүйцэтгэх талыг төлөөлж гэж гарын үсэг зурсан М.Мөнхцас нь  хариуцагчийн гэр бүлийн хүн байсан боловч Иргэний хуулийн 63 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрхгүй, итгэмжлэл аваагүй гэрээ хийсэн байсан. Энэ гэрээ нь талийгаач болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд өөрсдийн тайлбарыг нотолно. Гэтэл нэхэмжлэгч нь итгэмжлэлтэй холбоотой асуудлаар баримт гаргаагүй. Мөн хэрэгт байхгүй машины асуудал яриад байгаа нь ойлгомжгүй. Мөн энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй. Гэрээ байгуулсан М.Мөнхцас нас барсан, өв нээгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаарзүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бд холбогдох 97 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 34 дүгээр байрны 52 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахаар 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 40 000 000 төгрөгийг Б.Бгийн нөхөр М.Мөнхцасд хүлээлгэн өгсөн. Барилгын явцад 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сард орон сууц ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авч захиалсан байрандаа орох гэтэл М.Мөнхцас, Б.Бямбарсүрэн нар байрыг өөр хүнд худалдсан байсан. Энэ үеэс бидний хооронд маргаан үүссэн ба Б.Бгийн нөхөр М.Мөнхцас сахарын өвчин хүндэрч хэвтэрийн байдалтай хүнд байхаар нь шүүхэд хандаагүй. Б.Б нөхрөө гадаад явж эмчлүүлэх шаардлагатай байна, ирж байгаад 2 өрөө байр өгнө гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 1 дүгээр сард М.Мөнхцас нас барсан. Б.Б гадаадад байна гээд надтай уулзахгүй зугтаах болсон.

Шүүх болсон үйл явдлыг үнэн зөвөөр дүгнэж шийдвэр гаргахгүй дан ганц мөнгө хүлээн авсан, гэрээ байгуулсан этгээд нас барсан, Б.Бг мөнгө хүлээж аваагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хариуцлагаас чөлөөлж буй нь шударга биш. Бодит байдалд өгсөн мөнгө Б.Бгийн барьсан барилгад хөрөнгө болж орсныг хариуцагч Б.Б, түүний төлөөлөгч үгүйсгээгүй, барилга барьж эхлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь эхэлж мөнгөө өгөөд барилга баригдах явцыг харж байгаад захиалгын гэрээ байгуулсан.

Мөн бэлэн мөнгө байхгүй машин оролцуулж болох уу гэхэд болно гээд охины минь нэр дээр байсан машиныг авсан. Үүнийг шүүхийн шатанд ойлгоод итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярьж байгаад тусдаа нэхэмжлэл гаргая гээд шүүх хуралдаанд 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн асуудлаас татгалзсан. Гэтэл түүнийг хуульд заасны дагуу татгалзлаар шийдвэрлэхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хэрэгт Б.Бг нотариат дээр хамт очоод гэрээ байгуулсныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсээр байтал түүнийг бодитоор үнэлж дүгнэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх гэрээ байгуулахад оролцоогүй, итгэмжлэл олгогдоогүй гэж хариуцагч тал няцаасан баримт гаргаагүй байхад нотариат гэрээг батлахад хамт байлцсан үйл  баримтыг яаж няцааж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэх зарчимтай ч хэргийн бодит байдлыг тогтоож үнэн зөв, шударга шийдвэр гаргах ёстой.

Хэдийгээр Б.Б, түүний нөхөр М.Мөнхцас бид 3-ын хооронд ажил гүйцэтгэх хэлцэл байгуулагдсан ч явц дундаа хэлцлийн нэг тал үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд хохирол учирч байхад түүнийг буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн. Би өөрөө хуулийн мэдлэггүй учраас маргааны харилцааг зөв тодорхойлж чадахгүй байж болох ч шүүх маргааны харилцааг зөв тодорхойлох үүрэгтэй.

Бидний хооронд байгуулсан гэрээ хэлцлийг үгүйсгэж байгаа бол Б.Б, түүний нөхрийн гуйлтаар барилга барихад нь хөрөнгө оруулж 40 000 000 төгрөг авсан гэдгийг одоо амьд байгаа Б.Б үгүйсгээгүй байхад шүүх намайг хохироож байгаад гомдолтой. Хэрэв бидний хооронд гэрээ байгуулагдаагүй гэж байгаа бол хариуцагч тал миний мөнгөөр барилга бариад хөрөнгөжөөд байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүнээс хөрөнгөө шаардах эрхтэй.

Гэтэл шүүх асуудлыг тал бүрээс нь шалгаж дүгнэлгүй, ганц төлөөлөл байхгүй гэж хариуцагчийн талд шийдвэр гаргасанд гомдолдой. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримт болон хэргийн үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.Бд холбогдуулан захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөр 65 000 000 төгрөг, гэрээний 6.2-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 32 500 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан М.Мөнхцас нас барснаар маргаж буй үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй, өв нээгдэх хуулийн хугацаа болоогүй гэж маргажээ

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч М.Г нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын №5/01 тоот гэрээг Б.Бг төлөөлж М.Мөнхцастай байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт баригдаж буй 34 дүгээр байранд 52 м.кв, 1 өрөө орон сууцыг захиалан барих ажлыг санхүүжүүлж, 1 м.кв-ыг 1 800 000 төгрөг, нийт 93 600 000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөр 65 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх4-7/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн тухай 2012  оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хэлцэл” гэх баримтаар нэхэмжлэгч М.Г нь 40 000 000 төгрөгийг М.Мөнхцас хүлээлгэн өгсөн, энэхүү мөнгөн төлбөр дээрх гэрээний үүрэгт тооцогдсон талаар талууд маргаагүй. /хх8/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.Г нь дээрх гэрээнээс татгалзсан үйл баримт болон төлөөлөх эрхгүй этгээд гэрээг хийсэн талаарх дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

Нэхэмжлэгч М.Г нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын №5/01 тоот гэрээг М.Мөнхцастай байгуулахад хариуцагч хамт байсан талаар тайлбарлаж, хэрэгт тухайн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар хувь авагдсан байна. /хх 80/ Уг баримтаас үзвэл бүртгэлийн 879 дугаарт дээрх гэрээ бүртгэгдэж, гэрээний талууд болон Б.Б гарын үсэг зуржээ.

 

Хариуцагч Б.Б бичгээр хийсэн итгэмжлэлийг гэрээ байгуулсан этгээдэд олгоогүй боловч уг гэрээний харилцаанд биечлэн оролцсон буюу түүний хүсэл зориг илэрхийлэгдсэн байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өөр этгээдээр төлөөлүүлэн хэлцэл хийх талаар хэлцлийн нөгөө талд амаар мэдэгдсэнээр төлөөлөх бүрэн эрхийг олгож болно. Иймд бичгийн хэлцэлд гарын үсэг зурсан М.Мөнхцастай хамт хэлцэл хийх үед төлөөлүүлэгч Г.Бямбасүрэн өөрөө биечлэн байсан тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Г.Бямбасүрэнгийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч М.Гын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзах агуулгаар илэрхийлсэн бөгөөд энэ нь тухайн гэрээгээр тохиролцсон орон сууц хүлээн авах үндсэн үүрэг бүхий гэрээнээс бүрэн татгалзсан гэж ойлгоно. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний хувьд нэг талд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

Захиалгаар орон сууц бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч М.Г 40 000 000 төгрөг төлснийгөө буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Нөгөө тал гэрээний үүргийг биелүүлээгүй, үүргийг ноцтой зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

 

Хууль болон гэрээнд зааснаар хариуцагч тал үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлагыг хүлээх учиртай боловч талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэг тал татгалзаж буй тохиолдолд мөнгөн төлбөрийн үүргээс татгалзагдсан гэрээнд үндэслэн алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд гэрээнээс учирсан хохирол шаардаагүй тул шийдвэрлэх боломжгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээс 25 000 000 төгрөгт тооцсон автомашиныг өөр этгээдэд өгсөн, хамаарах нотлох баримтыг гаргаагүй гэх үндэслэлээр уг шаардлагаас татгалзсан нь хуульд харшлахгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 40 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж М.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагчийн хувьд гэрээг байгуулсан этгээд нас барсан, өв нээгдэх хугацаа болоогүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нас барагч М.Мөнхцаст холбогдуулж гаргаагүй учраас дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Бгээс 40 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №101/ШЗ2017/03755 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгээс 40 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 357 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА