Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1290

 

 

 

 

 

 

 

 

         2022          10          18                                   2022/ШЦТ/1290

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Б.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.О,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2108009391490 тоот хэргийг 2022.10.14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Малчин суманд 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто зам барилгын инженер мэргэжилтэй, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-8, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, “Өнөр” хороолол, 00А-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:**0000000) Б овогт Эын Г нь татвар төлөхөөс зайлсхийх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А" ХХК-ийн захирал болох шүүгдэгч ******* нь ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “И” ХХК-аас нийт 3.015.378.308,12 (Гурван тэрбум, арван таван сая, гурван зуун далан найман мянга, гурван зуун найман төгрөг, арван хоёр мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 111 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 301.537.830,88 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох

- гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1х.х-35),

- Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн танилцуулга:

Татварын нягтлах шалгалтаар:  Татварын албаны https://tais.mta.mn/ мэдээллийн баазад (МаягтТБ-01), Сонгинохайрхан дүүргийн татварын албанд 2005 оны 2 дугаар сарын 24-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн мэдээлэлтэй байна.  Дүгнэлт: нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого олсон эсэх, худалдан авалт бодитоор хийсэн эсэхийг тодорхойлох боломжгүй тул татварын  албаны мэдээллийн баазад тулгуурлан цахим нягтлах шалгалт хийв. Шалгалтаар: ...2. Худалдан авалтын хувьд:  “И” ХХК-иас  3,015,378,308.12 төгрөгийн 111 ширхэг падаанаар худалдан авалт хийснээс 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 3,015,378,308.12 төгрөгийн 111 ширхэг борлуулалтын падааныг буцаалт хийж тайлагнасан байна. Энэ нь А ХХК-ийн улсын төсөвт төлбөл зохих татвараа 301.537.830,88 төгрөгөөр бууруулсан ба 2019 оны 12 дугаар сарын тайлангийн худалдан авалтын буцаалтаар 301.537.830,88 төгрөгөөр нөхөн оногдуулсан байна. Иймд “А” ХХК нь 1.930.4243.430 төгрөгийн зөрчилтэй байж болзошгүй гэж үзэн танилцуулга бичив” гэсэн улсын төсөвт төлбөл зохих татвараа 301.537.830,88 төгрөгөөр бууруулсан гэсэн (1х.х-38-40),

- Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн (Нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар) улсын байцаагчийн танилцуулга:

Татварын нягтлах шалгалтаар: “И” ХХК-ийн 2019 оны 10, 11, 12 дугаар сард олгосон нийт 114,322,964,637.27 төгрөгийн үнийн дүнтэй 4391 ширхэг падаанаар худалдан авалтын хасалт хийсэн 397-н татвар төлөгчдийн татварын тайланд үндэслэн нягтлан шалгахад дараах байдалтай байна. Үүнд:

346-н татвар төлөгч нь 2020 оны 1-10 дугаар сарын НӨАТ-ны тайлангаар 81,491,118,194.55 төгрөгийн үнийн дүнтэй 3175 ширхэг падааныг худалдан авалтын буцаалт хэсэгт тайлагнаж залруулсан байна.

64 татвар төлөгчид 22,554,509,393.67 төгрөгийн үнийн дүнтэй 849 ширхэг падааныг худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 2,255,450,393.36 төгрөгөөр буруулж тайлагнасан, 6 татвар төлөгчид 9,322,999,134.56 төгрөгийн үнийн дүнтэй 279 ширхэг борлуулалтын төлбөрийн баримтаар бичилт хийгдсэн боловч борлуулагч болон худалдан авалт хийсэн татвар төлөгчид тайландаа тусгаагүй байна /Хавсралт 1/,

Дүгнэлтээр: “И” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр УБЕГ-т бүртгүүлсэн. “И” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж, иргэн О овогтой Б болсон, ХА61032263 тоот РД-тай, нэг гишүүнтэй компани болох нь УБЕГ-ын https//opendata.burtgel.mn/  нээлттэй мэдээллийн сангаас тогтоогдож байна.

“И” ХХК нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл нь НӨАТ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийн заалтыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

“И” ХХК нь бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй, үйл ажиллагааны 31,877,508,528.23 төгрөгийн үнэ бүхий 855 ширхэг НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж давхардсан дүнгээр 70 татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг буруулах боломж болгосон, цахим төлбөрийн баримтаар хийгдсэн борлуулалтыг борлуулагч болон худалдан авалт хийсэн ААН-үүд тайландаа тайлагнаагүй зэрэг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичив гэсэн (1х.х-91-93),

- Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Б.Эын: “..“А” ХХК нь Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжээс нийт 3,015,378,308.12 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт Татварын ерөнхий газрын мэдээллийн санд “А” ХХК нь илгээсэн байдаг. Ингэснээр улсын төсөвт төлөх ёстой байсан 301.537.830,88 төгрөгөөр буруулж тайлагнасан. Татварын ерөнхий газрын төлөөлж байгаагийн хувьд тус компани улсад төлөх ёстой татварыг төлж барагдуулах хүсэлтэй байна. " гэсэн мэдүүлэг (1х.х-21-22),

- Гэрч Д.Оийн (Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын систем төлөвлөлт статистик албанд менежер ажилтай): “...Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг...Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг..." гэх мэдүүлэг (1х.х-25-27),

- Гэрч Ж.Эын (Татварын хяналт, шалгалт хийсэн Татварын улсын байцаагч); “..Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 2010 оноос хойш ажиллаж байна. “А” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд татварын мэдээллийн цахим санд тулгуурлан хяналт шалгалт хийж танилцуулга гаргасан.

“А” ХХК-ийн худалдан авалтын хувьд зөвхөн 1 компани буюу “И” ХХК-иас 3,015,378,308.12 төгрөгийн үнийн дүн бүхий 111 ширхэг баримтаар худалдан авалт хийсэн гэж тайлагнаад буцаалт хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг (1х.х-42-43),

- Гэрч Ш.Лгийн; “..“А” ХХК-г сайн мэдэхгүй. Долгормаагийн “И” ХХК-иас “А” ХХК руу НӨАТ-ын хий бичилт бүхий падаан бичүүлж байсныг мэднэ. 2006 онд У.Атай Визний хэрэг дээр хамт шалгагдаж байсан, тэгээд танилцсан юм. Тэрнээс хойш хуурай эгч дүүс гэж явж байсан. 2017 онд НӨАТ-ын юм хийж байгаа ганц хоёр аж ахуйн нэгж олж өгөөч гээд тэгээд би хуурай эгч найз руугаа өгөөд НӨАТ-ын илүүдэлтэй компаниудыг олж өгч байсан, Долгормааг Атай танилцуулж өгсөн. Долгормаа зуучилж өгөөд А “И” ХХК-аар хий бичилт хийсэн...” гэх мэдүүлэг (1х.х-48),

- Гэрч Б.Дгийн: “...“А” ХХК-г мэднэ. Лхагваа эгч “А” ХХК-ийн захирал Г хоёр ярилцаад тохиролцоод ажлыг нь хийж өгөхөөр болсон. Тэгээд маргааш нь “А” ХХК-ийн оффис дээр очиж уулзсан. Тэгээд асуудлыг шийдэж өгсөн. Татварын НӨАТ-ын асуудлыг шийдэж өгөөд, тайланг шийдэж өгсөн" “И” ХХК дээр бичиж өгсөн. У.А эгч оролцсон..” гэх мэдүүлэг (1х.х-50),

- Гэрч У.Агийн: “..2019 оны 12 дугаар сард Лхагвасүрэн надтай утсаар яриад “И” ХХК-иас “А” ХХК руу НӨАТ шивээд өгөөч ээ, 2017, 2018 оны өрнүүд байгаа гэж хэлж байсан, тэгээд би “И” ХХК-иас “А” ХХК руу НӨАТ-ын хий шивэлт хийж өгсөн, дүнг санахгүй байна, өндөр дүнтэй байсан..” гэх мэдүүлэг (1х.х-52),

- “А” ХХК-ийн санхүүтэй холбоотой баримтууд (1х.х-65-70, 83-88, 220-250, 2х.х-1-5),

- “А” ХХК нь “И” ХХК-иас худалдан авсан гэх 111 ширхэг НӨАТ-ын баримтын жагсаалт, “А” ХХК нь зөрчилтэй тайлангаа залруулга хийгээгүй үеийн дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын өр нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 132,073,700 төгрөг болохыг баталсан баримт (1х.х-215-219),

- “А” ХХК нь “И” ХХК-иас худалдан авсан гэх 111 ширхэг НӨАТ-ын баримтын жагсаалт, “А” ХХК нь зөрчилтэй тайлангаа залруулга хийсэн үеийн дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын өр нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 432,611,530.73 төгрөг болохыг баталсан баримт (2х.х-51-54),

- Яллагдагч *******гын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “.."А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар миний бие ажилладаг. 2005 онд анх үүсгэн байгуулагдсан, барилга засвар, сантехникийн засвар үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Одоо манай компанийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 13 дугаар байрны 16 тоотод байрладаг. Би яагаад НӨАТ-ын хуурамч шивэлт авах болсон шалтгаан нь 2019 онд тендерт орох татварын өрөө дарахын тулд шивэлт хийлгэх бодолтой байсан. Миний танил хүн надад Долгормаа гэж хүнийг холбож өгөөд ярилцаж байгаад НӨАТ-ын падаан бичүүлж авахаар тохиролцсон. Татварын танилцуулгатай танилцсан, маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Улсад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Татварын байгууллагатай уулзаж ярилцаж, хохирол төлөгдөх талаар харилцан ярилцаж байна. Татварын өрөө дарахын тулд НӨАТ-ын хуурамч падааны үнийн дүнгээр бодож худалдан авсан. Хуурамч НӨАТ-ыг худалдан авч болохгүй талаар мэддэг, тухайн 2019 онд ажлын шаардлагаар л ийм зүйл хийсэн. Миний хувьд хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм зүйл хийхгүй, хууль бус зүйл хийж улсад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулах болно..” гэх мэдүүлэг (1х.х-30-31),

- Яллагдагч *******-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “..Миний өмнө хэлсэн ярьсан зүйлс бүгд үнэн зөв, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахин хууль зөрчсөн зүйл хийхгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах болно...Улсад учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулах болно, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээд боломжоороо мөнгө тушааж байгаа..” гэх мэдүүлэг (2х.х-62) зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь  нийт 301.537.830,88 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1х.х-35/, улсын байцаагчийн танилцуулга /1х.х-38-40, 91-93/, Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Б.Эын мэдүүлэг /1х.х-21-22/, гэрч Д.Оийн мэдүүлэг /1х.х-25-27/, гэрч Ж.Эын мэдүүлэг /1х.х-42-43/, гэрч Ш.Лгийн мэдүүлэг /1х.х-48/, гэрч Б.Дгийн мэдүүлэг /1х.х-50/, гэрч У.Агийн мэдүүлэг /1х.х-52/, “А” ХХК-тай холбоотой баримтууд /1.х.х-65-70, 83-88, 220-250, 2х.х-5/, НӨАТ-ын баримтууд /1х.х-215-219, 2х.х-51-54/, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /1х.х-30-31/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Монгол улсын иргэн ёсчлон биелүүлэх үндсэн үүргийн нэг болно. Албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг ойлгоно. Татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултайг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тул тухайн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор зааж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоож өгсөн байна. Шүүгдэгч *******-ын төлөхөөс зайлсхийсэн татварын хэмжээ нь 301.537.830,88 төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохирол”-д хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь татварын өрөө дарахын тулд НӨАТ-ын хуурамч падааны үнийн дүнгээр бодож худалдан авсан мэтээр шивэлт хийлгэж, нийт 301.537.830,88 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь шууд санаатай үйлдэл байх бөгөөд уг үйлдлээ хийхдээ НӨАТ-ын баримтыг хуурамчаар шивсэнийг мэдсээр байж ашигласан, улмаар мөнгө угаах гэмт хэргийн буюу нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулсан аргаар үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Тухайн НӨАТ-ын баримтыг хуурамчаар буюу хууль бусаар шивж өгсөн этгээдүүдэд холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь  “У.Ад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2108009391490 дугаартай тогтоол (1х.х-80-81), яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2108009391490 дугаартай хэргийг У.А нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай тогтоол (1х.х-89-90), яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2108009391490 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч У.А нарт холбогдох хэргээс тусгаарласан “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын 30 дугаартай тогтоол (1х.х-1-4), яллагдагч У.А, Г.Болдбаатар, О.Отгонтуул, Б.Ануударь, Б.Пүрэвдолгор, Х.Чинтуяа нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай яллах дүгнэлт (2х.х-14-49) зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 269 дугаартай яллах дүгнэлтээр *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй байх тул *******-ыг татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******-ын хууль бус санаатай үйлдлийн улмаас улсад 301.537.830,88 төгрөгийн хохирол учирсан байх тул уг мөнгөн дүнгээс 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төлсөн 1 сая төгрөгийг хасч тооцон /2-р х.х-71/ үлдэх 300.537.830,88 төгрөгийг *******ас гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ба ийнхүү нөхөн төлөх баталгаа болгож хэрэгт хавсаргаж өгсөн баримтаар /2-р х.х-72-81/ А ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.0.6.05-ны өдрийн 1057 дугаартай шийдвэрээр Барилга, хот байгуулалтын яамнаас 1003667508 төгрөг авах учиртай бөгөөд уг шийдвэрийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2022.02.21-ний өдрийн 38 дугаар тушаалаар санхүүжилтын хөрөнгийг баталсан болох нь тогтоогдож байна. Тухайн хөрөнгө нь Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажилд зарцуулах хөрөнгө байх бөгөөд татварын өрөнд шууд суутгах шийдвэр гаргах үндэслэлгүй, харилцан тооцох боломжгүй өр авлагын асуудал байх тул тухайн асуудлыг шүүх хэрэлцэхгүй орхисныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /2х.х-13/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь “улсад учруулсан хохирлыг барагдуулбал өөр гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /2х.х-8/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Эын Г-ыг татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Эын Гд 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирол төлбөрт 1 сая төгрөг хүлээлгэж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо 13 дугаар байрны 16 тоотод байрлах “А” ХХК-иас нийт 300 537 830,88 төгрөгийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ