| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0366/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/395 |
| Огноо | 2022-09-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/395
2022 9 30 2022/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-н О д холбогдох эрүүгийн 2234002390328 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Э-н О , 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “МД” нэртэй караокены ариун цэврийн өрөөнд гээгдүүлсэн Д.Г ийн өмчлөлийн Samsung А32 маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 804 130 /найман зуун дөрвөн мянга нэг зуун гучин/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234002390328 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Д.Г ийн өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Зуунмод суманд 22 цагийн үед ирсэн. Тэгээд 3 дугаар сарын 2-ны өдөр найз Батцэцэгтэй хамт Зуунмод сумын МД нэртэй караокед 20 цагийн үед орсон. Тэгээд 10 ноймрын өрөөнд бид хоёр ярьж сууж байгаад 21 цаг 40 минутын орчим тухай газраас бид хоёр гараад би кибаб зардаг газарт очсон манай найз тамхи зардаг дэлгүүр явсан. Тэр үед миний гар утас байсан. 22 цагийн үед тухайн МД гэх караоке руу буцаж найзтайгаа хамт орсон. Тэгээд өмнө сууж байсан өрөө рүү орсон. Тэгээд бид хоёр сэнгүр нэртэй лаазтай пиво 5 ширхгийг хувааж уусан. Би тухайн өрөөнд 22 цаг 27 минутанд өөрийн төрсөн хүүхэд Хүсэлбаяртай Фейсбүүкээр ярьсан. Тэгээд удаагүй караокены нойл орсон. Тэр үед би өөрийн гар утсаа нойлын цаас тавьдаг тавиур дээр тавьсан. Тэгээд өөрсдийн сууж байсан өрөө рүү орсон. Тэгээд 23 цаг 20 минутын үед тухайн караоке гараад үүдэнд нь гарч ирээд гар утас байхгүй байгаа мэдсэн. Тэгээд найз Батцэцэгийн 96774004 гэх дугаараас өөрийн 99048283 гэх дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Би 10 номерын өрөөнд хүүхэдтэйгээ гар утсаар яриад дараа нь нойл орох үед авч орсон. Тэрнээс хойш гар утсаа анзаараагүй. Би гар утсаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Мобикомын салбараас 829 000 төгрөгөөр авч байсан. Самсунг А32 загварын утас. Миний гар утас үндсэн өнгө нь хар өнгийн, дэлгэц ямар нэг сэв зураас байхгүй. Шилэн наалттай, наалт нь хагарсан байсан. Миний гар утас ногоон өнгийн гэртэй. Тухайн гэрэнд цэцэгтэй байгаа. Миний гар утас дэлгэцний код байхгүй. Тухайн өдөр зааланд 2-3 хүн байсан. Харин караокены өрөөнүүдэд хүмүүс байсан. Надтай зөрж нойл орсон хүн байхгүй. Би тухайн өдөр караокены хүмүүсээс өөрийн гар утсаа асуусан. Бид хоёрын сууж байсан 10 ноймрын өрөөг цэвэрлэсэн байсан. Тэгээд тухай цэвэрлэсэн хүнээс нь асууж тодруулахад гар утас байгаагүй гэж хэлсэн. Би тухайн газрын манай өрөөг цэвэрлэсэн ажилчинг сэжиглэж байна. Миний гар утасны ИМЕЙ код нь 353344570902960, 2-354053460902969 гэсэн код байгаа.
Би өөрийн алдсан гэх Самсунг А32 маркийн гар утсаа цагдаагийн байгууллагаас хүлээж авлаа. Гар утсыг минь олж өгсөнд баярлалаа. Эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй байна. Харин миний гар утас доторх зарим нэг зүйл устгагдсан байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 7-8, 51/,
Шүүгдэгч Э.О-н өгсөн: "2022 оны 3 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед танил эгч Дашсүрэнгийн төрсөн өдөр болоод бид нар найзуудаараа Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг МД нэртэй караоке, Пабд орсон. Тэгээд бид нар эхлээд VIP өрөөнд сууж дуулаад гарч ирээд нийтэд сууж байгаад тухайн караоке хаахаас өмнө буюу 23 цагийн үед л тухайн газрын 00 ороход 00-ийн цаасны тогтоогчны дээр нэг утас байхаар нь би өөрийн утас байна гэж бодоод аваад гарсан. Тэгээд маргааш өглөө нь манай охин Э надад Хандаа ээжээ энэ таны утас биш байна гэхээр нь хүний утас андуураад авчихсан юм байна гэж бодоод байлгаж байхад манай ажлын газрын хүмүүс ч надаас асуугаагүй. Тэгээд охин Э д хэрэглүүлсэн. МД нэртэй караоке болон Цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Тухайн гар утас нь Самсунг А32 маркийн гар утас байгаа. 94232380 дугаарын эзэмшигч Энхболдын Солонготуяа нь манай төрсөн эгч байгаа юм. Тухайн дугаарыг манай охин Э эзэмшиж ашиглаж байгаа. Тухайн А32 маркийн гар утас надад байгаа.
Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд яах учраа огт олоогүй тэгээд охиныхоо 94232380 дугаарыг хийж өгөөд 3 сар орчим бариулсан. Тухайн утасны эзэмшигчийн цахим хаяг нь болох Фейсбүүк нь нээлттэй байсан. Одоо ч нээлттэй байгаа, утас нь ямар нэг кодгүй асаж байсан, ойр дотнын хүмүүсийн утасны дугаар нь байсан эсэх талаар мэдэхгүй байна, тэрийг нь үзэж өгөх талаар огт санаанд орж ирээгүй юм байна. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, өөрийн буруугаас болон хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 10-11, 46/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 07/118 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Иргэн Д.Г ийн өмчлөлийн Samsung А32 гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 3-р сарын 12-ны байдлаар 804 130 /найман зуун дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөг болно.” гэх /хх 14/,
“Юнител” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05-01/6049 дугаартай "...353344570902960 болон 2-354053460902969 имай кодтой утсанд 80948070 дугаарыг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хийж ашигласан байна. 80948070 Энхболд О, НЭ91040101, Төв, Зуунмод 5-р баг Нацагдорж в2 гудамж 4 тоот..." албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Хохирогч Д.Г өөрийн эзэмшлийн 804 130 төгрөгийн үнэ бүхий Samsung А32 загварын гар утсыг гээж уг утсыг олсон шүүгдэгч Э.О уг гар утсыг өгөөгүй зохих байгууллагад мэдэгдээгүйн улмаас гар утсаа эзэмшиж ашиглаж чадаагүй хохирсон байх тул шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.О д улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулж,
Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналтай холбогдуулан санал хүсэлт гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэж заасан байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Э.О-н хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г ийн эд хөрөнгөд 804 130 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь завшсан гэх Samsung А32 загварын гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 2234002390328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э-н О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн 2234002390328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Золбоо нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ