Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/396

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           9                30                                                 2022/ШЦТ/396

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын прокурор Н.Цэнгэлбаяр,

Хохирогч Ё.Г ,

Шүүгдэгч М.Г , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д овогт М-н Г т холбогдох эрүүгийн 2234003620363 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овогт М-н Г , 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ..., улсаас ... гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ДЮ94120816 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч М.Г  нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг Цагаан хөтөл гэх газарт Тоёота Приүс-20 маркийн 0529 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.Д ийн жолоодож явсан Тоёота Хайлюкс маркийн 5265 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Тоёота Приус-20 маркийн 0529 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Т ы биед хүндэвтэр хохирол, Г.Б ын биед хүндэвтэр хохирол, Т.Г гийн биед хүнд хохирол, Тоёота Хайлюкс маркийн 5265 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ё.Г гийн биед хүндэвтэр хохирол, Тоёота Хайлюкс маркийн 5265 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 29 685 200 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234003620363 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Ё.Г гийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 10-ны оройны 17 цагийн орчим Замын-Үүдээс нөхөр Д ийн хамт 5265 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явахаар гарсан. Улаанбаатар хотод хүмүүстэй уулзчихаад Өвөрхангай аймаг руу 04 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад 40 гаран км явж байтал манай машины урдаас суудлын саарал өнгийн автомашин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Осол болох үед манай нөхөр Д  автомашин жолоодож, би хажуу талын суудал дээр зорчиж явсан. Бид хоёр суудлын бүс хэрэглэж байсан. Улаанбаатар хотоос дөнгөж гарч явсан болохоор би сэрүүн байсан. Манай автомашинд бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний зорчиж явсан автомашин ойролцоогоор 80 км/цагийн хурдтай явж байсан. Осол болсны дараа зам дээр нэг хүн ухаантай хэвтэж байсан. Ослоос болж миний зүүн гар хугарсан зүүн хөлний үений зөөлөн эдийн гэмтэл авсан. Манай явж байсан эгнээнд урдаас ирж явсан автомашин урсгал сөрж орж ирснээс болж осол гарсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 23/,

Хохирогч Т.Г гийн өгсөн: “Миний төрсөн дүү Т.Т ийн автомашин Говь-Алтай аймаг руу явж байх замдаа эвдэрчихлээ Г ийг аваад хүрээд ирээч гэхээр нь би хүү Г , бэр охин Т , ач охин Бадамын хамт Приус-20 маркийн автомашинтай явсан. Шөнө дунд очоод Г  эвдэрсэн автомашиныг үзээд Улаанбаатар хот руу явуулахаар болсон. Тэгээд Улаанбаатар хот руу буцаж явтал нэг мэдсэн чинь л осол болчихсон байсан. Би нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Би автомашины арын суудалд зорчиж явсан. Миний зорчиж явсан автомашиныг хүү Г  жолоодож явсан. Түүний хажуу талын суудал дээр Т , Бадам нар зорчиж явсан. Г  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол юунаас болж гарсан гэдгийг мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 26/,

Хохирогч Л.Т ы өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Т.Т  эгч Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явж байхад замд машин эвдэрчихлээ гэж дуудсан. Хадам ээж Гантуяа, охин Бадам, нөхөр Г  нарын хамт Приүс-20 маркийн автомашинтай явсан. Нөхөр Г  автомашин жолоодоод, хажуу талын суудал дээр нь охин Бадамыг тэврээд сууж явсан. Харин арын суудалд хадам ээж Гантуяа зорчиж явсан. Бид нар 02 цагийн орчимд Баянхангай сумын цаад талд эвдэрсэн машин дээр очоод Г  үзээд буцаж Улаанбаатар хот руу авч явахаар болсон. Тэндээс 03 цаг өнгөрөөд Улаанбаатар хот руу явж байхад автомашины урдуур хүн гүйх шиг болоод мөргөхгүй гээд Г  рүлээ эсрэг урсгал руу дараад автомашинтай мөргөлдсөн. Осол болох үед Г  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Г , охин бид хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Харин Т  суудлын бүс хэрэглээгүй байсан. Осол юунаас болсныг мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 29/,

Иргэний нэхэмжлэгч Л.Т ы өгсөн: “0592 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ананд ХХК-с 14.500.000 төгрөгөөр нөхөр Г  бид хоёр худалдаж аваад миний нэр дээр болгож авсан юм. Осол болохоос өмнө миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Бид хоёр аль аль нь уг автомашиныг жолооддог байсан. Осол болсон шөнө М.Г  жолоодож явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 29/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б гийн өгсөн: “5265 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 22-ийн товчооны автомашины захаас 38 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би уг автомашинаа худалдаж авахдаа 25 000 000 төгрөгийг банк бусаар гаргуулж авсан. Би уг зээлээ 2021 оны 6 сард дууссан. Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уга автомашиныг компанийн хэрэгцээнд Замын-Үүд салбарт ашигладаг байсан. Д  нь манай компаний жолооч байгаа юм. Надад Өвөрхангай аймаг руу явж байгаа талаар хэлээгүй. Би ослын талаар мэдэхгүй байна. Өнөөдрөөс 10 хоногийн өмнө надад Д  зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би автомашиныхаа хохирлын үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг буруутай жолоочоос нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 41/,

Гэрч Х.Д ийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 4 цаг өнгөрч байхад 5265 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодоод эхнэр Гантуяатай хамт Өвөрхангай аймаг руу ажил явдалд оролцохоор явсан. Тэгээд хотоос гараад 40 гаран км явж байтал урдаас ирж явсан приүс-20 маркийн автомашин урсгал сөрж миний явж байсан эгнээнд орж ирээд мөргөлдсөн. Осол болох үед 80 км/цагийн хурдтай явж байсан. Эхнэр бид хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Эмнэлэгт үзүүлэхэд гайгүй байна гэж хэлсэн. Тэр автомашинд жолоочтойгоо нийлээд 4 зорчигч зорчиж явсан. Надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх 48/,

Шүүгдэгч М.Г ийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Улаанбаатар хотод гэртээ байхад нагац эгч Т  автомашин Баянхангай сумын ойролцоо эвдэрчихлээ гэж дуудсан. Тэгээд би 11 цаг 40 минутын үед гэрээсээ эхнэр Т , ээж Гантуяа, охин Бадам нарын хамт 0592 УНР улсын дугаартай приүс-20 маркийн автомашинтай гарсан. 01 цаг 30 минутын үед Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо нагац эгч Т  дээр очиж автомашиныг нь янзалж өгөөд буцах болоход 03 цаг 40 юм уу 50 минут болж байсан. Тэгээд буцаж явах замдаа Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байх үед урдуур юм гүйх шиг болсон тэгээд эсрэг урсгал руу дараад урдаас ирж явсан автомашинтайгаа мөргөлдсөн. Эсрэг урсгалын автомашин их хурдтай явж байсан. Би Осол болох үед 64 км/ц дээр хурдаа түгжчихсэн эгчийн автомашины ардаас дагаад явж байсан. Арын суудалд зорчиж явсан ээж Гантуяа суудлын бүс хэрэглээгүй, би болон эхнэр охин хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Эхнэр 2 жолоочийн хажуу талын суудал дээр зэрэгцээд суучихсан явж байсан. Ослын дараа ээж асфальтан зам дээр хажуу талаараа харчихсан нүүр хэсэг нь цөмөрчихсөн цус гарч байсан. Тэгээд бүгд эмнэлэг рүү хүргэгдсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний автомашинд 3 зорчигч зорчиж явсан. Нөгөө автомашинд жолооч, 1 зорчигч байсан. Ослоос охин Бадамын дунд чөмөг хугарсан, эхнэр Т ы зүүн хөлийн шагай эргэж, эгэм хугарсан, аарцаг, нурууны сэртэн яснууд цууралттай, ээж Гантуяа нүүр хэсэг цөмөрсөн, нэг хөл нь хугарсан, 2 хавирга хугарсан. Нөгөө автомашины жолооч, зорчигч нар яаж гэмтсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Миний хэвлий хэсэг бяцарч нарийн гэдэсний хагалгаанд орсон. Би эсрэг урсгалд орсны улмаас л осол гарсан гэж үзэж байна. Осол 4 цаг 40 минутаас 5 цаг 00 минутын хооронод л гарсан байх. Гадаа яг гэгээ орж байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Би эмчилгээний зардал баримт гэж гаргаж өгөөгүй байхад 500 000 төгрөг шилжүүлсэн. Мөн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл төлүүлэхээр өөрийн тээврийн хэрэгслийн даатгалдаа хандчихсан байгаа. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгүүлэхэд шаардлагатай мөнгийг гаргасан.” гэх мэдүүлэг /хх 50, 123/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 75 дугаартай "1.Т ы биед баруун тахилзуур ясны ил хугарал. Баруун шагайн мултрал, Бүсэлхийн L3, L4, L5-р нугалмын сэртэнгийн хугарал. Ахар сүүлний S2 нугалмын хугарал. Нүдний ухархайн хананы хугарал. Уруулд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал. Баруун шагайнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 52-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 73 дугаартай "1.М.Г ийн биед нарийн гэдэг, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус алдалт /800 мл/, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 55-56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 72 дугаартай "1. Г.Б ын биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх 58-59/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 284 дугаартай "1. Ё.Г гийн биед зүүн гарын 1-р хурууны 3-р үений хугарал, зүүн хөлийн тавхай, баруун, зүүн шилбэ, цээж, баруун хөх, хэвлийд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт/хх 65-66/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 74 дугаартай “1.Т.Г гийн биед тархины аксоны тархмал гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн урагдал, алимын урсалт, баруун нүдний ухархайн хананы хугарал, хоёр уушигны няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн дунд чөмөгний далд хугарал, тахилзуур, шаант ясны хоёрлосон хугарал, баруун 4-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, хуйханд хуйларсан шарх, нүүрэнд олон тооны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т, 4.7.31.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх 69-71/,

            "Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/166 дугаартай “Жи Эс Би Капитал" ББСБ-ын өмчлөлийн Hilux маркийн 52-65 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 29 685 200 /хорин есөн сая зургаан зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөг, Л.Т ы өмчлөлийн Тоёота Приус маркийн 05-92 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 6,066,500 /зургаан сая жаран зургаан мянга таван зуу/ төгрөгөөр тус тус дүгнэлээ." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 74-88/

"Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-аас гаргасан 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 22/49 дугаартай "1.Тоёота Приус-20 маркийн 05-92 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Тоёота Hilux маркийн 52-65 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Д ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Энэхүү дүгнэлтийн 1-р хариултаар хариулсан болно. 4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 5.Хавтаст хэргийн материалтай танилцахад Toyota Prius-20 маркийн 0592 УНР, Toyota Hilux маркийн 2565 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна." гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх 108-110/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-12/, 0592 УНР улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16/, 2565 УАМ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234003620363 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

  

         Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

           Иймд шүүгдэгч М.Г ийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд 29 685 200 төгрөгийн хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

           Шүүгдэгч М.Г ийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Иймд шүүгдэгч М.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотоор тогтоох санал,

 

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж санал гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Т , Г.Б , Ё.Г  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Т.Г гийн эрүүл мэндэд хүнд хохирол,

            Иргэний нэхэмжлэгч Б.Б гийн Toyota Hilux маркийн тээврийн тээврийн хэрэгсэлд 29 685 200 /хорин есөн сая зургаан зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөгийг хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Л.Т , Г.Б , Т.Г  нар “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

            Хохирогч Ё.Г  шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын 740 000 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс /хх 129-131/ 605 000 төгрөгийн баримт нь Ё.Г гийн бус Х.Д ийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн баримт байх бөгөөд гэмт хэргийн улмаас Х.Д ийн эрүүл мэндэд хохирол учраагүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож үлдэх эм тарианы болон шатахууны зардал болох 135 000  төгрөгийн гэм хорын хохирлын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Д ид 500 000 төгрөг өгсөн болохыг дурдав.

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгалаас 5 сая төгрөг шүүгдэгчээс 1 сая төгрөг өгсөн байх тул үлдэх 23 685 200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэв.

           

Эрүүгийн 2234003620363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

шүүгдэгчийн №..дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Улсын яллагч үнэлгээний тайлан гаргасан хөлс 124 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалд оруулж шүүгдэгчээс гаргуулж Төв аймаг дахь Цагдаагийн газарт олгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт М-н Г ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч М.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч М.Г т оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г оос 23 685 200 /хорин гурван сая зургаан зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46-08 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Б  /ЧР81101238/-д олгож,

хохирогч Ё.Г гийн 740 000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 605 000 /зургаан зуун таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 135 000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг хангаж шийдвэрлэснийг шүүгдэгч М.Г  төлсөн болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч М.Г ийн №..дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

 9.Эрүүгийн 2234003620363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

    10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ