| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0367/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/400 |
| Огноо | 2022-10-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/400
2022 10 03 2022/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,
Иргэдийн төлөөлөгч Н.Мөнгөнчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,
Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Г-н Б т холбогдох эрүүгийн 2234000000321 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овогт Г-н Б , 1963 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, ..., 1998 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00:10 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар баг Хэрлэнгийн 02 дугаар гудамжны 01 тоотод оршин суух өөрийн гэртээ иргэн Б.С “...50 000 төгрөгөө нэхлээ...” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжин тус газар нь нэг удаа хутгалж алсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000000321 дугаартай хэрэгт авагдсан
Гэрч С.Л ийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хөдөө Баруун бүрхээс сумын төвд 19 цаг өнгөрч байхад мотоциклтой орж ирээд Хориуд дэлгүүрийн гадаа байж байхад талийгаач С надтай тааралдсан. Тэгээд бид хоёр уулзаад байж байтал С надад хоёулаа ганц юм авах уу гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд С Хориуд дэлгүүрт орж Чанар нэртэй 0,75 граммын архи авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр явган алхаад Б ын гэрт очход Б ганцаараа байсан. Тэгээд бид гурав нөгөө архиа задлаад ууж байсан чинь С , Б хоёр мөнгөнөөс болж маргалдсан. Миний ойлгосноор С Б аас 50 000 төгрөгийн авлагатай байсан юм шиг байсан. Тэгээд С архи ууж байхдаа тэрийгээ нэхсэн тэгсэн Б өөдөөс өгчихнө чи одоо авах юм уу гээд түрийвчтэй мөнгөө С руу шидсэн. Тэгсэн С аваагүй тэгсэн чинь Б босоод шүүгээнээсээ шар өнгийн иштэй хутга аваад яадаг муу пизда вэ гээд С руу очхоор нь би болиоч дээ гэсэн чинь шууд очоод цээж рүү нь хатгасан чинь С арагшаа саваад унасан. Тэгсэн чинь С гийн цээжнээс цус олгойдоод гараад байсан. Б хатгачхаад хутгаа орныхоо тийшээ шидчихсэн. Би сандраад яаж байгаа юм бэ та, хүн алчихлаа шүү дээ гэсэн чинь за өнгөрсөн, чи цагдаа дууд гэхээр нь би гарч гүйгээд Цагдаагийн хэсэг дээр ирж дуудлага өгчхөөд, тэгээд эмнэлэг орж дуудлага өгөөд эмч аваад очсон чинь өнгөрчихсөн байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх 22-24/,
Гэрч Э.Ж гийн өгсөн: "2022 оны 7 дугаар сарын 08-ны шөнийн 00:05 цагийн орчим манай жижүүр сувилагч Ганхуяг над руу утсаар "Хүнд хутгалуулсан хэрэг гарсан байна, яаралтай ирэх хэрэгтэй байна." гэхээр нь би эмнэлэг дээрээс сувилагчаа аваад хэрэг болсон гэх газар очсон. Б гэх айл байсан бөгөөд ороход Б.С гэх хүн дээшээ харсан байдалтай, цээжин тус газар зүрхнийхээ ойролцоо хутгалуулсан байдалтай байсан. Тэгээд үзэхэд зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. Цогцсын хажуугаар шалан дээгүүр дүүрэн цустай байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагын ажилтнууд ирсэн. Би эмнэлгийн даргад танилцуулаад цогцсыг цагдаагийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Хэргийн газарт очоод би юу болсон талаар асуухад хамт байсан гэх С.Л гэх хүн хэлэхдээ бид гурав нэг шил архи уусан. Тэгээд Б , С хоёр маргалдаж байгаад Б хутгалчихлаа гэж байсан. Б бол дуугарахгүй байсан. Яаралтай тусламж үзүүлээгүй. Очход өнгөрсөн байсан тул яаралтай тусламжийн хуудас бөглөөгүй.” гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Ж.Г ийн өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Мөнгөнморьт сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байхад Б шөнийн 00 цагийн орчим орж ирээд би хүн хүзүү рүү нь хутгалчихлаа цус их алдаад байна. Яаралтай тусламж үзүүлээчээ гэж хэлсэн. Хамт Л явж байсан. Тэгээд би Жадамбаа эмчийг дуудаад хэргийг газар очход манай сумын харьяат С гэдэг хүн цээжин тус газраа хутгалуулсан зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогсчихсон байсан. Эмч үзээд нас барсан байна гэсэн." гэх мэдүүлэг /хх 28/,
Гэрч Г.Д гийн өгсөн: “2022 оны 7 дугаарын сарын 07-ны өдөр талийгаач гэрийн гадаа мотоциклоо янзалж байгаад Б ынд очиж гагнуур хийлгэнэ гэж ярьж байгаад гэрээс 18 цагийн үед гараад явсан. Тухайн үед талийгаач Б ынд очиж мотоциклоо янзлуулна гэж мотоциклтойгоо явсан. Надад Б бүрхээр хийж өгнө гэж байсан бөгөөд тухайн өдрийн 9-10 цагийн үед манайд ирж бүрхээрээ авчирч өгсөн. Тэгээд бүрхээр хийж өгсний хариуд та надад 3 литр нэрмэл өгчих гэсэн. Би өөрт байсан 3 литр нэрмэлийг Б т өгөхөд дараа нь танаас мөнгө авна шүү гээд явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэрээс гарсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 32/,
Шүүгдэгч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаач С гийн ээж Долгор эгч надаар тогоо нэрдэг бүрхээр хийлгэсэн байсан. 2022 оны 7 дугаар сарын 07-ны өглөө би бүрхээрийг нь машинаар хүргэж өгөөд Долгор эгчээс 3 литр нэрмэл архи авсан. Тэгсэн С намайг нэрмэл архи авч байгааг мэдчихээд намайг дагаад явах гэхээр нь би үдээс хойш очоорой гэж хэлчхээд гэртээ хариад дүүгийнхээ машиныг өгчхөөд гэртээ орж ирээд байж байтал араас талийгаач С 10 цаг өнгөрч байхад хүрээд ирсэн. Тэгэхээр нь авсан 3 литр нэрмэлээсээ 1,5 литрийг нь хувааж уусан. Тэгээд талийгаач С 11 цаг өнгөрч байхад гараад явсан. Би дүү А ынд орж хонины мах эвдэж өгчхөөд 12 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд байж байхад талийгаач ахиад хүрээд ирэхээр нь үлдсэн 1,5 литр нэрмэл архиа хоёулаа хувааж уусан тэрний дараа манайд байсан тал шил 0,75 граммын Ерөөл архи байсныг хоёулаа хувааж уусан. Тэгээд талийгаач харилаа гээд явсан. Би гэртээ байж байгаад хоол унд идчихээд унтаж байтал орой 22:30 цагийн үед хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Л , талийгаач хоёр дөрвөлжин савтай чанар нэртэй 0,75 граммын архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэрийг нь гурвуулаа хувааж уугаад дуусч байтал талийгаач дахиж архи авна гээд мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би чамд өртэй юм уу гээд уурласан чинь танд би цагаан сараар 50 000 /тавин мянган/ төгрөг өгсөн. Тэрийгээ авъя гэж уурласан. Тэгэхээр нь би босож хоолны шүүгээнд байсан шар иштэй хятад хутга авсан. Тэгсэн Л боль хутга, шөвгөөр яах гээд байгаа юм гээд хорьсон. Тэгэхээр нь би май энэ мөнгийг ав гээд түрийвчээ шидсэн. Тэгсэн авахгүй байсан. Тэгээд өөдөөс тонгойгоод ирэхээр нь цээж рүү нь хатгачихсан чинь ухраад орилоод цээжнээс цус олгойдоод, тэгээд дороо хоёр эргээд саваад унасан. Тэгээд би Л ийг би хүн алчихлаа цагдаа дууд гээд гаргасан. Тэгээд би талийгаачийн цээж амьсгалаад байхаар нь би эмнэлэг рүү гүйгээд очсон чинь Л эмнэлэг дээр оччихсон байсан. Тэгээд сувилагч Ганхуяг эмч аваад араас чинь очъё гэхээр нь гэрээдээ гүйгээд очсон чинь үүдэнд цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд эмч ирээд өнгөрчихсөн байна гэсэн. Бид нар хоорондоо ямар нэг хамаатан садны холбоо байхгүй, хуурай ах дүүс байсан. Манай эхнэр хүүхэд байхгүй хөдөө байсан. Цагаан сараар би талийгаачаас 50 000 төгрөг зээлсэн байсан юм. Надаас нэхдэггүй байсан юм. Өчигдөр согтуудаа нөгөө мөнгөө нэхээд тэрнээс болж муудалцаад л ийм зүйл болчихлоо. Талийгаач намайг зодож цохисон зүйл байхгүй. Би нэг удаа хэнхэлдэг хавьцаа нь хутгалсан. Би маш их харамсаж гэмшиж, гашуудаж байна. Ар гэрээс нь уучлалт гуйж байна. Хохирлыг төлж барагдуулах болно.” гэх мэдүүлэг /хх 34-35/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ахтайгаа хоёулаа. Айлын өргөмөл хүүхдүүд. Талийгаач 1982 онд Мөнгөнморьт суманд айлын анхны хүүхэд болж мэндлээд цэцэрлэг болон сургуулиа төрсөн сумандаа дүүргэсэн. 2012 онд Т. Уранбайгальтай гэр бүл болж 2 хүүхдийн эцэг, эх болж амьдраад 2020 онд гэр бүлийн маргааны улмаас салж эхнэр нь хүүхдүүдээ авсан. Эхнэр нь салж явснаас хойш бидэнтэй холбоо бариагүй бид хаана байгааг нь мэдэхгүй байдаг байсан. Талийгаач маань архи уугаагүй үедээ бүхий л амьдралд тусалдаг байсан. Хоол унд хийнэ, манай хүүхдүүдийг хардаг гэрээс гадуур хонодоггүй дуугай хүн байсан. Одоо мод хөрөөдөх ч хүн алга. Өндөр настай эх, 4 хүүхдийн хамт амьдарч байна. Ах маань хааяа архи уусан үедээ бид нартай юм ярьж байгаад унтаад өгдөг байсан. Талийгаач ажил төрөл хийдэггүй гэртээ байдаг байсан. Талийгаач ойрхон ойрхон архи уудаг байсан уусан үедээ гэртээ ирээд ярьж байгаад унтаад өгдөг байсан. Талийгаач гэрээсээ гараад Л болон Ооёо гэх хүмүүстэй уулздаг байсан. Тухайн хүмүүсийг би сайн мэдэхгүй байна. Хааяа хамт архи уудаг ээжийнд ирж хамт юм хийлцдэг л байсан. Талийгаач ямар нэгэн өвчингүй байсан. Би гомдолтой байна. Оршуулганы зардалд 11 893 670 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №2232 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас 1 ширхэг гарын мөр илэрсэн нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн хутга нь нийт 22 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 12.5 см урттай, ажлын хэсгийн угийн өргөн нь 18 мм, дунд хэсгийн өргөн нь 15 мм, үзүүрийн өргөн нь 10 мм хэмжээтэй, бариул нь 9.5 см урттай өргө нь 13 мм хэмжээтэй байна.” гэх дүгнэлт /хх 36-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №3555 дугаартай дүгнэлт: “1.Хэргийн хураан авсан гэх хутга нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Уг хутганаас илэрсэн цус хүний цус байна. 3.Илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.” гэх /хх 42-43/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 108 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан, хөх алаг цамцанд 80х20 мм талбайд, саарал өнгийн футболконд 25 мм, 10х6 мм, улаан, цагаан өнгийн оруулгатай хар цамцанд 25 мм, цэнхэр өнгийн турсиканд 140 мм, 20х12 мм, ягаан өнгийн хос оймсонд 65 мм, 40х25 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. 2.Цагаан, хөх алаг цамцанд үүссэн гэмтэл гогодож татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт, саарал өнгийн футболконд үүссэн 25 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт, 10х6 мм хэмжээтэй гэмтэл нь дулаан илчийн үйлчлэлээр үүссэн цоорол, улаан, цагаан өнгийн оруулгатай хар цамцанд үүссэн гэмтэл нь хурц иртэй хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт, цэнхэр өнгийн турсикэнд үүссэн гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн урагдалтууд, ягаан өнгийн хос оймсод үүссэн гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн урагдалтууд байна. 3.Цагаан, хөх алаг цамцанд үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр өөр өөр газарт үүссэн, саарал өнгийн футболконд үүссэн 25 мм хэмжээтэй гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, 10х6 мм хэмжээтэй гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, улаан, цагаан өнгийн оруулгатай хар цамцанд үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, цэнхэр өнгийн турсиканд үүссэн гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу эдэлгээний явцад үүссэн ягаан өнгийн хос оймсонд үүссэн гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу эдэлгээний явцад үүссэн байна.” гэх /хх 50-52/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №147 дугаартай дүгнэлт: “1.Б.С гийн биед цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд 1400 мл цустай, уушги, үнхэлцэг хальс, зүрхийг хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 3. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. 4.Үхэлд хүргэх архаг болон цочмог өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.” гэх /хх 58-61/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 62-64/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 68-71/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-11/, шар эрээн өнгийн иштэй ажлын хэсэг нь 12,5 см, бариул нь 10 см урттай нийт 22,5 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022.7.08-ны өдрийн тогтоол /хх 14/, уг тогтоолын хүчинтэйд тооцсон хяналтын прокурорын 2022.7.08-ны өдрийн 35 дугаартай тогтоол /хх 13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж, иргэдийн төлөөлөгч Н.Мөнгөнчимэг шүүгдэгчийг согтуугаар хүний амь насыг санаатай хохироосон тул гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б , амь хохирогч Б.С нар нь архидан согтуурч улмаар амь хохирогч Б.С шүүгдэгч Г.Б аас зээлсэн 50 000 төгрөгөө нэхсэнд Г.Б уурсаж шүүгээнээсээ хутга аван амь хохирогчийн цээжин тус газар нэг удаа хутгалж амь хохирогч цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
Энэ нь дээр дурдагдсан гэрч С.Л ийн өгсөн: “...С , Б хоёр мөнгөнөөс болж маргалдсан. Миний ойлгосноор С Б аас 50 000 төгрөгийн авлагатай байсан юм шиг байсан. Тэгээд С архи ууж байхдаа тэрийгээ нэхсэн тэгсэн Б өөдөөс өгчихнө чи одоо авах юм уу гээд түрийвчтэй мөнгөө С руу шидсэн. Тэгсэн С аваагүй тэгсэн чинь Б босоод шүүгээнээсээ шар өнгийн иштэй хутга аваад яадаг муу пизда вэ гээд С руу очхоор нь би болиоч дээ гэсэн чинь шууд очоод цээж рүү нь хатгасан чинь С арагшаа саваад унасан. Тэгсэн чинь С гийн цээжнээс цус олгойдоод гараад байсан.” гэх мэдүүлэг /хх 22-24/, гэрч Э.Ж гийн өгсөн: "...Б.С гэх хүн дээшээ харсан байдалтай, цээжин тус газар зүрхнийхээ ойролцоо хутгалуулсан байдалтай байсан. Тэгээд үзэхэд зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. Цогцсын хажуугаар шалан дээгүүр дүүрэн цустай байсан.” гэх мэдүүлэг /хх 26/, шүүгдэгч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...орой 22:30 цагийн үед хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Л , талийгаач хоёр дөрвөлжин савтай Чанар нэртэй 0,75 граммын архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэрийг нь гурвуулаа хувааж уугаад дуусч байтал талийгаач дахиж архи авна гээд мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би чамд өртэй юм уу гээд уурласан чинь танд би цагаан сараар 50 000 /тавин мянган/ төгрөг өгсөн. Тэрийгээ авъя гэж уурласан. ...цээж рүү нь хатгачихсан чинь ухраад орилоод цээжнээс нь цус олгойдоод, тэгээд дороо хоёр эргээд саваад унасан. Би нэг удаа хэнхэлдэг хавьцаа нь хутгалсан.” гэх мэдүүлэг /хх 34-35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №3555 дугаартай дүгнэлт: “1.Хэргийн хураан авсан гэх хутга нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Уг хутганаас илэрсэн цус хүний цус байна. 3.Илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.” гэх /хх 42-43/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 108 дугаартай дүгнэлт: “1. ...саарал өнгийн футболконд үүссэн 25 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт, улаан, цагаан өнгийн оруулгатай хар цамцанд үүссэн гэмтэл нь хурц иртэй хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт. 3.Цагаан, хөх алаг цамцанд үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр өөр өөр газарт үүссэн, саарал өнгийн футболконд үүссэн 25 мм хэмжээтэй гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, 10х6 мм хэмжээтэй гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, улаан, цагаан өнгийн оруулгатай хар цамцанд үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх /хх 50-52/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №147 дугаартай дүгнэлт: “1.Б.С гийн биед цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд 1400 мл цустай, уушги, үнхэлцэг хальс, зүрхийг хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 3. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. 4.Үхэлд хүргэх архаг болон цочмог өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.” гэх /хх 58-61/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 62-64/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 68-71/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглан бусдын эрх чөлөөнд халдсан буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С нас барсан байх тул шүүгдэгч Г.Б ыг хүнийг алах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,
шүүгдэгч Г.Б ын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч ... амьдардаг, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан талаархи Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “1.Г.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй гэж үзлээ. 2. Г.Б нь мөрдөн байцаах явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Г.Б нь хэрэг хариуцах чадвартай.” /хх 79-80/
1979 онд Барилгын ТМС Улаанбаатар хотод төгсөж 1979, 1982 оны хооронд НАХЯ-ны харьяа Хилийн цэргийн 0119 дүгээр ангид алба хаагаад, тэндээ улираад 1994 он хүртэл ажиллаж байгаад хэрэгт холбогдож Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосон, 1998 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 116-119/ авагдсан энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосондоо маш их харамсаж, гашуудаж байгаагаа, хохирол төлбөрийг төлөх боломжгүй байгаа хэдий ч төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н оршуулгын зардалд 11 893 670 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс 9 213 870 төгрөгийг хохирлын баримт ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж үлдэх баримтгүй нэхэмжилсэн
2 679 800 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2234000000321 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй, ажлын хэсэг нь 12.5 см урт, бариулын урт 10 см, нийт 22.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч 2022 оны 7 дугаар сарын 08-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоног /хх 95-97, 98-100, 140-142/-ийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Г-н Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 8 /найм/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б т оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ын цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б аас 9 213 870 /есөн сая хоёр зуун арван гурван мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... Н /НП94082906/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 679 800 /хоёр сая зургаан зуун далан есөн мянга найман зуу/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Эрүүгийн 2234000000321 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй, ажлын хэсэг нь 12.5 см урт, бариулын урт 10 см, нийт 22.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Ж.ДЭЛГЭРМӨРӨН