| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/04832/И |
| Дугаар | 101/ШШ2019/00123 |
| Огноо | 2019-01-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2019/00123
| 2019 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2019/00123 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х*******,*******,*******,*******,*******,*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******,*******,*******, давхарт байрлах З Б Д Сд холбогдох,
З Б Д Сгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/49 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулалд 10.257.204 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.С нь 2015 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн З Б Д Сд ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс Захиргаа төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтнээр ажилласан.
Гэтэл тус сангийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар “Мэргэжлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй” гэж үзэж ажлаас чөлөөлснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж тус байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
З Б Д Сгийн захиргаа, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар тус ажлын байранд тавигдах шаардлагад мэргэжлийн хувьд эрх зүйч, бизнесийн удирдлага байх шаардлага тавигдсан байдаг.
Миний бие 1989 онд Монгол Улсын Их сургуулийг математикийн мэргэжлээр, 2004 онд “Иргэний боловсрол” улс төрийн их сургуулийн менежментийн ангийг дээд боловсролын дипломтой, 2006 онд Удирдлагын Академийг, 2012 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, 2018 онд “Хүний нөөцийн менежмент” суурь мэдлэгийн сургалтыг тус тус төгссөн.
Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргалгүй, хариуцлагатай ажиллаж, 2017 оны эхний болон сүүлийн хагас жилд амжилттай ажиллаж урамшууллууд авч байсан бөгөөд 2018 оны эхний хагас жилийн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэхэд:
1. Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн биелэлт, нэмэлт ажил үйлчилгээний биелэлтийн дунджийг 60-аас 53 хувийн үнэлгээтэй;
2. Гэрээнд тусгагдсан АБТ-д тусгагдсанаас бусад ажил үүргийн биелэлт 40-өөс 40 хувийн үнэлгээтэй;
3. Нийт оноо нь 100-аас 93 гэж дүгнэн “А” буюу маш сайн гэж үнэлж ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзсэн билээ.
Ийнхүү Сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 05-ны өдрийн А/38 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалаар миний бие сарын үндсэн цалингийн 50%-иар тооцож урамшуулал авахаар болсон боловч өнөөдрийг хүртэл тус урамшууллыг олгоогүйгээс гадна маргааш өдөр нь гүйцэтгэх захирлын тушаалаар гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх ёстой байтал огт ийм дүгнэлт гараагүй. Нөгөөтээгүүр, боловсролын үнэмлэхгүй зэрэг шалтгаан нь ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
Ийнхүү хуульд заасан хугацааны дотор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 09 сарын 21-ний өдөр 16327 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан билээ. Тус захирамжийг 2018 оны 10 сарын 09-ний өдөр гардан авч ийнхүү хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь 2015 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн З Б Д Сд ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс Захиргаа төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл тус сангийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргалгүй, хариуцлагатай ажиллаж, 2017 оны эхний болон сүүлийн хагас жилд урамшууллууд авч байсан бөгөөд 2018 оны эхний хагас жилийн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэхэд:
1. Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн биелэлт, нэмэлт ажил үйлчилгээний биелэлтийн дунджийг 60-аас 53 хувийн үнэлгээтэй;
2. Гэрээнд тусгагдсан АБТ-д тусгагдсанаас бусад ажил үүргийн биелэлт 40-өөс 40 хувийн үнэлгээтэй;
3. Нийт оноо нь 100-аас 93 гэж дүгнэн “А” буюу маш сайн гэж үнэлж ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзсэн билээ.
Ийнхүү гэрээний биелэлтийг амжилттай дүгнүүлснийг харгалзан 2017 оны 04 сарын 10-ны өдөр байгуулсан 03 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Ажил олгогч нъ ажилтны гүйцэтгэл болон энэхүү гэрээний биелэлтийг холбогдох журмын дагуу дүгнэн шийдвэр гаргах /шагнал урамшуулал олгох,... г.м/ үүрэгтэй” хэмээн заасны дагуу З Б Д Сгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 05-ны өдрийн А/38 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалаар нэхэмжлэгчид сарын үндсэн цалингийн 50%-иар тооцож 750,000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон боловч өнөөдрийг хүртэл тус урамшууллыг олгоогүй юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ”, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ”, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” хэмээн тус тус заасан байдаг.
Гэтэл ажил олгогчийн зүгээс дээрх тушаалын биелэлт, гэрээний үүргээ биелүүлж урамшууллыг олгоогүй нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ажилтан нь эрхэлж буй ажил албан тушаалд тохирсон цалин, урамшуулал авах... эрхтэй” гэснийг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул З Б Д Сгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 05-ны өдрийн А/38 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалаар сарын үндсэн цалингийн 50%-иар тооцсон 750,000 төгрөгийн урамшууллыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг З.Сгийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцоход 1.660.000 төгрөг байх бөгөөд үүнээс 1 хоногт ногдох цалинг 75.455 төгрөг, ажилгүй байсан 2018.07.07-ны өдрөөс 2019.01.08-ны өдөр хүртэлх хугацаа буюу хуулиар тогтоосон нийтээр амрах буюу баяр ёслолын өдрүүдийг хасч, ажлын 126 хоногоор бодож 9.507.204 төгрөг нэхэмжилсэн.
Иймд З Б Д Сгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Б/49 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус сангийн Захиргаа төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн ажилд З.Сг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах энэ өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.507.204 төгрөг, гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 05-ны өдрийн А/38 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалын дагуу олгохоор шийдвэрлэсэн 750.000 төгрөг, нийт 10.257.204 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч З.Сгийн тус санд холбогдуулан “З Б Д Сгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, Сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 05-ны өдрийн А/37 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалын дагуу үндсэн цалингийн 50% болох 750 мянган төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
З.С нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс тус Сангийн Захиргааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Захиргаа төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтнээр томилогдсон.
3.С нь Захиргаа, төлөвлөлтийн газрын дарга, ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалттай гүйцэтгээгүй тул түүнийг эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Сангийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлөөс Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж Удирдах зөвлөлөөр батлуулах чиглэлийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн боловч уг ажил хийгдээгүй, Стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлийг Гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/61 тоот тушаалаар өгсөн боловч мөн адил хийгдээгүй болно.
З.Стай холбоотой мэргэжлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болон үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн талаарх баримт байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд тэтгэмж олгохоор заасан боловч олгогдоогүй, харин ээлжийн амралтын тооцоог холбогдох албан тушаалтан хийсэн. Түүний сарын цалин хөлс 1.500.000 төгрөг гэдэгт маргахгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч З.С нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн боловч хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, тодруулбал ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 3 сарын дараа гаргасан шүүхэд гаргасан байгаагаас үзэхэд тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд З.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.С нь хариуцагч “З Б Д С”-д холбогдуулан
З Б Д Сгийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/49 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 9.507.204 төгрөг, мөн захирлын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/38 тоот “Урамшуулал олгох тухай” тушаалаар олгогдох урамшуулалд 750.000 төгрөг, нийт 10.257.204 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч З.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.С нь “З Б Д С”-д 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс Захиргааны хэлтсийн даргаар,
2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс “Захиргаа төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн”-ээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан №03 тоот хөдөлмөрийн гэрээ, З.Сгийн нийгмийн даатгалын №0150499 дугаартай дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
/хх-ийн 9-10,81 дүгээр тал/
“З Б Д С”-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №Б/49 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар мэргэжлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй байх тул Занданжавын Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохыг ерөнхий нягтлан бодогчид даалгажээ.
/хх-ийн 16 дугаар тал/
Ажил олгогч нь дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг тус тус үндэслэл болгосон байна.
Хариуцагч “З Б Д С” нь Удирдах зөвлөлөөс Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж Удирдах зөвлөлөөр батлуулах чиглэлийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн боловч уг ажил хийгдээгүй, Стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлийг Гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/61 тоот тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т:”Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т : ”Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Хариуцагч “З Б Д С”-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” № А/08 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” №А/61 тоот тушаалаар “З Б Д Сгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлын хэсэг”-ийг ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэсэн байна.
/хх-ийн 61-62 дугаар тал/
Дээрх 2 тушаалд тусгаснаас үзэхэд уг ажлын хэсгийн гишүүний хувьд З.Сд ямар ажил, үүргийг ямар хугацаанд хэрхэн биелүүлэхээр даалгасан нь тогтоогдохгүй байхаас гадна ажилтан З.Сд удирдлагаас өгсөн ямар хугацаанд гүйцэтгэхээр ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох, гүйцэтгэсэн боловч шаардлага хангасан эсэх, эсхүл дээрх ажлыг бүхэлд нь гүйцэтгээгүй гэх байдалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Хариуцагч “З Б Д С“ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг тус тус үндэслэл болгожээ.
Үүнээс үзэхэд ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч шүүхэд түүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн ажил олгогч нь нэхэмжлэгч З.Сг мэргэжлийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх байдлыг тогтоосон зүйлгүй гэж тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д :”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь өөрийн татгалзлыг нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “З Б Д С” нь ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн З.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар цуцалсан тушаалынхаа үндэслэл буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзлаа нотлох баримтаар нотолж чадсангүй.
З.С нь ажил олгогчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” №Б/49 тоот тушаалын талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх ба түүний нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2018/14250 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/16327 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, тэрээр 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/18226 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
/хх-ийн 3,6-8,32,87 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16327 тоот захирамжаар буцаасан байх ба тэрээр уг захирамжийг хүлээн авснаар энэ үеэс эхлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсохыг тоолох учиртай.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч З.С нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд дахин гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан: ”Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр З.Сг “З Б Д С”-ийн Захиргаа Төлөвлөлтийн газрын “ахлах мэргэжилтэн” ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.Сг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 9.507.204 төгрөг нэхэмжилжээ.
Монгол Улсын Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасны дагуу З.Сгийн 2018.04, 2018.05, 2018.06 дугаар сарын цалингийн дундаж 1.660.000 төгрөг байна.
З.Сгийн ажилгүй байсан 2018.07.07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 126 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт /1.660.000төгрөг/22хоног=74.455төгрөгх126хоног=9.507.204/ 9.507.204 төгрөгийг “З Б Д С”-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2019/00037 тоот захирамжаар хариуцагч “З Б Д С”-аас З.Сгийн 2018 оны эхний хагас жилийн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэсэн баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны07 дугаар сарын 05-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” А/38 тоот тушаал, уг тушаалын хавсралтын 23-т: З.Сгийн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг “93 оноо” гэж дүгнэсэн байх ба дээрх баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч З.Сгийн 2018 оны хагас жилийн хөдөлмөрийн гэрээний биелэлт 93 оноотой, Олгох урамшууллын хэмжээ /сарын үндсэн цалингийн хувь/-50 хувь, Захирлын зөвлөлийн хурлаар тогтоосон урамшуулал тооцох гэрээний биелэлт 50 хувь байхаар тогтоосон болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар зохигч маргасангүй.
Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан №03 тоот хөдөлмөрийн гэрээнд З.Сгийн сарын үндсэн цалин хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохиролцсон, ажил олгогчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” №38 тоот тушаал, уг тушаалын хавсралтад зааснаар нэхэмжлэгч З.Сд сарын үндсэн цалингийн 50 хувь буюу 750.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, урамшуулал олгохоор шийдвэрлэсэн дээрх тушаалыг өөрчилсөн, хүчингүй болгосонтой холбоотой баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэнгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч “З Б Д С” нь ажилтан З.Сд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/38 тоот тушаалаар сарын үндсэн цалингийн 50 хувь буюу 750.000 төгрөгийг олгоогүй байхдаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/49 тоот тушаалаар цуцалсан үйл баримт тогтоогджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасны дагуу ажилтан З.Сд олгохоор шийдвэрлэсэн 2018 оны хагас жилийн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэж, түүнд олгохоор шийдвэрлэсэн 750.000 төгрөгийн урамшууллыг ажил олгогч “З Б Д С”-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т: ”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “З Б Д С”-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид нэхэмжлэгч З.Сгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Сг “З Б Д С”-ийн Захиргаа төлөвлөлтийн газрын “ахлах мэргэжилтэн” ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар хариуцагч “З Б Д С”-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9.507.204 төгрөг, урамшуулал 750.000 төгрөг, нийт 10.257.204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Сд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Сгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “З Б Д С”-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч З.Сгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.550 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,
хариуцагч “З Б Д С”-аас улсын тэмдэгтийн хураамжид 179.066 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ