Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0527

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х-н Б.Э-ний 2 дахь төрөлтийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг буруу бодсон 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн №21012311210139, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хуудсыг хүчингүй болгуулах, тэтгэмжийн зөрүү 14 537 685.43 төгрөгийг бодож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х-т даалгах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 451 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У

Хариуцагч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2024/0321/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х-н Б.Э ий 2 дахь төрөлтийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг буруу бодсон 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн №21012311210139, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хуудсыг хүчингүй болгуулах, тэтгэмжийн зөрүү 14 537 685.43 төгрөгийг бодож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х-т даалгах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр: нэхэмжлэгч Б.Э-с Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч Г.Х т холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х ийн Б.Э-ний 2 дахь төрөлтийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг буруу бодсон 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн №21012311210139, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хуудсыг хүчингүй болгуулах, тэтгэмжийн зөрүү 14 537 685.43 төгрөгийг бодож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэгт 1994 оны Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь тухайн хуулийн зүйл заалтын хэрэглээнд дүгнэлт хийгээгүй өөрөөр хэлбэл хуулийн нэг заалтыг ялгаатай хэрэглэж байгаад тайлбар хийлгүйгээр шийдвэр гаргасан. 1994 оны Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 зүйлийн 1 /Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй/ заалт нь жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмж авах эрхийг тодорхойлсон бөгөөд энэхүү заалт нь нэг адил хэрэглэгдэх ёстой атал сайн дураар даатгуулж буй эх болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хүүхдээ асрах чөлөөтэй эхчүүдэд өөр өөрөөр хэрэглэж байгаад ямар нэгэн тайлбар хийгээгүй нь Б.Э-н эрхийг дордуулж байна. Ялгаатай хэрэглэж байгаа асуудал нь хүүхэд асрах чөлөөтэй байх үедээ хоёр дах хүүхдээ төрүүлэхтэй холбоотой гарч байхад хүүхэд асрах чөлөө буюу /1994/ оны Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 2 дах хэсгийг өөрөөр хэрэглэж байгаад мөн адил тайлбар хийгээгүйд гомдолтой байна. Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн Б.Э-н хувьд төрөхийн өмнөх 12 сараас өөрөөр хэлбэл 2022 оны 11 сараас 2023 оны 10 дугаар сарын дундаж дүнгээс бодож олгож байгаа хэрнээ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад жирэмсэн амаржсаны тэтгэмж аваад хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхийн хувьд хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд өмнөх 12 сар биш бүр өмнөх анхны хүүхдээ төрүүлсэн үеийн 12 сараас бодож олгож байна. Энэ нь /1994/ оны Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн ямар зүйл заалтаар ялгагдаж ялгаатай бодогдож байгаад мөн адил тайлбар дүгнэлт хийсэнгүй.

3.2. Сайн дураар даатгуулсан эх болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тэтгэмж авч буй эхчүүд яг адилхан хоёулаа хүүхдээ асрах чөлөөтэй байгаа, гэтэл сайн дураар даатгуулж байсан эхийг орлого олох боломжтой хэмээн үзэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эхийг хүүхдээ асарч байгаа гэж үзэн ялгаж энэхүү хуулийн 191 заалтыг ялгаатай хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, арванзургадугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” заалтуудыг илт зөрчиж байна.

            3.3. 1994 оны Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 2 /нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө/ дахь заалт нь хүүхдээ төрүүлсэн эх хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд шимтгэлийг хэрхэн төлөхийг зохицуулсан заалт буюу орлогогүй эхийг дэмжсэн, хамгаалсан өөрөөр хэлбэл эхийн нийгмийн даатгалын шимтгэлийн тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлж буй төрөөс өгч буй дэмжлэг юм. Тиймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тэтгэмжийг зөвтгөн тооцуулж, тэтгэмжийн зөрүү 14,537,685.43 төгрөгийг бодож олгохыг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж “нэхэмжлэгч Б.Э-н гаргасан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х ийн Б.Э-ний 2 дахь төрөлтийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг буруу бодсон 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн №21012311210139, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хуудсыг хүчингүй болгуулах, тэтгэмжийн зөрүү 14,537,685.43 төгрөгийг бодож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч Г.Х-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2.1. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/-хуулийн 3 дугаар зүйлийн 3-д “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно” гээд, 3 дахь хэсгийн 3-д “хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа” гэж, мөн зүйлийн 6-д “Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан хугацааны шимтгэлийг дараахь журмаар төлнө” гээд энэ зүйлийн 6 дахь хэсгийн 2-т “нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө” төлөхөөр, энэ хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт өөрийн орлогоо 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр мэдүүлж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23002000501 дугаартай “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Д.Д-тэй байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж эхэлсэн байна.

2.4. Нэхэмжлэгч Б.Э нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эхний удаа амаржиж, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүссэнээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд /1994 оны/ заасны дагуу 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээсээ жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ 16,641,509.43 /арван зургаан сая зургаан зуун дөчин нэгэн мянга таван зуун есөн төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгөөр бодуулан авчээ.

2.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/11 тоот тушаалаар шинэчлэн баталсан “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журам”-ыг шинэчлэн баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн ажиллахыг аймаг, дүүрэг /нийслэл/-ийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дарга нарт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг үүрэг болгосон байна.

2.6. Дээрх журам гарсантай холбогдуулан өмнө үйлчилж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журам”-ыг хүчингүйд тооцжээ.

2.7. Улмаар Б.Э нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын байцаагч М.О-тэй 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23002100233 дугаар “3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах тухай” гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хоёр дахь хүүхдээ төрүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр амаржсаны тэтгэмжид 1,106,984 /нэг сая нэг зуун зургаан мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг олгохоор тооцсон нь зөв байна.

2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас дээрх гэрээ болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/11 тоот тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримт журмын  үндсэн дээр буюу даатгуулагч Б.Э-н 2 дахь төрөлтийн жирэмсний тэтгэмжийг тооцохдоо нэхэмжлэгчийн өөрийн орлогыг тооцож 12 сарын дундаж цалин хөлснөөс буюу өөрийн орлогоо тодорхойлж төлсөн шимтгэлээс тооцож олгосон нь хуульд нийцжээ.

2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

                 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

                 ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ