Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан, 
Хохирогч: Б.Баасанжав,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Сүрэнчимэгт холбогдох 129/2016/0068/Э индекстэй, эрүүгийн 201603000102 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэхэд 
            
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Боржигон овгийн Гантөмөрийн Сүрэнчимэг/РД:АЮ91061927/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Сүрэнчимэг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Сүрьеэгийн ам гэх газар 2016 оны 02 дугаар сарын 27-ний орой 19-20 цагийн орчим иргэн Б.Баасанжавыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу Б.Баасанжавыг аав Т.Гантөмөртэй эр эмийн харьцаатай гэх асуудлаас болж маргалдан хүрзээр толгойн тус газар нь 2 удаа, зүүн гар хэсэгт нь 2 удаа цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       
    ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч Г.Сүрэнчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 27-ны өдөр Баасанжав эгч нь архи ууж орж ирээд, чи Алтанзул гэх эгчийнхээ дэвтрийг ломбарданд тавьсан байна, олж өг, аав чинь юугаараа авах юм гээд над руу агсраад, дайраад байсан. Мөн 2015 он гараагүй байхад чи эхийнхээ булшин дээр очиж, шээж, баа гээд байхаар нь би цагдаа дуудаж өгч байсан. Баасанжав эгч өвөлжин намайг дарамталж, агсан тавьдаг байсан бөгөөд мөн архи уугаад нөхөртэйгээ маргалдаад, манайд орж ирээд агсан тавьдаг байсан. Мөн тэрээр бие нь хөх няц болсон, нүцгэн шалдан гүйж орж ирдэг, мөн аавтай хамт архи уудаг бөгөөд аавыг хамт архи ууя гээд уруу татаж архи уудаг байсан. Манай тэр хавийн хүмүүс наад эгчийг чинь орой болохоор л архи уугаад, нөхөртэйгээ хэрэлддэг гэдгийг бүгд мэднэ. Баасанжав эгч намайг эцэггүй 3 золбин шээс гаргасан гэж хэлээд над руу дайрч байсан. Түүний хувийн таарамжгүй харилцаанаас болж би өвөлжин тэвчээр алдагдаж байсан. Хамгийн сүүлд би эгчийнхээ дэвтэрийг эмнэлэгт хэвтэхдээ 01 сард ломбарданд тавьсан байж байгаад авч чадахгүй байсаар цагаан сар өнгөрөөгөөд авъя гээд аавд хэлээгүй байсан. Гэтэл Баасанжав эгч, чи эгчийнхээ дэвтэрийг ломбарданд тавьсан гээд дайраад байсан. Тэгээд л бид хоёр хувийн таарамжгүй байдлаас болоод маргалдсан бөгөөд тэрээр гэрт орж ирээд агсан тавиад байхаар нь би гадаа гарч хүрз авч, орж ирээд, түүний зүүн талынх нь гар руу 2 удаа, толгой руу нь нэг удаа цохьсон бөгөөд дараа нь үзэхэд толгойноос нь цус гарсан байсан. Маргааш өглөө нь гэрт нь ороход гараа боосон байсан. Манай аав эднийд орж ирчихээд чи, дэвтэр олж өг гээд дарамтлаад байхаар нь би шөнийн 12 цаг өнгөрч байхад хөдөө Төвшрүүлэх сум руу хадамынхаа гэрт очиж хоносон гэв. 
Хохирогч Б.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 27-ны өдөр манай хүн, Ганаа ах, би нар манайд байсан архийг хувааж уусан. Тэгээд орой 19 цаг 30 минутаас миний үзэх дуртай кино гардаг байсан бөгөөд манайд зурагт байхгүй учраас би эднийд орж кино үздэг байсан. Тэгээд би эднийд ороод, киногоо үзэх гэсэн чинь Сүрэнчимэг аккумлятор суусан гэхээр нь би түүнийг үг даах байх гэж бодоод, яахаараа суудаг юм гэж хэлэхэд тэрээр хажуу талынхаа айл руу гарч яваад, эргээд ороод ирсэн. Ганаа ах, манай хань бид хоёрт амьдарлаа хамаагүй ярьдаг, айл аймаг байдаг бөгөөд би талийгаач ээжийнх нь толгойг түшиж өөд болгосон болохоор би, эд нартаа сайн байдаг. Би ийм зүйл болно гэж огт бодоогүй. Сүрэнчимэг урагшаа айлд ороод зурагт үзээд ирсэн чинь Ганаа ах түүнийг гэртээ зурагтаа үзэхгүй, яах гэж айл руу гүйгээд байгаа юм гэж загнасан. Би тэр хооронд нь Ганаа ахад Зулаагийн дэвтрийг ломбарданд тавьсан дуулдаж байна лээ гэж хэлсэн. Ганаа ах угаасаа надад хэлэхдээ би Зулаагийнхаа дэвтэрийг алдвал амьдралгүй болно гэж байсан. Зулаа гэдэг нь энэ хүний хамгийн том эгч нь бөгөөд унаж, тусаад хэвтэрт байдаг хүн байгаа юм. Би, эд нарын өөрсдийн нь төлөө л тэгж хэлсэн бөгөөд миний ал боовыг ч Ганаа ах долоосон удаа байхгүй. Намайг аймар муухай үгээр хэлсэнд нь би маш их гомдсон бөгөөд талийгаач ээжтэй нь ямар байсан гэдгийг хүртэл бодох ёстой байсан. Би их гомдсон. Тэгээд би гэртээ ороод унтаж байхад хүн орилж чарлаад байхаар нь миний гай дуудсан юм байлгүй, би энийг нөхөртэйгээ муудалцаж байна, жирэмсэн учраас хүүхэд нь дутуу гарчих вий гээд турсик, футболктойгоо гүйгээд очтол аавтайгаа муудалцаад, гэрээрээ дүүрэн үнс, ус асгаад аймар болсон байхаар нь Ганаа ахыг өмөөрөөд, чи яаж байгаа юм гэсэн чинь Сүрэнчимэг чам мууд хамаагүй, чамайг ална янхан минь гээд хутга бариад намайг заамдаад авахаар нь би түүнд намайг ал гэж хэлсэн чинь тэр хутгаа барьж гүйж гараад манайд очоод, манай хүнд авгайг чинь аллаа шүү гэхэд нь манай хүн миний дүү тэгж болохгүй шүү гээд духан дээр нь үнсээд гаргасан гэсэн. Тэгээд тэр манай гэрээс гараад, гэрийн цагаан бүрээсийг хутгаар аймар том хэрчиж хаяад, гэрийн бүснүүдийг тас хэрчиж хаяад, эргээд ирэхээр нь би түүнд чи яагаад намайг тэгж хэлсэн юм гэсэн чинь тэр уурлаад, тэгээд бид хоёр бие биенийгээ үсдээд авсан чинь тэр дийлдэхгүй, эргэж гүйгээд хүрз аваад миний толгой руу 2 удаа цохьсон. Тэр үед нөхөр нь хажууд нь байсан бөгөөд би түүнд, чи яагаад намайг өмөөрөхгүй байгаа юм гэсэн чинь нөхөр нь намайг цохино шүү дээ гэж байсан. Тэгээд тэр дахиад намайг цохихоор нь би гараараа хаасан чинь миний гаран дээр цохихоор нь би аргагүй, хүчрэхгүй учраас гэрт нь уйлаад ороход Ганаа ах нөгөө мэдрэл муутай охиноо аргадаад, аймар болсон гэр орноо цэвэрлээд сууж байсан. Гэтэл гаднаас Сүрэнчимэг орж ирэхээр нь би түүнд миний толгой болохоо байлаа, цус урсаад байна, гар яахав гэж хэлэхэд тэр эм тавиад боож өгсөн бөгөөд уух эм өгсөн. Тэгээд гэртээ ороод гар өвдөөд байна гэтэл манай хүн юм бариад боож өгсөн бөгөөд би гэртээ өвчин намдаах эм уугаад маргааш нь түүнийг цагдаад өгөх гэснээ өрөвдөөд, адилхан эмэгтэй хүн юм чинь, бүрлэгч ээжтэй нь ах, эгч гэж байсан учраас үр хүүхдийг нь шоронд хийлгээд яахав дээ гэж их бодсон. Маргааш нь би өлсөөд манай хүн будаа агшаагаад, надад кимбаб хийж өгөх гээд байж байтал Сүрэнчимэг орж ирээд, уранхай бүрээсийг чинь оёод өгье гээд дутуу хагас миний нүдийг хуураад оёж өгсөн. Тэгээд маргааш нь бөөн шуугиан болсон бөгөөд гэрээсээ хамаг хувцасаа аваад зугтаасан. Тэрээр намайг яаж байна, та аяга хоол идчих, энэ эмийг уучих гэж хүний урманд хэлээгүйд нь би маш их гомдолтой байна. Ганаа ах намайг татаж чангаадаггүй, би өдий 50 нас гарсан, Ганаа ах 60 гарсан учраас бид хоёр тийм асуудал байхгүй шүү дээ. Би тэр асуудалд маш их гомдож байна. Би гомдолтой. Би өөрөө өөрийгөө үзүүлж, өөрийнхөө төлөө л зүтгэсэн. Сүрэнчимэг ломбарданд хүүхдийнхээ дэвтэрийг тавьсан гэдгийг нь дуулаад л би нэрийг нь хайж олоод, цагдаад өгөхөд цагдаа нэрээр нь ольё гэж байсан. Би энэ хүний нэрийг ч мэдэхгүй. Миний хохирлыг барагдуулж, миний гомдлыг л тайлж өг. Надад баримт байхгүй бөгөөд би хандсан газраасаа мөнгөөрөө эм авсан. Манай нөхөр гэрийн мод хийдэг бөгөөд Сэлэнгээс дуудаад, бид хоёр эдний хаяанд гэрээ орхиод, явж байгаад 1 сарын өмнө л ирсэн. Манай гэрийн хамаг бүрээс нь урагдаад байна гээд Ганаа ах эд нар хэлээд байхаар нь би хадам дүүдээ хэлээд гэрээ хураалгасан. Би 1 сая төгрөг нэхэмжилж байгаа. Миний эмнэлэгт үзүүлсэн гарын болон толгойны зураг гэрт байгаа гэв.  
Мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Баасанжавын өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай хажуу айлын Гантөмөр гэрт орж ирээд ганц юм уумаар байна гэхээр нь цагаан сараар хэрэглээд үлдсэн 0.75 литрийн “Арвай” нэртэй архийг гаргаж манай нөхөр Лигсаа, Гантөмөр бид 3 юм ярингаа хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгаад 19 цаг 30 минутаас Гантөмөрийнд кино үзэх гээд ороход аккумляторынх нь цэнэг дууссан гээд зурагтаа асаагаагүй байсан. Ингээд нөхөр бид хоёр гэртээ орж ирээд унтах гэж байхад гадаа хүн орилж чарлаад янхан Баасаа, хар Баасаа минь энэ архичингаа ав гэж орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарахад гадаа Сүрэнчимэг нөхрийнхөө хамт орилж байсан. Би Сүрэнчимэгт хандаж би яахаараа янхан байдаг юм, намайг янхандаж явахыг хаана харсан юм, чамд хэн хэлсэн юм гэхэд би мэдэж байна гээд Сүрьеэгийнхэн сонсоорой миний аавтай хар Баасаа суух гэж байгаа гэж орилсон. Тэгээд Сүрэнчимэг намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Тэгээд гэрлүүгээ орохоор нь би араас нь орж хэрэлдсэн. Тэгтэл Сүрэнчимэг миний үснээс зулгааж авсан, би үснээс нь зулгаасан тэгээд салсан. Тэгтэл хутга аваад над руу ална гээд дайрсан. Би түүнд ал гэж хэлтэл хутгаа бариад гэрээс гарсан. Тэгээд буцаж гэрт орж ирээд намайг аавтайгаа хардаж хэрэлдээд байсан. Тэгээд гэрээс гарсан чинь Сүрэнчимэг хүрз аваад миний толгой руу 2 удаа, гар руу 2 удаа цохисон.Толгойноос цус гарсан ба миний гар өвдөж байсан. Тэгээд маргааш нь Сүрэнчимэг манай гэрт орж ирээд надаас уучлалт гуйсан. Тэр өдөр миний гар, толгой өвдөөд байхаар нь амралтын өдөр байсан тул гэртээ хэвтэж байгаад нэг дэх өдөр эмнэлэгт үзүүлэхэд шууны яс хугарсан байна гээд гараа гипсдүүлсэн. Сүрэнчимэг намайг аавтайгаа хардаж янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь би түүнтэй маргаснаас болж Сүрэнчимэг хүрзээр миний толгой, гар луу тус тус 2 удаа цохисон. Би шүүх эмнэлгийн 77 дугаартай дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна эрүүл мэндээ эрэмдэг болгуулсан. Би эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна, ямар нэгэн баримт байхгүй, би бэлэн мөнгөө өгөөд эмчилгээ хийлгэсэн, эмийн сангаас баримт аваагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 9, 71 дүгээр тал/
    Хохирогч Б.Баасанжавын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 77 дугаартай дүгнэлт: Б.Баасанжавын биед зүүн гарын богтос ясны дунд хэсгийн зөрөөгүй далд хугарал, дагз хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хугарал нь/ дагзны шарх нь хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөгүй гэх дүгнэлт. /хх-ийн 14 дүгээр тал/ 
Гэрч Т.Гантөмөрийн өгсөн: Би хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлголоо, мэдүүлэг өгнө. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай хажуу айлын Лигсаа цагаан сарын үлдэгдэл ганц юм байна уух уу гээд Баасанжав бид гурав 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд гэртээ ороход Сүрэнчимэг та Лигсаа, Баасанжав нартай архи уулаа гэж хэлчихээд гэрээсээ гараад Сүрэнчимэг намайг Баасанжавтай унтаж хэвтдэг гэж орилоод байсан. Тэгээд Баасанжав гэрээсээ гараад ирсэн бололтой гадаа хоорондоо хэрэлдээд байсан. Би юу ярьсан болохыг сонсоогүй. Тэгээд гэрт орж ирээд Баасанжав гар эвгүй болчихлоо, толгойноос цус гарч байна өвдөөд байна сая Сүрэнчимэг хүрзээр цохьчихлоо гэж хэлсэн. Баасанжавын ар дагз нь хагарсан бололтой байсан. Би хүргэнийгээ салгахгүй яасан юм бэ гэхэд намайг цохичих байх гээд салгаагүй гэж хэлсэн. Болсон асуудлыг Сүрэнчимэгийн нөхөр Чойжамц л харсан байх. Баасанжав орж ирээд Сүрэнчимэг хүрзээр цохьчихлоо гэж байсан. Сүрэнчимэг манай гэрийн гадаа байдаг хумбан хүрзээр цохисон юм шиг байна лээ. Уг хүрз миний эзэмшлийн хүрз байгаа юм. Одоо уг хүрз харагдахгүй болчихсон байсан. Чойжамц, Сүрэнчимэг нар Төв аймгийн заамар сум явахдаа машиныхаа тэвшин дээр тавиад явсан байх, манай гадуур харагдахгүй болсон. Манай охин Сүрэнчимэг огцом ууртай хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/
    Гэрч Ц.Чойжамцын өгсөн: Би хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлголоо, мэдүүлэг өгнө. Сүрэнчимэг, Баасанжав хоёр хэрэлдээд байсан. Би та болиоч жирэмсэн хүнтэй гэж хэлчихээд бие засахаар яваад иртэл Сүрэнчимэг Баасанжавыг хүрзээр цохиж гэмтээсэн байсан. Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төвшрүүлэх сум явахдаа цасанд сууж магадгүй гээд хүрзийг нь авч явсан. Тухайн үед цас ихтэй байсан. Төвшрүүлэх сум болоод, Төвшрүүлэх сумаас цааш явахдаа заримдаа цас ухаж байсан. Энэ л үед нэг газар мартсан байхаа. Би одоо хаана байгааг нь санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73 дугаар тал/ 
    Гэрч Х.Лигсаагийн өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Гантөмөр ахыг цагаан сарын үлдэгдэл архи байна уух уу гээд манайд Баасанжав, Гантөмөр ах бид гурав 0.75 литрийн архийг хувааж уусан. Архи уугаад Гантөмөр ах гэр лүүгээ явсан. Тэгээд эхнэр бид хоёр унтах гээд хэвтэж байхад Гантөмөр ахын гадаа хүмүүс хэрэлдээд Сүрэнчимэг орилоод байсан. Тэгтэл Баасанжав гараад ирье гээд гараад намайг аллаа гээд Баасанжав орилоод байсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэтэл Сүрэнчимэг эхнэрээ авахгүй бол аллаа шүү гэсэн. Би гэрээсээ гараад очтол бүгд чимээгүй болчихсон байсан. Тэгтэл Баасанжав гар болихоо байчихлаа гээд зүүн гараа барьчихсан, толгой нь бас хагарсан бололтой толгойгоо боолгуулж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 76 дугаар тал/
    Яллагдагч Г.Сүрэнчимэгийн өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аав Гантөмөрийнд аав, нөхөр Чойжамц, дүү Батдорж нарын хамт байж байхад Баасанжав эгч орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд эгчийнхээ дэвтрийг ломбарданд тавьсан олж өг гээд орилоод байсан. Би нөхрийнхөө хамт гэрээс гартал гарч ирээд хэрүүл өдөөд байхаар нь гэрийн хаяанд байсан хүрзээр зүүн гар руу 2 удаа, толгой руу нь 1 удаа цохисон юм. Баасанжав эгч орж ирээд агсан тавиад уур хүргээд байхаар нь цохичихсон юм. Би Баасанжав эгчийн зүүн гарын шуу хэсэг рүү барьсан хүрзээрээ 2 удаа, толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Баасанжав эгчийг хүрзээр цохих үед манай нөхөр бид хоёр гэрээс гарсан. Гэрийн гадаа нөхөр бид хоёр, манай гэрт аав, хүүхдүүд унтаж байсан. Баасанжав эгчийг гэрийн хажууд байсан нэг хүрзээр цохичихсон юм. Энэ манай аавын хашаанд байсан хүрз юм. Нөхөр бид хоёр 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төвшрүүлэх сум явсан юм. Явах замдаа энэ хүрзийг хэрэг болох байх гээд аваад явсан. Тухайн үед цас ихтэй байсан, цасанд суусан. Тэгээд манай нөхөр нөгөө хүрзээр цас ухаад байх шиг байсан. Тэгээд хүрзээ хаясан байсан. Би хаана ямар газар хаясан болохыг мэдэхгүй. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Баасанжав эгчийг аавтай битгий архи уугаад бай гэж хэлэхэд миний урдаас хэрэлдээд байхаар нь уурандаа хажууд байсан хүрзээр цохичихсон юм. Би хөхүүл хүүхэдтэй, холбогдох хэргээ хурдан шийдүүлмээр байна. Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас Төв аймгийн Заамар сум явсан ба энэ л үед хүрз алга болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36, 79 дүгээр тал/ 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-ийн 21 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Г.Сүрэнчимэг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Сүрьеэгийн ам гэх газар 2016 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн орой 19-20 цагийн орчим иргэн Б.Баасанжавыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу Б.Баасанжавыг аав Т.Гантөмөртэй эр эмийн харьцаатай гэх асуудлаас болж маргалдан хүрзээр толгойн тус газар нь 2 удаа, зүүн гар хэсэгт нь 2 удаа цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Баасанжав, гэрч Т.Гантөмөр, Ц.Чойжамц, Х.Лигсаа нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймээс шүүгдэгч Г.Сүрэнчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Шүүгдэгч Г.Сүрэнчимэг нь өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулахгүйгээр өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийг хангаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. 

Хохирогч Б.Баасанжав нь эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч түүнийгээ нотолсон  баримтыг хэрэгт болон шүүх хуралдаанд ирүүлээгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж энэ талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Г.Сүрэнчимэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогтой Гантөмөрийн Сүрэнчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Г.Сүрэнчимэгийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Сүрэнчимэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Хохирогч Б.Баасанжав нь өөрт учирсан хохиролын баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Г.Сүрэнчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сүрэнчимэгт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ