Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0477

 

 

 

 

 

 

2021 07 20 128/ШШ2021/0477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш овогтой Н.А /РД/,

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгээр урамшууллыг олгох боломжгүй гэж Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт чиглэл өгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг олгох чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Үндэсний шигшээ багийн пара жүдо бөхийн тамирчин, олон улсын хэмжээний спортын мастер Н.А нь төрөлхийн харааны бэрхшээлтэйн улмаас Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн болох нь тогтоогдсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн зэрэглэлийн тэмцээн, уралдаанд буюу 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн паралимпийн З дугаар наадам /4 жилд 1 удаа зохион байгуулагддаг/-д оролцож хүрэл медаль хүртсэн байдаг.

Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно гэж заасны дагуу урамшууллыг авахаар харьяалах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч дээд газраас чиглэл өгтөл урамшуулал олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Үүний дагуу дээд шатны байгууллага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандахад тус газар нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгээр ... нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно гэж заасан боловч ямар эх үүсвэрээс олгохыг тодорхой заагаагүй тул иргэн Н.А******* нарын урамшууллыг олгох боломжгүй байна. Хууль тогтоомжид өөрчлөлт орж тодорхой тусгасан тохиолдолд олгох боломжтой болно гэсэн хариуг өгсөн болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргасан боловч яамнаас хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу ийнхүү шүүхэд гомдол гаргаж байна.

Төрийн захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүрээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах эсхүл огт шийдвэр гаргахгүй байгаагаар илрэх бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, хуульд заасан холбогдох урамшууллыг олгохоос татгалзаж байгаа нь дараах нөхцөл байдлуудын хүрээнд хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Тодруулбал Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан бөгөөд тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан зохицуулалттай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хуулийг хэрхэн яаж хэрэглэх талаарх чиглэл, заавар, аргачлалыг хүргүүлсэн байдаг. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2622 тоот Аргачлал, чиглэл хүргүүлэх тухай, мөн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/251 тоот Чиглэл өгөх тухай албан бичгүүдээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг олгохдоо олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн гэсэн 6 зэрэглэлийн тэмцээний давтамж тус бүрээр тооцон тухай бүр олгоно. Өөрөөр хэлбэл олимпын наадамд алтан медаль авсан бол 1 сарын тэтгэврийн хэмжээг 48 сараар тооцон олгоно. Хэрэв энэ урамшууллыг авсны дараа тивийн наадамд оролцон медаль хүртсэн бол мөн л тухайн тэмцээний давтамжийн хугацаагаар тооцон урамшуулал олгоно..., Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг өмнө нь хэрэгжиж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, журамд заасны дагуу нийгмийн халамжийн сангаас олгож байсан. Харин шинэ хуулиар дээрх урамшууллыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих 33 дугаар зүйлд хамааруулж заасан хэдий ч шаардагдах төсөв хөрөнгө нь тухай орон нутгийн төсөвт тусгагдсан тул шалгуур нөхцөлийг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мөнгөн урамшууллыг олгох гэсэн байдаг.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудын веб сайтуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд холбогдох урамшууллыг авахдаа ямар ямар бичиг баримт бүрдүүлж авах талаар холбогдох мэдээллийг оруулсан байдаг нь хуульд заасан шалгуурыг хангасан иргэдэд итгэл төрүүлж буй нөхцөл байдал болно. Өөрөөр хэлбэл иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригдана.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хамаарагдана, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно, мөн хуулийн 26.4-т Энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1 .З, 26.1.4, 26.1.5, 26.1.6-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журам, жишиг үнийг Засгийн газар батална гэж заасан тул хуулийн заалт дээр заавал нэмэлт нарийвчилсан зохицуулалт хийж хэрэглэх шаардлагагүй буюу энэхүү урамшуулал олгох асуудлыг журмаар зохицуулах боломжгүй буюу урамшууллыг аль сангаас олгох талаар эрх зүйн зохицуулалт байхгүй гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Энэхүү шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-т зааснаар хүчин төгөлдөр болсон ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2020 оны 12 дугаар сарын 21 -ний өдрийн 1/1720 тоот албан бичгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хуульд заасан урамшуулал олгох тухай чиглэлийг холбогдох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосон юм.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл хуулийн болзол, шалгуурыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь хуульд заасан урамшууллыг авах боломжтой гэдэг нь харагдана. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 онд батлагдсан/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.15-т заасны дагуу хуульд заасан болзол, шалгуурыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд холбогдох мөнгөн тусламжийг өгч байсан боловч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд дээрх тусламжийг ямар сангаас, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхой тусгагдаагүй учраас өгөх боломжгүй гэдэг боловч 2005 онд мөрдөгдөж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд мөн уг тусламжийг нийгмийн халамжийн аль сангаас олгох талаар мөн л нарийвчлан тусгаагүй байсан тул өмнө нь нийгмийн халамжийн ямар сангаас тусламж, урамшуулал өгч байсан одоо мөн тэр сангаас олгоод явах боломжтой гэж үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжиж, урам, дэмжлэг, итгэлээр хөглөхийн зэрэгцээ, тухайн хүний цаашдын тэмцээн уралдаанд өөрийгөө бэлдэн оролцож амжилт гаргахад нь тус дэм болж буй дэмжлэг төдийгүй энэхүү урамшууллыг хуульд заасан чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс холбогдох сангаасаа олгож санхүүжүүлнэ гэж ойлгож байна.

Холбогдох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нийгмийн халамжийн сангаас болзол, шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуульд заасан урамшуулал өгөх бүрэн бололцоотой боловч, дээд газраас буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодорхой чиглэл өгөхөөс татгалзаж, олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч Н.А-ийн хуульд заасан урамшуулал авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрч байгаа болно.

Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бид 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийн цалин авдаг. Би 3 хүүхэдтэй. Бид 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгөөр амь зуудаг. Тэмцээнд явах үед зарим шигшээ багийн тамирчид улсын зардалгүй болоод, өөрийнхөө зардлаар явдаг байсан. Ийм байхад урамшууллын мөнгийг ч олгохгүй байгаад харамсалтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцах, халамжлах ганц газар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар байдаг. Өнгөрсөн жил бид дэлхийн наадамд яваад ирэхдээ энэ талаар мөн л хүсэлт гаргаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өөр хандах газар байхгүй. Хүлээж бай гээд 3 жил боллоо. Азийн Паралимпод оролцож медаль хүртсэн тамирчдыг хүлээж аваад мөнгөн урамшууллын талаар хэлэлцэж байгаа тул түр хүлээж бай, заавал олгох тул санаа зоволтгүй гэж хэлж байсан. Аргаа бараад өмгөөлөгч сонгон авч, захиргааны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Түүнээс урьд нь дандаа биеэр очиж уулзаж, амаар хариу авч байсан. Жил өнгөрөх тусам болсон үйл баримтын талаар мартаад байна. 4 тамирчдаас 2 нь мөнгөн урамшууллыг авсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг ойлгохоор заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамж, үйлчилгээг авах субъект мөн гэдгийг заасан.

Нийгмийн халамжийн тухай хууль болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хэрэгжүүлэх чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал хамаарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал олгох чиглэл олгохыг доод шатны байгууллага болох Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж өгөхийг нэхэмжлэгчийн зүгээс хүсэж байна. 2005 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан мөнгөн тусламжийн нийгмийн халамжийн 9 /есэн/ сангийн аль сангаас олгох талаар тусгайлан заасан зүйл байхгүй. Засгийн газрын тогтоолд мөн тэр талаар зохицуулсан зүйл байхгүй. Хэдийгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль шинэчлэгдсэн батлагдсан боловч өмнө хүчин төгөлдөр хэрэгжиж байсан хуульд аль сангаас олгож байснаар одоо олгох боломж байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас чиглэл өгөгдсөн. Мөн төрийн захиргааны байгууллага болох хариуцагчид төсвийн тодотгол хийлгэх, төсвийн саналаа дээд шатны байгууллагад хүргүүлэх эрх байгаа. 2016 онд хууль шинэчлэгдсэнээр мөнгөн урамшууллыг хэрхэн олгох талаар тусгайлан зохицуулсан хуулийн заалт байхгүй гэх нэрийдлээр Н.А******* болон бусад 13 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол 2016 оноос хойш зөрчигдсөөр ирлээ. Үүнээс хойш яг ямар арга, хэмжээ авахуулсан талаар бодит үр дүн байхгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаад, төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж болох асуудал байгаа талаар дүгнэлт хийгээд, шийдвэр гаргасан байхад одоо энэ асуудлын талаар журам, хууль байхгүй тул олгох боломжгүй гэх хариуг өгөөд байгаа нь бидний хувьд шударга бус санагдаж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар нийгмийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдэд тусламж үзүүлээд, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах нь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын чиг үүрэг учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг авах нөхцөл, болзлын хангаад байгаа иргэдэд холбогдох урамшууллыг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10-т зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хууль бус шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй бөгөөд хууль бус шийдвэр гэдэгт ерөнхийдөө хуульд заагаагүй нөхцөл, хэлбэр, хэмжээгээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох тохиолдол хамаарна.

Тухайн жилд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжид зориулагдах хөрөнгө зориулалт, төрөл тус бүрээр нарийвчлан төсөвлөгдөн зарцуулагддаг. Зарим тохиолдолд Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар нийгмийн халамжийн зарим төрлийн тэтгэмжийн эх үүсвэрийг тодорхой зааж өгч, төсөвт тусгагдан олгогддог билээ. /Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоол, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам, Цалинтай ээж хөтөлбөр гэх мэт/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан тохиолдолд олгох мөнгөн урамшууллыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн байгууллага олгоно гэсэн хуулийн заалт байхгүй, эх үүсвэр, төсвийг хэрхэн шийдэж өгөх талаар хуулийн зохицуулалт байхгүй тохиолдолд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нийгмийн халамжийн тодорхой зориулалт, төрөл тус бүрээр төсөвлөгдсөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг мөнгөн урамшуулал хэлбэрээр олгох боломж байхгүй юм.

Иймд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг олго гэсэн шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн халамжийн үйлчилгээг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд хэрэгжүүлж ажилладаг. Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийг дараах үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна гээд нийт 9 зориулалтыг хуульд тусгаж өгсөн байна. Энд урамшууллын талаар огт тусгагдаагүй. Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн талаар зохицуулсан. Энэ зүйлд нийт 16 төрлийн хөнгөлөлтийн талаар тусгахдаа мөн л урамшууллын талаар тусгаагүй байдаг. Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд нэхэмжлэгч Н.А-ийн хүсэлтэд дурдаад байгаа мөнгөнтй талаар Нийгмийн халамжийн санд тусгаагүй байна. Бусад халамжийн сан дээр төрөл, зориулалт, хэмжээг нь заагаад жил жилээр нь олгодог. Зориулалтын дагуу орж ирсэн сангийн мөнгийг урамшуулал гээд хэн нэгэнд олгох эрх мэдэл бидэнд байхгүй. Хэрвээ урамшуулал хэлбэрээр нэхэмжлэгчид олгох юм бол халамжийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан болно. Тиймээс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд зориулалтын дагуу орж ирсэн хөрөнгийг мөнгөн урамшуулал хэлбэрээр гаргах эрх байхгүй, тийм боломж хууль зүйн хүрээнд байхгүй гэдэг талаар хариуг нэхэмжлэгчид өгч байсан.

Халамжийн байгууллага нь тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үзүүлж, тусламж олгох чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Халамжийн сан гэдэг бол зориулалтын дагуу ирсэн хөрөнгийг түүнийх нь дагуу хуваарилдаг. Энэ утгаараа нэхэмжлэгчид хариуг өгч байсан. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б*******ын шийдвэрлэсэн хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллагад Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст урамшуулал олгох талаар чиглэлийг хүргэж байсан.

Чиглэл явуулсны дараа бидэнд Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хариу ирсэн. Уг хүнд мөнгөн урамшуулал олгохоор материалыг бүрдүүлэн авч байх явцад илэрсэн зүйл нь тухайн хүнийг тэмцээнд оролцож байх хугацаанд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гараагүй байсныг тогтоосон. Тэр баримт байхгүй байгаа талаар хариуг манайд ирүүлсэн. Тэгэхээр аймгийн байгууллагыг буруутгах арга байхгүй. Халамж хүсэн, өргөдөл гаргаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тохиолдол, бүрдүүлж байгаа баримтууд нь өөр хоорондоо ялгаатай. Өмнө шийдвэрлэсэн хэргийн шүүхийн шийдвэрээс үзвэл, мөнгөн урамшууллыг 8 халамжийн сангийн хөрөнгөнөөс дур мэдэн гаргах аваас зориулалт бусаар зарцуулсан хэмээн акт тогтоогдоод явдаг талаар хариуцагч талаас нь тайлбар өгсөн байгаа. Яг л тийм юм болдог.

Урьд нь энэ асуудлын талаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нарийвчлан зохицуулдаг байсан. Одоо уг тогтоолууд хүчингүй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэдэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгууллагдсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж сонссон. Мөнгөн урамшуулал олгох жишиг дүн, хэмжээ нь ямар байх талаар тогтоол гарган хэлэлцүүлэх талаар яригдаж байгаа. Тогтоол байхгүй байгаа тохиолдолд бид халамжийн санд тухайн сард төсөвлөгдсөн тэтгэвэр, тэтгэмжийн зориулалтаар орж ирсэн мөнгөний бид хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох мөнгөн урамшуулах хэлбэрээр олгох боломжгүйг дахин хэлмээр байна. Манай талаас нэхэмжлэгчид татгалзсан хариу өгөөд байгаа нь ийм учиртай.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байна. Дүгнэлтэд хугацаагүйгээр тогтоосон. Энэ талаар яриад байх зүйл байхгүй гэж бодож байна. Энэ баримтыг шаардсан шалтгаан нь энэ хэргийн үйл баримтыг тодорхой болгох шаардлагатай байсан. Уг дүгнэлтийг үндэслээд, халамжийн үйлчилгээнд хамрагдуулхаар хуульд заасан байдаг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгээр урамшууллыг олгох боломжгүй гэж Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт чиглэл өгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг олгох чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгах шаардлага гарган маргасан бөгөөд шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанд үнэлэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Н.А нь Монголын Үндэсний шигшээ багийн пара жүдо бөхийн тамирчин, олон улсын хэмжээний спортын мастер бөгөөд төрөлхийн харааны бэрхшээлтэйн улмаас Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдсан нь тогтоогдсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн зэрэглэлийн тэмцээн, уралдаанд буюу 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн паралимпийн З дугаар наадамд оролцож хүрэл медаль хүртсэн байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор тодорхой заасан бөгөөд Н.А-ийн хувьд энэ урамшууллыг авах шалгуурыг хангасан эсэх талаар маргаангүй байна.

Тухайлбал тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй, 2 нүдний хараа бүрэн алдагдсан /70-100/, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүй тогтоосноор 2018 онд тэмцээнд оролцох үед хөгжлийн бэрхшээлтэй байсан нь нотлогддог, Монголын паралимпийн жүдо бөхийн холбоо 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Биеийн тамир, спортын бодлогын газарт, 2020 оны 8 дугаар сарын 13-нд 3/05 тоотоор Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус Индонези улсын Жакарта хотноо 2018 оны 10 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохиогдсон паралимпийн Азийн З дугаар наадмаас +70 кг жинд Н.Аоролцож хүрэл медаль хүртсэн, уг тэмцээн нь 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг, олон улсын паралимпийн холбооны албан ёсны төлөвлөгөөнд орсон олимпын эрх авах албан ёсны тэмцээн хэмээн тодорхойлсон байдаг.

Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан шалгуурыг хангасан гэж үзэн нэг удаагийн мөнгөн урамшууллыг хүсэж Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өргөдлийг тус байгууллагын албан ёсны цахим санд байх мэдээллийн дагуу шаардлагатай баримтуудыг хавсарган хандсан ч ерөнхий газраас чиглэл ирэхийг хүлээж байгаа гэсээр 2021 оны 1 дүгээр сарын 13-нд 19 тоот албан бичгээр урамшууллыг аль сангаас олгох талаар тодорхойлоогүй тул нийгмийн халамжийн сангаас олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.

Улмаар чиглэл хүсэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандахад 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нийгмийн халамжийн сангаас олгох тусламж хөнгөлөлтөд тус урамшуулал ордоггүй, 33 дугаар зүйлийн 33.4-т заасан ... урамшууллыг ямар эх үүсвэрээс олгохыг тодорхой заагаагүй тул олгох боломжгүй. гэх хариуг өгчээ. Үүнийг орон нутгийн харьяа газарт чиглэл өгөхөөс татгалзсан үйлдэл гэж үзээд нэхэмжлэлийн энэ шаардлагаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан хэргийг шийдвэрлэлээ.

Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 оны/-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын бүлэгт Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.15-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж-ийг нийгмийн халамжийн сангаас олгохоор энэ маргаанд хамаарах харилцааг тодорхой заасан байсан ч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 оны/-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний бусад эрх бүлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих гэсэн 33 дугаар зүйлийн 33.4-т Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно хэмээн хуульчилж, урамшууллыг олгох эх сурвалжийг хуульд заагаагүйгээс энэ маргаан үүсжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 оны/ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, энэ талаар иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулж байсан бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 оны/ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар батлагдсан, өөрөөр хэлбэл өмнөх хуулиар зохицуулж байсан харилцааг үргэлжлүүлэн зохицуулж буй хууль юм.

Өмнөх хуулиар яг адилхан тохиолдолд нийгмийн халамжийн сангаас олгож байсан мөнгөн тусламжийг ийнхүү шинэ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 оны/-д тусгахдаа мөнгөн урамшуулал хэлбэрээр олгохоор зааж, ингэхдээ 26 дугаар зүйлд нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийг тусгайлан нэр зааж хуульчилахдаа энэхүү тив, дэлхийн спортын тэмцээнд үзүүлсэн амжилтыг нь үнэлж олгох мөнгөн /тусламж/ урамшууллыг нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт, тусламжийн жагсаалтад оруулаагүйгээс гадна мөнгөн урамшууллыг аль сангаас олгох санхүүжилтийн эх үүсвэрийг заагаагүй орхигдуулжээ.

Огт хуульчлаагүй байсан бол өөр хэрэг, гэтэл ийнхүү Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно хэмээн тодорхой заасан тул хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг төрийн захиргааны байгууллагад хамаарна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал багтаж байгаа, энэ ч утгаараа тэрээр мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д хууль тогтоомж, өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллагад шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ гэх бүрэн эрхийн хүрээнд шууд харьяалах агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2622 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/251 дүгээр албан бичгээр маргаанд хамаарах заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой аргачлал, чиглэл хүргүүлж байжээ. Тухайлбал 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2622 дугаар албан бичгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг өмнө нь хэрэгжиж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, журамд заасны дагуу нийгмийн халамжийн сангаас олгож байсан. Харин шинэ хуулиар дээрх урамшууллыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих 33 дугаар зүйлд хамааруулж заасан хэдий ч шаардагдах төсөв, хөрөнгө нь орон нутгийн төсөвт тусгагдсан тул шалгуур, нөхцөлийг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мөнгөн урамшууллыг өмнө бүрдүүлж байсан баримт бичгийн дагуу олгох аргачлал, чиглэл, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/251 дүгээр албан бичгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг ...тэмцээний давтамжийн хугацаагаар тооцон олгох чиглэлийг тус тус өгчээ.

Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар олгох олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал-ыг аль сангаас олгох, хаанаас санхүүжүүлэх нь тодорхойгүй гэх шалтгаар олгохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар 5-д заасан хөдөлмөрийн чадвар алдах болон хуульд заасан бусад тохиолдолд мөнгөн тусламж авах Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчих, хангахгүй байх үндэслэл болохгүй, нөгөө талаас хуулийн тодорхой заалтыг нарийвчлан журамлах үүргийг хуулиар Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлээгүй тохиолдолд хэм хэмжээний акт гарахыг хүлээх байдлаар хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас буюу асуудал хариуцсан сайдаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор урамшуулал болгон олгох мөнгөн урамшууллыг хэрхэн олгох талаар хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт аргачлал, чиглэл хүргүүлсээр атал орон нутгийн харьяа газарт чиглэл өгөхөөс татгалзсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын шийдвэр нь хууль бус байна.

Иймд хуулиар тодорхой заасан мөнгөн урамшууллыг олгохгүй Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгээр урамшууллыг олгох боломжгүй гэж Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт чиглэл өгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг олгох чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгээр урамшууллыг олгох боломжгүй гэж Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт чиглэл өгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг олгох чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ХАЛИУНА