Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/404

 

 

 

 

 

 

 

 

 

2022           10              10                                                  2022/ШЦТ/404

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Солонго,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

  Хохирогчийн өмгөөлөгч Б.Халиунаа,

   Шүүгдэгч О.М , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С овогт М д холбогдох эрүүгийн 2234000000233  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С овогт М , ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч О.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч О.М  нь Төв аймаг Зуунмод сум Номт 1-р баг Хөгжил хотхон 186 тоот гэртээ 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б ын зүүн бугалга, шуу, хэвлий хэсэгт заазуураар зүсч хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000233  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.Б ын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой гэртээ байж байсан чинь шөнө 23 цаг өнгөрч байхад манай найз Н  нь над руу гар утсаар залгаад ганц юм уух уу хөгшөөн гэрээсээ гараад ирээч гэхээр нь тухайн үедээ найз нь уухгүй гэж хэлээд унтах гэсэн нойр хүрэхгүй байхаар нь би Н  руу буцааж залгаад яваад ирээ гэсэн чинь манай гэрийн гадаа ирсэн. Би гарч уулзаад Н  М гийн гэрт очьё гээд М гийн гэрт ирээд гэрт нь 0,5 грамм талыг нь уусан архитай орсон чинь М  өөрөө халамцуухан нэг 0,5 грамм архины талаас доош хэсгийг нь уучихсан сууж байсан. Тэгээд нөгөө хоёр жаахан архиа хувааж ууж дуусаад Н  бид хоёр явахаар болсон чинь М  та хоёр явах гээд байгаа юм уу ойрд уулзаагүй байж ганц нэг шил архи нэмээд олоод ирээч гэхээр нь бид хоёр гараад хуучин театрын баруун талд байрлах баарнаас 0,5 грамм хоёр шил архи аваад буцаад М гийн гэрт нь очоод тэр хоёр шил архиа хуваан ууж дуусаад Н  гэртээ харина гээд явсан би М тэй хамт гэрт нь унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө Н  гар утсаа үлдээсэн байна гээд гаднаас орж ирээд утсаа хайж байгаад утсаа олсон. Тэгээд бид гурав юм яриад сууж байсан М  шартаад байна шараа тайлах уу гэсэн Н  картаа өгөөд 0,75 грамм хоёр шил архи, 3 бэлэн гоймон, 2 ундаа, 2 тамхи аваад гэрт нь орсон. Тэгээд тэр архийг уугаад байж байсан чинь М гийн дүү гэх 2 эмэгтэй гэрт нь орж ирээд та хэд архи дарсаа боль гэж хэлсэн чинь М  та хоёрт хамаагүй би найз нөхөдтэйгөө ойрд уулзаагүй юм ярьж байна гээд хоёр дүүгээ гэрээсээ хөөгөөд явуулсан. Би М д архи уусан нь бид нарын буруу шүү дээ чи битгий хоёр дүүгээ хамаагүй загнаад бай гэж хэлсэн. Эхний нэг шил архиа ууж дуусаад хоёр дахь архиа уугаад эхэлсэн байсан. М  бид хоёр зэрэгцээд сууж байсан Н  гар утсаар яриад хотоос найз нөхөд ирж байгаа юм байна хоёулаа гаръя гээд яриад байж байсан чинь М  босоод явсан гал тогооны өрөөнөөс заазуур бариад орж ирээд шууд над руу дайраад заазуураа далайгаад цохихоор нь би зүүн гараараа хамгаалсан чинь миний зүүн гар дээр заазуураараа хоёр удаа цохиж зүссэн. Тэгээд би биеэ хамгаалаад зайлсан чинь гурав дахь цохилт нь миний зүүн бөөр хэсгийг зүсэхээр нь би баруун гараараа түлхсэн чинь заазуураа алдаад газар унасан. Тэр үед Н  цаанаас гүйж ирээд миний цусыг алчуураар дарсан чинь М  цус хараад гэрээсээ гараад зугтаагаад явчихсан. Цус их алдсан Н  түргэн дуудсан түргэн ирээд би эмнэлэг явсан. М тэй 2000 он гарснаас хойш танилцсан хаа нэг нийлж уулздаг байсан. Өмнө бид хоёрын дунд ямар маргаантай асуудал байгаагүй. Уулзаагүй 2-3 жил болж байгаа. Бид хоёр гойд юм яриагүй. Хотоос хүн ирнэ гээд бид хоёр гарна гэж хэлсэн. Ямар шалтгаанаар над руу дайрсан талаар би мэдэхгүй байгаа. М  надтай ойролцоо согтуу байсан. Бүүр их согтоогүй байсан байх аа гэж бодож байна. Зүүн гарын шуу, булчингийн ар хэсэг газар хоёр удаа зүссэн. Зүүн бөөрний харалдаа арьсанд 1 удаа зүссэн. Одоо хавдартай шөнө болохоор янгинаж өвдөж байгаа. Гомдолтой байна ажил хийж чадахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 27-29/,

Гэрч Д.Н гийн өгсөн: “Би М , Б  гэх хоёр найзын хамт М ын гэрт 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр архи ууж байгаад тэр шөнө би гэртээ харихдаа гэрт нь утсаа орхисон байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 11 цагийн үед утсаа авах гээд М ын гэрт ирсэн чинь Б  тэр хоёр шартаад байна архи аваад өгөөч гээд байхаар би Б т өөрийн картаа өгч явуулсан удалгүй хоёр шил архи "Х" гэх архи аваад ороод ирсэн. Тэгээд тэр архийг хувааж уугаад юм яриад сууж байсан би гал тогооны өрөөнд ороод ус уугаад цонхоор гараад утсаар яриад зогсож байсан чинь Б  гараа дараад гараас нь цус гоожоод М  миний гарыг заазуураар зүсчихлээ гэж хэлсэн. Би эмнэлэг болон цагдаа дуудсан. Тэгээд би том өрөөнд орсон чинь М  байхгүй гараад явчихсан байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд аваад явсан. Би цагдаа нартай гараад явж байсан М  гэрийн гадаа алхаж яваад цагдаа нартай таарсан. Баруун гар нь зүсэгдсэн байсан. Цус их гараад байхаар нь би алчуураар дараад байж байгаад эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Ямар шалтгаанаар муудсан талаар би мэдээгүй. Намайг байхад муудах зүйл болоогүй байсан. Заазуур хаанаас авсан талаар мэдэхгүй байна. М  Б  гэх хүнийг ямар заазуураар зүсэж гэмтээсэн талаар мэдэхгүй тэрийг нь хараагүй. М  болон Б  гэх хүмүүс согтуу байсан. Би өмнө өдөр уусан байсан. Тухайн үед болсон зүйлийг санаж байна. Тэр хоёр өмнө нь маргалдаж байгаагүй. Бид гурав 10 гаран жил найзалж байна. М ын эгч болон дүү гэх хоёр эмэгтэй хүн хэрэг болохоос нэлээн өмнө гаднаас орж ирээд архи уухаа боль гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 32/,

            Гэрч О.Мөнхтуулын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 23-24-нд  шилжих шөнө гэртээ амарч байсан чинь миний утас руу М  ахын найз нь болох Н  залгаад ахын чинь бие эвгүй байна эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь шөнө яваад ирсэн чинь Н  утсаа авахгүй М  ах гэрийн хаалга тайлахгүй байхаар нь машиндаа ороод сууж байсан чинь манай ах гэрээсээ хаалга тайлаад гараад ирсэн. Та хаачих гэж байгаа юм, гэрт чинь хүн байгаа юм уу гэж асуухад байхгүй. Чи энэ шөнө болсон байхад юу хийж яваа юм гэхээр нь Н  над уруу таны бие өвдөөд байна гэж хэлсэн шүү дээ зүгээр юм уу гэхэд би зүгээр гэж хэлээд гэртээ орсон. Тэгсэн удалгүй Н  над уруу утсаар залгахаар нь би ирсэн байна  чи өөрөө хаана байгаа юм гэхэд би гэртээ байна гэхээр нь яваад өгсөн. Тэгээд би 2022 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ахыг бие нь өвдөж байгаа байх гэж бодоод дүү Мөнхнаранг гэрт нь очоод үзээд ирээч гээд явуулсан. Мөнхнаран над руу утсаар залгаад гэрт нь нэг эрэгтэй хүн байна намайг гэрээс нь гарах үед зөрөөд тортой архи барьсан хүн орлоо гэхээр нь би 30-40 орчим минутын дараа дахин дүүгийн хамт орсон чинь Н , Батаа хоёр манай ахтай архи уугаад сууж байхаар нь та нар хоёр өдөр архи уусан бие чинь дийлэхгүй шүү дээ гэхэд танай ахын сэтгэлийг засаж байсан гэсэн. Тэгсэн манай ах М  манай найзууд гэрт ирсэн байхад та хоёр гаднаас орж ирээд яагаад хөөгөөд байгаа юм гээд уурлаад байхаар нь бид хоёр гараад явсан.  Нилээн согтуу байх шиг байсан. Би Н гийн эхнэр лүү залгаад чи очоод тэд нарыг хэлээд тараагаад өгөөч гэж хэлсэн. Нэг уухаараа хэдэн өдөр уугаад байдаг юм. Сүүлийн үед архи уусан үедээ догшин авиртай болоод байгаа. Бид нар эмнэлэгт үзүүлнэ гэж бодож байсан. Сэтгэл санаа болон сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй.” гэх мэдүүлэг /хх 34/,

            Гэрч О.Мөнхнарангийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байсан чинь манай төрсөн эгч Мөнхтуул өдөр 15 цаг өнгөрч байх үед манай гэрт ирээд ах М ыг гэрт нь очоод үзүүлээ гэж хэлээд явсан. Би 14 цагийн үед М  ахын гэрт яваад очсон чинь гадаа гэрийн хаалга нь онгорхой байхаар нь хоёр давхарт нь яваад орсон чинь гэрийн буйдан дээрээ үл таних хүнтэй хамт юм яриад сууж байсан би ахаас машины холбогч байна уу гэж асуусан чинь нөгөө үл таних хүн утсаар яриад чи М гийн гэрт яваад ирээ гэж хэлж байгаа нь сонсогдсон. Би гарах гээд доош шатаар буусан чинь надтай зөрөөд гаднаас гэрт нэг эрэгтэй хүн тортой архи бариад орсон. Би ахаас таны бие зүгээр үү гэж асуусан чинь ах нь зүгээр найз нартайгаа хамт сууж байна гэхэд хамт байсан нэг ах нь бид нар найзууд нь байна зүгээр гэж хэлсэн. Би гадаа ахын машины багаж хэсгээс холбогч байгаа эсэхийг үзээд түлхүүрийг нь оруулж өгөөд гэрээс гарч яваад Мөнхтуул эгчид болсон зүйлийн талаар хэлсэн чинь тэгвэл буцаад хамт очно гэж хэлээд бид хоёр удалгүй буцаад очсон. Тэгээд гэрт нь орсон чинь ах М  босож ирээд та хоёр найзуудтай хамт байхад яагаад байнга гэрт орж ирээд байгаа юм гэхээр нь би манай ахын нэг нүд нь юм харахгүй байгаа бие нь өвдөөд байгаа архи битгий уугаач гэхэд цаанаас нь нэг хүн бид нар зүгээр юм яриад сууж байна гэж хэлсэн. Тэгсэн М  ах над уруу чи гэрээс яв түрүүнээс хойш гэрт байнга орж ирээд ядаргаа болоод байх юм гэж хэлсэн чинь эгч Мөнхтуул хоёулаа явъя гээд бид нар явсан. Бид хоёрыг гэрт орох үед тухайн хүмүүс дунд зэргийн согтолттой байсан. Хааяа ганцаараа гэртээ уудаг. Нүд нь өвдөөд байгаа нээх уухгүй байсан. Архи уухаараа жаахан ууртай.” гэх мэдүүлэг /хх 36/,

Шүүгдэгч О.М ын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр найз Б , Н  хоёртой хамт гэртээ ганц нэг жаахан юм уусан юм тэрнээс хойш тасарчихсан байна. Чих хатуу чихний хагалгаанд орж байсан. Өрөөсөн нүд юм харахгүй. Бид гурав 6 шил архи уусан байсан. Хоёр шил архи уугаад Батааг гэр лүүгээ яв одоо болно гэж хэлсэн тэгсэн Батаа явахгүй гээд байхаар нь би яв гээд түлхсэн тэгээд сайн санахгүй байна. Би архи хэтрүүлэн уусан үедээ дотор муухай болдог өөр ганц хоёр хоног болоод гайгүй болдог юм. Бид хоёр найзлаад овоо хэдэн жил болж байна. Өмнө бид хоёр маргалдаж байгаагүй. Тухайн өдөр манай дүү Мөнхнаран, Мөнхтуул нар орж ирсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.

Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн надаа одоо нэмж ярих зүйл байхгүй. Би Б.Б т дансаар 200 000 төгрөг өгсөн байгаа. Одоо Б  надаа баримт гаргаж өгвөл би үлдсэн хохирол мөнгө барагдуулна.” гэх мэдүүлэг /хх 38, 67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №242 дугаартай шинжээчийн: “1.Б.Б ын биед зүүн бугалга, шуунд шарх, зулгаралт. Хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий олон удаагийн зүсэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №607 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “1.Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №242 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.2022 оны 4 дүгээр сарын 24-ний Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №1246 тоот хуудсанд Артерийн даралт болон амин үзүүлэлтүүд өөрчлөлтгүй байна. 3.2022 оны 4 дүгээр сарын 24-ний Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №1246 тоотод хуудсанд зүүн шууны өнгөц шарх гэсэн онош тавигдсан байх ба ирүүлсэн материалаар шархны гүний хэмжээг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх 136-138/,

   Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /хх 3-17/, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх 18, 20/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн прокурорын тогтоол /хх 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч О.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б ын эрх чөлөөнд халдаж заазуураар зүссэний улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд зүүн бугалга, шуунд шарх, зулгаралт, хэвлийд шарх бүхий хохирол учирсан байх бөгөөд энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч О.М ын дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүний буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул, 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,  хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж зааснаар,

 шүүгдэгч О.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч О.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, 

            хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч О.М  нь хохирогчийн эрүүл мэндэд олон удаагийн буюу гурван удаагийн үйлдлээр зүүн гарын шуу, бугалга, зүүн хэвлийн доод хэсэгт, гурван өөр зэвсгийн чанартай зүйл буюу гурван ширхэг заазуураар заазуурдаж гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр, хохирогчийг 2,06 хувийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байхад нь эрх чөлөөнд нь халдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.М ын хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл ангид зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн тул тухайн зүйл ангид заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.М , хохирогч Б.Б  нар нь архидан согтуурсан үедээ муудалцаж хэн алиныхаа эрх чөлөөнд халдаж шүүгдэгч хохирогчийн эрх чөлөөнд заазуураар гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулахдаа 3 заазуураар гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдоогүй хэрэг учрал болсон газар цагдаагийн байгууллагын алба хаагч очихдоо гэрт байсан заазууруудыг хураан авсан талаар шүүгдэгч мэдүүлдэг. Аль заазуураар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй хэргийн оролцогч нар мөн заагаагүй.

 

Шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулахдаа нэг цаг хугацаанд учруулсан болох нь хохирогч Б.Б ын өгсөн "М  босоод явсан гал тогооны өрөөнөөс заазуур бариад орж ирээд шууд над руу дайраад заазуураа далайгаад цохихоор нь би зүүн гараараа хамгаалсан чинь миний зүүн гар дээр заазуураараа хоёр удаа цохиж зүссэн. Тэгээд би биеэ хамгаалаад зайлсан чинь гурав дахь цохилт нь миний зүүн бөөр хэсгийг зүсэхээр нь би баруун гараараа түлхсэн чинь заазуураа алдаад газар унасан." /хх 28/ мэдүүлгээр тогтоогддог.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн "Шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн." гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч дээрх шүүгдэгчид холбогдох зүйлчлэлийг хүндрүүлэх саналаа мөрдөн шалгах ажиллагаанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гаргаагүй болохыг дурдав.       

 

            Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд,  хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 

   Хохирогч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм хорын хохиролд эм тарианы болон шатахууны зардал, авах байсан цалин гэж 11 514 640 төгрөг нэхэмжилсэн.

 

Хохирогч хавтаст хэргийн 89-р хуудсанд эм тарианы болон шатахууны зардал гэх 143 650 төгрөгийн нотлох баримт ирүүлж Транзит Жем ХХКомпанид жолооч ажилтай сарын 730 000 төгрөгийн цалин авдаг, тээвэрт явсан тохиолдолд 5 саяаас 8 сая төгрөгийн цалин авдаг  байсан 5 сард 3 удаа тээвэрт явах байсан боловч явж чадаагүй авах ёстой байсан цалин мөн нэг сар ажилгүй байсан авах ёстой цалин нийт 11 222 990 төгрөг гаргуулахаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, компанийн тодорхойлолт /хх 90, 146-147/ зэргийг ирүүлжээ.

 

   Дээрх нотлох баримтаас шүүх эм тарианы болон шатахууны зардал гэх 291 650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар ирүүлсэн 143 650 төгрөгийн хохирлын баримт /хх 89/ нотлох баримтын хуулийн шаардлага хангасан гэж үзэн хангаж, 148 000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж, үлдэх 11 222 990 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангаагүй, авах ёстой байсан цалингаа авч чадаагүй гэдгээ нотолж чадаагүй гэж үзэв.

 

 Хохирогч Б.Б  эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас 2022 оны 5 дугаар сард ажилдаа явж чадаагүй гэсэн боловч шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтод 4, 5 дугаар саруудад тус бүр 730 000 төгрөгийн цалин авсан болох нь харагддаг, мөн 2022 оны 5 дугаар сарын 3, 18, 31-ны өдрүүдэд тээвэрт явсан бол 10 492 990 төгрөгийн цалин авах ёстой байсан гэх компанийн тодорхойлолт ирүүлсэн боловч ийм цалин өмнө нь авч байсан гэдгийг нотлох татвар төлөлтийн баримт хэрэгт ирүүлээгүй гэж үзэв.

 

Иймд хохирогч Б.Б  дээрх 11 222 990 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогчид 200 000 төгрөг өгсөн байх тул шүүхээс хангаж шийдвэрлэсэн 143 650 төгрөгийг шүүгдэгч төлсөн гэж үзнэ.

 

Эрүүгийн 2234000000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор модон иштэй бариул хэсэгтээ 2 ширхэг төмөр хадаастай заазуур 1 ширхэг, бор модон иштэй бариул хэсэгтээ 3 ширхэг хадаастай заазуур 1 ширхэг, бор эрээн хуванцар бариултай заазуур 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч О.М ыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Шүүгдэгч О.М д оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн 2234000000233  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор модон иштэй бариул хэсэгтээ 2 ширхэг төмөр хадаастай заазуур 1 ширхэг, бор модон иштэй бариул хэсэгтээ 3 ширхэг хадаастай заазуур 1 ширхэг, бор эрээн хуванцар бариултай заазуур 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

 

7.Хохирогч Б.Б ын нэхэмжлэлийн шаардлагаас шүүхээс хангаж шийдвэрлэсэн 143 650 /нэг зуун дөчин гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч О.М  төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Б  нь 11 222 990 /арван нэгэн сая хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун ер/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАТЖАРГАЛ