Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/782

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр

хохирогч “МРТ Ойл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ********, түүний өмгөөлөгч Д.Жамьяндагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хөндийхөн овогт Баярмагнайн ********т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105019991161 дугаартай 3 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ********.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******** нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МРТ Ойл” ХХК-ийн борлуулалтын менежерээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа буюу тухайн компанийн борлуулалтын орлого болох 25.967.802 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан;

-Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Төв аймгийн Сүмбэр сумын Соёлын төвийн барилга засвар, гадна тохижилтыг хийх тендерт тэнцүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч ********аас 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилан өөрийн Хаан банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

-2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ********д “Дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 5.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэмүүжин өрлөг сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 1.000.000 төгрөгийг тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогч ********аас нийт 6.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** “Мөнгөн дүнг нь хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө буруу ойлгож явсан. Мөнгө авсан нь үнэн. Тухайн үед надад шалтгаан байсан. Өөрт холбогдох үйлдлүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Бусдыг залилж авсан мөнгийг би хувьдаа зарцуулсан. Ч.Чулуунбаатарын хохиролд ээжийнхээ автомашиныг өгч хохирлыг барагдуулсан. “МPT Ойл” ХХК-ийн хохирлыг төлж барагдуулах талаар ерөнхий менежертэй нь очиж уулзаж байсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “МРТ Ойл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******** “Хохирол төлбөрөө барагдуулаад авчихвал манай байгууллагад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. “МРТ ойл” ХХК-нд учирсан 25.967.802 төгрөгийн хохирлоос тооцоо нийлээд 1.438.200 төгрөгийг хасаж тооцон үлдэх 24.529.602 хохирлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг.             

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл,

Нэг. Шүүгдэгч ******** нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МРТ Ойл” ХХК-ийн борлуулалтын менежерээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа буюу тухайн компанийн борлуулалтын орлого болох 24.529.602 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:       

1.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “МРТ Ойл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ********ийн  өгсөн: “...Би Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “МРТ Ойл” ХХК-д хуульчаар ажилладаг бөгөөд манай компанид борлуулалтын менежер 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орсон ******** нь манай байгууллагаас тос тосолгооны материал байнгын худалдаж авдаг аж ахуй нэгж болон иргэдээс бараа бүтээгдэхүүнийг минь зарж харин мөнгийг нь өөрийн хувийн данс болон хүүхдийнхээ дансаар авсан байсан нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн дотоод шалгалтаар ******** нь нийт 13 удаагийн үйлдлээр 28.056.250 төгрөгийг хувьдаа завшсан нь мэдэгдсэн юм. Тус 28.056.250 төгрөгийн алдагдлыг манай компанийн нягтлан бодогч Намуунаа, Энхболд нар нь улирлын тайлан гаргах гэж байх үедээ манай компанид захиалга өгсөн боловч одоог хүртэл төлбөр нь төлөгдөөгүй компаниудтай холбоо барьж тооцоо нийлэхэд манай худалдааны борлуулагч ******** нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот данс, өөрийн хүү эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансаар тус тус шилжүүлж авсан эсвэл өөрийн автомашинд үйлчилгээ хийлгэсэн зэрэг зөрчил илэрсэн ба үүний дагуу ********ийн борлуулсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг 1 бүрчлэн гаргаж ирж харилцагч нартай холбогдоход ******** нь захиалгыг хэн нэгэн захиалга өгөөгүй байхад хуурамчаар бичиж агуулахаас бараа бүтээгдэхүүнийг гаргуулан авч түүнийгээ өөр хүмүүст зарж борлуулсан асуудал гарсан байсан юм. Үүнтэй холбогдуулж ********ийг дуудаж уулзахад мөнгөний хэрэг болоод дээрх мөнгөнүүдийг хувьдаа авчихсан нь үнэн гэж хэлчхээд өөр өрөөнд ороод гараад ирэх хооронд ******** нь гарч яваад дахин холбогдож чадаагүй байна. Манай байгууллага нь хүнийг ажилд аваад 3 сарын хугацаанд туршилтаар ажилуулдаг бөгөөд үүний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мөн 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээг дагалдуулж ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэргийг танилцуулсан байдаг юм. Ерөнхийдөө автомашины тос тосолгооны материалуудыг завшсан бөгөөд түүнийг бол харилцагч нартай зарлагын баримтыг үндэслэн тооцоо нийлэх явцдаа тус бүртэй нь уулзалдахад манай компанид албан ёсоор бичигдсэн захиалгаас илүү байдлаар мөнгө төлсөн баримтууд гаргаж өгсөн ба тэр нь зарим харилцагчийн нэрээр бараа захиалсан гэж агуулахаас худал хэлж бараа гаргуулаад өөр 1 харилцагчид өгсөн эсвэл харилцагч нарын захиалсан барааг огт өгөөгүй. Манай байгууллагын харилцагч бус хүнд зарж борлуулсан эсвэл барааны мөнгийг өөрийн хувийн дансандаа болон хүүхдийнхээ дансанд авсан зэрэг зүйл гарсан юм. “G-Energy” “Gazprom” гэх ОХУ-д үйлдвэрлэгддэг тос, тосолгооны олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд байдаг ба манай байгууллагын оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг бол тоотой цөөхөн харилцагч нар их, бага хэмжээгээр авдаг ба үүний дагуу бид нар захиалга хийсэн харилцагч болгоноо бүртгэж авдаг байсан юм. Тус бүртгэлийн дагуу ********ийн харилцаж байсан гэх бүх харилцагч нартай очиж уулзалдаж дээрх тоон дүнг гаргаж ирсэн юм...Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Нийт хохирол болох 25.967.402 төгрөгөөс “Авто арт” ХХК-ийн нэр дээр гарсан 1.438.200 төгрөгийн барааг  “Ви Экс” мотор компанид аваачин зарсан. “Ви Экс” мотор компанид аваачин зарсан. “Ви Экс” мотор компанийн 2.040.000 төгрөгийн хохирол 1.438.200 төгрөгийн хохирол  дотор орсон яваа учир хасагдаж 24.529.602 төгрөгийн хохиролтой байна. Анх мэдүүлэг өгөхдөө тооцоо буруу гаргасан байна. Эцсийн байдлаар 24.529.602 төгрөгийн хохирол учирсан тооцоо гарсан. Энэ тооцоогоор явна. Манай МРТ ойл ХХК-д учирсан  24.529.602 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна...Хохирол барагдуулсан зүйл одоо байхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал),

1.2  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ********ийн өгсөн: “Би “МВ Auto Gas” засварын газрыг 2020 онд нээж үйл ажиллагаа явуулж эхлээд одоог хүртэл ажиллуулж байна. Манай засварын газрын хүрээнд “МРТ Ойл” ХХК-тай тос тосолгооны материал худалдаж авах гэрээтэй бөгөөд үүний дагуу тус байгууллагаас байнгын тос тосолгооны материал худалдаж авдаг байсан юм. Гэтэл манай байгууллага байнгын тус байгууллагын тос тосолгооны материалыг хүргэж ирдэг ******** гэх хүн нь мөнгийг өөрийнхөө дансаар аваад цааш тушаачихна эсвэл бараа солиулах үед байлгаж байгаад өөрөө буцааж аваад явсан боловч тэрийгээ өөрийнхөө компанид тушаагаагүй мөн манай байгууллагын нэр дээр хуурамч захиалга хийж байгууллагаас тос тосолгооны материалыг авч явсан гэх зэрэг зүйлс болсон гэдгийг тухайн “МРТ Ойл” ХХК дээр очиж нягтлан бодогч Энхболдтой уулзаж мэдсэн юм. Би ********т 1.377.960 төгрөгийг 3 удаа хувааж Хаан банкны данс руу нь шилжүүлж өгсөн мөн буцаалт нэрээр манай байгууллагаас 20 литрийн хэмжээтэй 60 ширхэг тос тосолгооны материалыг буцаалт гэж авч явсан асуудал гарчхаад байгаа юм. Манай байгууллагын хувьд бол 75 ширхэг тос тосолгооны материал захиагүй байж байтал манай байгууллага дээр авч ирээд өөр байгууллагын захиалгатай холиод аччихсан байна гэж хэлээд шал өөр танихгүй портер дагуулж ирээд ачаад аваад явсан юм. Тэр портер нь бол байгууллагынх нь автомашин биш байсан ба шууд өөрөө ирээд ачаад аваад явсан юм. Миний анхны захиалга өгөхөд огт захиалаагүй 20 литрийн савлагаатай 75 ширхэг тос авчраад түүнийгээ бол өөрийн байгууллагын захиалга учраас одоо удахгүй ирээд ачаад явна гэж хэлээд компанийн машин явсны дараа өөр портертой ирээд тус 75 ширхэг тосноос 60 ширхэг тосыг ачаад явчихсан. Харин 15 ширхэг тосыг бол 1 жилийн хугацаанд манай байгууллагад хадгалж байгаад би буцаая гэж хэлэхэд зарчихлаа гэж хэлээд миний данс руу 1.192.500 төгрөгийг шилжүүлээд харин түүнийг нь бол “МРТ Ойл” ХХК-ны данс руу шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал),

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Кононов Дмитрий Олеговичийн өгсөн: “Би 2015 оноос эхлэн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд 2015 оны 10 сард “МРТ Ойл” ХХК-ны гүйцэтгэх захирлаар томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа юм. Манай байгууллагад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр борлуулагчаар ажилд орсон ******** гэх хүн нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж хохирол учруулсан юм. Энэ хэрэгт Баасандоржийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байгаа. Ерөнхийдөө энэ хүн бол хорио цээрийн дэглэм тогтооход энэ хүн нь бараа бүтээгдэхүүн зарж борлуулж гадуур явж хохирол учруулсан байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дэх тал),

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ********ын өгсөн: “...анх “МРТ Ойл” ХХК-ны ажилтан гэх ******** нь өөрөө ирж бараа бүтээгдэхүүнээ танилцуулчхаад иргэний үнэмлэхийн хуулбар авч яваад эргэж ирээд гэрээ хийсэн удахгүй таны бараа ирнэ гэж хэлээд яваад өгсөн...2021 оны 9 дүгээр сарын 15-нд “МРТ Ойл” ХХК-ны харилцагч хариуцсан менежер Э.Намуун ирж буцаалт бараа бүтээгдэхүүн авч явсан. Авч явсан бараа бүтээгдэхүүний нэрс Promo 3.5л-1 ширхэг, Ln1107-03 ширхэг ow 20-4L 55 ширхэг, 10w-30 1л 5 ширхэг, 5w-41 1л 24 ширхэг, 5w40 4л 35 ширхэг, хөөсөн цэвэрлэгч 156421 ширхэг Ln1627-23 ширхэг, Ln 1626 22 ширхэг,  Ln 1625 23 ширхэг нийт үнийн дүн 4.488.689 төгрөгийн буцаалт хийсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дахь тал),

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ********ийн өгсөн: “2021 оны 8 дугаар сарын эхээр “МРТ Ойл”-ын ажилтан харилцагч хариуцсан менежер Э.Намуун гэх хүн над руу ярихдаа манай төлбөрийг төлнө шүү төлөхгүй удчихлаа гэхэд нь би мэдээд борлуулагчаа над руу яриулчих гэхэд тэр борлуулагч над руу яриад над руу шууд ирсэн юм. Тэр залуу над дээр ирээд би таны нэр дээр бараа авчихсан хоёр хоногоос төлөөд дуусгачихна манай компаниас хүн залгавал битгий аваарай гэсэн. Би “МРТ Ойл” ХХК-иас бараа материал авч байгаагүй. Манай зардаг тоснуудтай адил тосны талаар үнийн санал ирж гэрээ бол хийж байсан. 2019 оны үед гэрээ хийж байсан санагдаж байна. Хэзээ гэрээ хийсэн хугацааг нарийн сайн санахгүй байна ямар ч байсан гэрээ хийгээд бараа бүтээгдэхүүн захиалж авч байсан зүйл надад байхгүй...Авто машины засвар үйлчилгээ тос тосолгооны материалын худалдаа үйлчилгээ явуулдаг “Икс кар” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгаа юм. “Икс кар” ХХК-ийн захирал албан тушаал дээр би ажилладаг юм... Би ******** гэх хүнийг танихгүй тэр хүний талаар мэдэхгүй “МРТ Ойл” ХХК-ийн борлуулалтын ажилтан гэх эмэгтэй ярьж надаас төлбөр тооцоо нэхсэн би аваагүй талаар хэлсэн. Тэгтэл удалгүй ******** гэх хүн утсаар ярьж надад мөнгийг чинь төлье та надад манай компанид битгий хэлээч гэж яриад байсан удалгүй цагдаа ирж мэдүүлэг авч байсан.”  гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142-143, 2 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал),

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *********** өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 03-нд үл таних нэг залуу ирж манайх “МРТ Ойл” ХХК-ны тос тосолгоо зардаг ба Еco газ 10w40 41L тос байна. Би өөрөө борлуулагч шинээр орж ирсэн бараа байгаа юм. Та надаас 3 ширхэг авчих гээд гуйгаад байхаар нь 3 ширхгийг авсан юм...би тэр хүнээс Еco газ 10w40 41L 3 ширхэг 122.700 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан...би уг төлбөрөө ******** данс эзэмшигч Шинэбаяр гэх данс руу 81.800 төгрөгийг шилжүүлсэн одоо төлбөрийн үлдэгдэл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал),

1.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *********-ийн өгсөн: “2021 оны 6 дугаар сард ирээд “МРТ ойл” ХХК-ны бараа бүтээгдэхүүний борлуулагч нь байгаа юм гээд надаа газ тэрэгний Еco газ 10w40 41L тос 10 ширхэг тос үлдээгээд явсан бөгөөд хэд хоноод ******** гэх хүн ирсэн. Тэр үед би бэлнээр 55.800 төгрөгийг баримт авч үлдээгүй шууд өгч явуулсан...би “МРТ Ойл”-ын бараа бүтээгдэхүүний борлуулагч ******** гэх хүнээс Еco газ 10w40 41L тос 10 ширхэг авсан... ******** гэх хүн өөрөө ирж бэлнээр 55.800 төгрөгийг аваад явсан. Төлбөр төлөөгүй үлдэгдэл байгаа бөгөөд 229.300 үлдсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал),

1.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ************ын өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 05-нд 990.000 төгрөгийн 80-90 явах эд ангийн тосыг борлуулалтын ажилтан ******** гэх хүн захиалгын дагуу хүргэж ирсэн бөгөөд би хүлээн авсан. 2021 оны 7 дугаар сарын 05-нд ******** гэх хүн өөрийн машинаар манай захиалгыг авчирсан бөгөөд би хүлээн авсан...би төлбөрөө ******** тоот данс руу 840.000 төгрөг, интернэт банкаар шилжүүлсэн бөгөөд хоёр дахь захиалга 2021 оны 7 дугаар сарын 08-нд ******** тоот данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн, дахин ******** тоот данс руу 600,000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал),

1.9 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ***********ын өгсөн: “...манай менежер Батзориг нь 2020 оны 12 дугаар сарын 23-нд ********тэй уулзаж захиалга өгсөн...би төлбөрөө интернэт банкаар төлдөг бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 18-ны хүртэл “МРТ Ойл” ХХК байгууллагын данс руу хийдэг байсан харин 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ******** данс эзэмшигч нь Т.Шинэбаяр гэдэг хувь хүний данс руу 4.795.500 төгрөг шилжүүлсэн одоо төлбөрийн үлдэгдэл байхгүй.”  гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал),                      

1.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *********ын өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “МРТ Ойл” ХХК-ны бараа бүтээгдэхүүнийг уг компанийн борлуулагч хэмээн ярьж над дээр шууд ирж тус SP авто сервисийн байгууллага дотор үл таних эрэгтэй өөрөө оруулж ирж тавьчхаад явчихсан. 2021 оны 6 дугаар сарын 15-нд дахин ирж миний бараа бүтээгдэхүүнийг аваач гэж гуйгаад байхаар нь N5W40 4л Зш тосыг авсан...”МРТ Ойл” ХХК-ны ажилтан гэх борлуулагч залуу өөрөө ирж бараа бүтээгдэхүүнээ өөрөө танилцуулаад миний барааг аваач гээд гуйгаад байсан юм...би бэлнээр 122.700 төгрөгийг тэр борлуулагч залууд өгсөн ба дахин ******** гэх данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал),

1.11 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ын өгсөн: “МРТ Ойл” ХХК-ий борлуулагч гэх залуу ******** 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ирээд Еco газ 10w40 41L 3 ширхэг тос авчрахад нь манайд энэ тос зарагдахгүй байна гээд буцаасан юм. Дахин ******** гэх хүнээс 2021 оны 6 дугаар сарын 15-нд ирээд N5240 /4л/ 3 ширхэг тос би өөрөө авсан... би 2021 оны 7 дугаар сарын 01-нд ******** тоот данс руу 102.800 төгрөгийг шилжүүлсэн...би 2021 оны 6 дугаар сарын 15-нд ******** гэх хүн ирэнгүүтээ 3 ширхэг тос буцаасан мөн 2021 оны 6 дугаар сарын 30-нд 1 ширхэг тос буцаасан юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал),

1.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ***********ын өгсөн: “би “МРТ Ойл” ХХК-аас бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байсан 2021 оны 7 дугаар сарын 07-нд 1.295.400 төгрөгийн бараа худалдаж авсан...би төлбөрөө өгөөгүй байсан юм. ******** 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2 удаа ирж автомашинаа янзлуулаад нийт 515.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгээд би төлбөрөө өгөөгүй байсан болохоор ******** надад таны худалдан авалтыг чинь мөнгөнөөс суутгуулчихъя гэж хэлсэн юм.”  гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал),

1.13 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ийн өгсөн: “Бат-Итгэлт Бродерс” ХХК-ний захирал би Сутай зах дээр тээврийн хэрэгслийн тос масло зэрэг түүхий эд худалдан борлуулж байхдаа “МРТ Ойл” ХХК-тай гэрээ хийж тэднийхээс тос масло авч худалдан борлуулж байгаад 2017 оноос хойш тэдний бараа материалаас авахаа байж том оврын тээврийн хэрэгслийн сэлбэг зардаг болсон. 2019 онд Корона вирусийн өмнөх нь байх “МРТ Ойл” ХХК-аас махлаг шар залуу ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна надтай өмнө нь утсаар нэлээд ярьж танайх манайхтай гэрээ хийчих маргааш нь гэрээгээ аваад очъё гэж шалаад байсан. Өмнө нь надаас манайхаас авдаг хүмүүс манай тосыг авах гэж ирвэл яах уу гэж хэлээд байхаар нь нээрээ тиймдээ гэж бодоод бараа зээлээр худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулсан цагаас хойш “МРТ Ойл” ХХК-аас бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан зүйл байхгүй. Надтай гэрээ байгуулсан шар залуу гэрээ байгуулсан өдрөөс хойш удалгүй ирж уулзаж яаралтай мөнгөний хэрэг гараад миний зээлийн мөнгө тулаад байх юм. Манай бүтээгдэхүүнээс арав гаран сая төгрөгийн бараа авчих мөнгөний хэрэгцээ гараад байна гэхээр нь би тос тосолгооны бүтээгдэхүүн зарагдахаа байсан би авахгүй гэж хэлсэн. Тэр залуу ч яваад өгсөн. Ахиж би тэр залуутай уулзаагүй бараа бүтээгдэхүүн ч аваагүй тэгж байхад саяхнаас цагдаа болон “МРТ Ойл” ХХК-ийн менежер гэх хүүхэн ирж уулзаж энэ талаар асууж сургаж надтай уулзаад явсан...Би “МРТ Ойл” ХХК-иас бараа бүтээгдэхүүн захиалаагүй 2017 оноос хойш “МРТ Ойл” ХХК-тай холбоотой байхаа больсон. Тэдний бүтээгдэхүүнээс надад худалдаж авсан зүйл надад байхгүй мөн зээлээр авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал),

1.14 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ********ийн өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл МРТ Бүүд айд ХХК-д жолоочийн ажил хийсэн. 2020 оны 6 дугаар сараас ойлын түгээлтийн ажилд жолоочоор ажилласан...“Икс кар” ХХК-ний захиалга нэлээд орой ирж агуулахын нярав бид хоёр хамт гарч байсан цаг орой байсан учраас надтай хамт гэртээ харихаар ажлаас гарсан. 2020 оны 10 сарын орчим байх өдрийг нь сайн санахгүй байна. “Икс кар” ХХК хаана байдаг талаар падаан дээр бичигдээгүй байсан учраас би хаана байдаг талаар ********өөс асуухад өнөөдөр “Икс кар” ажиллахгүй гэсэн гэж надад хэлээд утасны дугаар өгч энэ утас руу ярьж байгаад өгчих гэсэн. Би тэр утас руу залгаж телевизийн орчим айлын хашаанд няравын хамт бараа материалыг буулгаж байсан. “Бат-Итгэл бродерс” ХХК өгөх барааг авч явж байхад ******** утсаар ярьж замаас тосож өөрөө нэг машинтай ирээд тухайн бараа материалыг ачиж авч явсан. Худалдааны төлөөлөгч өөрөө байсан учраас би өөрөө өгч явуулсан. Дархан Баттөмөрийн талаар би сайн мэдэхгүй байна. Манайх бараа материалыг өгөхдөө 3 хувь падаан үйлдэж бий авсан газартаа нэгийг нь, нэгийг нь агуулахад, нэгийг нь хүлээж авсан хүнийг гарын үсэг зуруулж төв оффист өгдөг юм. Захиалга ирсэн бол тэр өдөрт нь эсвэл дараа өдөрт нь түргэн шуурхай хүргэж өгдөг юм. Худалдааны төлөөлөгч нар захиалга өгсөн харилцагч нараа хянаж явдаг учраас жолооч бид нар түгээлтийн түргэн шуурхай хүргэж өгдөг юм...Манай байгууллагын удирдлага санхүү хариуцлага муугаас болж ийм хэрэг гарсан байх гэж бодож байна. Миний хувьд надад жил гаран болсны дараа захирал дуудаж ийм зүйл болсон талаар надад хэлж юу болсон талаар асуусан. Миний хувьд би дүрэм журмын дагуу ажлаа хийсэн. Хяналт тавьж байх удирдлага санхүү бүтэн жил гаран хугацаа өнгөрч байхад худалдааны төлөөлөгчийнхөө зарсан бараа материалын тооцоог мэдээгүй сүүлд мэдсэн байх энэ талаар надаас асууж байсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),

 1.15 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ын өгсөн: “Икс кар авто сервисийг бараа материалыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түгээлтийн жолооч Б.Буянд хүлээлгэн өгч орой болсон ажил тарсан байхаар нь Буянтай гэртээ дөхөж буухаар машинд сууж явж замдаа телевизийн орчим айлын хашаанд тухай бараа материалыг буулгаж байсан. “Бат-Итгэл Бродерс” ХХК өгөх барааг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр түгээлтийн жолооч Б.Буянд хүлээлгэж өгсөн. Дархан Бат-төмөр нэртэй бараа материалыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захиалгын баримт ирүүлсний дагуу захиалга бичсэн худалдааны төлөөлөгч ********тэй холбоо барьж 5992 УЕА улсын дугаартай портер маркийн машинд өгч явуулаарай гэсний дагуу өгч явуулсан. Бараа материалын захиалгыг худалдааны төлөөлөгч нар оффис дээр өгч тэнд программ дээр шивэлт хийж оруулдаг тэрний дагуу би баримтыг хэвлэн гарган үйлддэг. Дээрх аж ахуй нэгж компанийн баримтыг цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн хэрэг дотор байгаа” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241-242 дахь тал),

1.16 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч *************ийн өгсөн: “Нэгдүгээрт 23.317.110 төгрөгийн тооцоог нотлох баримтаар завшсан гэж үзээд ашигласан шамшигдуулсан гэж тогтоож бичсэн. Шинжээчийн дүгнэлтээр 15.156.110 төгрөгийг ********өөс авах авлагыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж үзсэн юм. Энэ талаар хавсралт 1-ээр харуулсан бөгөөд мөрдөн байцаалтаар тогтоох гэсэн баганын 10,811,692 төгрөгийн авлагыг хангалттай нотлох баримт байхгүй учир мөрдөн байцаалтаар тогтоо гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 245-247 дахь тал),

 1.17 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 062 дугаартай “МРТ ойл” ХХК-ийн Ерөнхий захирлын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №5/16 дугаартай Ажилд авах тухай тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс ******** нь Борлуулалтын менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллахаар томилогдохдоо 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №5/60 дугаартай Хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захирал Д.О Кононовтой байгуулсан байна. Мөн 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн №5/64 дугаартай Хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захирал Д.О Кононовтой байгуулж Худалдааны төлөөлөгчөөр ажилласан байна. “МРТ ойл” ХХК-ийн Ерөнхий захирлын 2021 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн №5/22 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ******** 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байна. “МРТ ойл”ХХК нь ********өөс нийт 25.967.802 төгрөгийн авлагатай байна. Нийт 15.156.110 төгрөгийн барааны үнийг дансаар авсан, 1.500.992 төгрөгийн барааны төлбөрийг бэлнээр авсан, 9.310.700 төгрөгийн барааг ачуулсан боловч хаана буулгасан нь тодорхойгүй байна.  ******** нь “МРТ ойл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа байгууллагад хохирол учруулсан нь барааны зарлагын баримтууд, дансны хуулгууд, харилцагчидтай тооцоо нийлсэн актуудаар тогтоогдож байна. Аккурэйт Аудит” ХХК-иас гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн В034/1 дугаартай дүгнэлтээр 23.317.110 төгрөгийн тооцоог нотлох баримтаар дэмжигдсэн тул ашиглан шамшигдуулсан гэж үзсэн болно гэжээ. Аудитын дүгнэлтээр 23.317.110 төгрөгийн тооцоог нотлох баримтаар дэмжигдсэн тул ашиглан шамшигдуулсан гэж үйлдэл тогтоосон нь үндэслэлгүй байна. Тооцооллын хувьд тухайн үед аудит хүргүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд шинээр илэрсэн нэмэлт мэдээлэл илрээгүй болно.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 227-230 дахь тал),

1.18 “МРТ Ойл” ХХК-ийн тооцоо нийлсэн тухай акт, бэлэн мөнгөний баримт, дансны хуулга, бараа материалын зарлагын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 235, 2 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал),

1.19 Мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосон “МРТ Ойл” ХХК-ийн бараа материалын зарлагын баримт, тооцоо нийлсэн акт, гарын баримт (3 дугаар хавтаст хэргийн 01-07 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

******** нь “МРТ ойл” ХХК-ийн Ерөнхий захирлын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №5/16 дугаартай тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Борлуулалтын менежерийн албан тушаалаар, 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн №5/64 дугаартай тушаалаар худалдааны төлөөлөгчөөр ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд шилжсэн байна.

Тодруулбал, түүний албан ажлын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ******** нь бараа материалын нийт 24.529.602 төгрөгийг хувьдаа завшиж “МРТ ойл” ХХК-нд 24.529.602 төгрөгийн хохирол учруулж, “МРТ ойл” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгч ******** нь “...Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн барилга засвар, гадна тохижилтыг хийх тендерт тэнцүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч ********аас 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авч залилан нийт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********ын өгсөн: “Би 2018 оноос барилгын засал чимэглэл хийдэг ЦЦАМ ХХК-ийг удирдан үйл ажиллагааг явуулдаг. Би өөрийн компанид барилгын ажлын тендер хайж байтал миний танил Золбаяр гэх залуу надад “манай ахын нэг найз ******** Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн барилгын засварын ажил, гадна тохижилт хийх ажил байна, танай компани дээрх ажлыг авах уу” гэж хэлсэн. Та энэ талаар юу гэж бодож байна гэхээр нь би зөвшөөрөөд ******** гэх хүнтэй 2020 оны 6 сарын дундуур манай ажлын байр болох баруун 4-н замын “Ренталон” төвийн 422 тоотод уулзсан. ******** ганцаараа ажил дээр ирж уулзсан. Тэрээр анх уулзахад “Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн барилгын засварын ажил, гадна тохижилтын ажлыг хийж чадах уу, тус ажлыг хийх компанийг шалгаруулах тендерт оролцуулж тэнцүүлж өгье. харин чи надад тендер авч өгсний хариуд 10.000.000 төгрөгийг өгөөрэй, тендерт оруулж чадахгүй бол чамаас авсан мөнгийг буцааж өгнө” гэж хэлсэн. Би түүнд чи надад үнэхээр тендер авч өгч чадах юм бол би чамд 10.000.000 төгрөгийг өгч болно гээд эхний өдөр дээрх яриа өгүүллэг болоод дууссан. Дараагийн удаа тэрээр над руу утсаар яриад тендер авч өгөхөд урьдчилгаа мөнгө шаардлагатай байна гэхээр нь би хэд хэрэгтэй байгаа юм бэ гэж асуухад 5.000.000 төгрөг гэж хэлсэн. Би түүнд мөнгө өгөх болсон шалтгаан бол тэрээр надад Төв аймгийн газрын албанд ажилладаг Жагаа гэх залуутай манай Золбаяр очиж уулзахад тэрээр барилгын ажил хийгдэх газрыг зааж өгч, Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн барилгын засварын ажлыг хийлгэхээр болж тохиолцоод ирсэн. Ингээд би 2020 оны 7 сарын эхээр 2.000.000 төгрөгийг өөрийн 5020297525 данснаас ********ийн өгсөн Хаан банкны ******** данс руу шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн 5020297525 данснаас ********ийн өгсөн Хаан банкны ******** данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 4.500.000 төгрөгийг ******** гэх хүнд шилжүүлсэн. Удалгүй миний цахим хаяг буюу Chuka[email protected] хаягт Төв аймгийн Засаг даргын тамгын газраас албан бичиг ирсэн. Уг албан бичигт тендерт шалгараагүй гэсэн. Би түүнд тендерт оруулж өгнө гэсэн чинь бүтсэнгүй гэж хэлэхэд тэрээр “дансаа явуулчих би мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлж цаг хугацааг авч байсан. Сүүлдээ тэрээр “чаддаг юм бол хууль цагдаагийн байгууллагад хандаад надаас мөнгөө буцааж аваарай” гэж хэлээд гар утсаа авахгүй болсон. Иймд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Намайг Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн барилгын засварын ажил, гадна тохижилтын ажлыг хийх тендерт оролцоход манай компанийг шалгаруулж өгөхөд тусална гэж хэлсэн. Өөрийнх нь таньдаг хүн нь Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргын орлогч ажилтай гэж хэлсэн. Тус тендер 180.000.000 орчим төгрөгийн үнэтэй Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн барилгын засварын ажил, гадна тохижилтын ажлыг хийж тендерийн ажил байсан. Тэрээр надад хэлэхдээ Хил хамгаалах ерөнхий газарт ажилладаг гэж хэлсэн. Надтай танилцуулсан Золбаяраас асуухад тэр ч мөн адил мэдэхгүй байсан. Эхний өгсөн 2.000.000 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргын орлогч гэх хүнийг хоолонд оруулна гэж хэлж авсан. Дараагийн мөнгийг тендер авч өгөх хүний аав нь нас бараад ажил явдалтай байна гэж байна би очоод туслаад, уулзаж тендерийн асуудлыг зохицуулаад ирье гэж хэлээд дараагийн 2.500.000 төгрөгийг авсан. Би Засаг даргын тамгын газрын даргын орлогч гэх хүнтэй огт уулзаагүй...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал),

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ***************ын өгсөн: “...Чулуунбаяр ах 2020 оны 7 дугаар сарын сүүлээр надад хэлэхдээ би ********т ажлаа бүтээлгэхээр 5.000.000 төгрөг өгсөн. Тэр хүн ажлаа бүтээсэн зүйл байхгүй, одоо утсаа ч авахгүй алга болсон гэж хэлсэн...миний ойлгож байгаагаар ******** барилгын ажил олж өгнө, бичиг баримтыг нь бүрдүүлнэ бүх талаар нь тусална гэж хэлээд мөнгө авсан юм байна лээ...Миний ойлгож байгаагаар Төв аймагт танил талтай гэж ойлгосон. Танил талаараа барилгын ажил олж бүтээж өгөх талаар ярьсан. Танил тал нь хэн болохыг мэдэхгүй. Энэ асуудлаас болж Чулуунбаяр ахтай таарамжгүй харилцаатай болсон. Учир нь чиний танилцуулсан хүн мөнгө надаас аваад өгөхгүй алга болсон гэдэг. Би ********өөс Чулуунбаярын мөнгийг өг гэж удаа дараа шаардаж утсаар ярьж мессеж бичдэг байсан. Тэр утсаа авахгүй өгнө гэж хэлээд цаг хугацаа өнгөрөөж байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал),

2.3 ********ийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот данс руу *********** тоот данснаас 2020 оны 07 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр **************** тоот данснаас 2,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал),

2.4 Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 420 дугаартай “ 5430712 регистрийн дугаартай “ЦЦАМ” ХХКомпани дээрх тендер шалгаруулалтад оролцоогүй байна” гэх албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал),

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ********ийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 1.000.000 төгрөг нөхөн төлсөн. Би одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа Турк улсаас бараа  оруулж ирж худалдан борлуулж байгаа. Сар бүрийн тогтмол биш ч гэсэн орлоготой...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав. Шүүгдэгч ******** нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ********д “Дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 5.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэмүүжин өрлөг сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 1.000.000 төгрөгийг тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогч ********д нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

3.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********ын өгсөн: “ ******** 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэсний дагуу ********ийн хүүхдийн ******** дугаартай Хаан банкны данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Тэмүүжин өрлөг сургуульд оруулж өгнө гэсний дагуу Хаан банкны ******** дугаартай данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоог хүртэл хүүхэд сургуульд оруулсан юм байхгүй мөнгө ч байхгүй болсон. Тухайн үед ******** надад хэлэхдээ сургуульд орох хүүхдийн чинь суурь оноо нь хүрсэнгүй тийм болохоор сургуульд оруулж чадахааргүй боллоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл шилжүүлсэн 5,000,000 төгрөгөө авъя гэхэд ах нь тэр мөнгийг нь ачаа тээвэр рүү оруулсан учраас одоо байхгүй байна. Удахгүй гаргаж өгнө гэж хэлж байсан. Тэгээд ********ийн 90000000 дугаарын утас руу залгаад мөнгөө нэхэхэд ачаа барааны мөнгө орж ирээгүй байна. Удахгүй орж ирэхээр нь өгье гээд одоог хүргэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй болсон...2020 оны намар фейсбүүкээр танилцаж байсан...тэрнээс хойш бие биеийгээ мэддэг болсон. Тэгээд нэг өдөр надад хүүхэд сургуульд оруулж өгч чадна гэж хэлж байсны дагуу би өөрийн дүүгээ сургуульд оруулах санаатай санал тавихад хүлээн авсан...Батлан хамгаалахын их сургуульд бол таньдаг хүн байгаа гэж хэлж байсан. Харин Дотоод хэргийн их сургуульд таньдаг хүн байгаа гэж хэлж байгаагүй...би хүүхдүүдээ сургуульд оруулах гэж өгсөн 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал),

3.2 Хохирогч ********ын мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал),

3.3 Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл “...********ийн Шинэбаярын хаан банкны ******** тоот данс руу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийн орлого /surguuli/ гэх нэртэй орсон байсныг үзлэгийн тэмдэглэл тусгав” (2 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Дээрх үйлдлийн хувьд шүүгдэгч ******** нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, ********т  Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Төв аймгийн Сүмбэр сумын соёлын төвийн барилга засвар, гадна тохижилтыг хийх тендерт тэнцүүлж өгнө гэж худал хэлж хуурч, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ********д “Дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж худал хэлж, хуурч 5.000.000 төгрөгийг Хаан банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэмүүжин өрлөг сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж худал хэлж хуурч 1.000.000 төгрөгийг Хаан банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч ********аас нийт 6.000.000 төгрөгийг өөрийн болон хүүхдийнхээ дансаар шилжүүлэн авсан нь Залилах гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан гэж үзнэ.

Гэм буруу хохирол төлбөрийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч ******** нь шунахай сэдэлтээр, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг, “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирлын тухайд ********ийн үйлдсэн Завших гэмт хэргийн улмаас “МРТ ойл” ХХК-д 24.529.602 төгрөгийн хохирол, Залилах гэмт хэргийн улмаас хохирогч ********д 6.000.000 төгрөг, хохирогч ********т 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Эдгээр хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул  шүүгдэгч ********өөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********өөс нийт 35.029.602 төгрөг гаргуулж хохирогч ********д 6.000.000 төгрөг, хохирогч ********т 4.500.000 төгрөг, “МРТ ойл” ХХК-д 24.529.602 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяраас “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон  шүүгдэгч  ********т урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох”  таслан сэргийлэх арга хэмжээ давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд хохирогч ********аас “********өөс авах 6.000.000 төгрөгийн хохиролд 97-26 УБН улсын дугаартай Nissan Note загварын автомашин авсан тул миний бие гомдол саналгүй болно” гэсэн хүсэлт,

Хохирогч ********аас “********өөс 4.500.000 төгрөгийн авлагатай байсныг төлж барагдуулж төлбөр тооцоо дууссан тул миний зүгээс гомдолгүй болно.” гэсэн хүсэлт,

“МРТ ойл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******** шүүгдэгч ******** нараас “хохирол 24.529.602 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********той харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг бэлнээр өгч, үлдэх 21.529.602 төгрөгийн хохирлыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан төлж барагдуулахад харилцан тохиролцсон болно...Цаашид миний бие бусдад төлөх төлбөрийг тохиролцсон цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.” гэсэн бичгийн хүсэлтийг шүүхэд гаргалаа. Уг хүсэлтэд  төлбөр барагдуулах нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн “МРТ ойл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ********, түүний өмгөөлөгч Д.Жамъяндавга нар гарын үсэг зурсан байна.

Ийнхүү хохирогч байгууллагад төлөгдөөгүй үлдсэн 21.529.602 төгрөгийн хохирлыг  шүүгдэгч ******** нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх;   

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч ******** нь хохирогч талд төлөх төлбөрөөс 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулахаа илэрхийлж харилцан тохиролцон. Тиймээс шүүх хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тодорхой хэмжээний хохирол нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Мөн хохироос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, цаашид хохирлоо нөхөн төлөх боломжийг шүүхээс хангаж өгнө үү...” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.          

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч ********т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн,...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилсан байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******** нь хоёр гэмт хэрэг буюу Залилах болон Завших гэмт хэргүүдийг үйлдсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлууд болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох...нийтэд тустай ажил хийлгэх,...зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 4 төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Залилах гэмт хэрэг үйлдэж уг гэмт хэргийн улмаас учирсан нийт 10.500.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох...нийтэд тустай ажил хийлгэх,...зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 4 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “ ...цагдан хоригдсон  нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар 7х15000=105.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 395.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар ********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

********ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.  

Бусад асуудлын талаар.

Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч ********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны  танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

  Энэ хэрэгт 221000749061 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. ********ийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт,

“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон  нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 395.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. ********ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

7. ********ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны  танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ********өөс 21.529.602 төгрөг гаргуулж хохирогч “MPT Ойл” ХХК-д олгосугай.  

9. Энэ хэрэгт 221000749061 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай. 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАЙРИЙЖАВ