Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2019/00007

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2019/00007

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Э:Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ө Бын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Лх Д/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 16.875.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Миний бие “Хар Хорин Хүрээ” ХХК-ийн Хархорин худалдааны төвд байрлах өөрийн эзэмшлийн 2-4 тоот, 89 м2 цайны газрыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25 өдрийг хүртэл иргэн Л.Дад түрээслүүлэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу тус цайны газрыг Л.Дын эзэмшилд бүрэн шилжүүлсэн бөгөөд Л.Д нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30 өдрийг хүртэл цайны газрын зориулалтаар ажиллуулсан.

Түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу түрээслэгч тал төлбөрийг 2017 оны 10,11,12 дугаар саруудад төлсөн боловч тус хугацаанаас хойших төлбөрийг төлж барагдуулаагүй. Төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр болох 10,800,000 төгрөгөөс анх гэрээ байгуулахад байршуулсан барьцаа нэг сая төгрөгийг суутгаж 9,800,000 төгрөгийг 2018 оны 07 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар бичгээр баримт үйлдэн харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Тус тохиролцсоноос хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 15 өдөр бэлнээр 800,000 төгрөгийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 9,000,000 төгрөгийг өгөөгүй.

Тухайн үед би сараа хойш нь ухрааж тооцоогүй байсан тул тооцоог дахин шалгаад 3 сарын мөнгө буюу үлдсэн 6,300,000 төгрөг, 5 сарын 1-ний өдрөөс хойшхи алданги 5,449,500, төгрөг, нийт 11,749,500 төгрөгийг хариуцагч Л.Даас гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан 11,000,000 төрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Ө.Б, Л.Д нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан нь үнэн. Л.Д уг түрээсийн гэрээгээр 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллуулсан. Л.Д нь 2018 оны 2, 3, 4 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Уг түрээсийн төлбөр нь 7,700,000 төгрөг болсон. Талууд нэг сарын түрээсийн төлбөрийг 2,700,000 төгрөгөөр тохирсон байдаг. 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тохирсон. Гурван сарын түрүүсийн төлбөр нийт 7,700,000 төгрөг болж хувирч байна. Үүнээс барьцааны 1,000,000 төгрөгийг хасаад цаана нь 6,700,000 төгрөг үлдэж байна. 6,700,000 төгрөгөөс Л.Д нь 800,000 төгрөгийг өгсөн байдаг. Тэгээд 6,700,000 төгрөгөөс 800,000 төгрөг хасагдахаар 5,900,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчийн хувьд 5,900,000 төгрөгийг өгье гэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Алдангийг нэхэмжлэгч дурдахдаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тооцоод нийт 175 хоногийн алданги гэж байна. Манай талаас алдангийг гэрээний 6.2-т “түрээсийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувиар тооцно” гэж заасан. 2 сарын түрээсийн төлбөрийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өгөх ёстой боловч өгөөгүй. Тэгэхээр уг алданги 2 дугаар сарын 26-ны өдрөөс бодогдох ёстой. 3 сарын алданги ялгаагүй 3 дугаар сарын 26-ны өдрөөс, 4 сарын алданги 4 дүгээр сарын 26-ны өдрөөс тус тус бодогдох ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл алдангийг тооцох үндэслэлгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад алдангиа тодорхой дурдах ёстой. 5 дугаар сарын 01-ний өдрөөс гэх юм бол алдангийн хугацаанд өөрчлөлт ороод байна. 2 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 64 хоног тасарчихсан явж байгаа. Тэгэхээр алданги яаж бодогдох вэ гэхээр 2 дугаар сарын 26-ны өдрийн алдангиа тооцоод үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. 1,250,000 төгрөг бараг 100 хоног нь болж байгаа. Тэгэхээр 2 дугаар сарын 26-ны өдрөөс хоногоор тоолохоор 6 дугаар сарын 3, 4-ний өдөр 100 хоног нь дуусч байгаа. Тийм учраас 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдрийн хоорон дахь алдангийг манай тал төлье гэж байгаа. Алдангиа тодорхой дурдаагүй болохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Л.Дад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд 16,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 11,749,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч талаас багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох 11,749,500 төгрөгийн задаргаа болон үндэслэлийг ...1 сарын 25-наас 4 сарын 25 хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 5,900,0000 төгрөг, 4 сарын 25-наас 4 сарын 30 хүртэл 4 хоногийн түрээс 400,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг, 5 сарын 1-ээс хойш алданги 5,449,500 төгрөг, нийтдээ 11,749,500 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлан, хариуцагч талаас ...төлөгдөөгүй 3 сарын түрээс 7,700,000 төгрөг байснаас барьцааны 1,0000,000 төгрөг, сүүлд төлсөн 800,000 төгрөгийг хасч тооцохоор 5,900,000 төгрөг болно, үүнийг зөвшөөрнө, харин 4 хоногийн түрээс болон алдангийг зөвшөөрөхгүй, тохиролцсон гэх алдангийн хувь хэмжээ өөр байна гэж талбарлан мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Хар Хорин” худалдааны төвд байрлах 89 м.кв талбайг нэг сарын түрээсийн төлбөр 2.700.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай, жилийн аль нэг 2 сарын түрээсийг 2,500,000 төгрөгөөр буулгахаар, түрээсийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирч гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ /хх 8,9/, түрээсийн үлдэгдэл төлбөр төлөх баталгаа, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд энэхүү түрээсийн гэрээг байгуулаагүй гэх маргаан үүсээгүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгч Ө.Б нь түрээс зүйлийг түрээслэгч Л.Дад шилжүүлэн өгсөн, түрээслэгч нь “Хар Хорин” худалдааны төвд байрлах 89 м.кв талбайг цайны газар ажиллуулах зориулалтаар ашиглан түрээсийн төлбөр төлж байсан үйл баримт нотлогдсон ба түрээсийн гэрээний үүргийг түрээслэгч бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Б шаардах эрхтэй.

 

Хариуцагч талын ...3 сарын түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байна, “Хар Хорин” худалдааны төвд байрлах 89 м.кв талбайг цайны газрын зориулалтаар түрээсэлсэн гэх тайлбар, дээр дурдсан нотлох баримтуудаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул гэрээний үүргээ хэн аль нь биелүүлэх учиртай. Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч дамжуулан түрээслэх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэх тайлбарыг гаргадаг хэдий ч нэхэмжлэгч Ө.Б тухайн ажлын байрыг түрээслээгүй байсан, түрээслүүлэгч биш гэх маргаан, хариуцагч гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг ашиглахад түрээслүүлэгчээс ямар нэг саад учруулсан талаарх маргаан тус тус үүсээгүй, улмаар ашиглах, түрээслэх хугацаа болсноор гэрээ дуусгавар болсон, түрээсийн төлбөрийн талаар “...Хар хорн худалдааны төвд байрлах 2-4 тоот гуанзыг 2017 оны 10 сарын 26-наас 2018 оны 4 сарын 30 хүртэл түрээсэлж байх хугацаанд түрээсийн мөнгөний үлдэгдэл 10,800,000 төгрөгийг 2018 оны 7 сарын 1-нд төлж барагдуулна, барьцааны 1 сая төгрөгийг хасаад 9,800,000 төгрөг болно“ /хх 10/ гэж харилцан тохиролцсон баталгаа баримтыг 2018 оны 4 сарын 30-нд, 800,000 төгрөг төлсөн тэмдэглэлийг 2018 оны 5 сарын 15-нд тус тус үйлдсэн болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх баталгаанд дурдсан 10,800,000 төгрөг гэх түрээсийн буруу тооцсон, нэг сарын түрээс илүү бодогдсон, 2,700,000 төгрөг хасагдаж тооцогдох ёстой гэх хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал андууран тооцсоноо хүлээн зөвшөөрч шаардлагын хэмжээг багасгасан бөгөөд гэрээ байгуулсан огноог андууран бичсэн ба жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээнд  сарын түрээсийн төлбөрийг 2,7 сая төгрөг, жилийн аль нэг 2 сарын түрээсийг 2,5 сая төгрөг байхаар тохиролцсоны дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөр болох 1 сарын 25-наас 4 сарын 25 хүртэлх түрээсийн төлбөр 5,900,000 гэсэн үнийн дүнд нэхэмжлэгч, хариуцагч нар маргадаггүй.

 

Харин хариуцагч талын 4 сарын 25-наас 4 сарын 30 хүртлэх 4 өдрийн түрээс, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар хуулийн үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагч талаас алдангийн хэмжээг 0.5%, 0.2% гэж тохирсон 2 хэлцэл байна гэх асуудлын хувьд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн ажлын байрны түрээсийн гэрээний 6.2-т алдангийн хэмжээг 0.2% гэж гараар засвар оруулсан байдаг /хх 25, 26/. Дээрх гэрээнд, алдангид өөрчлөлт оруулсан гэх асуудал нь нэхэмжлэгч талын тайлбар, түүний шүүхэд гаргаж өгсөн хэлцэлээс үзэхэд эргэлзээ бүхий баримт байх бөгөөд харилцан тохиролцож алдангийн хэмжээг багасгасан гэх үйл баримтыг хариуцагч тал нотлоогүй тул гэрээний үүргийн алдангийн 0.5%-иар тооцох нь зүйтэй.

 

Түрээсийн гэрээний үүргийн 4 хоногийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал өдрийн 100,000 төгрөг гэж тоосон нь хуулийн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан “Ажлын байр түрээслэх” гэрээнд 1 сарын түрээсийн төлбөр 2,700,000 төгрөг байх бөгөөд нэг хоногт ногдох түрээс 90,000 төгрөг гэж үзэхэд 4 хоногийн түрээс 360,000 төгрөг болно. Хариуцагч нь 4 сарын 30 хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээ хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн байх ба түрээсийн гэрээ дууссан 4 сарын 26-наас хойш 4 хоногийн дараа ажлын байрыг хүлээлгэж өгсөн байдаг тул 3 сар 4 хоногийн түрээсийн төлбөр болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги нэхэмжилсэн нэхэмжлэгч талын шаардлагыг хангах нь хуульд нийцнэ гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч талын түрээсийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй 175 хоног хэтрүүлсэн тул алданги 5,449,500 төгрөгийг гаргуулна гэх шаардлагын хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “...анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээнд анз буюу алдангийн талаар тохиролцсон байх хэдий ч хариуцагч талын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6,260,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир дээрх 5,449,500 төгрөгийн алдангийг бүхэлд нь хангах боломжгүй юм. 

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 сар 4 хоногийн түрээсийн төлбөр 6,260,000 төгрөг, алданги 3.130.00 төгрөг, нийт 9,360,000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн түрээсийн төлбөр болон алданги 2,389,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Даас 9,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,389,500 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Даас 164,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.АМИН-ЭРДЭНЭ