Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/406

 

 

 

 

 

 

 

 

 

 2022           10               11                                             2022/ШЦТ/406

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

  Шүүгдэгч Р.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Р-н Д ид холбогдох эрүүгийн 2234000000314 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч овогт Р-н Д , . тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Р.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Р.Д  нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Түшээ гүн” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Р.С ийн толгойн тус газар ташуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000314 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Р.С ийн өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3-р баг Түшээ гүн гэх газар хүргэн ах эгч нар гэр бүлтэйгээ салхинд гарч амрахаар ирсэн. Тэгээд голын эрэг дээр нэг хоноод 2 дахь орой 22 цагийн үед нутгийн гэж нэг үл таних залуу согтуу морьтой ирээд манай хүргэн ах эгч нартай юм яриад байгаад байхаар нь чи одоо яваа гэж манай ах эгч нар хэлсэн тэгсэн яваад өгсөн хэсэг байж байгаад буцаад ирсэн ирэхдээ нэг шил архи авчирсан түүнийгээ манай хүргэн ахтай хувааж уугаад дуусаад aмpax болж бид нар майхандаа ороод унтаж байтал нөгөө залуу майхан дээр согтуу унаад тэгээд унтаж байсан би сэрээд чи майхан нураачихлаа хүүхэд сэрээлээ гэсэн чинь одоо яв гээд хэлсэн чинь майхан руу чинь орж унтана гээд дайраад байхаар нь чи яв эсвэл хойд майханд очиж унт гэсэн чинь морьлуугаа очоод морио унаж ирээд майхан руу дайрч байснаа намайг ташуураар тогой тус газар цохиод би нэг мэдсэн чинь машины хажуу ухаан алдаад унасан байсан. Тэгээд сэрсэн чинь нөгөө нөхөр яваад өгсөн эхнэр маань хажууд байсан. Миний тогойн орой хэсэгт хуйх нь язарч цус гарсан байсан. Тэгээд өнөөдөр хот руу буцаж байгаа юм. Толгой руу юугаар цохисныг мэдэхгүй нэг удаа цохисон нуруу цээжээр хөндүүрлээд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Хацар дээрээ сорвитой миний үеийн залуу байсан. Өглөө уулзаж ярихад өөрийгөө Бакаанаа гэж байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авна.” гэх мэдүүлэг /хх 6/,

Гэрч Г.Г ийн өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатараас Батсүмбэр сум руу нөхөр Мягмарсүрэн, дүү С  түүний эхнэр Ж , манай төрсөн дүү Ганчимэг түүний нөхөр Чука би нар гэр бүл хамаатан салхинд гарах гээд явж байсан. Тэгээд 16 цагийн Батсүмбэртээ ирээд голын эрэг дээр хоноод маргааш нь буюу 2022 оны 6 сарын 02-ны орой нутгийн гэх нэг үл таних залуу морьтой ирээд манай дүү Ганчимэгийн нөхөр Чукатай юм яриад тэр хоёр хамт архи хувааж уугаад байх шиг байсан. Тэгээд тэд нар майхандаа унтаж амрах гээд явсан би машиндаа унтахаар явсан. Тэгээд унтаж байтал шөнө нэг хүн орилоод байхаар нь би гадаа гараад хартал давхиж байгаа морины дуу сонсогдоод гадаа харанхуй болсон юу ч харагдахгүй байсан. Дараа нь гэрэл тусгаад хартал манай дүү С  толгойноос нь цус гарсан ухаан алдсан байдалтай машин налаад сууж байсан. Би гадаа харанхуй байсан болохоор бас хараагүй юу болоод байгааг мэдэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 8,.

Гэрч Э.Ж ын өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатараас Батсүмбэр рүү нөхөр С , хүргэн ах Мягмарсүрэн түний эхнэр Г , Г ийн дүү Ганчимэг түүний нөхөр Чука гээд гэр бүл хамаатан салхинд гарах гээд явж байсан. Тэгээд 16 цагийн Батсүмбэртээ ирээд голын эрэг дээр хоноод маргааш нь буюу 2022 оны 6 сарын 02-ны орой нутгийн гэх нэг үл таних залуу морьтой ирээд манай хүргэн ах Чукатай юм яриад тэр хоёр хамт архи хувааж уугаад байх шиг байсан. Тэгээд бид майхандаа унтаж амарч байхад манай хүргэн ах Чука, нутгийнх гэх үл таних залуутай машиндаа хөгжим тавиад чарлуулаад байсан. Тэгээд би босоод "Тэр хоёрт би наад дуугаа намсгаач ээ, хүүхдүүд унтаж амарч байсан" гэсэн. Дараа нь хүргэн ах Чука майхандаа ороод унтахад нутгийнх гэх үл таних залуу майхан дээр ирээд "Майхан руу чинь ороод унтмаар байна" гэхээр нь би хойд талын майханд ороод унт гэсэн чинь эхлээд үгийн зөрүүгүй зүгээр яваад явсан. Тэгээд буцаж ирэхдээ морьтойгоо ирээд майхан руу орно гээд морьтой дайраад байхаар нь би нөхөр С ийг гараад хардаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр С  гараад юм ярьж байснаа чимээгүй болохоор нь би гараад хартал манай нөхөр С  машины хажууд толгойгоо бариад сууж байхаар нь юу болсон талаар асуутал ухаан алдаад уначихсан. Би тухайн зодоон болж байхад майхандаа байсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

Шүүгдэгч Р.Д ийн өгсөн: “Би орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3-р баг Түшээ гүнд адуугаа хурааж дуусаад байхад 20 цагийн үед танихгүй хэдэн залуучууд дуудаад байхаар нь очсон. Очход амарч яваа 6-7 хүн хүүхдүүдтэйгээ хоёр машинтай явж байсан би мориноосоо буугаад л танилцаад хамт архи уугаад уусан орой 22 цаг өнгөрч байхад нөгөө залуусын дундаас нэг залуу нь согтуурхаад яриа нийлэхгүй агсам тавиад эхэлсэн. Би тэгээд ганцаараа явсан болохоор аргыг нь олоод явахыг бодсон хэсэг маргалдаж байгаад морин дээрээ мордоод хөдөлсөн чинь нэг залуу нь морины цулбуураас бариад авахаар нь "Цулбуур тавь" гэж хэлээд хэд хэд ороолгоод хөдөлсөн чинь ард унаад үлдсэн. Маргааш өглөө нь буцаад юу болсон талаар уулзахаар ирсэн чинь нэг залуу нь толгой хагарсан гээд эхнэр нь гомдолтой гээд сууж байсан. Би уучлал гуйгаад сумын төв орж эмнэлэгт үзүүлээд хохирол барагдуулъя гэж хэлээд явсан. Замд явж байгаад түрүүлээд явсан. Би агсам тавиад байхаар нь явах гээд морин дээрээ мордоод явах гэхээр нь явуулахгүй болохоор нь би цулбуураар ороолгоод хөдөлсөн өөрсдөө хутга барьж ална гээд байсан. Маргааш нь хүртэл архи нь гараагүй ална гээд л байсан. С ийн биед ямар гэмтэл учирсан талаар би мэдэж байгаа. Толгой хэсэгт нь хагарсан байсан. Унахдаа нуруу нь зулгарсан гэсэн. Тэнд байсан залуучууд бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би бол тааруулаад уусан юу болж байгааг мэдэх ухаантай байсан. Би тэр хүмүүстэй тухайн орой анх удаа уулзсан.

Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг гэмт хэргийг үйлдэхэд надад ямар нэг шалтгаан байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 12, 26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн №8134 дугаартай шинжээчийн: “1.Р.С т нуруунд зулгаралт, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь үүсгэгдэнэ. мохоо зүйлийн олон удаагийн, цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. 4.Дээрх гэмтэл нь хоёр хоногийн өмнө үүссэн байна. 5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 15-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Д  хохирогч Р.С  нар нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Түшээ гүн” гэх газар архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж  Р.Д  нь Р.С ийн толгойн тус газар ташуураар цохиж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан "нуруунд зулгаралт, дагзанд шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,   

 түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Д  нь ам бүл 4, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт Түшээ гүн 2-9 тоотод байнга оршин суудаг /хх 29/, урьд ял эрүүгийн хариуцлагад татагдаж байгаагүй талаархи урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 28/ тогтоогдсон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Р.С  нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн 2234000000314 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ч овогт Р-н Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Р.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д ид оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000000314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ