| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00589/и |
| Дугаар | 680 |
| Огноо | 2018-09-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 50 айлын 2 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ82020662, А овогт Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 9-11 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ79082215, Х овогт Р-ийн А-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр Р.А-тай 2014 онд гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр охин А төрүүлсэн. Нөхөр болох Р.А нь архи ууж, хэрүүл маргаан гаргаж, намайг хардаж цохидог байсан учраас цаашид хамт амьдрах хэцүү болж 2014 оны 12 дугаар сараас миний бие охины хамт өөрийн аав, ээжийнд очиж тусдаа амьдарсан. Хэсэг хугацаанд засрах байх хэмээн ажигласан боловч засарч хүмүүжээгүй. Одоог хүртэл хэрүүл маргаан байнга үүсгэж, шалтгаангүйгээр хардаж, хэл амаар доромжилж надтай зохисгүй харьцдаг. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрээгүй. Цаашид Р.А-тай амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.А миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэв.
Хариуцагч Р.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Б-тай 2014 онд гэр бүл болсон бөгөөд Б-ын ээж Цэгмэд дүү нар болон бусад хүмүүс гэрт ирж зодох, дарамтлах зэргээр Б-ыг авч явдаг байсан. Б ч гэртээ бараг хонодоггүй, гэртээ аяга цай ч чанаж үзээгүй. Миний аав Р өөд болж 49 дэх хоногт охин А төрсөн. Охиноо бүртгүүлэхдээ бид гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Тэр үед Б “чи хамгийн том алдаа гаргалаа, амьдралыг чинь там болгоно” гэж хэлж байсан. Харин би охинтой болсондоо баярлаад юу ч хэлээгүй. Охин 2 сартай байхад Б “та хоёроос болоод би гадуур явж чадахгүй байна, би чөлөөтэй баймаар байна” гэж хэлээд гэрлэлтийн баталгааг шатааж хаяад гарч явсан. Охиноо өвөл дуустал үхрийн сүүгээр угжиж бор хоолонд оруулсны дараа охиныг Б аваад явсан. 2015 оны 3 дугаар сараас охинтой уулзах үед зодох, цагдаад худал хэлж өгөх зэргээр намайг дарамталсаар ирсэн. Сүүлд 2018 оны 6 дугаар сард охинтой минь уулзуулахгүй гээд Б-ын аав Б, ээж Ц нар намайг зодсон болохоор хүүхдийн эрхийн хороонд хандсан. Харин тэд эсрэгээр худал мэдээлэл өгч бас л намайг цагдаад өгсөн. Би охиндоо маш их хайртай. Охинд хэрэгтэй хувцас, тоглоом, ном зэрэг бүх зүйлийг авч өгдөг. Охин ч аавдаа хайртай, гэртээ байх дуртай байдаг. Охин гэртээ хоносон үед цагдаад өгнө, шоронд суулгана гээд хэрүүл хийдэг. Худал хэлж баривчилгаа ч өгч байсан. Би охиндоо дэндүү хайртай болохоор элэг бүтэн өсч томроосой гэж хүсдэг. Тиймээс би охиноо өөрөө авч өсгөх хүсэлтэй байна. Намайг зодож, доромжилж, санаа сэтгэлээр 4 зовоосоор байгаа Б, Ц болон тэдний хамаатан, найз нөхдөд нь гомдож байгаа ч охины минь ирээдүйд хар толбо үлдээх гэж байгаад харамсаж байна. Би охиноосоо хэзээ ч салахгүй, насан туршдаа хамт байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Б, Р.А нар 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр охин А.А төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний лавлагаанууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2014 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Б.Б, Р.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас төрсөн охин А.А нас болон 2014 оны 12 дугаар сараас хойш эхийн асрамжид байгаа зэргийг харгалзан эх Б.Б-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин А.А 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Р.А сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх Б.Б-ын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А-гаас 94.763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Р.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1131.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Адууч овогт Батмөнхийн Б, Хасууд овогт Р- А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин А.А эх Б.Б-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.А 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Р.А-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.763 /ерэн дөрвөн мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А-с 94.763 /ерэн дөрвөн мянга долоон зуун жаран гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ