Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0395/Э |
Дугаар | 2022/ШЦТ/413 |
Огноо | 2022-10-17 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/413
2022 10 17 2022/ШЦТ/413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Х овогт М-н М т холбогдох эрүүгийн 2234000000422 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт М-н М , 1977 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Улаанбаатараас 161 дэх км-ийн тэмдэгтийн орчим Хьюндэй Портер маркийн 57-57 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч... зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч замын хөвөөнд зогсож байсан Мерседес Бенз Атиго маркийн 54-12 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард талаас орж, ачааны хаалга хааж байсан Д.Г ыг мөргөж, хаалганд хавчуулагдан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000000422 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Д.Г ын өгсөн: “Улаанбаатар хотоос 6 тооны адуу ачаад 5412 ЗАА улсын дугаартай ачааны машинаар Завхан аймар руу 5757 ЗАН улсын дугаартай машинтай хамт хөдлөөд явж байгаад 2022 оны 8 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Лүн сум өнгөрөөд том машин зогсдог зогсоол дээр бүгд машинаасаа буугаад тамхи татаж байгаад манай машины дагаж явсан машиныг түрүүлээд хөдлөөд яваад бид нар эндээ амраад явлаа гэж хэлсэн. Тэр үед нь миний сууж явсан 5412 ЗАА улсын дугаартай том оврын машины хаалга онгойлгоод агаар оруулж байсан хаалга хаах гэж байсан чинь гэнэт машин араас орж ирээд мөргөөд хавчуулагдаад хажуу тийшээ гарах гэж оролдож байгаад газар унасан. Тэгээд газар хэвтэж байгаад Лүн сумын эмнэлэгт ороод эмчилгээ хийлгэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жолооч нь гарч ирж тамхи татах үед машин унтарсан араагаа мултлаад утсаа авах гэж байгаад машин өнхөрсөн гэж надад хэлсэн. Би гомдолтой байна. Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Ц.П ийн өгсөн: “Улаанбаатар хотоос Завхан аймгийн Сонгино сум руу 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл болон 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн 2-р тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамтаар 8 тооны адууг авч явж байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орж ирээд том ачааны машин зогсдог замын хажуу талын зогсоол дээр 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн араас нь миний сууж явсан 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод би болон тэнд байсан хүмүүс бүгдээрээ бууж ирээд бие засаад тамхи татаад зогсож байгаад би 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл рүү ороод суудлын хойш нь болгоод хэвтээд өгсөн юм. Тэгээд удалгүй жолооч М.М болон миний хажууд сууж явсан дүү орж удалгүй байж байхад гэнэт манай машин юм мөргөх шиг болохоор гараад харсан чинь Д.Г газар унасан байдалтай байхаар нь бид нар босгоод 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад Лүн сумын эмнэлэг орсон. 2 тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гар тоормосоо татсан эсэх талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 23-24/,
Гэрч Б.Доржпаламын өгсөн: “Улаанбаатар хотоос Завхан аймгийн Цэцэн-Уул сум руу 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэлд зорчигчоор сууж явж байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны шөнийн 02 цаг 20 минутын үед миний сууж явсан 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 тээврийн хэрэгсэл нь хамт явж байсан 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн ард зогсоод уг 2-р машины жолооч нар болон би машинаас бууж тамхи татаад зогсож байхад 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн хэрэгсэл дотор сууж явж байсан Д.Г гэх залуу миний сууж явсан машины жолоочийг түрүүлээд явж бай гэж хэлэхээр нь 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 тээврийн хэрэгслийн жолооч болон би машинд суугаад хөдлөх гэж байхад жолооч ахын утас газарт шалан дээр унасан байхыг нь бид 2-р хараад жолооч ах утсаа авах гэж оролдох үед нь би урагшаа замаа харахад уг 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн ард байсан Д.Г ахыг яаг мөргөх гэж байх үед нь жолооч ах дээшээ өндийгөөд уг Д.Г ахыг машин өнхөрч очоод мөргөсөн. Тэгээд машинаасаа бид нар бууж очиход Д.Г ах газар хэвтсэн байдалтай байхад нь бид нар босгох гэж оролдсон чинь нуруу болон хэвлийн хэсэг нь өвдөөд байна гэхээр нь би 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 тээврийн хэрэгслийг би жолоодож Лүн сумын эмнэлэг орсон. Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Уг осол болсон шалтгаан нөхцлийн талаар би сайн хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч О.П гийн өгсөн: “Улаанбаатар хотоос Завхан аймгийн Сонгино сум руу 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл болон 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн 2-р тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамтаар 8 тооны адууг авч явж байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орж ирээд том ачааны машин зогсдог замын хажуу талын зогсоол дээр миний жолоодож явсан 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz Mаркийн тээврийн хэрэгслийн араас нь 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод би болон тэнд байсан хүмүүс бүгдээрээ бууж ирээд бие засаад тамхи татаад зогсож байхад намайг тэнд байсан хүмүүс ядарч байвал унтаж амраа гэхээр нь би жоохон амрах гээд 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгсэл рүү алхаад явж байхад гэнэт машины ар талд тас хийх дуу дугарахаар нь яваад очсон Д.Г нь газар унасан байдалтай байхаар нь юу олсон талаар нь асуусан чинь М.М ын жолоодож явсан машин өнхөрч очоод мөргөчихсөн гэхээр нь 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл дотор суулгаад Лүн сумын эмнэлэг хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч Р.Эрдэнэбатын өгсөн: “Улаанбаатар хотоос Завхан аймгийн Сонгино сум руу 5757 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл болон 5413 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн 2-р тээврийн хэрэгсэлтэй нийт 6 хүний хамтаар явж байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орж ирээд том ачааны машин зогсдог замын хажуу талын зогсоол дээр миний сууж явсан 5413 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгсэл зогсоод араас нь 5757 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод тэнд байсан хүмүүс бүгдээрээ бууж ирээд бие засаад тамхи татаад зогсож байхад нь би 5413 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгсэл дотор ороод ард талын хүн амрах зориулалтай орон дээр гараад хэвтэж байхад миний хэвтэж байсан 54-13 ЗАА улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн араас туг гээд чанга юм мөргөх шиг болсон юм. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл дотор адуу ачиж явсан болохоор адуу хоорондоо өшиглөсөн юм байх гэж бодож байсан чинь П гэх дүү ахаа та буугаад ирээч гэхээр буугаад очсон чинь Д.Г сая мөргүүлэн та цуг 57-57 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэл дотор суугаад Лүн сумын эмнэлэг яваад өгөөч гэхээр нь хамт суугаад эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Д.Г ыг Лүн сумын эмнэлэг хүргэж өгч байхад биеийн байдал нь муу байсан. Замдаа явж байхад нэг ухаан алдаж байгаад ухаан нь орж ирээд байсан.” гэх мэдүүлэг /хх 35-36/,
Шүүгдэгч М.М ын өгсөн: “Би Завхан аймгийн Сонгино суманд 1977 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Одоо тус багийн нутагт эхнэр Ж.М, М.М, М.Наранжаргал, М.Л нарын хамт мал маллаж амьдардаг. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотоос 5757 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй барилгын материал ачаад Завхан аймгийн Сонгино сум руу явж байсан. Надтай хамт 5412 ЗАА улсын дугаартай Mercedes Benz ATEGO 823 маркийн 3 хүний хамтаар тус тусдаа тээврийн хэрэгсэлтэй хамт мөн Завхан аймгийн Сонгино сум руу явж байгаад Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг 161 км шон өнгөрөөд 10-20 км яваад том ачааны тээврийн хэрэгсэл зогсдог зогсоол дээр 5412 ЗАА улсын дугаартай Mercedes Benz ATEGO 823 Mаркийн автомашин зогсож байхаар нь уг тээврийн хэрэгслийн араас нь 3 метрийн зайд зогсоод би өөрийн жолоодож явж байсан 5757 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгслийн арааг мултлаад гар тоормос буусан байсныг мэдэхгүй машинаа зогсох үед миний гар утас доошоо унах үед би гар утсаа авах гээд тонгойх үед 5757 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн машин урагшаа өнхрөөд урд талын машины ачааны хаалгыг хааж байсан Д.Г ыг очиж мөргөж урд талын машины ачааны хаалгатай хавчуулахад би тоормос гишгэх үед Д.Г нь хажуу тийшээ газарт унаж байсан. Би шууд машинаасаа бууж ирээд хүмүүс ирээд Д.Г ыг газраас босгоод Лүн сумын эмнэлэг дуудсан чинь ирэхгүй байхаар нь 5757 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн машиныг хамт явж байсан нэг хүүхэд унаад Лүн сумын эмнэлэг аваад явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В, С ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Би 5757 ЗАН улсын дугаартай Hyundai Porter 2 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 8 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд би худалдаж авсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн осол болсон газрын цаг агаарын нөхцөл цэлмэг гэрэлтэй гэгээтэй байсан. Машин зогсох хөвөө хэсэг шороотой ертөнцийн зүгээр баруун тийш налуу байсан. Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл өнхөрч уг хүнийг гэмтээсэн. Би гар тоормосоо татсан байх гэж бодоод газарт унасан гар утсаа авах гэж тонгойсноос болсон. Уг хүнийг мөргөх үед шууд хөл тормоз гишгэсэн. Би уг тээврийн хэрэгслийг жолоодож байхад миний хажуу талд 2 өөр хүн унтаад явж байсан.
Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаярын надад холбогдуулж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2234000000422 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт өөрийн буруугаас болж машинаа өнхрүүлж улмаар урд байсан машиныг мөргөхөд дунд нь Г ыг мөргөж биед нь гэмтэл учруулсан. Би шинжээчийн дүгнэлт, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан бөгөөд санал нийлж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоогоор хохирогч Г тай байнгын холбоотой байж эмчилгээний зардалд нь 5.000.000 гаран төгрөг өгсөн байгаа. Цаашдаа эмчилгээнээс гарсан зардлыг нь барагдуулна. Би 1977 онд Завхан аймгийн Сонгино суманд айлын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ 4 ах, 1 эгчтэй айлын бага хүүхэд. Бага насаа Завхан аймгийн Сонгино сумандаа ээж, аавын гар дээр мал маллаж өссөн бөгөөд 1985-аас 1993-оны хооронд Завхан аймгийн Сонгино сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш нутагтаа мал маллан одоог хүртэл амьдарч байна. Эхнэр Мөнхцэцэгтэй 2003 онд танилцаж нэг гэрт орж одоо дундаасаа 3 хүүхэдтэй том нь 17 настай, дундах нь 15 настай, бага нь 6 настай. Хүүхдүүд маань Завхан аймгийн Сонгино сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг.” гэх мэдүүлэг /хх 19-20, 73/,
“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-н 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 22/92 дугаартай “1.Hyundai Porter маркийн 57-57 ЗАН улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч .... зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Уг зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Hyundai Porter маркийн 57-57 ЗАН улсын дугаартай автомашины жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Hyundai Porter маркийн 57-57 ЗАН улсын дугаартай автомашины тоормос, жолооны механизмд эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй. 4.Энэхүү дүгнэлтийн 3-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 5.Энэхүү дүгнэлтийн 3-р хариултаар хариулсан гэж үзэж байна.” гэх дүгнэлт /хх 57-58/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаартай: “1.Д.Г ын биед нарийн гэдэсний урагдал, язрал /2022.8.20-ны мэс ажилбар бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 62-63/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234000000422 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.М ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ц.Эрдэнэчимэгт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч М.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 2 жил тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Г нь хохирлын 5 000 000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй." гэж тус тус заасан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. М.М нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол гаргаж Д.Г нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Гэмтэл согог сэргээх үндэсний төв, Баянзүрх ЭМТ, Нийслэлийн түргэн тусламжийн төв зэрэг газруудаас үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 520 550 төгрөг зардал гарсан тул энэ зардлыг М.М аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү." гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт М-н М ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.М ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.М ын тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М т үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хохирогч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М аас 1 520 550 /нэг сая таван зуун хорин мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд оруулсугай.
9.Эрүүгийн 2234000000422 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ