| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00453/и |
| Дугаар | 733 |
| Огноо | 2018-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1571001034 дугаартай, 8109745 регистрийн дугаартай, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, Багш нарын байрны 1-р орцны 5-4 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ77111172, Л Х-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ын тэргүүн Д.Ж, нарийн бичгийн дарга Г.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ын тэргүүн Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 10 дугаар сард Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо төрийн бус байгууллага нь сум сумын тэргүүнүүдээ аваад жолооч Л.Х гэх хүнтэй Абакан хот руу явсан. Гэтэл Ч гэх тосгонд очоод машин эвдэрсэн. Улмаар орос машинаар Абакан хот руу явцгаасан. Ингээд Абакан хотоос буцаад Ч иртэл Завхан сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн А.Я “Энэ жолооч юм авах гэж байна, та мөнгө байвал өгчих” гэхээр нь би байгууллагын сеператорын 200.000 төгрөг байсныг жолооч Л.Х-д өгсөн. А.Я миний хажууд байсан бөгөөд жолоочид мөнгийг тоолж өгсөн. Ингээд Улаангомд ирээд Л.Х рүү удаа дараа утсаар ярихад өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд Л.Х-гээс 200.000 төгрөг гаргуулж 162000224873 тоот дансанд хийлгэж өгнө үү” гэв.
Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь 2014 оны 10 дугаар сард Бэлчээр ашиглагчдын холбооны ажилтнуудыг аялал жуучлалаар авч явах замд Ч машины мотор цохисон тул өөрийнхөө мөнгөөр аялуулж авч ирсэн билээ. Тухайн Бэлчээр ашиглагчдын сангаас би мөнгө аваагүй тул нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ нь хариуцагч Л.Х-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.Х нь “Би Бэлчээр ашиглагчдын холбооноос би мөнгө аваагүй тул нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчид 200.000 төгрөг зээлдүүлсэн талаарх баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор А.Ягааныг гэрчээр асуулгасан ба гэрч А.Я “Миний санаж байгаагаар 3, 4 жилийн өмнө Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны 18 сумын бие төлөөлөгч туршлага судлахаар Абакан хот руу явсан. Гэтэл Кызыл хотод очоод машин эвдэрсэн. Улмаар тус хотод хоноод маргааш нь орос машинаар Абакан хот руу явцгаасан. Биднийг авч явсан машины жолооч бор царайтай намхан залуу байсан. Уг жолооч хэн гэдэг нэртэй байсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн машинд явсан хүмүүс хэлэхдээ “жолооч машин эвдрээд сэлбэг авна гээд мөнгө асууж байна” гэж ярьцгаасан. Тэгэхээр нь би монгол мөнгөөр 800.000 төгрөг бил үү 1.000.000 төгрөг жолоочид өгсөн. Учир нь тэр жолоочийг манай багийг хариуцаж явсан Ц даргын дүүгийнх нь нөхөр гэж хэлж байсан учраас итгээд би жолоочид мөнгө зээлдүүлсэн. Жолооч дахиад мөнгө дутаж байна гээд манайхны хүмүүсээс мөнгө асуусан. Ж эгч “хүн надад юм захиж өгсөн мөнгө байгаа” гээд тухайн жолоочид мөнгө өгч байсан. Яг хэдэн төгрөг өгч байсныг санахгүй байна. Абакан хотоос ирснээс хойш 7 хоногийн дараа би нөгөө жолоочтой холбоо барьж байгаад мөнгөө авсан. Өөр надад хэлэх зүйл алга. Би өөр юу ч санахгүй байна” гэх мэдүүлгийг шүүхэд өгчээ.
Гэрч А.Я нь “Д.Ж жолоочид яг хэдэн төгрөг өгснийг санахгүй байна” гэж мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр баримтаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Х-д холбогдох, нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Хд холбогдох, нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6250 /зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ