Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/412

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             10                17                                           2022/ШЦТ/412

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

  Шүүгдэгч Н.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овог Н-н Тд холбогдох эрүүгийн 2234005250400 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овог Н-н Т, 1990 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт .. оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

2. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

3.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, .. регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Н.Т  нь 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 2022 оны 6 дугаар сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг “Хөгшчүүл” гэх газар “...согтуугаар мотоцикл барих гэлээ...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.О тай маргалдаж, зүүн далан тус газар хутгалж, улмаар уг маргааныг салгах гэсэн Г.Г ын баруун гарын шуу хэсэгт нь хутгалж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234005250400 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Н.О ын өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих 21 цагийн үед Т  гэрт ирээд юу хийж яваа юм гэсэн чинь Г  эгчтэй хэрэлдсэн гээд хүрээд ирсэн, бид хоёр гэрээс гараад Улаанаа гэх айлд очсон замаараа Ганбаатар гэх айлд ороод тухайн айлаас ажилчдын дэлгүүр онгойлгох гээд онгойлгоогүй тэгээд Ганбаатар гэх айлд буцаад очсон. Тухайн айл 0,5 граммын архи гаргаж өгсөн. Тэр айлдаа ганц юм аа уусан. Харих замдаа Сая гэх айлаас 1 литр нэрмэл архи авсан, гэртээ очоод 2-уулаа уусан бас гэрт хадгалсан байсан 1 шил архи авдар дотор байхаар нь гаргаж Чинзориг ахынд аваачаад Ганзориг ахтай уусан. Тэгсэн тэр явдлаас хойш болсон явдлыг санахгүй, өглөө 5 цагийн үед Нямдорж гэх айлд сэрсэн. Ах бид 2 хоёулаа 1 литрийн нэрмэлийг уусан, архийг бол 4 хүн уусан 0,5 граммын хараа байсан. Ганбаатар ах Улаанаа эхлээд уухад, дараа Чинзориг Т  бид 3 1 шил 0,75 граммын хараа байсан. Биеийн зүүн далны хэсэгт хутгаар хатгуулсан. Миний төрсөн ах Т  хутгаар хутгалсан. Гэхдээ би бол санахгүй байгаа. Г  эгч хэлж байсан. Одоо биеийн байдал гайгүй байна. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 12/,

Хохирогч Г.Г ын өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 21-нд шилжих шөнө 02 цагийн үед нөхөр бид хоёр унтаж байсан. Гаднаас нохой хуцаад гаднаас О , Т  2 согтуу орж ирсэн. Манай нөхөр Чинзориг дуудаад ганц юм ууя гээд байсан. Тэгээд нөхөр босоод авчирсан юмыг нь хувааж ууж байснаа нөхөр Т , О  3 гадаа гарч сууж байсан. Би босоод араас нь гарсан чинь Т  О  2 явмаар байна гэхээр нь нөхөр бид 2 хүргэж өгье гээд байсан чинь О  нь явахгүй гээд тэгээд буцаад гэртээ ороод орондоо орсон. Тэр үед бараг 04 цаг болж байсан. Тэгсэн юм ярьж байснаа гэнэт дуу нь гарахгүй байхаар нь буцаад араас нь гарсан чинь гэрийн хажууд байсан хүмүүс байхгүй байхаар нь хайсан чинь гэрийн урд талын хашаанаас гарч ирсэн. Т  О  хоёр хоорондоо хашхираад ярилцаад байсан би айгаад буцаад гэрээс гарсан чинь О  миний дал эвгүй болчихлоо эгч гээд байсан. Харанхуй байхаар нь харагдахгүй байна миний дүү гээд байж байсан чинь Т  буцаад ална аа гээд хүрээд ирэхээр нь хөөе миний дүү одоо боль гэсэн чинь баруун гараараа хаасан чинь гар руу хутгаараа нэг удаа хатгасан. Тэгээд би нөхөртөө наадах чинь хутгатай байна хол гээд О , нөхөр, бид 3 гэртээ ороод хаалгаа хаасан. Гадаа хутгатай орилоод яваад л байсан. Нэг мэдсэн О  гэрээс гараад алга болсон нөгөө Т  нь гэрт орж ирээд унтаад өгсөн. Нөхөр бид 2 О ыг тэнд үхсэн байх гэж бодоод хайсан. Тэгээд миний цус тогтохгүй Багануурын эмнэлэгт үзүүлэхээр яваад өгсөн. Гэрт байсан уу байшинд байсан уу сайн мэдэхгүй байна. Миний хутга модон иштэй бор өнгөтэй байсан. Тухайн үед очоод гаднаас хутга олж аваад гэрт шүүгээний доогуур нуусан байсан. Тэгсэн намайг байхгүй хойгуур Т  миний гэрт ирээд манай хүүхдэд цагдаа хутгаа аваад ирж гэж байна гэж хэлээд аваад явсан байсан. Т тэй харилцаа холбоо байхгүй нэг нутгийн танил хүмүүс. О ыг хутгаар хатгасан талаар хараагүй. Миний баруун гарны шуу руу 1 удаа хутгаар хатгасан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч Г.Чинзоригийн өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02 цагийн үед гаднаас Т , О  хоёр 1 шил архи барьчихсан ууя гэсэн. Т  очоод чи хүний үг ав гээд нөгөөх нь явна гээд хэрэлдээд 20 гаран минут бараг газар өнхрөөд зодолдсон. Би очиж салгаад мотоциклийг нь босгох гээд байж байх хооронд тэр 2 жалганы дээшээ гараад явсан байсан. Би араас нь очсон чинь хутга шөвөг болсон байсан. Т  орилоод гартаа хутга байсан ийш тийш гүйгээд байсан. Би гэрийн ойр хавьцаа байсан төмөр, чулуу, модоо нуугаад явж байсан чинь эхнэр гэнэт орилсон. Яасан бэ гээд очсон чинь гарыг нь хутгалсан байсан. Т  О  болон Гантулгыг хутгаар гэмтээснийг нүдээрээ би хараагүй. Т  болон О  хоёр нэлээн согтуу байсан. 2-уулаа гэрт авчирсан архиа барахгүй талыг нь үлдээсэн.” гэх мэдүүлэг /хх 19-20/

Шүүгдэгч Н.Т гийн өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед төрсөн дүү О ын хамт гэрт уулзсан би айлаас явж очсон, би очихдоо 1 литр нэрмэл архитай очсон тэгээд бид 2 хувааж уусан. Тэгсэн О  гэрээсээ 1 шил 0.75 граммын Хараа нэртэй хараа архи гаргаж ирэхээр нь гэрээсээ гараад урагшаа Чинзориг гэх айлд очиж уусан 00:00 цагийн үед байх аа дүү О  бид 2 хоорондоо маргалдсан би согтуу байсан болохоор яг юунаас маргалдсанаа санахгүй байна. Өглөө 09:30 цагийн үед сэрсэн чинь дүү О  дал хөндүүртэй байна, та өчигдөр орой хутгалсан гэж байсан тэгээд би эмнэлэг, цагдаа руу утсаар ярьж мэдэгдсэн. Би архи уусан байсан маргалдаж байснаа санаж байна.  Хутгалснаа үнэхээр санахгүй байна дүү л өглөө та ална гээд гэрээс хутга аваад хөөгөөд байсан гэж байсан би санахгүй байгаа зүйлийг зохиож ярилтай биш дээ санахгүй байна гэхдээ би дүүгээ хутгалсан надаас өөр хүн байгаагүй бас дүү та намайг хутгалсан гэж байгаа юм чинь. Би эхээс 7-лаа би айлын 5 дахь хүүхэд дээрээ 3 ах 1 эгчтэй доороо 2 дүүтэй, том ах Н.Ууганбаяр Улаанбаатар хотод байдаг утас нь 88893674, ах Эрдэнэцэцэг Булган аймгийн төв дээр байдаг гэхдээ би харилцдаггүй ээ, эгч Н.Эрдэнэжаргал утас 88032740, ах байсан 2021 онд нас барсан, дүү О  дараагийн дүү Н.Оюундарь Улаанбаатар хотод сурдаг утас 94769326, найз бүсгүй байхгүй. Надад найз нөхөд гэх хүн байдаггүй. Б.Амгалан гэх эхнэртэй байж байгаад салаад 3 жил болж байна Багануур дүүрэгт байдаг 10 настай Хонгорзул гэх охин байдаг гэхдээ холбоо бариагүй 1 жил гаран болж байна. Миний бие Төв аймгийн Баянжаргалан суманд 1990 онд Бямбадоржийн 5 хүү болон мэндэлсэн 8 жилийг Баянжаргалан суманд төгсөөд 16 нас хүртлээ сумандаа амьдарч байгаад Мөнгөнморьт суманд ээжийгээ дагаж ирсэн аав 2002 онд нас барсан 2011 онд Дорноговь аймгийн Замын-үүд сумын 0108-р ангид цэргийн алба хаагаад сумандаа мал маллаж амьдарч байна одоо ээж Мөнгөнморьт суманд байдаг.

            Тухайн өдөр цагдаа ирээд цагдаатай хамт хутгийг хайсан тэр үед хутга хаана байсныг мэдээгүй дараа цагдаа явсны дараа Г  эгч хутга гэрт байгаа би нуусан гэж байсан. Тэгэхээр нь би аваад цагдаад өрөө аваачаад өгье ядаж ял зэм хөнгөрөх байх гэж хэлээд гэрээс аваад мотоциклийнхаа ард цамцанд ороогоод явж байгаад хаягдсан байсан. Тэгээд хайгаад олоогүй. Би Гантулгын баруун гарын шуу 1 удаа хутгаар гэмтэл учруулсан. Миний буруу уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би О ын зүүн дал хэсэгт нэг удаа хутгаар хатгасан. Би Гантулгын баруун гар луу нь хутгаар нэг удаа хатгасан. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх 22-23, 26-27, 48/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн №276 дугаартай шинжээчийн: “1.Г.Г ын биед баруун гарын шууны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн №277 дугаартай шинжээчийн: “1.Н.О ын биед зүүн талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх /нэвтрээгүй/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 39/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Т  нь 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 2022 оны 6 дугаар сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг “Хөгшчүүл” гэх газар “...согтуугаар мотоцикл барих гэлээ...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.О тай маргалдаж зүүн далан тус газар хутгалсны улмаас эрүүл мэндэд нь "биед зүүн талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх" бүхий хохирол,

улмаар уг маргааныг салгах гэсэн Г.Г ын баруун гарын шуу хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь " баруун гарын шууны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх" гэмтэл тус тус учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийн түр хугацаагаар сариулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,   

 түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж,

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж санал гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т гийн хувийн байдалтай холбоотой урьд

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

2. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

3.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан талаар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 69-78/ хэрэгт авагдсан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Н.О , Г.Г а нар нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн 2234005250400 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овог Н-н Тийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч Н.Т ийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Шүүгдэгч Н.Т д оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн 2234005250400 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ