| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0377/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/424 |
| Огноо | 2022-10-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/424
2022 10 21 2022/ШЦТ/424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Хохирогч З.А , түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
Шүүгдэгч Л.Э , түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Л-н Э од холбогдох эрүүгийн 2234003900349 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д овогт Л-н Э , 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг “Хөшиг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЗБ90031818 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр .. тоотод иргэн И.М ын гэрт хохирогч З.А тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн бөөр тус газар нь хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хүнд учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234003900349 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч З.А ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: "2022 оны 5 дугаар сарын 14-ны өдөр ажил дээрээ байж байгаад 13 цаг өнгөрөөд М болон Г хоёрын гэрт ирсэн. Тэнд Болдоо, Маагий, Э нар архи уугаад байж байсан. Намайг гэрт орох үед М , Болдоо хоёр маргалдаад байж байсан. Тэгээд М цагдаа дуудаад цагдаа ирээд Болдоог авч явсан. Тэр үед Э согтоод орон дээр унтаж байсан. М бид хоёр дэлгүүр ороод буцаад ирсэн чинь Болдоо цагдаагаас буцаад ирчихсэн Э ын хамт нэг шил архи хуваан уугаад сууж байсан. Хоёр эмэгтэй болох Г , Маагий хоёр согтоод унтаад өгсөн байсан. Тэгсэн М , Болдоо хоёр дахин маргалдаад М дахин цагдаа дуудаад цагдаа нар ирээд Болдоог аваад явсан чинь Э М руу чи ямар шалтгаанаар Болдоог цагдаад өгч явуулаад байгаа юм гэж хэлээд М ын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан. Би тэр үед сууж байсан чинь миний араас зүүн бөөр хэсэгт Э хөлөөрөө маш хүчтэй өшиглөсөн би тэр үед босоод эргэж хараад Э ыг тэврээд авах гэхэд бөөр хэсэгт маш их өвдөлт өгөөд буцаад биеэ удирдах чадваргүй болоод Э ын өмнө сөхрөөд суусан Э намайг түлхээд газар унагаасан. Би газар унаад эргээд босож чадаагүй зүүн бөөр маш хүчтэй өвдөөд би М аас эмнэлэг дуудаад өгөөч би үхлээ гэж олон удаа давтан хэлээд газар хэвтэж байсан. Тэгээд түргэн удахгүй ирсэн. Би архи огт уугаагүй байсан. Э миний зүүн бөөр хэсэгт хөлөөрөө цохиж, өшиглөсөн. Бид хоёр танилцаад 5-6 жил болж байгаа. Миний зүүн бөөр бяцарсан. Тэгээд хагалгаанд ороод зүүн бөөрөө авхуулсан байгаа. Одоогоор биеийн эрүүл мэндийн улмаас ажлаа эрхэлж чадахгүй байгаа. Шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3 800 000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн ажил эрхэлж байхдаа 10 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан түүнийгээс шүүгдэгчээр төлүүлэх саналтай байна." гэх мэдүүлэг /хх 18, 20/,
Гэрч И.М ын өгсөн: "Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өглөө Тэрэлжээс гэртээ ирсэн. Манай хашаанд манай найз Г гэрээ бариад амьдарч байгаа юм. Г ийн гэрт орсон чинь Г , Э , Болдоо нэг танихгүй эмэгтэйтэй архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явах гэж байсан чинь намайг Г чи өнөөдөр явахгүй үлдчих ээ гээд байхаар нь ирсэн унаагаа буцааж явуулсан. Болдоо гэх залуу намайг нэг шил архи хамт яваад аваад ирэх үү гээд бид хоёр хамт дэлгүүр ороод нэг шил архи авчираад тэрийгээ ууж байгаад бид хоёр маргалдсан. Болдоо над руу дайраад байхаар нь би цагдаа дуудаж өгсөн. Тэгсэн Болдоо дахин гэрт орж ирээд надтай муудах гээд байхаар нь би дахин цагдаа дуудаж өгсөн. Тэр үед А гаднаас орж ирээд надтай нэг шил архи ууна гээд бид хоёр хамт дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад гэрт орсон чинь Э чи ямар шалтгаанаар хүн цагдаад өгөөд байгаа юм бэ гээд над ру дайраад цохих гэхэд А голоор ороод салгах гэсэн чинь Э А ын бөөр рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд А миний бөөр гээд орилоод газар хэвтээд өгсөн. Би тэгээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Э А ын гэдэс болон бөөр хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. Г болон нөгөө танихгүй эмэгтэй хоёр согтоод хоёр талд унтаж байсан." гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Ш.Г ийн өгсөн: "Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Э , М , Майцэцэг, Болдоо бид тав гурван том пиво уусан. Эхлээд нэг пиво ууж байхад А гэрт орж ирээд ажлын зав чөлөөгөөр явж байна аавын дээлийг нь аваачиж өгөөд ирнэ гэж хэлж явсан. Тэгээд бид үргэлжлүүлээд ууж байсан би тэгээд тасарсан юу болсон талаар мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх 28/,
Гэрч Б.Майцэцэгийн өгсөн: "Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өглөө найз Г намайг дуудаж хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд өглөө 9 цагийн үед очход гэрт нь Г , Цогоо хажуу талын айлд нь Мэндээ гэх залуу байсан. Тухайн үед Мэндээ гэх залуу орж гараад яваад байсан. Тэгээд Цогоо гэх залуугийн найз Болдоо ирээд 2.5 литрийн багтаамжтай Нийслэл нэртэй пивыг авчирч өгөөд явсан. Тэгээд Ганаа, Цогоо нарын хамт авчирсан пивыг уугаад би унтаад өгсөн цааш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн өдрийн өмнөх өдөр уусан байсан. Тэгээд тэр өдөр Г ийнд унтаад өгсөн. Цааш юу болсныг сайн мэдэхгүй байна. Ганаа, Цогоо нарын хамт пиво ууж байхад А орж ирээд хүнд дээл аваачиж өгнө гээд буцаад гарсан. Орж ирээд архи болон пиво уугаагүй. Би маргалдаж байхад нь унтаж байсан яг юу болсныг сайн мэдэхгүй." гэх мэдүүлэг /хх 30/,
Гэрч О.Болдбаатарын өгсөн: "Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Э намайг хүрээд ирээч гээд усны аж ахуйд 11 цагийн үед нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи 2.5 литрийн багтаамжтай Нийслэл нэртэй пиво болон хүүхдүүд нь зайрмаг аваад очсон чинь Э болон 2 эмэгтэй 4 хүүхдүүд байсан. Тэгээд Э болон 2 эмэгтэйн хамт авч очсон архи, пиво хувааж ууж байхад гаднаас хажуу айлын эзэн гэх М орж ирээд хамтдаа архи, пиво ууж байхад М , Э нар нь хоорондоо маргалдаад байхаар би М т чи согтуу хүнтэй маргалдаж яах гээд байгаа юм эрүүл байгаа надтай маргалд гэж хэлэхэд М чи манай хашаанд байгаа шүү яв гэхээр нь явахгүй би найзындаа байна гэсэн чинь цагдаа дуудаад удалгүй цагдаа ирж намайг аваад явсан. Тэгээд цагдаа дээр ирээд саяны очсон айлдаа буцаж очихгүй шууд гэртээ харь гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд би гэр рүүгээ явах замдаа буцаж Э дээр очиход Э гэрийн зүүн талын орон дээр унтаад М хамт архи ууж байсан 2 хүнтэй юм яриад сууж байсан. Тэгээд М дахин цагдаа дуудахад цагдаа нар ирээд цагдаагийн газар авчраад Мөнхмандах гэх цагдаа намайг гэрт маань хүргэж өгсөн. Э ынд 11 цагийн үед очих гээд явж байхад гудамжны үзүүрт А тай таарч миний сууж явсан таксинд суугаад ээждээ дээл аваачиж өгнө гээд намайг Э ын үүдэнд буулгаад А такситай цааш явсан." гэх мэдүүлэг /хх 34/,
Шүүгдэгч Л.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би тухайн өдөр өөрийн найз болох А болон түүний эхнэр Г , Маагий гэх эмэгтэйн хамт Төв аймаг Зуунмод сум 5 дугаар баг Усны аж ахуйд М ыг дайлсан. Тэгээд М над руу дайраад хэрүүл өдөөд байсан. Тэр үед манай найз Болдбаатар надаа малын засаа идүүлэх гээд ирсэн. Тэгсэн чинь М нь Болдбаатар руу томроод байсан. Болдбаатар надад нэг шил архи болон засаатай ирсэн би тэрийг нь уугаад тасарсан цааш юу болсон талаар мэдэхгүй байна. 4 том пиво 0.5 грамм архи нэг шил 0.75 архи уусан. Өмнө бид хоёр маргалдаж байгаагүй." /хх 36/,
"Би З.А ын зүүн бөөр хэсэгт нэг удаа өшиглөсөн өөрөөр цохиж зодсон асуудал надад байхгүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би хохирогч А д дансаар 3 800 000 төгрөгийг шилжүүлж өгсөн." гэх мэдүүлэг /хх 86/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.З.А ын биед 2022 оны 5 дугаар сарын 14-ны мэс заслаар зүүн бөөр авах мэс засал, хэвлийн хөндийд 1200 мл цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.12, 58.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 60 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх /хх 38-39/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11/,
хар өнгийн түрийтэй 40 орчим размер гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-15/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Улсын яллагчийн шүүгдэгч Л.Э ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Л.Э ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Э хохирогч З.А ыг үл ялих зүйлээр шалтаглан өшиглөж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж бөөрөн тус газар нь өшиглөснөөс хүнд гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан тул гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Л.Э хохирогч З.А ыг зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл буюу хүнд хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд 2022 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн мэс заслаар зүүн бөөр авах мэс засал хэвлийн хөндийд 1200 мл цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Л.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн миний үйлчлүүлэгч хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгөөч гэх саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 96/, 1990 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн, 32 настай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт хувиараа мал аж ахуй эрхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багт оршин суудаг гэжээ.
Шүүгдэгч Л.Э нь хохирогчид 3 800 000 төгрөгийн хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүгдэгчийн хувийн байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулын ял оногдуулах саналыг шүүгдэгч тодорхой орлогогүй, хувьд ногдох хөрөнгөгүй ирүүлсэн малын А дансны хуулга нь түүний нэр дээр бус өөр хүний нэр дээр байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Л.Э ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.А ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт 3 сая гаруй төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч хохирогчид 3 800 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх тул дээрх хохирлын нөхөн төлсөн гэж үзэв.
Түүний гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхиж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Харин хохирогч эрүүл мэндээрээ хохирохоос өмнө Төв аймгийн Төв чандмань дулаанд ажилладаг байсан бөгөөд ажиллаж байхдаа 10 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан үүнийг эрүүл мэнддээ гэмтэл авсны улмаас ажлаа хийж чадахгүй болж төлж чадахаа болисон үүнийг шүүгдэгчээр төлүүлэх хүсэлт гаргасан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хангах боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй төрийг төлөөлж гэмт хэргийн улмаас хохирогч З.А ын 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн мэс засалд орох болон амбулаторын үзлэгийн тусламж үйлчилгээний зардал 6 046 600 төгрөг нэхэмжилсэнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 “Төр нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” тус тус зааснаар Л.Э оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2234003900349 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хроммон гутлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч шүүгдэгч Л.Э од буцаан олгох нь зүйтэйг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Л-н Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д овогт Л-н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э оос 6 046 600 /зургаан сая дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгосугай.
5.Шүүгдэгч Л.Э хохирогч З.А д 3 800 000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч З.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалингийн зээл гэх 10 000 000 /арван сая/ төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн хроммон гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Э од буцаан олгосугай.
7.Эрүүгийн 2234003900349 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ