Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ92021202, Т овогт Б С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилтын 3-р гудамжны 3-2528 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОИ85022111, овогт Ц Д-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нарийн бичгийн дарга Г.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1992 онд Увс аймгийн Өлгий суманд төрсөн. Одоо аав, ээжийнхээ дэргэд охины хамт амьдарч байна. Би 2015 онд Ц.Д-тэй танилцаад үерхэж байгаад 2016 оны 8 дугаар сард хамт нэг гэрт орж амьдрах болсон. Улмаар 2017 оны 5 дугаар сард жирэмсэн болсон. Энэ хугацаанд таарч тохирохгүй учраас 2017 оны 6 дугаар сард салж өөрийн аав, ээж дээрээ ирсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Ингээд 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр охин Энэрэлзаяа төрсөн. Иймд Ц.Д-гээс охин Э хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Солонгын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.С нь надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан байна. Иймд миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр Б.С,  Ц.Д нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатай байсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх ба зохигчид нь 2017 оны 6 дугаар сараас гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон байна.

 

Тэдний дундаас 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр охин С.Э төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь С.Энэрэлзаяаг өөрийн хүүхэд мөн эсэх талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.

 

            Иймд охин С.Э нь эх Б.С асрамжид өсөж, торниж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Т овогт С Э 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Д-гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-гээс 30.182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

    Хариуцигчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг биднийг  байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Т овогт  Э-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Д-гээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дгээс 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ