Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00610

 

Ц.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00662 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Ц.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******-т холбогдох,

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.01.09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгож,*******-ын Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын оёдолчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* миний бие нь 2017.06.12-ны өдөр Уурхайчин соёлын ордонд оёдолчин шалгаруулж ажилд авах зарын дагуу сонгон шалгаруулалтад орж 2017.09.06-нд ажилд орох тушаал гарсан. Өмнө нь би тус ордонд 11 жил 07 сар ажилласан. Миний энэ ажлын онцлог бол урлагийн тайзны бүх төрлийн тоглолтын хувцасны нарийн чамин хийц, өндөр мэдрэмж, ур ухаан, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатай байдаг. Би 2019.12.31-ний өдрийг дуустал нийт 14 жил ажиллажээ. Ийм учраас энэ олон жилийн нөр их хичээл зүтгэл, сэтгэлээ зориулж хийж байсан монгол үндэсний болон олон ястны тоглолтын хувцаснуудыг иж бүрнээр нь урлах, европын болон орчин үеийн концертуудын хувцас, тайз чимэглэлүүдийг хийж сурсан нарийн мэргэжил юм. Би тус ордны найруулагч, уран сайхны удирдагчийн шууд урирдлаган дор ажилладаг. Бид олон жил хамтран ажиллахдаа Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгийн түүхт ойнууд, үе үеийн баяр наадам, ойн концертууд, олон олон арга хэмжээнүүдэд гар бие, сэтгэл нийлэн сайхан уран бүтээлүүдийг хамтран туурвиж байснаараа би бахархаж явдаг. Иймд би 2020 оныг дуустал ажиллавал энэ үйлдвэрт 15 жил ажилласны тэтгэмж авах боломж бүрдэж байсан. Хөдөлмөрийн гэрээ сунгаж үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ уран сайхны удирдагчаараа уламжлан соёлын ордны дарга Баттулгад бид хамт орж тайлбарлан гарт нь өгсөн. Өргөдөл өгснөөс хойш би даргатай уулзах, таарах бүрдээ юу болж байгаа тухай асуухад би одоохон албан тоот явуулчихна гэж явсаар 12 дугаар сарын 31-ний өдөр болж бид бүх ажлаа дуусгасан. Манайхан 12 сард нэг ч амралтгүй, маш өндөр ачаалалтай ажилласан тул 2020.01.13-ны өдөр хүртэл бид нөхөж амарсан. Амрахаас өмнө болон амарч байх үед ажлаас халах тухай надад огт мэдэгдээгүй. Хөдөлмөрийн гэрээ 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан боловч би энэ үед ажиллаж байсан. Хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан. 2020.02.11-нд надад тушаал гарсан гэдгийг хэлж би өөрөө хүний нөөцөөс очиж авсан. Энэ хүртэл би хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байна гэж ойлгож байсан. Учир нь соёлын ордны дарга Баттулгад хөдөлмөрийн гэрээ сунгах өргөдлөө өгсөн байсан. Өргөдлийг огт шийдээгүй тул би автоматаар гэрээ сунгагдаж байна гэж ойлгосон. 2020.01.09-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас халсан тушаалыг 2020.02.11-ний өдөр мэдэгдсэн. Иймд уг тушаалыг үндэслэл муутай, хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2020.01.09-ний өдрийн Б/38 тоот тушаалд ажил хүлээлцүүлэх цаг хугацааг заагаагүй. 2020.01.13-ны өдөр амраад ажилдаа ороход тушаал гарсан талаар надад огт мэдэгдээгүй. Иймд Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2020.01.09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь иргэн *******тай 2017.08.30-ны өдөр 44/17/11 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Ерөнхий захирлын 2017.09.07-ны Б/1306 дугаартай тушаалаар анх Уурхайчин соёлын ордны Уран сайхны секторын оёдолчноор ажилд авсан бөгөөд дээр дурдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018.12.31-ний өдөр дууссантай холбогдуулан 2019.01.11, 2019.05.15-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2019.05.31-ний өдрийг дуустал гэрээний хугацааг сунгасан болно. Мөн 2019.07.01-ний өдрийн 44/178 дугаартай Соёл, урлагийн цогцолборын даргын Хөдөлмөрийн гэрээг сунгах тухай албан бичгийн дагуу ажлын шаардлагаар *******тай 2019.07.29-ний өдөр 44/19/45 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж Ерөнхий захирлын 2019.07.29-ний өдрийн Б/1625 дугаартай тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус 44/19/45 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтад хөдөлмөрийн гэрээ нь 2019.12.31-ний өдрийг дуустал хүчинтэй гэж заасан ба тус гэрээний хугацаа дуусмагц Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2020.01.09-ний өдрийн Б/38 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ мөн Ерөнхий захирлын 2020.01.09-ний өдрийн Б/38 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсныг мэдээгүй мэтээр бичсэн нь худал бөгөөд тус тушаал гарсан тухай өөрт нь цехээс мэдэгдсэн ба гардуулан өгөх гэсэн боловч Солонгос улсад явж байна Монголд очоод өөрөө гардаж авна гэж хэлсэн байдаг. Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00662 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******г*******-ын Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь иргэн *******тай 2017.08.30-ны өдөр 44/17/11 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Ерөнхий захирлын 2017.09.07-ны Б/1306 дугаартай тушаалаар анх Уурхайчин соёлын ордны Уран сайхны секторын оёдолчноор ажилд авсан бөгөөд дээр дурдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018.12.31-ний өдөр дууссантай холбогдуулан өөрийнх нь хүсэлтийн дагуу удаа дараа хөдөлмөрийн гэрээг 2019.12.31-ний өдрийг дуустал сунгаж тус хугацаа дуусмагц Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2020.01.09-ний өдрийн Б/38 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь хэдийгээр байнгын ажлын байр боловч талууд хөдөлмөрийн гэрээг анх байгуулахдаа хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулж, хугацааг 1 жил 4 сарын хугацаатай гэж харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хугацаатай гэрээг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ганцхан сонгон шалгаруулалт явагдаагүй гэх шалтгаанаар бус ******* 2012.12.12-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан тул хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Энэ тухай шүүх хуралдаанд хариуцагч талаас дурдсан бөгөөд мөн Орхон аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тухайн үед 2017.04.14-ний өдрийн 824 тоот албан бичгээр авч байсан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал шүүх энэ тухай шийдвэрт дурдаагүй байна. Мөн хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, уг гэрээг сунгаж байсан үйл баримт хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээс тогтоогдсоор байхад ******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь нотлогдоогүй байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч цаашид*******-аас өндөр насны тэтгэвэрт тогтоолгож Хамтын гэрээгээр олгодог тэтгэмж, ахмадын бүртгэлд орж мөн ахмадуудад олгодог сар бүрийн тэтгэмжийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ба тус хүсэлтийг хариуцагчийн зүгээс биелүүлэх боломжгүй болно. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд өндөр насны тэтгэврийг ганцхан удаа тогтоодог тул өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаал болон дээр дурдсан тэтгэмжийг хариуцагч талаас гаргах боломжгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* нь*******-ийн ерөнхий захирлын 2020.01.09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгуулах Уурхайчин соёлын ордны оёдолчны ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ...ажил олгогч нь *******тай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно. Байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно.

Хэргийн баримтаас үзвэл, ******* нь*******-ын Уурхайчин соёлын ордны уран сайхны секторын оёдолчноор ажиллаж байгаад 2012.12.12-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаасаа чөлөөлөгдсөн нь тогтоогдсон ба тус үйлдвэрийн захирал 2017.09.07-ны өдөр Б/1306 тоот тушаал гаргаж, *******г өмнө нь эрхэлж байсан ажилд нь томилжээ.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан оёдолчны ажлын байр нь байнгын ажлын байр хэдий ч талууд тохиролцож ажил олгогч нь *******тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ талаар зохигч маргаагүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзнэ.

2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 Талууд, анх тохирсон гэрээний хугацаа дуусмагц хугацааг тухай бүр сунгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан, гэрээний хугацаа 2019.12.31-ний өдрөөр дуусгавар болсон хэдий ч хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй байхад хугацаа өнгөрсний дараа ажил олгогч 2020.01.11-ний өдөр Б/38 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталж гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдахгүй гэж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т нийцээгүй байна.

 Нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, гэрээний хугацаа 2019.12.31-ний өдрөөр дуусгавар болсон үед ажил олгогч гэрээг цаашид сунгахгүй болохоо нэхэмжлэгчид мэдэгдээгүй, шийдвэр гаргаагүй тул гэрээг өмнөх хугацаагаар буюу 7 сараар 2020.07.01-ний өдөр хүртэл сунгагдсан гэж үзнэ.

3. Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байхад хариуцагч нь хугацаа дууссан гэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-г зөрчсөн, анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан /хэргийг 2020.05.11-ны өдөр шийдвэрлэсэн/ тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020.07.01-ний өдрөөр дуусгавар болсон, талууд хэн аль нь гэрээг цаашид сунгахгүйгээр шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй ба гагцхүү нэхэмжлэгч нь ажлаас буруу халагдсанаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 128.1.2.. гэснийг ...128.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.2... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЦАГААНЦООЖ

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                                     ШҮҮГЧИД                       Б.МӨНХТУЯА

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Б.УНДРАХ