Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0528

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О , Б.Б , Б.Д нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Г.З

Нэхэмжлэгч: Ц.О , Б.Б , Б.Д

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Г.З, Г.О

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0008 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Гуравдагч этгээд Г.З,

Гуравдагч этгээд Г.О-н өмгөөлөгч Ө.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 116/2024/0010/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О , Б.Б , Б.Д нар нь Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдууланДорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалтад хууль бусаар бүртгэгдсэн Г.З гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.О-н нэр дээр 1 өмчлөгчөөр бүртгэгдсэн, газар өмчлөх улсын бүртгэл болон газар өмчлөх 2106001207 нэгж талбарын дугаартай 000580855 гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ц.О , Б.Д, Б.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалтанд хууль бусаар бүртгэгдсэн Г.З гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалт болон Г.О-н нэр дээр 1 өмчлөгчөөр бүртгэгдсэн, газар өмчлөх улсын бүртгэл болон газар өмчлөх 2106001207 нэгж талбарын дугаартай 000580855 гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Миний бие анх удаа ингэж шүүхэд оролцогч болоод нарийн учир шалтгаан захиргааны шүүхийн процессыг сайн мэдэхгүйгээс санал тавьсан ч саналаа бичгээр тавиагүй. Шүүхийн зүгээс гэрч О  гэдэг хүнийг асуулгамаар байна гэхэд тэр хүн энд хамаагүй гэхэд тийм болов уу? гээд явсан нь буруу болжээ. Би амаар асуудал тавих биш бичгээр тавих байжээ. Гэрч асуулгая гэсэн бичгээр хүсэлт гаргах байжээ. Гэхдээ шүүх хүсэлтийг ямар учир шалтгаантайг асуухгүй шууд хамаагүй гэсэн буруу байх гэж бодож байна. Бодит байдал дээр Г.З би бичиг баримтаа өөрөө бүрдүүлж хөөцөлдөөгүй О  эгч л газар хөөцөлдөж аваад чиний нэр дээр гаргуулъя гэхэд нь 2011 онд би зөвшөөрч хүсэлт бичээд өгсөн. Яг он сарыг 2007 он гэж бичсэнээ мэдэхгүй байгаа. Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга Энхээ Сүхбаатар аймагт байдаг ах Б даа 4 дүгээр багаас газар өмчлөх материал бүрдүүлэн 2006 онд өргөдөл бичүүлэн 2007 онд аймгийн Засаг даргын 284 дугаартай захирамж гаргуулсан байна.

            3.2. 2011 онд ах Б-ы бие нь муудаж би Дорнод руу очих нь худлаа боллоо. Наад газраа зарчих гэсэн юм байна. Үүний үндсэнд Б-ы газар дээр хамаатан Цогзолмаа гэх айл байсныг нүүлгэж газар байна уу гэж хүссэн дүү Ядамжавын О дээ Б  ах газраа зар гэсэн. Энэ газар дээр буучих Цогзолмаа яах вэ? ард газартай. О  тухайн үед Э эгчид 3.000.000 төгрөг өгсөн. Б  ах руу өгчих гэж байсан. Б  ахынх нь тэр үед газрын гэрчилгээгээ аваагүй байсан. Б ы газар дээр газрын төлөв байдлын хянан баталгаа хийлгэж кадастрын зураг зэргийг О  эгч, Энхээ эгч нар бүрдүүлж өгсөн. Газрын гэрчилгээ бэлэн болсон өөрөө ирж ав гэхэд нь би ирж авсан. Дараа нь нотариатаар орж О  эгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгөөд дууссан. Гэтэл сая шүүх шалгахад 2007 онд Б ы гэр бүлийн хэрэгцээнд гэж олгосон газрын захирамжийг хүчингүй болгоогүй шууд З гийн өмч гээд бүртгэчихсэн байдаг юм байна. Намайг гэрчилгээ авахаар очиход гэрчилгээг маань газрын даамал Болормаа гэдэг хүн өгч байсан. Би захирамжийн барааг ч хараагүй. Ингэж газрын албаны ажилтан захирамжаа хуулийн дагуу хүчингүй болгож миний нэр дээр шинэ захирамж гаргах байжээ. Гэтэл шууд миний нэрийг бичсэн тэдний хийсэн ажил хэрэг юм. Үнэндээ тэр үед юу ч мэдэхгүй 19 настай хүн эгч бэлэн болсон ирээд ав гэснийг л авсан. Хүсэлт бичээд өгчих гэхээр нь бичээд өгсөн. Би хууль бус болж байгаа гэж огт бодоогүй, мэдээгүй. Тиймээс газрын албаны ажилтан хийх юмаа хийгээгүйгээс би хохирч, дам эгч маань ч гэсэн 24.000.000 төгрөгийн өрөнд орч хохирч байна. Б  газраа заруулсныг гэрийнхэн нь мэдэж байсан байна. Харин улсын бүртгэлийн мэдээллээр өөрсдийнх нь бүртгэл хэвээр байгааг мэдээд ингэж гомдол нэхэмжлэл гаргасан юм байна. Ер нь анхнаасаа 2007-2023 он хүртэл энэ хүмүүс газрын өмчлөх гэрчилгээгээ хөөцөлдөөгүй аваагүй байгаа нь цаад талдаа газартайгаа ч мэдээгүй байж магадгүй гэсэн таамаглал төрүүлж байна. Анхандаа газрыг гэр бүлийн хэрэгцээнд өгч байгаад 2008 оноос иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон байхад өдий болтол хүүхдүүд нь газар өмчлөх хүсэлт гаргаж байгаагүй байх юм. Гаргасан бол 16 жилийн хооронд ядаж өндөр үнэтэй зарагдахаас өмнө энэ асуудал сөхөгдөж мэдэгдэж учраа олон байсан байна.

            3.3. Иймд бодит байдлыг үндэслэн дахин нэмэлт шалгалтын ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, Б ы 2006 оны өргөдөл хүсэлт нь уг хүний өөрийн биеэр материал бүрдүүлж өөрөө гарын үсэг зурсан өргөдөл мөн эсэх. Гарын үсгээр шинжилгээ хийлгэх. Гэрч Я.О , Г.Э нарыг асуулгах, Ц нарыг асуулгах зэрэг бодит байдлыг шалгуулан Б  өөрөө газар өмчилж авсан уу, өөр хүн нэр дээр нь баримт бүрдүүлж газар авч өгсөн үү гэдгийг шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Ц.О , Б.Б , Б.Д нараас Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалтад хууль бусаар бүртгэгдсэн Г.З гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.О-н нэр дээр 1 өмчлөгчөөр бүртгэгдсэн, газар өмчлөх улсын бүртгэл болон газар өмчлөх 2106001207 нэгж талбарын дугаартай 000580855 гэрчилгээг хүчингүй болгуулахаар “... газар өмчилж авсан бүртгэл цахим бүртгэлд байсаар байдаг. Гэрчилгээ гаргуулахаар уулзахад манай хаягт байх газрыг өөр хүний нэр дээр гэрчилгээ олгосон байгааг мэдсэн. Бид газраа ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлээгүй, ... Монгол Улсын иргэнд 1 удаа үнэ төлбөргүй газар өмчилж авсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас бид дахин газар үнэ төлбөргүй өмчлөн авах эрх үүсэх боломжгүй байгаа болно” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Г.Б нь 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах өргөдөл гаргасныг хүсэлт бүртгэх дэвтрийн 99 дугаартайгаар бүртгэн хүлээн авсны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай 284 дугаар захирамжаар нэр бүхий 200 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсний 26-д Г-н Б-д 4 дүгээр багийн Зангиатын 2-30 тоот дугаартай 700 м.кв газрыг өмчлүүлсэн байна.

2.3. Харин Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 04/195 дугаар албан бичгийн  хавсралтаар ирүүлсэн Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаар захирамж, түүний хавсралт гэх баримтын 26 дугаарт 4 дүгээр багын Зангиат 2-30 тоот 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ганхуяг овогтой З д гэж тодорхойлжээ.

2.4. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4/140 дугаар албан бичигт ...иргэн Э.З-д тус газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй гэж бичсэн, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/282 дугаар албан бичигт ... Хэрлэн сумын архивд хадгалагдаж буй газар өмчлөгч иргэдийн газрын нэгж талбарын цаасан хувийн хэргээс шүүж үзэхэд Хэрлэн сум, Зангиат 2 гудамжны 30 тоот хаягт байрлалтай 2106001207 нэгж талбарын дугаар бүхий газрыг аймгийн Засаг даргын захирамжаар иргэн Г.Б болон түүний хамтран өмчлөгч нарт өмчлүүлсэн байна. Энэ нь газар өмчлөгч иргэдийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна. Харин уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авсан иргэн Г.З-н мэдээлэл нь аймгийн Засаг даргын захирамжийн эх хувиас шүүж үзэхэд байхгүй, тус иргэнд үүсгэсэн цаасан хувийн хэрэг мөн хадгалагдаагүй байна. Мөн сумын Газрын даамлын хөтөлдөг газар өмчлөгч иргэдийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна. Тус газраас иргэн Г.З-н энэхүү газартай холбоотой мэдээлэл манай байгууллагад байхгүй байсан тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаагаар авч хүргүүлсэн болно” гэж бичсэн, маргаан бүхий 700 м.кв газрыг Г.З-д өмчлүүлсэн гэх Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаар захирамж болон нэгж талбарын 2106001207 дугаар бүхий газрын хувийн хэрэг үүсгэж хадгалагдаагүй, Г.З-с газар өмчлөхөөр гаргасан гэх өргөдөл бүртгэгдээгүй байна.

            2.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум дүүргийн Засаг даргад гаргах”, 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй”, 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.2-т Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна, 20.4-т Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан бөгөөд гуравдагч этгээд Г.З д хуулийн дээрх шаардлагын дагуу газар өмчлөх эрх үүсээгүй байна.

            2.6. Иймээс маргаан бүхий газрыг хууль ёсоор өмчлөх эрх үүсээгүй гуравдагч этгээд Г.З-с Я-н О д Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 2-30 тоот хаягт орших 000134282 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г-0614006679 дугаар бүхий 700 м.кв газрыг шилжүүлж, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000134535 тоот гэрчилгээг олгож, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаартай Бэлэглэлийн гэрээ-гээр Я-н О-ээс Д-н Д-д шилжүүлж, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000631293 тоот гэрчилгээг олгож, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1592 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-гээр Д-н Д-с Ганбатын О-д маргаан бүхий газрыг 1.000.000 төгрөгөөр худалдаж, 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000520855 тоот гэрчилгээг олгосон байгаа нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

2.7. Энэ талаар анхан шатны шүүх “...Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн ... хавсралтын 26-д Г-н Б , Г-н З  нарын газрын байршил, талбайн хэмжээ зэргийг давхардуулан олгосон нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой, .. Г.З д тус газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй, ... хууль бус захирамжийг үндэслэж олгосон улсын бүртгэл болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй...гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.8. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй”, 20 дугаар зүйлийн 20.1.3-т “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу гуравдагч этгээдээс “... бодит байдлыг үндэслэн дахин нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлттэй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

            2.9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээд Г.З гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.З гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   ШҮҮГЧ                                                                   З.ГАНЗОРИГ

   ШҮҮГЧ                                                                    д.ОЮУМАА

   ШҮҮГЧ                                                                    О.ОЮУНГЭРЭЛ