Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 125/ШШ2020/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага:” *******ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн жинхэнэ албан хаагч, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга ******* би Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-т “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” эрхийнхээ дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг гаргах болсон нь үндэслэл нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга*******ын нэхэмжлэгч ******* намайг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой юм.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн А/223 дугаар тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар ******* надад 1 жилийн цалингүй чөлөө олгосон. Уг чөлөөний хугацаа дуусч ******* миний бие Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилдаа орох өргөдлийг удаа дараа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга*******од гаргасан. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга******* нь ******* намайг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилсон тушаал гаргасангүй, ажилд томилсон тушаалаа авахыг хүссэн боловч өгсөнгүй. Төрийн жинхэнэ албан хаагчид олгосон чөлөөний хугацаа дууссан тохиолдолд түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн үүрэг юм. Төрийн жинхэнэ албан хаагч ******* миний эрүүл мэндийн шалтгаанаар авсан чөлөөний хугацаа дууссан байхад Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд ажиллуулахгүй байгаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга*******ын эс үйлдэхүй хууль бус юм.

Иймээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга*******ын дээрх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* намайг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/198 дугаар албан бичгээр ******* намайг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилох хугацаатай үүрэг, даалгаврыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга*******од өгсөн гэсэн хариу ирүүлсэн.

Ийм байхад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга******* нь ******* намайг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилон ажиллуулахгүй байгаагаас нэхэмжлэгч миний Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хариуцагчаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас эхний хоёр шаардлагыг хүлээн зөвшөөрч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд *******ийн томилсон байгаа.

Нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндийн шалтгаанаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/223 дугаар тушаалаар 1 жилийн цалингүй чөлөө авч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Уг чөлөөний хугацаа дуусч Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилдаа орох эрхтэй бөгөөд хариуцагчаас уг албан тушаалд томилох үүрэгтэй юм. Төрийн албаны тухай хуульд “төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд эрүүл мэндийн шалтгааны улмаас захиргааны чөлөөтэй байгаа хүний ажил албан тушаалыг хэвээр хадгалж, ажилдаа орох хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг үргэжлүүлэн ажиллуулахаар заасан байдаг.

*******ийн хувьд чөлөөний хугацаа 2019 оны 12 дугаар сард дууссан. Уг хугацаа дууссан тул ажилдаа эргэж орохоор хоёр ч удаа хүсэлт гаргасан. Өглөө нь ажилдаа ирээд ажил хүлээлцэх гэхээр чамайг ажиллуулах боломжгүй гэсэн ийм л үйл явдал болсон. Арга буюу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Төрийн албаны зөвлөлөөс *******ийг ажилд нь томилж хариу ирүүлэх хугацаатай үүрэг өгсөн. Гэвч хариуцагч биелүүлээгүй.

Нэгэнт хариуцагчаас *******ийг ажилд томилж, хууль бус эс үйлдэхүйгээ хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, өгнө үү.

Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндийн шалтгаанаар 1 жилийн чөлөө авсан. Чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан боловч түүний ажиллаж байсан Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт батлагдаж ирсний дараа асуудлыг нь шийдвэрлээд өгье гэж Засаг даргатай ярилцаж тохиролцсон. Ингээд ажлын байрны тодорхойлолт батлагдаж ирсний дараа утсаар холбогдох гэсэн боловч утсаа аваагүй, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Мөнхжагаа утсаар холбогдоход утсаа авахгүй байна гэж хэл гэсэн байдаг.

Нэхэмжлэлийн эхний хоёр шаардлагын хувьд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд *******ийн томилж, уг тушаалыг өөрт  нь мэдэгдсэн. Энэ тушаал гарсныг мэдэгдсэнээс хойш ******* нь эргэж холбоо бариагүй, утсаар холбогдоогүй, эхнэртэй нь холбогдож асуухад Архангай аймагт яваа гэсэн мэдээлэл өгсөн. Өмнө нь цалин хөлсний асуудал дээр ярилцаад эвлэрэх боломжтой гэдэг байдлаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилсон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг [1] шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “....*******ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах....” гэсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар[2] аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдож, ажилласан төрийн захиргааны албан хаагч байна. 

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр Тамгын газрын даргад эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө олгох хүсэлтийг[3] /эмнэлэгт өвчтөн илгээх хуудас АМ-13А маягтын хамт/ гаргасныг 2018 оны 11 сарын 28-ны өдрийн А/223 дугаар тушаалаар[4] Улаанбаатар хотод эмчилгээнд хамрагдаж эмчийн хяналтанд байх шаардлагатай гэсэн үндэслэлээр 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгожээ.

 Тушаалаар олгосон чөлөөний хугацаа дуусахын өмнө буюу 2018 оны 11 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нь эрүүл мэндийн байдал сайжирсан тул 2019 оны 12 сарын 02-ны өдрөөс эхлэн ажилдаа орох талаар өргөдлийг[5] хариуцагч Тамгын газрын дарга*******од гаргасан боловч өргөдлийг шийдвэрлээгүй буюу ажилд томилоогүйтэй холбоотой маргаан үүсчээ.

Хариуцагчаас “...*******ийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт батлагдаж ирсний дараа асуудлыг нь шийдвэрлээд өгье гэж тохиролцсон, ажлын байрны тодорхойлолт батлагдаж ирсний дараа утсаар холбогдох гэсэн боловч утсаа аваагүй Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байсан...” гэх байдлаар тайлбарлан маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд томилсон тушаалыг гаргаж ирүүлсэн тул нэхэмжлэгчээс чөлөөний хугацаа дуусч ажилд орох өргөдөл гаргаснаас хойш ажилд томилохгүй байсан хугацаанд үүссэн хохирлоо нэхэмжлэх эрхзүйн үндэслэлтэй гэж маргаж байна. 

Нэхэмжлэгч *******т чөлөө олгосон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар тушаалд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг /захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх/ баримталсан байх ч тушаалын заалтын агуулгаас үзвэл 1 жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгожээ.

Ажлаас чөлөө олгох, төрийн албанаас түр чөлөөлөх гэдэг нь хууль зүйн хувьд ялгаатай ойлголт бөгөөд эрх зүйн үр дагавар ч өөр байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д  “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон..” гэх үндэслэл нь 1 жилээс дээш хугацаагаар ажлаа хийх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох ба нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох хүсэлт гаргасан, хариуцагчаас *******т цалингүй чөлөө олгосон гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж улмаар ажилд эгүүлэн томилсон зэргээс харахад *******ийг төрийн албанаас түр чөлөөлөөгүй, харин захиргааны чөлөө олгосон гэж дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаал хэвээр хадгалагдахаар заасан.

Нэхэмжлэгч ******* нь дээрх хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй ба чөлөө олгосн үндэслэл арилсан болон чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох тухай хүсэлтээ гаргаснаар хариуцагчаас ажилд нь үргэлжүүлэн ажиллуулах үүрэгтэй .Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажилд нь томилсон 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “*******ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийг зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацаа /2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 5 сарын 04-ний өдөр/-ны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар/-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын тамгын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсэг /тогтоох хэсгийн 1 дэх заалт/-т давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ОЮУНГЭРЭЛ

 

[1] хх-ийн 105 дахь талд

[2] хх-ийн 33 дахь талд

[3] хх-ийн 71 дэх талд

[4] хх-ийн 32 дахь талд

[5] хх-ийн 68 дахь тал