Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2015/0139/з |
Дугаар | 221/МА2016/0540 |
Огноо | 2016-08-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2016/0540
2016 оны 8 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2016/0540 | Улаанбаатар хот |
Иргэн Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, Н.Оролжмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Анхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 тоот захирамжийн Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Б.******* нарын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар 2007 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Мон-Аналитик” ХХК нь нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2007 тоот “Эвлэрэлийн гэрээ”-г байгуулж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу “Дружба” зуслангийн эзэмшлийн газрын эргэн тойрон бүхий 500 метр квадрат газрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бусдад шинээр газар ашиглах, эзэмших эрх олгохгүй байхаар дурдсан.
Нийслэлийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 982 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухай бүр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан. Дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг холбогдох хуулийн дагуу биелүүлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар...түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу... шүүгчийн захирамж байгаа” заасан.
Гэтэл анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлийг заагаагүй гэдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь Засаг даргын А/508 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, 2006 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэх 982 дугаар шүүхийн захирамжийг хууль зүйн үндэслэл болгон гаргасан захирамж юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу 2006 оны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа шаардлага тавьж байсны үр дүнд тус захирамжийг гаргасан шүүхийн шийдвэрийг андуурч ойлгосон мэтээр шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд маргаан бүхий газрын талаарх асуудлыг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийн гуравдагч этгээдээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “..., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй” байхаар заасан байдаг.
Анхан шатны шүүх “гуравдагч этгээдээс 13 удаа хурал хойшлуулах хүсэлт гаргасан” тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзжээ.
Шүүх хуралдааныг 13 удаа хойшлуулах хүсэлт гаргасан нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа байсан.
Хэрэв гуравдагч этгээдийн гаргасан эдгээр хүсэлтээс нэг нь л хууль бус үйлдэл, эсхүл хуулиас гадуур гаргасан үндэслэлгүй хүсэлт байсан бол анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийг шүүх хуралдааныг үл хүндэтгэсэн гэж үзэн захиргааны арга хэмжээ авах эрхтэй болохоос бус Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан эрхүүдийг хязгаарлах үндэслэл болохгүй байсан.
Анхан шатны шүүх ийнхүү хэргийн оролцогч манай компанид Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон боломжийг хязгаарлан, өөрийг өмгөөлж мэтгэлцэх, өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах, шүүх хуралдаанд оролцох эрхийг минь зөвхөн манай компанийг 13 удаа хүсэлт гаргасан гэх үндэслэлээр шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хуралдаан явуулах үндэслэл болгож, Үндсэн хууль болон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн энэхүү хууль бус ажиллагааг давж заалдах шатны шүүх нь зөвтгөн өгч, хүний эрхийг хамгаалах механизм байх шүүхийн үндсэн фунцыг хангуулж өгнө үү.
2. Анхан шатны шүүх шийдвэртээ “захирал Н.Бямбажав итгэмжлэл олгосон боловч, гуравдагч этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ч.Цогт-Очир байх тул Н.Бямбажавын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн хүсэлт гаргах эрхгүй" гэжээ.
Шүүх шийдвэртээ итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэнг 13 удаа хүсэлт гаргасан гэж бичсэн атлаа, одоо хүсэлт гаргах эрхгүй гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр өөрөө логикгүй, зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүх санаачилгаараа “Мон-Аналитик” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан, тус компанийг Н.Бямбажав төлөөлөх эрхгүй, Ч.Цогт-Очир төлөөлөх эрхтэй, ийм учраас тус компанийг итгэмжлэлээр төлөөх эрхтэй этгээд нь С.Сэргэлэн биш гэж үзэж байгаа бол тус компанийн хууль ёсны төлөөлөх эрхтэй этгээдийг шүүхэд ирүүлэх, эрх, үүргийг танилцуулах, хэргийн материалтай танилцах эрхийг нь хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчлөө.
Нөгөө талаас шүүх хэрэг маргааныг хөндлөнгийн байж шийдвэрлэх ёстой этгээд тул гуравдагч этгээдийг хэн хууль ёсоор төлөөлөх эрх, итгэмжлэл зэргийг шалгаж, нягтлах үүрэгтэй атал энэхүү үүргээ биелүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулж хууль зөрчсөн.
Хэрэв шүүхээс гуравдагч этгээдийг өмгөөлөгч авах эрхээр хангасан бол энэхүү алдаанууд шүүхгүйгээр засагдах боломжтой байсан боловч анхан шатны шүүх гуравдагч этгээдийг өмгөөлөгч авах эрхийг хязгаарлаж Үндсэн хууль зөрчсөнийг дээр дурдсан болно.
3. Анхан шатны шүүх гуравдагч этгээдэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл, 29 дүгээр зүйлд заасныг зөрчин гуравдагч этгээдийг хуулийн дагуу төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл түүний томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй зэрэг хуульд заасан эрхүүдийг нь эдлүүлээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй атлаа “мэтгэлцэх боломжоор хангасан” гэж бичжээ.
Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх шүүхийн эхний үйлдлийг хийгээгүй, атлаа хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх хүний эрхийг хангах механизм байх зорилгоо бүрэн алдагдуулсан гэж үзэж байна.
Хоёр. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар:
Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 235 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т “Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Ийм ч учраас Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 235 дугаар захирамжийг биелүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш аливаа этгээдийн нэр дээр маргаан бүхий газар дээр бусдад газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахгүй байх үүрэг хүлээсэн.
Энэхүү үүргээ зөрчсөн гэдгээ мэдсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 235 дугаар захирамжийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гаргасан захирамжаа хүчингүй болгосон юм.
Анхан шатны шүүх нь дээрх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүний хууль зүйн үр дагаварт дүгнэлт өгч, уг акт хуульд нийцсэн эсэхийг хянах ёстой.
Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нарыг “Газрын тухай хуулийн дагуу хүсэлт гаргасан, газрын төлбөрөө төлсөн” гэх мэтээр маргаан бүхий захиргааны актын үндэслэлд огт хамаарахгүй, маргаанаас гадуур асуудалд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн байна.
Мөн анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргыг “Эвлэрлийн гэрээг буруугаар тайлбарласан мэт” дүгнэжээ.
Гэрээнд “шинээр газар олголт хийхгүй” гэж маш тодорхой заасан заалтыг анхан шатны шүүх үүнийг “хуулийн дагуу хүсэлт гаргасан газрыг олгох ёстой” мэт, мөн “эрхийн доголдолгүй газрыг хэрхэх талаар заагаагүй” гэх мэтчилэн буруугаар тайлбарлаж байна.
Хамгийн гайхмаар /аймаар/ нь Монгол Улсын шүүхийн түүх болон практикт байхгүй дүгнэлт нь “Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 235 дугаар шийдвэрийн дараа буюу 2011 онд нэхэмжлэгч нарт зуслангийн зориулалтаар маргаан бүхий газрыг олгосон нь хариуцагч нарын шийдвэр тул нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байхгүй" гэж үзэж нэхэмжлэлийг хангасан байна.
Шүүх ийнхүү өөрөө болон нэхэмжлэгч нарыг өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй гэсэн агуулгатай дээрх дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсад хууль гэж байх, шүүх ч гэж байх шаардлагагүй, ганц шүүгч С.Төмөрбаатар, түүнийг томилсон Б.Сарантуяа нарын хүсэл зоригоор амьдрах ёстой гэдгийг тодорхойлжээ.
Учир нь энэхүү шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн” гэсэн, Арван зургадугаар зүйлийн 14-т “ ... шударга шүүхээр шүүлгэх, ...” гэсэн, Дөчин есдүгээр зүйлийн 1-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг үндсээр нь үгүй болгож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Даариймаа, Г.Ичинхорлоо нарыг эрхийн доголдолгүй газар эзэмших эрхтэй этгээд гэжээ.
Ойн тухай хуулийн /2007 оны/ 8 дугаар зүйлийн 8.1-т “Хамгаалалтын бүсийн ойд ..., ногоон бүс, ..., 30 хэмээс дээш налуу газрын ой хамаарна” гэж, мөн зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт нөөцийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байна.
Мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гэсний дотор мөн зүйлийн 6.2.4-т “ойн сан бүхий газар” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Ойн сан бүхий газарт ой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас, ойг өсгөн үржүүлэхэд зориулсан, ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна” гэж, 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж, 51 дүгээр зүйлийн 51.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байдаг.
Дээрх хуулийн заалтуудаас харвал ойн сан бүхий газарт суурьшиж амьдрах зориулалтаар иргэнд газар эзэмшүүлэхийг зөвшөөрөөгүй, бүүр хориглосон байна.
Харин ойн сан бүхий газрын нийтийн зориулалтаар ашиглаж болохоор хуульчилан тогтоосон.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтад иргэнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар газар эзэмшүүлэхийг хориглосоноос гадна барилга байгууламж барих бол мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авсан байх хууль зүйн шаардлага тогтоожээ.
Эндээс үзвэл хуулиар эзэмшүүлэхийг хориглосон “ойн сан бүхий" газар, зохих мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих зориулалтаар эзэмших гэрчилгээ авсан нэхэмжлэгч Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Даариймаа, Г.Ичинхорлоо нарыг эрхийн доголдолгүй газар эзэмшигч гэж анхан шатны шүүх дүгнэлт хийж, Газрын тухай хууль болон Ойн тухай /2007 оны/ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээрх үндэслэлүүд болон хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь хууль ёсны газар эзэмших эрхгүй этгээдүүд болох нь нотлогдож байгаа тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Б.*******, Б.Эрдэнчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “Мон-Аналитик” ХХК-ийн өмгөөлөгчөөс тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Маргааны тухайд:
“Мон-Аналитик” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдөрийн 154 дүгээр захирамжийн дагуу тус дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын амны төгсгөлд орших өөрийн эзэмшлийн “Дружба” хүүхдийн зуслангийн 26 га газрыг ашиглах эрхтэй болсон.
2007 онд “тухайн газрын эргэн тойронд 500 метр газрыг хүүхдийн зуслангийн болон ойн сан бүхий газрын эргэн тойронд эрүүл ахуйн халдвар, хамгааллын бүс болгон, шинээр газар олгохгүй байхыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах асуудлыг зогсоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргатай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд Эвлэрлийн гэрээний Хоёрын 2.1-т гэрээний зорилго нь “...зуслангийн 26 га эдэлбэр газар, эрүүл ахуй халдвар хамгааллын бүсийн хамт 40 га газрын эзэмшил ашиглалт хамгаалалтын асуудлыг зохицуулах” гээд Гурвын 3.1.1-д “Сүхбаатар дүүргийн газрын алба нь тус дүүргийн 15 хороо, Шаргаморьтын амны төгсгөлд орших “Мон-Аналитик” ХХК-ийн “Дружба” зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойронд эрүүл ахуй, хамгаалалтын бүс 500 метр хүртэлх ойн сан бүхий газарт бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх” гэж заасан.
Үүнийг хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл, тухайн эвлэрлийн гэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 /Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ/-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн адил биелэгдэх болсон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар нэхэмжлэгч 4 иргэдэд тус дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын аманд тус бүр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй олгожээ.
Энэ нь шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээгээр газар эзэмшүүлэхгүй гэж тогтоосон хүүхдийн зуслангийн эрүүл ахуй халдвар хамгааллын бүсийн газарт хамаарч байгаа тул гуравдагч этгээдээс хүсэлт гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн.
Гэвч захиргааны байгууллагын буруутай эс үйлдэхүйн улмаас 2 жил гарангийн дараа буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 дугаар захирамжаар тухайн иргэдэд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр хууль ёсоор хэрэгжсэн болно.
Гэтэл дүүргийн Засаг даргын шийдвэртэй холбогдуулан Б.******* нарын 4 иргэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, мөн түүнийг баталж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нарт тухайн газрыг анхнаас нь хууль, шүүгчийн захирамжийг зөрчин эзэмшүүлсэн тул тухайн шийдвэрээ зөвтгөн хүчингүй болгосон Засаг даргыг буруутгах үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч нар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журам”-ын Дөрөвт заасныг зөрчин байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, дүгнэлт гаргуулаагүй байдаг.
Шүүхийн шийдвэрийн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд дүгнэлтүүд нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.
а/ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бий болоогүй” гэсэн үндэслэлд:
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хууль ёсны дагуу үүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заасан. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх шүүгчийн захирамжаар баталсан “эвлэрлийн гэрээ”-г зөрчиж үүссэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа тухайн газрыг эзэмшүүлэх ёсгүй байсан /илт хууль бус/ тул газар эзэмших эрхийг хүчингүй болгоход дээрх хуулийн заалтыг баримтлах шаардлагагүй.
Мөн анхан шатны шүүхээс “эвлэрлийн гэрээний зүйл заалтаар хуулийн дагуу эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй” гэжээ. 2007 онд эвлэрлийн гэрээг байгуулах үед маргаан бүхий газруудад эзэмших эрхийг олгоогүй байсан бөгөөд тухайн байдлаар газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй гэж гэрээ байгуулсан байхад гэрээг зөрчиснөөс үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцоогүй гэдгээр хэт нэг талыг барьсан нэхэмжлэгч нарын тайлбарыг зөвтгөсөн агуулгатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.
б/ “Нэхэмжлэгч хууль ёсны дагуу газар эзэмшиж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй” гэсэн үндэслэлд:
Нэхэмжлэгч Б.******* “Мон-Аналитик” ХХК-д холбогдуулан “зам /орц, гарц/ чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1437 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 918 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 95 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрүүдээр газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буйг тогтоосон бөгөөд харин газар эзэмших эрх хуулийн дагуу, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж үүссэн эсэх эсэхэд иргэний хэргийн шүүхээс дүгнэлт өгөөгүй болно. Гэтэл иргэний хэргийн шүүхийн дүгнэлтийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх захиргааны шийдвэрийн үндэслэл болгож, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
в/ “Мон-Аналитик” ХХК-д газар эзэмших эрх үүсээгүй гэсэн үндэслэлд:
Нэхэмжлэгч нараас өөрсдийн газар эзэмших эрхийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “Мон-Аналитик” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад байхад шүүхээс газар эзэмших эрхгүй этгээд, энэ талаар баримт байхгүй зэрэг дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
“Мон-Аналитик” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмших эрхтэй болсон ба тэдгээрийг үндэслэн захиргааны байгууллагатай 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Газар ашиглах гэрээ” хавтаст хэрэгт авагдсан бөгөөд түүнд захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээ, зориулалтыг заасан байдаг. Мөн хариуцагчтай байгуулсан эвлэрлийн гэрээ, баталсан шүүгчийн захирамжаар 26 га газрыг эзэмших эрхтэй байсан нь нотлогддог.
г/ “Газрыг орон нутгийн хамгаалалтад авах эрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга маргаан бүхий акт гаргасан” гэсэн үндэслэлд:
Тухайн маргаан бүхий газрыг “хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтын бүс”-д газар эзэмшүүлэхгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар маргаан бүхий актын үндэслэл болгосон байхад шүүхээс орон нутгийн хамгаалалтад авах асуудалтай адилтган үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Мөн шүүхээс “нэхэмжлэгч нар хуулийн дагуу газар эзэмшигчийн үүргээ биелүүлж байсан, нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байхгүй” гэжээ. Нэхэмжлэгч нарын газрын эзэмшиж байх хугацаандаа үүргээ биелүүлж байсан эсэх талаар маргаагүй боловч “Мон-Аналитик” ХХК нь нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхтэй болсныг мэдсэн даруйдаа буюу 2012 оны 06 дугаар сараас хойш хууль зөрчин газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгуулахаар шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, дүүргийн Засаг даргад хандсаар байсан бөгөөд хариуцагч хууль бус үйлдэхүйн улмаас өдийг хүрсэн болно.
Нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байхгүй гэдгээр бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нар энэ хугацааны туршид хохирсон гэж үзвэл захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Дээрх байдлаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хууль буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 дугаар захирамжийн Б.*******, Б.Эрдэнэчимэг, С.Дариймаа, Г.Ичинхорлоо нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшигч иргэний эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 316 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг баталгаажуулсан байх бөгөөд дүүргийн Засаг дарга Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 235 дугаар захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 982 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/508 дугаар захирамжийг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн, анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг андуурч ойлгосон мэтээр шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй холбогдох хуулийг буруу хэрэглэсэн” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, Н.Оролжмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...олдохгүй байсан газрын хувийн хэрэг, архивын баримт материалыг бүрдүүлсэн. ...Газрын алба манай захирамж, хувийн хэргийг өөр байгууллагын архивт нууж байсан, анх 2004 онд манайх газар эзэмших эрх авахад бүрдүүлж байсан бүх баримт болон тухайн үед байсан гэрчүүдийг олсон. Бид шинээр илэрсэн нотлох баримтуудыг шалгуулахын тул хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах хүсэлтэй байна” гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан.
Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан заалтыг баримтлах шаардлагагүй, нэг талыг барьсан нэхэмжлэгч нарын тайлбарыг зөвтгөсөн агуулгатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн, иргэний хэргийн шүүхийн дүгнэлтийг захиргааны хэргийн шийдвэрийн үндэслэл болгож, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нар гуравдагч этгээдийг газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад шүүхээс газар эзэмших эрхгүй этгээд, энэ талаар баримт байхгүй зэрэг дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн, маргаан бүхий газрыг “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтын бүс”-д эзэмшүүлэхгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар маргаан бүхий актын үндэслэл болгосон байхад шүүхээс орон нутгийн хамгаалалтад авах асуудалтай адилтган үзсэн нь үндэслэлгүй” гэжээ.
Давж заалдах гомдолд дурдсан дээрх үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 6 үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг баримталжээ.
Анхан шатны шүүх “Эвлэрлийн гэрээний зүйл заалтаар хуулийн дагуу, эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх талаар гэрээний талууд тохиролцоогүй тул хариуцагч эвлэрлийн гэрээг буруугаар тайлбарлан нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна, цаг хугацааны нь тус эвлэрлийн гэрээний дараа буюу 2011 онд нэхэмжлэгч нарт зуслангийн зориулалтаар маргаан бүхий газрыг олгосон нь хариуцагчийн гаргасан шийдвэр бөгөөд үүнд нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байхгүй, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
2. Иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэгч хууль ёсны дагуу газар эзэмшиж байгааг дахин нотлох шаардлагагүй, гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байх тул гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсээгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгч гомдолдоо “нэхэмжлэгч нар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад шүүхээс газар эзэмших эрхгүй этгээд, энэ талаар баримт байхгүй зэрэг дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн” гэжээ. Гэхдээ энэ үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн дүгнэлт хийсэн гэсэн нь зөв байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргахгүй” гэж заасан тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянасан бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хуульд заасан үндэслэлтэй гэж үзэх юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР