Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 179

 

“Ачлал трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ганбагана, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, Ц.Туул, хариуцагч Ч.Батзаяа, Ц.Тунгалагсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сожидмаа, Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 893 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0078 дугаар магадлалтай, “Ачлал трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Ч.Батзаяа, Ц.Тунгалагсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК-ийн “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 тоот улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК-ийн “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Ч.Батзаяа, Ц.Тунгалагсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0078 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 26 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК-ийн “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ачлал трейд” ХХК-ийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 дугаартай актаар ногдуулсан 7,419,505 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ганбагана хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“Ачлал трейд” ХХК-д тавигдсан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 000087 тоот акт, тус хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаал нь дараах хууль, дүрмийг ноцтой зөрчсөн хууль бус акт гэж үзэж байна.

Нэг. Улсын байцаагчийн дээрх акт нь анх “Ачлал констракшн” ХХК-ийн нэр дээр тавигдаж нэг жилийн дараа буюу захиргааны хэргийн шүүхэд тус компанийн нэхэмжлэлээр акттай холбогдуулан захиргааны хэрэг үүссэний дараа зөвхөн хариуцлага ногдуулсан субьектыг өөрчлөөд “Ачлал трейд” ХХК болгон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр А/09 дүгээр тушаалыг хууль зөрчин гаргасан. Захиргааны хэргийн шүүх дээрх акттай холбоотой захиргааны хэрэг үүсгэснээс хойш 13 хоног болсон байхад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны А/09 дүгээр тушаалаар “Ачлал констракшн” ХХК-тай холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 000087 тоот сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг өөрчлөх нэрээр захиргааны актын үйлчлэл чиглэж буй субьектыг өөрчилсөн нь захиргааны актыг өөрчлөх хэлбэр биш гэж үзэж байгаа тул Улсын Дээд шүүхээс анхдагч эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү. Учир нь, сөрөг нөлөөлө бүхий захиргааны актын үйлчлэл чиглэж буй субьектыг өөрчлөх нь захиргааны актыг өөрчлөх хэлбэр биш бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллага шинээр захиргааны акт гаргаж ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Хоёр. “Ачлал констракшн” ХХК-ийн нэр дээр тавигдсан актыг “Ачлал трейд” ХХК болгон өөрчилсөн актын талаарх асуудлыг шийдвэрлэсэн нь буруу. Уг акт нь “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.3 дахь “...гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй улсын байцаагчийн акт, дүгнэлт бусад баримт бичгийг шимтгэл төлөгчдөд урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах” гэснийг зөрчсөн.

Учир нь, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 000087 тоот актыг “Ачлал трейд” ХХК-ийн нэр дээр болгож өөрчлөлт оруулсан энэхүү актад “Ачлал трейд” ХХК-аас ямар ч ажилтан гарын үсэг зураагүй. Хэлтсийн даргын А/09 дүгээр тушаалыг тус компанид мэдэгдсэн даруй манайх хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хариу өгөх 30 хоног дотор нь багтаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад дээрх тушаалтай холбогдуулан тус компаниас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 67 тоотоор гомдол хүргүүлсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь тус шүүхийн шүүгчийн 2875 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт бичигдсэнээр нотлогдож байгаа. Бодит байдал дээр “Ачлал трейд” ХХК-д гадаадын иргэн ажиллуулсан, цалин хөлс олгогдсон эсэх асуудлаар хяналт шалгалт хийлгүйгээр өмнөх компанийн актыг шууд өөрчлөн тавьсан. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсад гадаадаас ажиллах хүч оруулж ирээд цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн хуулийн заалт байдаг. Мөн “Ачлал трейд” ХХК-ийн хувьд цалин хөлс олгосон талаар нотлох баримт байхгүй байгаад нь бодит шалгалт хийгдээгүй учраас акт тавьсан нь хууль бус гэж үзэж байна.

Гурав. “Ачлал трейд” ХХК болон Хятад Улсын иргэдийн хооронд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээ үүсээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Энэ байдал нь хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...тэдгээр ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс олгосон баримтыг гаргаж өгөөгүй. Үүнийг шүүгчийн үзлэгээр тодорхой болгуулах хүсэлтийг шүүгч хүлээн авч шийдвэрлээгүй атлаа ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс олгоогүй байхад...” гэсэн нь давж заалдах гомдлоос хүртэл илэрхий байгаа. Үүнийг давж заалдах шатны шүүхийн шүүгч магадлалынхаа 3 дугаар хуудсанд тэмдэглэсэн атлаа Хятад иргэдийг Монгол Улсад байлгаж хөдөлмөр эрхлэх төлбөрийг “Ачлал трейд” ХХК уг иргэдийг оруулж ирэхээс өмнө Хөдөлмөрийн яаманд төлсөнг ашиглан “...тэдгээр иргэдийн Монгол Улсад байх хугацааны хоол, орон сууц, унааны зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогод хамруулан үзэж, шимтгэл тооцсон нь зөв байна” гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Шүүх нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийдэг болохоос таамагласан дүгнэлт гаргах ёсгүй. Өөрөөр хэлбэл Хятад иргэдийг “Ачлал трейд” ХХК нь ажиллах хүч болгож оруулж ирэхээр зохих журмын дагуу төр, захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, төлбөр төлсөн баримтууд нь уг Хятад иргэдийг ажилчин болгохоор оруулж ирсэнг л нотолж байгаа болохоос орж ирсэн Хятад иргэд ажил хийсэн, хөдөлмөр эрхлэх гэрээ хийгдсэн гэдгийг нотолж буй нотлох баримт биш юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны шийдвэр гаргасан. “Ачлал трейд” ХХК нь ажилтан ажиллуулаад бодитой орлого олсон бол нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Энэ талаар “Ачлал трейд” ХХК-д хяналт шалгалт хийсэн зүйл байхгүй. Жишээ нь, Ли гэдэг Хятад хүнийг хэдэн өдөр ажиллуулсан болон хэдэн төгрөгийн цалин авдаг байсан талаар тогтоох ёстой байсан. Улмаар ингэж тогтоож байж тухайн Хятад Улсын иргэний нийгмийн даатгалыг тайлагнаж төлөх ётсой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Гомдлын эхний үндэслэлийн тухайд: сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын үйлчлэл чиглэж буй субьектыг өөрчлөх тохиолдолд захиргааны байгууллага шинээр акт гаргахын зорилго нь түүнийг хандсан этгээдэд нь мэдэгдэхэд чиглэгдэж буй юм. Харин Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Ачлал констракш” ХХК-д хаяглагдсан 000087 тоот актын эрх зүйн үйлчлэл нь нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК-д өөрт нь чиглэгдсэн болохыг анхнаасаа мэдэж байсан нь доор дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнд: Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлэлийн санд “Ачлал трейд” ХХК нь 2013-2014 онуудад хөдөлмөр эрхлүүлэхээр 49 гадаад иргэнийг оруулж ирсэн нь бүртгэлтэй байсан бөгөөд хариуцагч түүнийг мэдэж байсан /Хэргийн 1 дүгээр хавтас, 105-106 дахь тал/, гэвч “акт бичигдэх явцад тус компанийн нягтлан бодогч М.Гэгээнтуяа нь /“Ачлал констракшн” ХХК-ийн нягтлан бодогчийн ажлыг давхар эрхэлдэг/ актыг “Ачлал трейд” ХХК дээр тавиулмааргүй байна, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх учир барилгын засвар үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан “Ачлал констракшн” ХХК-ийн нэр дээр тавьж өгнө үү ... гэсний дагуу тавигдсан” гэх хариуцагчийн тайлбар /Хэргийн 1 дүгээр хавтас, 58 дахь тал/, уг тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй үйл баримт, түүнчлэн нэхэмжлэгчээс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “Улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 000087 тоот актаар тогтоосон төлбөрийн дүнгээс алдангийн дүнг өршөөлд хамруулах тухай” хүсэлт /Хэргийн 1 дүгээр хавтас, 14 дэх тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нар нь анхнаасаа “Ачлал трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчлийг илрүүлсний үндсэн дээр маргаан бүхий актыг үйлдсэн, энэ нь нэхэмжлэгчид ойлгомжтой байсан нь тодорхой байна.

Иймд хариуцагчаас дахин хяналт шалгалт хийж, ижил агуулга бүхий акт гаргахыг, түүнчлэн нэгэнт мэдэж буй нэхэмжлэгчид “дахин мэдэгдэх” ажиллагаа явуулахыг шаардах нь захиргааны үйл ажиллагаа “үр нөлөөтэй” буюу эдийн засгийн ач холбогдолтой байх /Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4/ зарчмыг алдагдуулахад хүргэнэ.

Гомдлын хоёр дахь үндэслэлийн тухайд: дээр дурдсанчлан нэгэнт нэхэмжлэгч нь улсын байцаагч нарын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 000087 тоот актыг мэдэж байсан тул хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх”, “үр нөлөөтэй байх” зарчмын үүднээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар захиргааны актын “илэрхий алдаа”-г зассаныг буруутгах боломжгүй.

Гомдлын гурав дахь үндэслэлийн тухайд: Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д “Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна: 4/аж ахуй нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого” гэжээ. Энэхүү хуулийн дагуу нэхэмжлэгч нь 2013-2014 онд “Ачлал трейд” ХХК-ийн нэр дээр хөдөлмөр эрхлэхээр оруулж ирсэн БНХАУ-ын 49 иргэний Монгол Улсад оршин суусан 5-7 сарын хугацааны хоол, унаа, орон сууцны зардалд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байна.

Нэгэнт нэхэмжлэгчээс эдгээр иргэд ажил хөдөлмөр эрхэлсэн, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олсон эсэхтэй холбоотой баримтыг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгөөгүй тул хариуцагч шимтгэл ногдох орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсоныг буруутгах үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл “... захиргааны байгууллага шинээр захиргааны акт гаргах ёстой, ... цалин хөлс олгосон талаар нотлох баримт байхгүй, бодит шалгалт хийгдээгүй, ... таамагласан дүгнэлт гаргаж хууль буруу хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0078 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ