Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0031/Э/223/2022/0024 |
Дугаар | 2022/ШЦТ/429 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/429
2022 10 25 2022/ШЦТ/429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н Ч ад холбогдох эрүүгийн 2134002870446 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Б-н Ч , 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, жүжигчин найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 2, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 9-10 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЭ90112134 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хэсгийн төлөөлөгчийн байрны гадна Э.М тай муудалцаж, улмаар хамар тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "тархи доргилт, хамрын таславч мурийлт" бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134002870446 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Э.М ын өгсөн: “Төв аймгийн даатгалын компаниуд авто тээврийн үзлэгээр Төв аймгийн сумуудаар явж байгаа бөгөөд Төв аймгийн Эрдэнэсант суманд очиход даатгалын эгч Отгонжаргалын төрсөн өдөр болоод даатгалын компаниуд Эрдэнэсант сумын төвөөс зүүн тийш уулан дээр гарч 3 шил архи тойруулж уусан. Тухайн үед бараг 10 орчим хүмүүс байсан ба буцаад шөнө сумын төв дээр ирээд оношилгооны инженер Э , Бодь даатгалын захирал Цэрэнсугар, Номин даатгалын захирал З , менежер Д гээд залуу хэсгийн төлөөлөгч Э , цагдаа Мийгаа, Ч , Батхүү гээд залуучууд бид хэд захиргааны хойд талын баруун талын байранд хоёр шил архи уусан. Тэгээд би унтах гээд гараад явтал Ч араас гарч ирээд танай даатгалынхан яагаад намайг муу үзээд байгаа юм нэгийн эсрэг үзэх үү гээд миний хамар луу хальт цохисон. Аймаар бол цохиогүй. Би хариу үйлдэл ч үзүүлээгүй буцаад байрандаа орсон. Тэгээд Ч нь гадаа ганцаараа үлдээд үзэх хүн байна уу гээд орилоод байсан. Мөн З ахыг нэгийн эсрэг нэг үзье гээд гадаа нь орилоод байсан. Тэгээд З гарч яваагүй. Тэгээд тус байрнаас Э , Д бид гурав гарч яваад би машин дотор орж унтсан.” гэх мэдүүлэг /хх 20, 24-25/,
Гэрч Б.З ын өгсөн: “Төв аймгийн даатгалын компаниуд авто тээврийн үзлэгээр Төв аймгийн сумдуудаар явж байгаа бөгөөд Төв аймгийн Эрдэнэсант суманд очход даатгалын эгч Отгонжаргалын төрсөн өдөр нь болоод даатгалын компаниудын хүмүүс Эрдэнэсант сумын төвөөс зүүн тийш уулан дээр гарч 1-2 шил архийг тойруулж уугаад буцаж сумын төвд ирээд Эркатай уулзъя гээд нэг шил архийг гэрт нь М , Даваадорж, Батхүү, Ч гээд 8-9 хүн гэр нь орж архи тойруулж ууцгаасан. Тэгээд амрах нь амарцгаая гээд л цувраад гарч явсан. М , Ч хоёр маргалдсан. М гаднаас орж ирэхдээ миний хамар луу цохиод цус гаргачихлаа гээд л орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Б.Даваадоржийн өгсөн: “...сумын төв рүү ороод З гээд ахын найз тухайн сумын цагдаа Э ах нутгийн найз гээд шил архи задлаад уг архийг Батхүү, Цэрэнсугар, Ч , Мөнхбаатар, З бид нар тойруулж уусан. Тэгээд тэр Ч гээд хүн чинь нэлээн согтолттой байсан бөгөөд З гээд ахтай амаараа жоохон маргалдсан. Тэгээд М гэх хүнтэй Ч гэх хүн гарч яваад М нь орж ирэхдээ намайг цохчихлоо гээд хамраас нь цус гарчихсан орж ирээд намайг Ч цохисон гэж хэлсэн. Тэгээд араас нь Ч орж ирсэн, орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд Ч нь буцаж гарч яваад эргэж ирээгүй яваад өгсөн. Тэрнээс хойш Э , М , З бид хэд байрнаас гараад явж амарцгаасан.” гэх мэдүүлэг /хх 31/,
Гэрч С.Батхүүгийн өгсөн: “Би З тай техникийн хяналтын үзлэгээр хамт явж байгаад танилцсан. Танилцаад 5-6 жил болж байх шиг байна. Ч тай саяхан энэ хавар 5 сард л танилцсан. Харин М тай мөн 2015 оноос хойш техникийн хяналтын үзлэгээр цуг яваад танилцсан. Тус өдөр техникийн үзлэгээр ирсэн хүмүүс Отгонжаргал гээд захирлын төрсөн өдрийг тэмдэглэх гээд Төв аймгийн Эрдэнэсант сумаас наадмын талбайн тийшээ зүүн тийш холгүйхэн орой ажлаа тарчхаад бид хэд төрсөн өдрийг нь тэмдэглэх гээд явцгаасан. Тэгээд тэнд чихэр жимс идэж байгаад тухайн газраас орой 21 цаг өнгөрөөгөөд байхаа цагийг нь сайн санахгүй байна тарах нь тараад сумын төв рүү ирсэн. Тэгээд Цагдаагийн кубон руу Э той ороход М , З , Сугараа, Ч , хэсгийн төлөөлөгч болон Дэлгэрбаяр гээд цагдаа нар байсан. Тэгээд дотор бид хэд 1 шил архи тойруулж уучхаад би амрах гээд байшингаас гараад буудалд орж амарсан. Намайг байхад тухайн хүмүүс зодолдсон зүйл байхгүй. Харин Ч нь гэдэг нөхөр тухайн үед байсан хүмүүс рүү агсраад орилоод байсан. Намайг байхад зодоон цохион болсон зүйл байхгүй. Би кубоноос Э той гарч явсан. Бид хоёрыг гарч явахад бусад хүмүүс бүгд кубонд үлдэцгээсэн. Намайг байхад орж ирээгүй. Өөрсдийгөө удирдах чадваргүй бол байгаагүй. Миний мэдэхээр тухайн өдөр зодолдсон цохилцсон зүйл байхгүй, би түрүүлээд амрах гээд явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 44/,
Гэрч Г.Тэлмэнгийн өгсөн: “Тухайн суманд даатгалын компанийн хүмүүс, авто тээврийн хүмүүс байсан бөгөөд Отгонжаргал эгчийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд сумын төвөөс ажлаа тарчхаад орой 19-20 цагийн үед ойрхон гарцгаасан. Тэгээд тэндээ чихэр жимс архи дарс ууж байгаад орой 22-23 цагийн үед сумын төв рүү орцгоосон. Тэгээд би Соёлын төвийн урд байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа унтаж байсан, удалгүй М ах миний машинд орж ирж унтсан. Би төрсөн өдрийг тэмдэглэчхээд шууд машиндаа ирээд унтсан. М ганцаараа ирж миний машинд унтсан. Нэлээн согтолттой байсан машинд орж ирэхдээ ахыг нь Ч цохичихлоо гээд байсан. Ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй хамар нь жоохон хавдчихсан байх шиг байсан өөрийгөө хянаж чадахгүй чүй ай л машинд орж ирсэн. Миний ойлгосноор Ч нь М ахыг дагуулж гараад цохичихсон юм шиг байна лээ. Тэгээд М ах буцаж гэрт ороод нөгөө хэдтэй бөөндөө гарч ирэхэд Ч нь зугтаасан л юм шиг байна лээ. Би Ч ыг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 46/,
Гэрч И.Цэрэнсугарын өгсөн: “...М гаднаас намайг Ч мөргөчихлөө хамраас цус гарчихлаа гээд Эркад хэлж байсан. Би яг цохиж, мөргөж байгааг нь хараагүй. Би тэр талаар мэдэхгүй байна хүн болгоныг гарч орж байгааг бүртгээгүй.” гэх мэдүүлэг / хх 48/,
Гэрч Ө. Э ын өгсөн: “Би өөрөө Төв аймгийн Зуунмод суманд төрж өссөн. Одоогоор Төв аймгийн Эрдэнэсант суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд албан ажлаар явж байхад З гэх манай найз танай суманд техникийн үзлэгээр ирчихлээ даатгал хийж явна гээд залгасан. Тэгэхэд нь би маргааш яваад очно гэж ярьсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумаас Төв аймгийн Эрдэнэсант суманд техникийн үзлэг явагдаж байгаа газар очиход дандаа миний таньдаг Төв аймгийн залуучууд байсан бөгөөд мэнд мэдчихээд салаад явахад З орой уулзъя гэх зүйл ярьсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчим би цагдаатайгаа эргүүлтэй явж байгаад гэр лүүгээ орох гэтэл гэрийн үүдэнд З тай таарсан. Тэгээд бид гурав манай гэр лүү орсон. Тэгээд З тай гэрт ороход З ын араас техникийн үзлэгээр ирсэн хүмүүс гээд М , Э , Сугараа гээд нийт 6 хүн орж ирсэн. Манай гэрт байж байгаад З ын авчирсан нэг шил архийг задлаад М тухайн архийг тойруулж хундагалж өгсөн. Анх орж ирэхдээ бүгд архи уучихсан халамцуу орж ирсэн. Даатгалын нэг эгчийнх нь төрсөн өдөр болсон юм гэсэн. Тэгээд архиа тойруулаад байж байтал араас нь 20 орчим минутын дараа Ч халамцуу орж ирсэн. Би Ч тай цэцэрлэгийн нэг ангид байсан. Тэгээд орж ирээд удаан уулзаагүй найзууд багийн үйл явдлуудаа ярьцгааж суусан. Ч анх удаагаа даатгалаар явж байгаа юм шиг байна лээ. Нөгөө хүмүүс нь нийлээд жоохон дээрэлхсэн юм шиг байна лээ тэгээд Ч намайг харчхаад багийн найзтайгаа уулзлаа гээд жоохон хөөрчихсөн байсан. Ч нэлээн халамцуу орж ирсэн бөгөөд тухайн үед байсан хүмүүс рүү үг хаях шинжтэй нөгөө хэд нь ч гэсэн Ч тай мөн адил маргалдчих гээд л уг хаялцаад байсан. Тэгээд сууж байтал Ч гараад араас нь М гараад явсан. Тэгээд М түрүүлж орж ирэхдээ намайг цохчихлоо гэж орж ирсэн хэн цохисон гэдгээ бол хэлээгүй. Тэгээд төд удалгүй байж байтал араас нь Ч орж ирсэн. Ч орж ирээд тэнд байсан хүмүүс рүү одоо халзагнахуу гэж хэлэхэд нь би тухайн хүмүүст одоо хоорондоо хэрэлдэж маргалдах зодоон цохионы асуудал байхгүй шүү гээд бүгдийг нь гэрээсээ гаргацгаасан.” гэх мэдүүлэг /хх 52-53, 55/,
Шүүгдэгч Б.Ч ын өгсөн: "Би Төв аймгийн Зуунмод сумаас 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Төв аймгийн сумдаар ажлынхантайгаа явсан. Эрдэнэсант суманд очоод манай нөгөө даатгалын компанийн эгчийн төрсөн өдөр болоод Эрдэнэсант сумын төвөөс жоохон холдуу довон дээр гарч салхилцгаасан. Тухайн үед авто тээврийн төвийн 4 хүн, захирал Навчаа, "Номин даатгал"-ын захирал З , менежер Д гээд залуу, "Монгол даатгал"-ын захирал М , менежер Дашка, "Бодь даатгал"-ын захирал Сугараа, "Миг даатгал"-ын менежер Байгаль гээд эдгээр хүмүүс байсан. Бид хэд тэндээ хоёр шил архи задалж уусан бөгөөд шөнө 22 цагийн үед тарцгаагаад Эрдэнэсант сумын Эрка гээд залуу бид хэдийг хүлээж аваад захиргааны ар талын байранд байх гэрт орж сууцгаасан. Тухайн үед М , З , Э гээд залуучууд жоохон маргалдаад байсан бөгөөд би тухайн үед задалсан архинаас нь хоёр татсан. Тэгээд тухайн айлаас З , М , Д , Сугараа гээд бид хэд гараад алхаж байтал М , З нар намайг үзэлцье зодолдъё гээд байсан. Тэгээд би үзвэл нэг нэгээрээ үзчих гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал М намайг баруун гараараа уруул хамрын хэсэг рүү цохисон. Тэгээд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод босоход З хамар хэсэг рүү цохисон уг цохилтонд би нүүрний баруун талаараа унасан. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байгаа нэг мэдсэн өглөө 6 цагт Эмнэлгийн үүдэнд явдаггүй микро машин дотор ганцаараа сэрсэн. Тухайн үед өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар байсан. Бид хэд амрах гээд З , М , Д гээд залуучуудтай гараад 30, 40 метр газар алхаад захиргааны ард очоод л ийм зүйл болсон. Би тухайн үйл явдлыг бүгдийг санаж байна.
Энэ гэрч бөгөөд хамт байсан хүмүүс бүгд бие биеэ мэддэг хамт байсан хүмүүс. Энэ хэрэг жил гаруй явлаа, энэ хүмүүсийг нотлох боломжгүй гэж үзэж байгаа бол энэ хүмүүсийг цагаатгаад энэ хэргийг дуусгаж өгнө үү. Би ахиж мэдүүлэг өгч чадахгүй болно. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг /хх 13-14, 16-17, 2-хх 70-71/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Э.М ын биед тархи доргилт, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 66/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хэсгийн төлөөлөгчийн байрны гадна Э.М тай муудалцаж, улмаар хамар тус газар нь цохиж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан " тархи доргилт, хамрын таславчны мурийлт гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,
түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санал гаргасныг,
Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 146/-р тогтоогдсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Э.М нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдав.
Эрүүгийн 2134002780446 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-н Ч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч ад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 2134002870446 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ