| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00764/и |
| Дугаар | 764 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-19 тоот хаягт байрлах Ххоршоо,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-10 тоотод оршин суух, 1955 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ55031813, М овогт Б Х,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-10 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ60062502, Ш овогт Ц Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг, нотариатын зардал 34.000 төгрөг, нийт 50.275.681,86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Б.Х, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Ххоршоо, Б.Х, Ц.Н нар нь Хас банктай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1250021169 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн жилийн 7 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан. Хас банк нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлдэгч Ххоршооны Хас банк дахь 5000701837 дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2.499.999,99 төгрөг, зээлийн хүүнд 8.163.837,65 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 1.615,10 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Хас банктай байгуулсан 12500211069 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлэн төлж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 229 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 35.981,75 төгрөг, нотариатын зардал 34.000 төгрөг, нийт 50.275.681,86 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би Хас банкнаас 2015 оны 9 дүгээр сард барьцаат зээлийн гэрээ байгуулан тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 50.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тэгтэл банкнаас зэлээ аваад удаагүй байтал манай жимс жимсгэний талбай гадны нөлөө, байгалийн гамшгаар гэнэт шатаж би их хэмжээний хохирол амсаад түүнээс хойш банкны зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй эрсдэлд орсон. Тэгэхдээ би банкыг хэзээ ч хохироож байгаагүй одоо үлдсэн талбайнаасаа жилд 10.000.000 төгрөгийн жимс жимсгэнэ авдаг байсан ба түүнийгээ банкны хүүд төлж байсан. Сүүлийн үед үндсэн мөнгө, хүүг төлөх чадваргүй болоод банкыг миний үйлдвэрийн тоног, төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, мөн ажлын зориулалтаар баригдсан 2 давхар барилга, мөн 3 га газар, УАЗ-469 машин зэргийг үнэлээд ав гэхэд тэдгээрийг авахгүй байна. Надад одоогийн байдлаар банкинд төлөх мөнгөний эх үүсвэр байхгүй байна. Би өмнө нь олон жил банкнаас зээл авч цаг тухайд нь төлж байсан. Би одоогийн байдлаар тэтгэвэр, тэтгэмжээ олон жилээр нь аваад банкинд өгсөн байгаа. Манай талбай гадны нөлөөгөөр, байгалийн гамшгаар шатаад би ийм эрсдэлд орсныг банк мэдэж байгаа. Одоогийн байдлаар 3000 гаруй мод шинээр тарьсан байгаа тэр мод 2019 оноос эхлэн жимс жимсгэнээ өгч эхэлнэ, мөн хүлэмжид тарьсан үрсэлгээний мод 2019 онд гарна, тэдгээрээс төлөх боломж байгаа. Үүнээс өмнө одоогийн байдлаар төлөх ямар ч боломж байхгүй. Надад банкнаас зугтах, төлөхгүй гэж маргах ямар нэг асуудал байхгүй. Надад их хэмжээний хөрөнгө байгаа. Түүнийг үнэлээд ав гэдгийг банкинд байнга хэлдэг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүг хасаж өгөхийг хүсэж байна Би 2020 онд тухайн зээлийг үе шаттайгаар төлнө” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ххоршоо, Б.Х, Ц.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг, нотариатын зардал 34.000 төгрөг, нийт 50.275.681,86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ххоршоо, Б.Х, Ц.Н нар нь Хас банкны Увс аймаг дахь салбартай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1250021169 тоот зээлийн гэрээ, 1250021169-01 тоот барьцааны гэрээ, 1250021169-03 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөл, 1250021169-02 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Далангийн дээд талд байрлах, гэрчилгээний 000307413 дугаартай, 50.000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Аянжин ХХК-ийн талбайн доод талд байрлах, гэрчилгээний 0119659 дугаартай, 2 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-10 тоот хаягт байрлах, гэрчилгээний 0088408 дугаартай, 2 га талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч Ххоршоо, Б.Х, Ц.Н нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа болох нь зохигчийн тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний 3.2.4-т “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол зээлийн нийт төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг, нийт 50.241.681,86 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Хас банк нь “нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал хэмээн 34.000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ххоршоо, Б.Х, Ц.Н нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг, нийт 50.241.681,86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 34.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410.828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 50.241.681,86 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 409.158 төгрөгийг хариуцагч Ххоршоо, Б.Х, Ц.Н нараас гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй.
Хариуцагч Ц.Н нэхэмжлэлийн хувийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гардуулан өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй, хариуцагч Б.Х, Ц.Н нар нь эхнэр, нөхөр хэдий ч хариуцагч Б.Х-н тайлбарыг түүний байр суурь гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн хариуцагч Ц.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ххоршоо, овогт Б Х, Ш овогт Ц Н нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг, нийт 50.241.681,86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 34.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 410.828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ххоршоо, Б.Х, Ц.Н нараас 409.158 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ