Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Сөүл бизнес төв 406 тоот, Ханбогд капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 2а байрны 32 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧН70121105, Харчин овогтой Дашдондогийн Хишигдэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, Б.Раднаасүрэн, хариуцагч Д.Хишигдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханбогд капитал ББСБ ХХК нь Д.Хишигдэлгэртэй 2018 оны 3-р сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6 сарын хугацаатай, 25 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, барьцаагүйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9-р сарын 30-ны өдөр дууссан. Ингээд зээлдэгч үндсэн зээл төлөгдөөгүй, зээлийн хүүнээс 2018 оны 5-р сард 550 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч одоо хүртэл үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээлд 25 000 000 төгрөг, зээлийн хүүд 4 700 000 төгрөг нийт 29 700 000 төгрөгийг Д.Хишигдэлгэрээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Хишигдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ханбогд капитал ББСБ ХХК-иас 25 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэхдээ зээлийн гэрээг төөрөгдүүлж хийсэн.Одоогоор тус шүүх дээр энэ зээлтэй холбоотой, энэ хэргээс гадна хоёр хэрэг хэлэлцэгдэж байгаа. Нөгөө хоёр хэрэг дээр би сөрөг нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нөгөө хоёр маргаан шийдвэрлэгдэж, илүү мөнгө төлсөн нь тогтоогдвол Ханбогд капитал ББСБ надад мөнгө өгөх ёстой болно. Мөнгө зээлсэн нь үнэн тул 1 жилийн хугацаанд зээлээ төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ханбогд ББСБ ХХК нь Д.Хишигдэлгэрт холбогдох зээлийн гэрээ үүрэгт 29 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Ханбогд ББСБ ХХК нь Д.Хишигдэлгэртэй 2018 оны 3-р сарын 30-ны өдөр 170109 тоот зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 5-6/ тохирчээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан Зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 25 000 000 төгрөгийг 2018 оны 4-р сарын 04-ний өдөр зээлдэгч Д.Хишигдэлгэрт шилжүүлсэн, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг нийт 29 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Харин зээлдэгч Д.Хишигдэлгэр нь 2018 оны 5-р сард 550 000 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ. Зээлдэгч нь нэхэмжлэлийн шаардлага 29 700 000 төгрөгийг маргаагүй байх тул хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дашдондогийн Хишигдэлгэрээс 29 700 000 /хорин есөн сая долоон зуун мянг/ төгрөг гаргуулж Ханбогд капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Хишигдэлгэрээс 371 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА