Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
Хэргийн индекс | 170/2022/0157/Э |
Дугаар | 2022/ШЦТ/163 |
Огноо | 2022-11-01 |
Зүйл хэсэг | 24.8.1., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******т холбогдох 2223000960144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 09-нд Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 13 шуудай 275 килограмм хонин арцыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Завхан аймгийн сумын багийн “Ховдлын ам” гэх газраас түүж бэлтгэн, Завхан аймгийн ******* сум ******* багийн ******* тоот хаяг байрлах гэрт хадгалсан, 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 39,571,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч О.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 13 шуудай 275 килограмм хонин арцыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Завхан аймгийн сумын багийн “Ховдлын ам” гэх газраас түүж бэлтгэн, Завхан аймгийн ******* сум ******* багийн ******* тоот хаяг байрлах гэрт хадгалсан, 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 39,571,200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-09-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-13-р хуудас/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын “...Ховдлын ам гэх газарт хонин арц ургадаг. Иргэд түүхийг ямар ч тохиолдолд одоогоор зөвшөөрөл олгоогүй. Дээрх ургамал нь нэн ховор ургамал. Зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар Байгаль орчны яам, байгаль орчны улсын байцаагчийн хяналтан дор байгаль хамгаалагчаас авна. Тухайн ургамал нь уулын өндөр газарт ургадаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,
- Гэрч Б.ын ”...Би 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт цагдаа зохицуулагч С.гийн хамт байнгын постонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл шөнийн 03 цагийн орчимд байхаа ******* сум багийн нутаг дэвсгэрт 60 айлын хойд зам дээр мөнгөлөг өнгийн “Мазда демо” маркийн авто машин сэжиг бүхий явж байхаар нь зогсоож шалгахад О.******* гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон ба жолооч машины хаалгаа онгойлгоход машин дотроос арцны анхилам үнэр үнэртэж байхаар нь машины арын хаалгыг нь онгойлгуулахад 10 гаруй шуудайнд хийж амыг нь боосон түүсэн бололтой ногоон арц байсан. Би ******* гэх хүнээс “таны тээвэрлэж яваа арцанд зохих байгууллагаас авсан зөвшөөрөл байгаа юу” гэхэд “ямар ч зөвшөөрөл байхгүй” гэсэн. Хаанаас түүж бэлтгэсэн хаана хүргэх талаар асуухад юу ч дуугараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,
- Гэрч Г.ийн ”...2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Завхан аймгийн ******* сум ******* багийн ******* тоот хаяг буюу аавын хашаанд байх илүү гэрээс манай аав ******* нь дүү бид хоёроор 13 шуудай арц ачуулаад Бааз руу айл руу хүргэж өгнө гээд бид хоёрыг дагуулаад явсан. Дүү бид хоёр тухайн арцыг манай аав хаанаас, хэзээ авчирсан талаар мэдэхгүй. Би Улаанбаатар хотоос 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр цэрэгт явах гээд ирсэн. Би өөрөө Улаанбаатар хотод ажилладаг. Одоо Улаанбаатар хот руу явах гэж байгаа. Өнөөдөр аавыг гуйхаар нь туслах гэж яваад ийм зүйл боллоо. Манай дүү бид хоёр аавын ачуулсан арц гэх зүйлийг хууль бус гэдгийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
- Гэрч Г.гийн “...2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө унтаж байхад аав сэрээгээд хашаанд байх илүү жижиг гэрээс 13 шуудай арцыг өөрийнхөө ******* ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Хондо” маркийн авто машиндаа ах бид хоёроор зөөлгөсөн. Би тухайн арцыг хэзээ, хаанаас, хэн бэлтгэж хийсэн талаар мэдэхгүй. Энэ арцыг манай аав л мэдэж байгаа. Ах бид хоёр цэрэг татлага болох гээд байхаар нь ******* суманд ирсэн байсан. Манай аав уг арцнуудыг найз ын амбаарт хийнэ гэж хэлж байсан. Өөрөөр би энэ арцны талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,
- Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.ын 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай “...13 шуудай арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хуурамч хонин арц (Juniрerus pseudossabina Fisch. Et Mey)
13 шуудай арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол улсын тухай хууль буюу Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт: Нэн ховор ургамлын жагсаалтад орсон.
Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 10-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана.
Тухайн хураагдсан 4 шуудай хуурай, 9 шуудай нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь
№ | Арцны нэр | Латин нэр /зүйл/ | Нэг кг арцны Экологи эдийн засгийн үнэлгээ | Нийт арцны тоо /кг/ | Экологи эдийн засгийн үнэлгээ, /төгрөгөөр/ |
1. | Хонин Арц | Juniрerus sabina L. | 100.900 ₮ | 148 кг | 14.933.200 ₮ |
2. | Тээрэмдсэн хонин Арц | Juniрerus sabina L. | 194.000 ₮ | 127 кг | 24.638.000 ₮ |
Нийт | 275 кг | 39.571.200 ₮ |
...” гэх дүгнэлт /хх-ийн 63-66-р хуудас/,
- Шүүгдэгч О.*******ын “...Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр болох “Ховдлын ам” гэх газраас өөрийн ******* ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээр очиж 10 хоног арц түүсэн. Би түүсэн арцаа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн машинаараа зөөж гэртээ аваачаад, илүү гэртээ хураагаад заримыг нь баг багаар дэлгэж хатааж байгаад өөрийн цэнхэр өнгийн марк тодорхойгүй бутлагч тээрмээр тээрэмддэг байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө арцнуудаа айлын амбаар луу зөөж явж байхдаа цагдаад баригдсан. Энэ хэрэгт манай хоёр хүүхэд бол ямар ч хамаагүй. Би тэр шөнө ганцаараа өргөөд дийлэхгүй болохоор хоёр хүүгээ надад туслаадах гэж зөөлгөсөн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж,
мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч О.******* нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 275 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч О.******* зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэн, хадгалж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 39,571,200 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч О.*******ын ургамлын аймагт учруулсан 39,571,200 төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 197,856,000 /нэг зуун ерэн долоон сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 104-р хуудас/
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байр суурьтай оролцсон бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж өмгөөллийн дүгнэлт гаргав.
Шүүгдэгч О.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх шүүгдэгч О.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч О.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 2 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч О.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгч нь О.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ “Honda SMX” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь *******ийн ын өмчлөлтэй болох нь № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82-р хуудас/ болон шүүгдэгч О.*******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 300,000 төгрөгөөр тогтоосон байх тул тээврийн хэрэгслийн үнэ 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон 275 килограмм хонин арц болон хууль бусаар түүсэн арцаа нунтаглаж тээрэмдэхдээ ашигласан марк тодорхойгүй бутлагч төхөөрөмж зэргийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Honda SMX” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.*******т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч О.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч О.*******аас ургамлын аймагт учруулсан хохирол 197,856,000 /нэг зуун ерэн долоон сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.*******ын хууль бусаар түүсэн хонин арцаа тээвэрлэсэн “Honda SMX” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан марк тодорхойгүй бутлагч төхөөрөмж, гэмт хэрэг үйлдэж олсон 275 килограмм хонин арцыг тус тус улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Honda SMX” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ