| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03697/и |
| Дугаар | 3848 |
| Огноо | 2018-12-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 3848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-р байрны 36 тоотод оршин суух, регистр ЧК45020411, Орги овогтой Шаравын Батдэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-р байрны 36 тоотод оршин суух, регистр ЧК48021507, Боржигин овогтой Мятавын Өлзий-Утаст холбогдох гэрлэлт цуцлуулах, дундаа хамтран өмчлөх 2 өрөө байрны үнээс ногдох хэсгээ гаргуулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй бусад эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, хариуцагч М.Өлзий-Утас, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам /үнэмлэх 0389/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Өлзий-Утастай 1967 онд гэр бүл болж, 9 хүүхэд төрүүлж, 40 гаруй жил амьдарсан. 1998 оноос таарамжгүй болж, 2014 оноос тусдаа амьдарч байна. Би залуу насандаа бүх хүчээрээ хөдөлмөрлөж хэдэн хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгосон. 1990 оны үед дундын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-р байрны 36 тоот 2 өрөө байрыг улсаас олон хүүхэдтэй гэж олгосон. Одоо 70 нас гарч нас өндөр болоход эхнэр залуу хархүүтэй болж, намайг орон гэрээс минь хөөж явуулсан. Би хүүхдийндээ, зуслангийн байшинд амьдарч, нөхцөл хүнд байна. Гэхдээ би хүнд нөхцөл байдлыг даван туулна. Насны эцэст хоёулаа цайгаа хувааж уугаад сууж байх ёстой байтал нэг нэгнийгээ үзэн ядаж байгаад надад маш их харамсаж байна. Өвөл болж, хүйтэрсэн учир хүүхдүүдийнх рүү барааддаг. Иймд гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хувийг М.Өлзий-Утасаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Батдэлгэртэй 45 жил амьдарсан. Энэ хугацаанд бид 3-4 удаа салсан. Хүүхдүүд маань бага байхад Ш.Батдэлгэр орхиж явж байсан, үргэлж гэр бүлийн будлиантай, хэрүүлтэй, ажил хийлгэдэггүй, зоддог байсан. Хүү Б.Батжаргал 2 сартай байхдаа хатгаа авч бие нь хүнд байхад орхиод явж байсан. Энэ бүхнийг хүүхдүүд маань мэддэг, ойлгодог болсон. Одоо хүүхдүүд маань тус тусын амьдралтай, ажилтай болсон, сүүлийн 5 жил би ганцаараа амьдарсан. Хүүхдүүд маань цагаан сараар Ш.Батдэлгэрийг гуйж авчирдаг, 2, 3 хоноод л явдаг. Одоо Ш.Батдэлгэртай эвлэрэх боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Би Ш.Батдэлгэрийн 7 хүүхдийг төрүүлсэн, би өөрөө хоёр хүүхэдтэй байсан. 7 хүүхдээс нэг хүү маань 2016 оны 6 дугаар сард нас барсан. Миний бие Үсчин гэрэл зургийн 10-р салбарт үсчингээр 20 жил ажилласан. Энэ ажиллах хугацаанд норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэж Үйлдвэрчний хорооны дарга үсчин байсан нэг салбараа хааж байгаад надад нэг өрөө олгож байсан. Дараа нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-р байрны 36 тоот 2 өрөө байрыг өгсөн. Хамтран өмчлөгч хүү Б.Батцэнгэл нь нас барсан, түүний өвөлх эрхийн асуудал шийдэгдээгүй, маргаантай байгаа. Би зах зээлд орж, хүүхдүүд маань том болсон учир үсчингийнхээ салбараас гарч суудлын вагонд проводникоор ажиллаж, нийтдээ улсад 44 жил ажилласан. Миний хөдөлмөрийг үнэлж, Үсчин гэрэл зургийн захиргаа надад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-р байрны 36 тоот 2 өрөө байрыг олгосон учир байрнаасаа ногдох хувийг өгөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Ар хустад 000516961 дугаар газрын гэрчилгээ, 18643322948047 нэгж талбарын дугаар бүхий зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Газрын албатай 10 гаруй жил холбоотой байж авсан. Авахдаа өөрийнхөө нэр дээр биш, ханилж байсан ханийхаа нэр дээр авсан. Газар дээрээ 1989 онд зуслангийн байшин барисан. Мөн 91-38 УБХ дугаартай машинтай байсан, газар түүнийг Б.Энх-Амгаланд дур мэдэн шилжүүлсэн байдаг. Иймд Зуслангийн газар, байшин, машинаас өөрт ногдох хувийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ш.Батдэлгэр нь Усны аж ахуйн баазад ажиллаж байсан, түүний ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг нь харгалзан Усны аж ахуйн баазаас зуслангийн газар өгсөн. Хариуцагч М.Өлзий-Утас газрын хамтран эзэмшигчээр бүртгэгдээгүй. Хууль ёсны эзэмшигч нь Ш.Батдэлгэр бөгөөд одоо охин Б.Энх-Амгалангийн нэр дээр шилжсэн. Тийм болохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Мөн Хонда Фит маркийн суудлын авто машин нь Б.Энх-Амгалангийн өмчлөлд байдаг. Б.Энх-Амгалан нь аавынхаа зөвшөөрлөөр уг машиныг түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр хэрэглэхээр болж тохиролцсон. Зуслангийн байшин нь ч гэсэн Б.Энх-Амгалангийн нэр дээр байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох зуслангийн газар, амины орон сууц, авто машин зэрэг нь өөр хүний өмчлөлд байдаг болохоор нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Батдэлгэр нь М.Өлзий-Утаст холбогдох гэрлэлт цуцлуулах, дундаа хамтран өмчлөх 2 өрөө байрны үнээс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь Ш.Батдэлгэрт холбогдох бусад эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг, хангаж зарим хэсгийг хангаж, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ш.Батдэлгэр, М.Өлзий-Утас нар нь 1967 онд гэр бүл болж, 1980 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, хамт амьдрах хугацаандаа 9 хүүхэд төрүүлж /хх 4, 18/ өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд хоорондоо таарамжгүй байсны улмаас хэд хэдэн удаа тусдаа амьдарч байсан гэх ба гэрлэгч бие биедээ үнэнч байх, хүндэтгэх үүргээ биелүүлдэггүй байснаас 2014 оноос тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Зохигч насанд хүрээгүй хүүхэдгүй, хэн алиных нь хүсэлтийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Гэрлэлт цуцуулахаас өмнө гэрлэгчийн хэн аль нь тэтгэвэрт гарсан байх тул салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2205015469 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-р байрны 36 тоот 2 өрөө сууцыг, хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Архустад байрлах 18643322948047 нэгж талбарын дугаар бүхий, 000516961 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, зуслангийн зориулалттай 700 м.кв газар, зуслангийн байшин, 91-38 УБХ дугаартай Хонда фит маркийн машиныг тус тус дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж марган тус тус өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаарджээ.
Тухайн орон сууцны өмчлөгчөөр М.Өлзий-Утас, хамтран өмчлөгчөөр Ш.Батдэлгэр, Б.Батцэнгэл, Б.Батжаргал, Б.Энх-Амгалан, Б.Баттөр нар бүртгэгдэж өмчлөх эрхийн 0057825 тоот гэрчилгээ олгогдсон /хх 15/ байх ба өмчлөгч Б.Батцэнгэл 2016 оны 10-р сарын 06-ны өдөр нас барсан нь 0000149310 тоот гэрчилгээгээр тогтоогдсон байна.
Өвлүүлэгчийн өвийн талаар маргаантай асуудал шийдвэрлэгдээгүй, нөгөө талаар, бусад өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөхөөр байхад нэхэмжлэгч зөвхөн өмчлөгч М.Өлий-Утасаас ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07-р сарын 09-ний өдрийн А/336 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18643322948047 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, 000516961 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг Ш.Батдэлгэрт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эзэмших эрхийн 000516961 тоот гэрчилгээ /хх 19, 64-66/ олгосон, улмаар кадастрын зураг, бүртгэлийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ /хх 40-44/ байгуулагджээ. Харин Засаг даргын 2018 оны 5-р сарын 22-ны өдрийн А/179 тоот шийдвэрийг үндэслэн энэ газрыг Батдэлгэрийн Энх-Амгаланд 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эзэмших эрхийн 000735029 тоот гэрчилгээ олгож, эзэмшигч болжээ. /хх 54/
Зуслангийн газрыг өмчлүүлээгүй бөгөөд эзэмшүүлэхээр олгосон газрыг дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хамтран өмчлөх хөрөнгө гэж маргасан Хонда фит маркийн 91-38 УНМ дугаартай машин нь Б.Энх-Амгалангийн өмчлөлд 2014 онд бүртгэгдсэн нь тээврийн гэрчилгээгээр тогтоогдсон /хх 53/, зуслангийн байшин талуудын хэн алины нэр дээр өмчлөх эрх бүртгэгдээгүй байх тул дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэх, бусдын өмчлөлийн эд зүйлийг талууд хоорондоо маргасан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Эдгээр үндэслэлээр бие биеэсээ гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн 17 дахь хуудсанд авагдсан Зар мэдээ сонины зар, Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт /хх 24/, М.Өлзий-Утасын зээл төлсөн талаарх баримт, шүдний эмнэлэгийн баримт /хх 26-29, 32/ нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй, М.Өлзий-Утасын орон сууц эзэмших эрхийн бичиг, гэрээний сунгалтууд /хх 47-51/ нь өмчлөх эрх үүсэхээс өмнөх эзэмших эрхтэй холбоотой,Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан М.Өлзий-Утасын гаргасан гомдол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол нь энэ шийдвэрийн үндэслэл болоогүй байна.
Талуд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 09-р сарын 26-ны өдөр дуусгавар болгосон, зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шаравын Батдэлгэр, Мятавын Өлзий-Утас нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан хамтран өмчлөх 2 өрөө байрны үнээс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн Ш.Батдэлгэрийн, зуслангийн газар, машин, байшингийн үнээс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн М.Өлзий-Утасын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА