Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/00094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: МТП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЕЗХ ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.305.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТП ХХК-ийн ЕЗХ ХХК-тай байгуулсан 2012 оны 43/16 дугаартай нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 1.305.000 төгрөгийг хариуцагч ЕЗХ ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх 33/12 дугаартай гэрээний дагуу 44/12 дугаартай барьцааны гэрээг 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай байгуулсан. Талууд байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу 2012 оны 1 дүгээр сараас 9 сарын хооронд хамтран ажиллаж байгаад гэрээний үлдэгдэл төлбөрт манай компанид ЕЗХ ХХК-иас 1.305.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 1.305.000 төгрөгийг хариуцагч ЕЗХ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЕЗХ ХХК нь 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээг нэхэмжлэгч МТП ХХК-тай байгуулсан. Талуудын байгуулсан гэрээ 2 жилийн хугацаатай гэрээний хугацаа 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дуусах ёстой байсан. 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө талуудын харилцан тохиролцоогоор дуусгавар болгосон. ЕЗХ ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 1.305.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл гэрээний үүрэг дуусгавар болох өдөр ЕЗХ ХХК нь 1.305.000 төгрөгийг төлж барагдуулсан тул барьцааны гэрээг улсын бүртгэлээс чөлөөлүүлсэн. Энэ байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч талын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолвол 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа мөн л 3 жил байна. МТП ХХК нь 2017 оны 1 юм уу 2 сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЕЗХ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. МТП ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 1 юм уу 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал 2 дахь нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 2 дахь нэхэмжлэлийг шүүх мөн хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч тал 3 дахь нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан. 3 дахь нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан. 4 дэх нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. Уг өдөр нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгч тал 5 дахь нэхэмжлэлээ гаргаж шүүхээр шийдүүлэх гэж байн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч талын үйлдсэн 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн өглөг, авлагад хариуцагчаас авах 1.305.000 төгрөгийн тооцоо байна гэдэг. Уг төлбөрийг төлснөөр нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх гэрээний үүрэг дуусгавар болж, бидний барьцааны гэрээ чөлөөлүүлэх хүсэлтээр нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгийг чөлөөлсөн. Нэхэмжлэгч тал хариуцагчаас авлагатай гэдгээ нотолж чадахгүй байна. Гэрээний 2 талын нэг нь шатахуун өгч, нөгөө нь шатахууны төлбөр төлдөг. Иймд талуудын хооронд холимог худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МТП ХХК нь хариуцагч ЕЗХ ХХК-д холбогдуулан нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 1.305.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь өр төлбөр дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч МТП ХХК, хариуцагч ЕЗХ ХХК нар нь 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 43/12 тоот Нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр тээвэрлүүлэгч МТП ХХК-ийн өмч болох нефть бүтээгдэхүүнийг гэрээгээр тохиролцсон хөлс, хэмжээ, хуваарийн дагуу тээвэрлүүлсний хөлс төлөх, тээвэрлэгч ЕЗХ ХХК нь тээвэрлүүлэгчийн тусгай ачааг тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр саадгүй тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, 2 жилийн хугацаатай байхаар тохиролцсон байна. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 44/12 тоот С.Уянга, Х.Батзориг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 21а байрны 28 тоотын 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

            Улмаар 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож дээрх 2 гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч МТП ХХК нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гарган барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэл хийлгэсэн болох нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 43/12 тоот Нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээний дагуу тээвэрлэлт хийхдээ хариуцагч нь шатахуун худалдан авсан тооцоогоо дутуу хийсэн гэх үндэслэлээр 1.305.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, үүнийгээ өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, бусад санхүүгийн баримтаар нотлогдож байгаа гэв. Эдгээр баримтыг шинжлэн судлахад хариуцагч нь 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 6 удаагийн тээвэрлэлт хийсэн байх ба тээврийн хөлс 45.308.938 төгрөг болсон байна. Ийнхүү тээвэрлэлт хийхдээ нэхэмжлэгчээс 19.178.000 төгрөгийн шатахуун авчээ. Нэхэмжлэгч нь тээврийн хөлснөөс шатахууны үнийг суутгаж, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 7 удаагийн шилжүүлгээр 27.435.938 төгрөгийг шилжүүлсэн байна.

            Хариуцагч тал нь манайх шатахуун авч, төлбөрөө бүрэн төлж дуусгасны үндсэн дээр барьцаа хөрөнгөө чөлөөлж авсан гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан баримтаас харахад 2012 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар нэхэмжлэгчийн өөрийнх нь тооцоогоор 2.561.119 төгрөгийн авлагатай байсан атлаа хариуцагч компанид тээврийн хөлс гэж 1.256.119 төгрөг шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй, 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр барьцааны гэрээг дуусгавар болох талаар Эд хөрөнгийн бүртгэлийн газарт нэхэмжлэгч хүсэлт гаргасан, хариуцагч компанитай төлбөр тооцооны үлдэгдэл баталгаажуулсан баримт байхгүй, 2012 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар үүссэн өр төлбөрийг хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд шаардаж байсан баримт байхгүй зэргээс нэхэмжлэгч нь хариуцагчийн өр төлбөргүй гэх татгалзлыг үгүйсгэж чадахгүй байна.

            Зохигчдын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд зааснаар тээвэрлэлтийн гэрээнээс салгаж үл болох эрх бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно гэж заасан байдаг.

            Шүүхээс 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчийн хүсэлтээр талуудын хооронд үүссэн тээвэрлэлтийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 236.1.1-д зааснаар зохих ёсоор хэн аль нь гүйцэтгэсэн учир дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

            Иймд нэхэмжлэгч МТП ХХК-ийн хариуцагч ЕЗХ ХХК-иас 1.305.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс урьдчилж төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ЕЗХ ХХК-иас 1.305.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч МТП ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

 

 

                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ