| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Х.Т-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Л.С-д холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С бид хоёр 1996 онд танилцаж, 1998 онд том охин С.Нтөрсөн. Манай нөхөр 2004 онд хүртэл Япон явж бизнес хийж, амьдралын төлөө зүтгэдэг байсан. 2005 оноос намраас эхлэн Л.С мөрийтэй тоглоом тоглох болсон. 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2 дах охин С.Хтөрсөн. 2006 онд манайх хороололд 3 өрөө байр, Хан-Уул дүүрэгт 2 өрөө байртай байсан. 3 дугаар хороололд Айс нэртэй караоке бартай байсан. Л.С 2006 онд байсан бэлэн мөнгөө тавьж тоглож дуусаад 2006 оны 11 дүгээр сард манайх гэр бүлээрээ Америк явсан. Би хүүхдүүдийн хамт 2011 оны 8 дугаар сард хүртэл Америкт амьдарсан. Манай нөхөр Америкаас Монголд ирэн очин амьдарч байсан. Тэр хооронд нөхөр газрын албанд ажилладаг н.Пүрэвхатан гэх эмэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсныг сүүлд би мэдсэн. Л.С тэр хүүхэнтэй нийлж тоглон мөнгө, төгрөг их олсон юм шиг байна лээ. Намайг 2011 онд Монголд ирэхэд Л.С ямар ч мөнгөгүй, бүх зүйлээ тавьж тоглон алдаж, гэр орон ч үгүй хоосон намайг угтсан. Тухайн үед манай аав, ээж хоёр 10 дугаар хороолол дуу чимээтэй байна гээд 13 дугаар хороололд байр авсан. Л.С аав, ээж хоёрын хуучин байрыг авч, боломжоороо мөнгийг нь төлөхөөр болсон. Би 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү С.Хийг түрүүлсэн. Намайг 8 сартай хүүхдээ тэвэрч ирэхэд орон гэргүй, аав, ээжийн хуучин байранд орсон. 2011 оноос хойш би өнгөрсөн зүйлийг мартаж, шинээр амьдрах гэж их оролцсон. Өмнөх шигээ бизнес хийж амьдаръя гэхэд Л.С намайг сонсдоггүй. Мөрийтай тоглоом зохион байгуулна, эсвэл өөрөө тоглоно л гэж ярьж, сэтгэдэг. Мөрийтэй тогловол нэг бол их мөнгө олно. Эсвэл алдана. Л.С мөрийтэй тоглохоор Макао руу олон удаа явсан. Намайг хүрэл дагуулж явсан. Л.С өөр зүйлийн талаар сэтгэхээ больж зөвхөн тоглоомын талаар л бодох болсон. Энэ хүн өмнө ийм хүн байгаагүй. Мөнгө олъё гэхээр мөрийтэй тоглоом зохион байгуулна, эсвэл тоглоно гэж ярьдаг. Өөр аргаар амьдаръя гэж ярихгүй. 2011 оноос хойш би Л.Сыг наймаа арилжаа, бизнес хийж амьдрах болов уу гэхэд ганцхан мөрийтэй тоглоом ярьж, сэтгэх болсон. Манай нөхөр намайг ажилд оруулж өгсөн. Би Боловсролын яамны харьяа байгууллагад ажилладаг. Бид хоёр 2-3 удааа амьдарч байгаа байраа ББСБ ХХК-ийн барьцаанд тавьсан. ББСБ ХХК-ийн зээлийн хүү өндөр. Зээлийн хүү төлөх хугацаа юу юугүй болчихно. Зээлийн асуудлаас болж хоёулаа стресстэнэ. 2018 оны 3 дугаар сард надруу нэг эмэгтэй залгаж, Л.Сыг 30,000,000 төгрөгийн зээл авчихаад өгөхгүй байна гэж хэлсэн. Манай охин шилдэг 100 сургуулийн тэтгэлгээр Канад руу их сургуульд явсан. Л.С охин гадагшаа сургуульд явах гээд мөнгөний хэрэг болоод гэж хүнээс 30,000,000 төгрөг зээлсэн байсан. Л.С 30,000,000 төгрөгөөр урт цагааны хавьд автомат тоглоом дээр тоглож дуусгасан байсан. Л.Сод мөнгө зээлсэн хүн цагдаад өгч ноднин 461-д 2 сар сууж, найз нартай нь хамжиж өрийг нь дарж Л.Сыг гаргаж авсан. Л.Сыг 2 сар сууж гарч ирээд ухаарах байх гэтэл яг л бах байдагаараа. Өөр юм харахгүй нөгөө л тоглохоо ярих болсон. Манай охин арван жилд байхдаа ангийнхан нь гэрт ирэхэд аав нь өдөр унтаж байдаг. Танай аав чинь ажил хийдэггүй юм уу, яагаад өдөр унтаж байдаг юм бэ гэж охиноос асууж байсан гэсэн. Охин аав ажил хийдэггүй юм уу, би ангийнхнаасаа ичлээ гэж хэлж байсан. Надад охины хэлсэн үг хүндээр тусаж, хүүхдээ ийм орчинд өсгөхөд хүнд болсон. Гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Л.Соос хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байдал, талуудын тайлбар мэдүүлгээс харахад нэхэмжлэгч нь хариуцагч Л.Сыг мөрийтэй тоглоом тоглож эдийн засгийн хүнд байдал оруулдгаас болж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Энэ байдлыг ч гэсэн Л.С хүлээн зөвшөөрсөн. Тэрээр 2005 оноос эхлэн мөрийтэй тоглосон. 12-13 жилийн хугацаанд Л.С мөрийтэй тоглосноор амьдрал нь доошилсон уу гэхээс дээрдээгүй. Хариуцагч охиныхоо төлбөр төлдөг. Одоохондоо эрхэлсэн ажилгүй учраас мөрийтэй тоглож мөнгө олохоос өөр гарцгүй юм шиг ярьж байна. Дээрх байдлаас харахад эвлэрлийн 3 сарын хугацаа авсан ч Л.С мөрийтэй тоглоомоос гарахгүй юм байна. Цаашид бизнес хийж хөлөө олтол мөрийтэй тоглоно гэж хэллээ гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ байдлыг нэхэмжлэгч Х.Т тэвчихгүй. Л.Сын мөрийтэй тоглох нь тэдний амьдралыг дээрдүүлэхгүй, улам л дордуулна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин С.Х, хүү С.Х нарыг эх Х.Тын асрамжид үлдээж өгнө үү. Зохигчдын дунд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн маргаан байхгүй. Талууд хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр тохиролцоогүй, гэрээ байхгүй учраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргаж хариуцагчаар тэжээн тэтгүүлж өгнө үү. Гэр бүл салахад Л.Сын мөрийтэй тоглож, эдийн засгийн хүнд байдал оруулсан үйлдэл нөлөөлсөн. Шүүхээс эвлэрлийн 3 сарын хугацаа авснаар Л.С мөрийтэй тоглоомоос салах, Х.Т мөрийтэй тоглоом тэвчих нөхцөл байдал харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Манай том охин 3 курсийн оюутан Канадад сурдаг. Би охиныхоо сар бүрийн байр, хоолны мөнгө 2.000.000 гаран төгрөгийг төлсөөр өдий хүрсэн. Түүнээс гадна гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын хэрэгцээний мөнгийг би олдог. Намайг тоглоом тоглосноос болоод гэр бүлийн маргаан үүсдэг. Би багаасаа бизнес гэж явсаар мэргэжил эзэмшээгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. 2 хүүхдээ эхнэрийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Би цаашид угаасаа 3 хүүхдийнхээ төлөө бүх зүйлээ зориулна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан. Одоо манай гэр бүл амьдарч байгаа байрыг би 90.000.000 төгрөг өгч 30.000.000 төгрөг дутуу үлдээж худалдаж авсан. Эхнэр, хүүхдүүддээ байраа үлдээж байна. Том охиноо төгстөл байр, хоолны мөнгө өгнө. Хуулийн дагуу 2 хүүхдэд тэтгэлэг тогтоовол төлнө. Цаашид яаж амьдрах нь миний асуудал байх гэв. Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Л.Сод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхийг болон хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Л.С нар нь 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсноо 1999 оны 1 дүгээр сарын 57-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 53 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин С.Хнь 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь 0198923 Г-618 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү С.Хнь 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн болох нь 0420352 Г-026 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна. Хариуцагч нь 2005 оноос мөрийтэй тоглодог болсноор хоорондын хэрүүл маргаан, таарамжгүй байдал үүсч, улмаар гэрлэлт цуцлах шалтгаан болжээ. Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин С.Х, хүү С.Хнарын шүүхэд гаргасан саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.Х, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Хнарыг эх Х.Тын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болно. Хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг зохигчид гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.Хг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Хийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Боржигон овогт Лагнайдоржийн Сүхболдоор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Л.С нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.Х, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Хнарыг эх Х.Тын асрамжид үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин С.Хг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Хийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Л.С-оор тэжээн тэтгүүлсүгэй. 4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай. 5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ | |