Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1557

 

 

 

 

 

    2022        10         25                                   2022/ШЦТ/1557

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б.Э-д  холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын угсрагч мэргэжилтэй, Деликат кар компанид туслах ажилтан, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгэгдэж байсан,

... овогтой Б.Э  /РД:ЦЖ0000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь “2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 1 хэсэг гудамжны 10-391 тоотод хамтран амьдрагч хохирогч Б.У-г “гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас түүний дух орчимд архины шилээр 2 удаа, нүүр хэсэгт нь гараараа цохиж, гутал шидэж дух, хамрын нуруу, хоёр зовхи, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Уянгаас уучлалт гуйж байна.” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

- 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 31-32 дахь тал/

            - Хохирогч Б.У “...“...Эрдэнэбаяр намайг 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гар утас хулгайлсан гээд согтуу зодсон юм...Намайг хамтран амьдрагч Эрдэнэбаяр архины шилээр миний дух руу хоёр удаа цохисон, бор гутал над руу шидэхэд миний нүүрийг оносон. Миний биед учирсан эдгээр гэмтлүүдийг манай хамтран амьдрагч Эрдэнэбаяр учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...1. Б.Уянга-н биед дух, хамрын нуруу, хоёр зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх 11584 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/

            - Яллагдагч Б.Э ын “...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “... яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...маргаан үүсээд уур хүрээд нүүрэн тус газар 2-3-н удаа цохисон юм. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна ахин ийм асуудал гаргахгүй хамтран амьдрагч Уянгаас уучлалт гуйж эвлэрсэн одоо цуг нэг гэртээ амьдарч байгаа, иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э  нь хамтран амьдрагч хохирогч Б.Уянгатай 4 жил амьдарч байгаа бөгөөд “2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 1 хэсэг гудамжны 10-391 тоотод “гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас түүний дух орчимд архины шилээр 2 удаа, нүүр хэсэгт нь гараараа цохиж, гутал шидэж дух, хамрын нуруу, хоёр зовхи, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Бийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11584 дугаартай “...1. Б.У-н биед дух, хамрын нуруу, хоёр зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Э  нь хохирогч Б.У эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч  Б.Э  нь хохирогч Б.У эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Э ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 700 нэгжтэй тэнцэх буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч Б.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  Мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэж байгааг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Э  нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Уянга нь гэм хорын хохиролд гомдол санал байхгүй тул шүүгдэгч Б.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Б.Э-г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хязгаарлаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Э т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ