| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1523/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1562 |
| Огноо | 2022-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1562
2022 10 26 2022/ШЦТ/1562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Ч.Батзориг,
хохирогч О.Т, түүний өмгөөлөгч Г.Ц,
гэрч О.Н,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. овогт Х.Н-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ................. өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ...............тоотод оршин суух хаягтай, урьд өмнө Багануур, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .......дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд заасан ялаас чөлөөлсөн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
....... овогт Х.Н /РД: НЧ00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн ...... тоотод 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз О.Ттэй маргалдаж толгой руу өшиглөж, хана мөргүүлж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би утсаа цэнэглүүлээгүй. Утсаа өөртөө авч байсан. Нямдаваа намайг өөрөө дуудсан. Би найз бүсгүйндээ байхад намайг “Ганц хоёр пиво ууя хүрээд ир” гэж хэлсэн. Баянзүрх дүүрэг дээр очсон. Караоке орсон. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Яаж гэртээ харьснаа ч мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд нил цус болсон байсан. Нүүр, ам, хүзүү аймар болсон байсан. Гэрт очиход тайлаад өгсөн гээд байгаа. Энэ хүн намайг утасны цаанаас дуудсан. Баянзүрх дүүрэг дээр очсон. Түүнээс хойш юм уугаад караоке орсноо санаж байна. Өглөө сэрсэн нил цус болсон байсан” гэв.
Гэрч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний утас хармаанд байсан. Ахын утсан дээр миний тоглоом байсан. Вирус тээх гээд байдаг. Шинээр эхэлье гэсэн. Бичлэг хийж эхэлсэн боловч тэр ах аваад хармаалсан. Миний гараас булааж аваад юм хэлээгүй. Манай ах нарыг зодоод байхаар нь ээжид үзүүлэх гэж бичлэг хийсэн боловч энэ ах булааж аваад, утсыг газар шидсэн. Буцаад авах гээд оролдсон боловч, газраас энэ ах авсан байсан. Явахаас өмнө миний утсыг өгсөн. Гараас нь буцаагаад авсан. Би айсан. Анхандаа миний утсыг аваад ахдаа гомдоорой гээд манай том ах дээр очсон байхаар нь гараас нь булааж авсан. Ажиллаж байгаа. Дэлгэц дээр нь хөх туяа суусан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.Тгийн “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х.Н миний утас руу залгаад хүрээд ир гэж хэлсэн...нэг сэрсэн чинь манай дүү нарыг зодож байхаар нь би боль гээд салгах гэсэн өөрөө зодуулчихсан юм Намайг хэрхэн яаж зодсон талаар мэдэхгүй дүү нараас асуусан чинь дэвсэж байгаад хана мөргүүлсэн тэгээд нүүрээ угаа цус арч гэж хэлээд алчуур барьчихсан нүүрийг нь угаах гэж байна гэж хэлсэн. Гэрийн гипсэн хавтан цөмөрч хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Гэрч О.Б “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөө гэртээ унтаж байхад манай ах Тэмүүжинтэй хамт найз нь согтуу гаднаас орж ирсэн. Ахыг цохиод байхаар нь болиоч гэж хэлтэл миний урдаас дайраад намайг цохих гээд байхаар нь би цааш нь түлхсэн. Тэгээд манай ахыг цохиж зодсон би гадаа гараад дүүгийн утсаар цаашдаа дуудах гэж байтал гар утас авч шидсэн....”, “...ах Тэмүүжин найзын хамт маргалдаж байсан бөгөөд найз нь ахыг нүүр хэсэг рүү нь цохиж байхаар нь би гараад цагдаа дуудах гэж байтал хойноос гарч ирсэн бөгөөд Наранцацрал хойноос гарч ирээд цагдаа дуудах гэж байхад нь гар утсыг нь булаасан. Би уг залууд хандаж яагаад байгаа юм бэ гэж хэлтэл миний нүүр буюу хамар хэсэг рүү цохисон. Би уг залууг эргүүлээд түлхээд цээж хэсэгт нь цохиход намайг чирээд дээрээс дэвсээд байсан. Би хашаанаас гараад цагдаагийн хэлтэс рүү гүйсэн, замд нэг цагдаа байхаар нь би тэнд манай ахыг зодоод байна гэж хэлтэл уг хүн цагдаагийн хэлтэс рүү очоод хэл гэхээр нь би очоод буцаад гэртээ иртэл нөгөө залуу байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 75 дугаар хуудас/,
- Гэрч О.Нын “...“... 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ унтаж байтал төрсөн ах Т маань үл таних нэг залуутай орж ирсэн. Тэр ахыг газар хэвтүүлчхээд гарч явснаа буцаж орж ирээд Тэмүүжин ахыг гараас татаж босгоод Тэмүүжин ахыг 3 удаа алгадсан, Тэр үед билгүүн битгий ахыг минь татаж босгоод бай гэхэд тэр үл таних ах гараад ир цагдаагаа дууд гэж орилоод Тэмүүжин ах, Билгүүн ахын хамт гарсан. Үл таних эрэгтэй Билгүүн ахын нүүр рүү гараараа 2 удаа цохиж нүүрэн дээр нь хөлөөрөө дэвссэн. Би Тэмүүжин ахыг зодож байгааг болиулах гэтэл миний хоёр хацрыг нэг гараараа чанга базаж толгой руу тоншоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9323 дугаартай шинжээчийн О.Тгийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Н нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн 5-120 тоотод 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз О.Т-тэй маргалдаж толгой руу өшиглөж, хана мөргүүлж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9323 дугаартай шинжээчийн О.Т-гийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дэх тал/, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч шүүгдэгч Х.Н нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн 5-120 тоотод 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз О.Ттэй маргалдаж толгой руу өшиглөж, хана мөргүүлж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Г.Ц гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт хохирогч Т, Би, гэрч На нарын мэдүүлгээр нэг гар утас шидсэн, нэг гар утас аваад явсан гэх үйл баримт тогтоогдсон. Гар утсыг Наранцацралаас аваад хармаалаад тухайн байршлаас явж байгаа үйлдэл нь эрүүгийн хэрэг гэж үзэж байна. Биеэ хамгаалах чадваргүй жоохон хүүхдээс авч байгаа нь хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзэж байна. Толгой руу нь тогшоод хацар амыг нь базаад. Сэдлийн хувьд заавал зарж борлуулах санаатай байх ёстой биш гэж үзэж байна. Тухайн утсыг аваад явж байгаа нь гэмт хэргийн шинжтэй. Утас шидсэн үйлдэл дээр хохирогч Б утас шидсэн гэж мэдүүлсэн. Гэрч На утас шидсэн гэж мэдүүлсэн. Нэг утас шидээд байгаа юм уу хоёр утас шидээд байгаа юм уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулаагүй. Хэн аль нь утас шидсэн гээд байгаа. Б цагдаа дуудах гээд байж байхад гар утас авч шидсэн гэсэн. Гэрч На үл таних хүн миний гар утсыг булааж аваад нэгийг нь халаасандаа хийгээд нэгийг нь газар луу шидээд байсан гээд. Энэ асуудлыг тодруулах шаардлагатай. Гэрч орж ирээд миний утасны дэлгэц хагарсан гэж хэлж байна. Би гар утас эвдэрсэн талаар мэдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд гар утас эвдрээгүй гэж бичсэн байдаг. Гэхдээ эвдэрсэн гэдэг зүйлийг сая ярьж байна. Тухайн гар утсанд үнэлгээ хийлгээд зохих байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайн гар утас ямар үнэтэй юм. Эвдэрсэн юм уу? Эвдэрсэн бол хохирлын төлбөр нь эрүүгийн хэрэг үүсгэхээр юм уу? Аль эсвэл зөрчлийн шинжтэй юм уу? Зөрчлийн шинжтэй бол тухайн зөрчилд арга хэмжээ аваад эрүүгийн хэрэгт арга хэмжээ авсан тухай баримтаа хавсаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тусад нь дахиад зөрчлийн хэрэг нээнэ гэдэг дээр өмгөөлөгчийн зүгээс боломжгүй гэж үзэж байна. Н-йн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсгээс гадна дээрмийн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх 2 зүйл ангийн шинж харагдаж байгаа тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай. Хохирлын хувьд 176.000 төгрөгийн баримт шүүхэд гаргаж өгсөн. Шүүгдэгч Н өөрөө төлөхөө илэрхийлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд хамарт нэлээн ноцтой гэмтэл учирсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй тул улсын эмнэлэгт үзүүлж чаддаггүй. Тухайн эмнэлэгт очиход төлбөрөө авч байж хагалгааны асуудал яригдана. Хохирогч мөнгөгүй тул эмчилгээ хийлгэх боломжгүй. Тухайн хагалгаа, эмчилгээний зардлын баримтаа гаргаж өгөөгүй тул иргэний журмаар жич нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Х.Н нь хохирогч О.Тгийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Х.Н нь хохирогч О.Тгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.Нгийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогчийн өмгөөлөгч нь Н-йн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсгээс гадна дээрмийн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх 2 зүйл ангийн шинж харагдаж байгаа тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай гэж мэтгэлцэж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд зүйл өмч хөрөнгийг өөрийн мэдэлд авах зорилгоор үйлдэгддэг шууд санаа зорилготой зориуд хүсэж үйлдэгддэг.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учирсан бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болохоор хуульчилжээ. Шүүгдэгч Х.Н нь хохирогч О.Тг зодож байх үед хохирогчийн дүү болох Наранцацрал нь бичлэг хийх гэж байсан, цагдаа дуудахаар оролдож байсан үйлдлийг таслан зогсоохоор утсыг булаан авч газарт шидсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч Н-аас авсан гэх нэг утсыг халаасандаа хийсэн боловч цагдаа ирэх үед хашаанд хохирогчтой хамт сууж байсан нь мөн мэдүүлгээр нотлогддог. Иймээс түүний энэ үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй, эд хөрөнгийг өмчлөл эзэмшилдээ авах зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй, харин нэг утсыг газарт шидэж гэмтэл учруулсан гэх үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүйг мөн дурьдах нь зүйтэй.
Иймээс өмгөөлөгчийн гаргасан дээрх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч Х.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Г.Ц эрүүгийн хариуцлагын саналдаа: “Х.Н урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан ял шийтгэлтэй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байх. Ялын хэмжээн дээр тусгайлан гаргах санал байхгүй” гэв.
Шүүгдэгч Х.Н: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.
Шүүх шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Х.Н нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч О.Т нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.
Шүүгдэгч Х.Н нь хохирогч О.Тгийн эрүүл мэндийн хохиролд 176.727 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Х.Н-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нг 450 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ