| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1510/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1565 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1565
2022 10 27 2022/ШЦТ/1565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Ж.Бүрэнжаргал,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт О.А-т холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..............-ны өдөр Улаанбаатар хотын төрсөн,34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт .......... тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй.
......... овогт О.А регистрийн дугаар:ЭХ00000000
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамба дацан 1/а гудамжны 55 тоот хашаанд хохирогч Т.У-тай “чанга хөгжим тавьсан’’ гэх асуудлаас болж маргалдаж түүнийг зодож, биед хүзүүний цус хуралт, зүүн шанаа, нурууны зулгаралт, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өдрийн 15 цагт намайг ажил хийж байх үед манай эхнэр хөгжим тавиад байж байтал хажуу талын хашааны залуу түрүүлж өөрөө хэрүүл өдсөн. Тэгээд манай эхнэртэй хэрүүл хийгээд хэл амаар доромжилж, миний биед халдсан. Тэр залуу эхэлж намайг маажаад манай эхнэрийг янхан тахиа, манай эхнэрийг сүрьеэтэй гөлөг минь гэж миний хүүхдүүдийн нүдэн дээр татаж зулгаагаагаад байхаар уурандаа би хохирогчийг боосон юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,
- Хохирогч Т.У-ын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өглөөний 8 цаг 30 минутын үед хашаанд барилга барьж байсан хүн чанга хөгжим тавьсан байхаар би цонхоор “хөгжим чанга байна, дууг бага болго” гэж орилсон чинь өөдөөс хараасан би хашаандаа юу хийж, юу сонсохыг чамаар заалгахгүй гээд пизда, гичий гээд хараасан тэгээд би өөдөөс нь хажуу айлаа хүндэтгэж болдоггүй юм уу гээд хэлсэн чинь “чи буугаад ир, пизда минь, чамайг өөрийгөө мэдрүүлье” гээд орилсон тэгээд манай эхнэр танд барилгын ажиллаа зогсоо гэж хэлээгүй, хөгжмөө бага болго гээд хэлсэн чинь уг айлын эхнэр, залуу 2 манай эхнэр лүү салаавч өгөөд чамд ямар хамаатай юм гичий гээд орилоод байхаар би бууж очсон чинь ...намайг нөхөр нь хашаа руу чирж оруулж миний хоолойг 2 гараараа боогоод өргөөд хашаа савсан тэгээд би эхнэр дээрээс бичлэг хийж байна гэсэн чинь хашаанаас чирж гаргаад блокон хашаанд түлхэж намайг 2 гараараа боогоод өргөсөн тэгээд цагдаа дуудсан чинь цагдаагийн хажууд хэл амаар намайг доромжилсон. Би гомдолтой байна. ...хажуу айлын хүмүүс хашаандаа чанга хөгжим тавьсан байхаар нь ...хөгжмөө жоохон бага болго бид нар амарч чадахгүй байна” гэж хэлтэл ...уурлаад хэл амаар доромжилсон. ...хаалга онгойлгож намайг багалзуурдаад миний гараас татаж өөрийнхөө хашаа руу чирч оруулах гээд байсан миний хоолойноос 2 гараараа хальт өргөөд тавихаар нь би гараас нь татахад намайг боож түлхээд 1 хашааны төмөр хаалга мөргүүлсэн. Хөрш айлын залуутай муудалцахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй, тухайн залуутай муудалцсаны дараа дүгнэлтэд тусгагдсан гэмтэл миний биед үүссэн. ...гэмтлийг хөрш айлын шар өнгийн масктай бараан саравчтай малгайтай Амар гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал./,
- Гэрч Д.Л-ийн “...тэр үл таних залуу манай нөхрийг... хашааны хаалга ; хэсэгт шахаад хоёр гараараа хоолой хэсгээс нь дээшээ өргөсөн ...манай нөхрийг цохилгүй хоолой хэсгээс нь багалзуурдаад байсан бөгөөд энэ үед би өөрийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн тэгсэн чинь манай нөхрийг түлхээд багалзуурдаад яваад хашааны хаалганд дагз хэсгээр нь болон нуруу хэсгээр нь шахсан тул би бичлэг хийхээ болиод цагдаад дуудлага өгөхөөр шийдсэн... хэрүүл маргаан болохоос өмнө манай нөхөр ...биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй харин нөхөр гэрээсээ зүгээр гараад тухайн үл таних шар майктай , шорттой залуутай хэрүүл маргаан хийж тухайн үл таних залуу манай нөхрийн хоолой хэсгээс боож, багалзуурдаж, хашаа руу шахсан газар унагасан ба түүнээс болж өмссөн өмд, цамц нь тоос шороо болсон хүзүүний урд хэсэг их хэмжээгээр зулгарсан, доод уруул хэсэгт цус хураад хар хүрэн болчихсон, нуруу хэсэгт буюу 2 далны хооронд зулгарсан, зүүн дал хэсэгт зулгарсан байсан. ... тухайн үл таних залуу гартаа цагаан өнгийн ажлын бээлий өмссөн байсан. Би өөрийн гар утсан дээр тухайн үйл явдлын зарим хэсгийг бичсэн 10 секундийн бичлэг хийсэн, тухайн гар утасны бичлэгийг хүлээлгэн өгөх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,
- Яллагдагч О.А-ын “ ... харин би хашааны гадна гараад тухайн үл таних залуугийн хоолой хэсгээс нь баруун гараараа багалзуурдсан зүйл байгаа. ... би дараа нь тухайн залууг цагдаа дээр ирээд харсан чинь би барилгын ажил хийж байсан тул гартаа ажлын шинэ резинэн бээлий өмссөн байсан болохоор хоолойноос нь багалзуурдаж байхдаа хоолойг нь урчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дахь тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 44 дэх тал/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46 дахь тал/
- 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10688 дугаартай шинжээчийн дүгнэлт,“...Т.У-ын биед хүзүүний цус хуралт, зүүн шанаа, нурууны зулгаралт, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27 дахь тал/
- Гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл,“...Маргаан болоод байна...” гэх /хх-ийн 5 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.А нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, __________ тоот хашаанд хохирогч Т.Ууганбаяртай “чанга хөгжим тавьсан’’ гэх асуудлаас болж маргалдаж түүнийг зодож, биед хүзүүний цус хуралт, зүүн шанаа, нурууны зулгаралт, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10688 дугаартай “...Т.У-ын биед хүзүүний цус хуралт, зүүн шанаа, нурууны зулгаралт, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч О.А нь хохирогч Т.-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч О.А нь хохирогч Т.У-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.Аын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүх шүүгдэгч О.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.А нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Т.Ууганбаяр нь санал хүсэлтгүй гэсэн болно. Эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаж ирээгүй болно.
Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ------ овогт О.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Т.У энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ