Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2016/ШЦТ/091

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч:  Т.Мижиддорж

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчим  эхнэр *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...би гэртээ ороод чи хүн орж ирж байхад уурлаж гаргалаа гээд ууралсан, тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад би аяга аваад шидэхэд манай эхнэрийн гарыг зүсчихсэн, цус гарч байсан тэгсэн манай эхнэр гараад явсан хаашаа явсныг мэдээгүй тэгээд би гэрийнхээ гадаа байж байтал хашааны хаалга дуугараад манай эхнэр ороод ирэх шиг болохоор нь айлгах санаатай гал асаадаг бензинээсээ багцаагаар 50 орчим грамм бензин аваад шалныхаа хулдаасан дээр цацаад асаагуураар асаагаад тавьсан чинь асчихсан. Эхнэр цагдаа дуудчихсан байсныг нь мэдээгүй би өөрөө унтраах гэхэд намайг нэг цагдаа нь бариад нөгөө цагдаа нь манай гэрт ассан галыг унтраасан. тэгээд намайг түр саатуулсан өөр зүйл болоогүй. Надад галдан шатаах ямар ч бодол байгаагүй... гэх мэдүүлэг/хх-ийн 60/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэрээс гараад архи уучихаад орж ирээд намайг юундаа хэвтээт байгаан бос, миний ах дүү нар ирж байна гэсэн. 10000 төгрөг өгчих ах дүү нартай архи авч өгнө гэхээр нь хүүхэддээ эм авч өгнө гэсэн чинь өгчих гээд аваад явсан, 00 цагийн үед  унтаж байхад гаднаас орж ирээд чамаар унтах унтахгүйгээ заалгахгүй гэхээр нь яах гэж тэгж байдаг юм гэсэн чинь эргэнэгээс аяга аваад над руу шидсэн. Цус алдаад байна гэж хэлэхэд сүртэй юм гэхээр нь 3 хүүхдээ аваад зугтсан. Цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... ******* манай ах нар анх удаа орж ирж байна 10000 төгрөг өгчих гэхээр нь би чадахгүй хүүхдэд эм авсан гэж хэлсэн тэгсэн ******* мөнгө нэхээд салахгүй байхаар нь би уурлахад *******, сууж байгаад явья гээд гараад явчихсан. ******* орой би 10000 төгрөг олоод өгчихөнө гэж хэлэхээр нь 10000 төгрөг өгөөд явуулсан тэгээд шөнө 00.10 цаг болж байхад ******* нилээн согтуу орж ирэхээр нь унт яасан их уудаг юм гэсэн чинь би унтах унтахгүйгээ чамаар заалгахгүй, хүмүүс намайг 10000 төгрөгийн мэдэлгүй гэж хэлсэн гээд маргаж байтал ******* надруу аяга аваад шидсэн чинь аяга нь хагарч миний баруун гаранд цохиж зүссэн, хүүхдүүдээ аваад гараад зугтаасан. Цагдаа дуудаад буцаад гэртээ ирсэн чинь гэрийнхээ хаалганы гадаа зогсож байгаад бензин цацаад асаачихсан тэр үед цагдаа галыг унтрааж намайг эмнэлэгт аваачиж оёо тавиулсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/

Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******тэй хамт гудамжинд уулзаад байж байгаад *******тай таараад та хоёр манайд оч гэсэн тэгээд бид хоёр дагаж гэрт нь орсон тэгэхэд эхнэр нь бие нь өвдсөн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Тэгсэн ******* ах манайд байнга орж ирэх биш ганц шил архи авч өгөх гэсэн юм 10000 төгрөг өгчих гээд эхнэртээ хэлэхэд эхнэр нь мөнгө байхгүй гээд уурласан. Тэгсэн ******* гуйгаад эхнэр нь өгөхгүй гээд байсан учир ******* бид хоёр санаа зовоод гэрээс нь гарсан...гэх мэдүүлэг/хх-ийн  30/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 01.00 цагийн үед *******ын ээж эгч яриад ******* гэртээ агсам тавиад байх шиг байна гэхээр нь гараад хамар хашаанд байдаг *******ынх руу харсан чинь гэрийнх нь хаалга онгорхой ******* согтуу мотоциклио оруулах гээд байгаа юм уу гэмээр харагдсан тэгтэл хашааных нь хаалгаар цагдаа ороод ирсэн чинь цацлаа шүү гэж орилж байсан, тэгснээ нэг савтай зүйл цацаад асаачихсан тэгсэн *******ыг нэг цагдаа барьж аваад нэг цагдаа ******* нар шороо, ус цацаад галыг нь унтраасан...гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Насанд хүрээгүй гэрч Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... аав ээжээс чи надад 10000 төгрөг өгчих 2 ахад нэг шил архи авч өгөх гэсэн юм. гэхэд ээж хүүхдэд эм авсан гэж хэлсэн тэгсэн *******, сууж байгаад явья гээд гараад явсан. Тэгсэн аав орой би 10000 төгрөг олоод өгчихөнө гэж хэлээд 10000 төгрөг аваад явсан тэгээд шөнө 00.00 цагийн үед аав орж ирсэн тэгэхдээ согтуу байсан ээж одоо унт гэсэн чинь аав чи манай ах нарт ганц шил архи аваад өгчихгүй гэж хэлээд тэр хоёр маргаж байгаад аав ээж рүү аяга аваад шидсэн чинь аяга нь хагарч ээжийн гарыг зүссэн тэгээд ээж намайг авч гараад цагдаа дуудаад буцаад гэртээ ирсэн. Би дүүгийнхээ хамт айлын хашаанд байж байсан чинь гэрээс гал гараад тэнд байсан хүмүүс галыг унтраасан, цагдаа аавыг авч явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 35/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 197 дугаартай шинжээчийн

1.*******ийн биед баруун бугалага шуунд шарх гэмтэл үүссэн байна.

2.Үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4.*******ийн биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/хх-ийн 39/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаагаар

1.Сэжигтэн ******* нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдахаасаа өмнө ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна.

2.Сэжигтэн ******* нь бусдыг зодож биед нь гэмтэл учруулах үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан.Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан.

3.Сэжигтэн ******* нь одоо ямар нэгэн сэтгэцийн өвчингүй учир өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай.

4.Сэжигтэн ******* нь сэтгэцийн өвчингүй, бусад хүнд өвчин байгаа эсэхийг холбогдох шинжилгээ байхгүй, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй учир оношлох боломжгүй байна.

5.Сэжигтэн ******* нь урд өмнө нь сэтгэцэд нөлөөлөх өвчний учир Баянхонгор аймийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй...гэх дүгнэлт/хх-ийн 54/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 5-12/,  хураан авах тогтоол, тэмдэглэл/21-22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-ийн 22-23/, эмч Д.Ичинхорлоогийн тодорхойлолт/хх-ийн 38/,хохирогч *******ийн өвчний түүх/хх-ийн 40-49/, Баянхонгор аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 105 тоот тодорхойлолт/хх-ийн 64/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 65/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 71/ зэргийн шинжлэн судлав.

Дээрхи хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн  сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтаар хангалттай нотлогдож байх тул тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчим  эхнэр *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... хоёр хоорондоо хэрэлдэж байгаад би аяга аваад шидсэн, эхнэрийн гарыг зүсчихсэн, цус гарч байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 60/

Хохирогч *******ийн ...маргаж байтал ******* надруу аяга аваад шидсэн чинь аяга нь хагарч миний баруун гаранд цохиж зүссэн...гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/

Гэрч ын ... ******* гэртээ агсам тавиад байна гэхээр нь харсан чинь гэрийнх нь хаалга онгорхой ******* согтуу мотоциклио оруулах гээд байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Насанд хүрээгүй гэрч Эын ... аав ээжрүү аяга аваад шидсэн чинь аяга нь хагарч ээжийн гарыг  зүссэн...гэх мэдүүлэг/хх-ийн 35/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 197 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 39/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судалалын магадлагаа /хх-ийн 54/ болон хавтаст хэрэгт  авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө хүлээн мэдүүлсэн, энэ талаар маргаангүй бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул  түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 71/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорын арилгасан нөхцөлд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно ...” гэж заасны дагуу хохирогч ******* нь шүүгдэгч *******тай сайн дураараа эвлэрсэн нь хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайны шаазан аяганы 7 ширхэг хагархай, улаан өнгийн 1 ширхэг асаагуур зэргийг устгаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ын өмчлөлийн “...5 ханатай тавилгатай монгол гэрийг ..” битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 12-ны  өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч *******ад буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  13, 246, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295 дугаар зүйлийн 295.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн “...5 ханатай тавилгатай монгол гэрийг ..” битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цайны шаазан аяганы 7 ширхэг хагархай, улаан өнгийн 1 ширхэг асаагуур зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ч.БАЙГАЛМАА