Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/045

 

Ж.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Ж.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Мд холбогдох эрүүгийн 1814000050051 дугаар хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж.М, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл ганцаараа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Ж.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Богд сумын Сум дундын цагдаагийн тасгийн байранд М.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/          

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ж.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хиад боржигон овогт Ж.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дах хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ж.М нь /41/ дөчин нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ж. М нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Бын эмчлүүлэгчийн картыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо:

...Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй буюу миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэх хангалттай, эргэлзээгүй баримт, үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа билээ. Үүнд:

1. хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт №48, хавтаст хэргийн 117 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт №540 болон шүүхийн шатанд томилсон шинжээчийн дүгнэлт №1148 нь ноцтой зөрүүтэй байхад шүүх түүнийг анхаарч үзээгүй нь “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй” гэж үзэх үндэслэл болж байна. Гэрч Эын мэдүүлэгт үндэслэн гэм буруутай гэж үзэж байгаа бол түүний мэдүүлэгт Бын нүүрэнд ил харагдах гэмтэл, шарх анзаарагдаж харагдаагүй. М нь Бын зүүн хацарт алгадаж байсан гэсэн, тэгэхээр Бын биед учирсан гэмтэл уг алгадалтаас үүссэн үү? мэдэхгүй “ гэж байгаагаас үзэхэд 1, 2 удаагийн алгадах шиг болсон үйлдэл хийсэн бол бусад буюу “2 нүдний доод зовхи цээжний баруун дээд хэсэгт 1x1 см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Духны баруун дээд хэсэгт 3.5x0.2 см, 3x0.2 см, хамрын хянганд 0.8x0.5 см хүрэн ягаан өнгийн зулгаралт" гэмтлүүд хаанаас үүссэнийг тогтоох, түүнд дүгнэлт хийх ёстой байсан.Түүнчлэн гэрч Я.Бгийн мэдүүлэгт “хохирогч М.Ба нь хамрын хэсэгт зулгарсан, амны хэсэгт цус болсон ирсэн нөхцөл байдлыг мэдүүлсэн байдаг/хавтаст хэргийн 18, 42 дүгээр тал/ ба энэ нөхцөл байдлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 25 өдрийн №1148 тоот дүгнэлтийн үндэслэлд: хохирогч М.Бын хамрын хянган хэсэгт зулгаралт тогтоогдсон тул гэмтлийн “хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэлт хийсэн,гэрч Я.Б нь гэрчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №1148 тоот дүгнэлт гарахаас өмнө мэдүүлэг өгсөн, шүүх хуралд оролцохоор нэг удаа шүүхэд хүрэлцэн ирсэн байдаг.

Шүүгдэгч Ж.М нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 25 өдрийн №1148 тоот дүгнэлт нь Я.Бгийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг нотолсон тул шүүх хуралдаанд гэрч Я.Бг оролцуулж гэрчийн мэдүүлэг сонсох нь зүйтэй талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй боловч шүүх Я.Бгийн мөрдөн байцаалтын явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруугүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Мөн шүүх дүгнэлт хийхдээ гэрч Б.М, Н.Э нарын мэдүүлгийг үндэслэл болгосон байх боловч гэрч Я.Бгийн мэдүүлэгтэй зөрүүтэй байгаа байдалд дүгнэлт хийгээгүй байна. Н.Эын мэдүүлэгт 2 удаа цохих шиг болсон, хаана цохисныг хараагүй” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд хацарт алгадахад хэнгэрэг цоорох боломжтой” талаар шинжээч эмчээс авсан тайлбарт дурдсан байдаг ч хэргийн газарт хамт байсан гэрч” хаана цохисныг нарийн сайн хараагүй” гэж байгаа тохиолдолд нүүрэн тус газарт учирсан бусад гэмтлийг хэн учруулсан болон тэдгээр гэмтлүүд 2 алгадахад үүсэх гэмтэл мөн эсэх талаар анхаарч дүгнээгүйд гомдолтой байна.

2. Хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан хохирогч М.Бын мэдүүлэгт “... хадам ээж дундуур орж ирээд багалзуур шахаад бөөн юм болсон. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Би одоо аймгийн цагдаагийн газарт хадам ээж болон эхнэртээ гар хүрсэн асуудлаар шалгагдаж байгаа” тухай дурдсан байдаг. Багалзуур шахаж бөөн юм” болоход чихний хэнгэрэг цоорох боломжтой эсэхэд ч дүгнэлт хийлгэх нь гэм буруугийн асуудалд чухал ач холбогдолтой байгаа юм.

3. Хавтаст хэргийн 5 дугаар талд хохирогч М Ба “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 01-02 цагийн үед хадам ээж Бгийнд очсон", хавтаст хэргийн 11 дүгээр талд гэрч Н.Э “201 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 01-02 цагийн үед намайг эхнэрээ гэртээ хүргэж өгчихөөд соёлын төв дээр буцаад очиход”, хавтаст хэргийн 17 дугаар талд гэрч Б “2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн үед байх", хэргийн 42 дүгээр талд “... 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00 цагийн үед хүргэн Ба нь манайд ирэхдээ” гэж мэдүүлсэн нь Бгийнд үйл явдал 01-02 цагийн хоорнд болсон ч хэргийн 43 дугаар талд гэрч Т.Б "Манай ажилчид 00 цаг хүргээд гараад явсан. Ба нь 00 цаг хүргээд бид нартай цуг гараад явсан. Хэргийн 45 дугаар талд гэрч Т.Насантогтох: “Манай ажилчид 00 цагийн үед бүгд гараад явсан. Тухайн үед ч гэсэн Ба цуг гараад явсан.” гэж тус тус мэдүүлсэн байгаа нь 00 цагийн үед үдэшлэг тараад 01 цаг хүртэл хэнтэй уулзсан, хаагуур явсан талаар өөрөөр хэлбэл хохирогчийн явсан маршрутыг тогтоогоогүй байгаа юм. Учир нь хэргийн 18 дугаар талд гэрч Б “манай хүргэн Бын хамрын үзүүр орчимд зулгарсан юм шиг, мөн амнаас нь цус гарсан юм шиг болсон байсан. Би харснаа хэлсэн дээрх хүмүүс ямар өнцгөөс харсныг мэдэхгүй” хэргийн 42 дугаар талд “2017 оны 12. Дугаар сарын 25-26-нд шилжих хүргэн Ба нь манайд ирэхдээ архи уусан нилээн согтолттой хамарны үзүүр хэсэгтээ шалбарсан уруул амнаас цус гарсан байдалтай орж ирээд", хэргийн 22 дугаар талд гэрч Насанжаргал Манай нөхөр согтуу ирсэн ба нүүрний хэсэгт шарх, гэмтэл байхыг хараагүй. Харин ам нь улаан юм шиг харагдсан хэргийн 34 дүгээр талд “.. Ямар ч байсан манай ээж бид 2-ын дундуур ороод салгахад би хувцсаа өмсөөд гарахдаа харахад ам нь улаан харагдсан” гэж тус тус мэдүүлсэн байдаг ба үүнээс үзэхэд Соёлын төвөөс гараад Бгийн гэрт очих хүртэлх хугацаанд гэмтэл авсан байх боломжтой байгаа юм. Уг баярт тухайн байгууллагаас 14 хүн оролцсон баримт хэрэгт авагдсан байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс асууж тодруулахад дээрх хугацаанд Ба хэнтэй хаагуур явсан талаар тогтоох боломжтой. Хохирогчийн явсан маршрутыг тогтоох нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Богд сумын Сум дундын цагдаагийн тасгийн байранд М.Бын цээж болон нүүр хэсэгт гараараа цохих зэргээр хоёр нүдний доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, хамрын хянганд зулгаралт санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Дээрхи үйл баримт нь 1814000050051 тоот эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хохирогч М.Ба, гэрч Н.Э, Б.М, С.Энхбаяр,шинжээч эмч Б.Баяртогтох нарын мэдүүлэгүүд, “...М.Бын биед хоёр нүдний доод зохины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Улаанбаатар хотын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1148 тоот дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.Мгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн гэм буруутай болохыг нь тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус заасны дагуу хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ж.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Мгийн өмгөөлөгч Ц.Бгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/305 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                            Б. БОЛОР-ЭРДЭНЭ