Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0333/З |
Дугаар | 221/МА2024/0534 |
Огноо | 2024-08-07 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2024/0534
“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л
Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0333/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана” гэж заасныг зөрсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь захиргааны актыг гаргах нөхцөл байдал бий болсон гэдгийг тухайн байгууллага өөрөө мэдэж байсан бөгөөд мөн удаа дараагийн албан бичгүүдээр сонсох ажиллагааг хийж гүйцэтгэсэн. ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолд заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2.5 тэрбум төгрөгт хүргэсэн байх үүрэгтэй байсан.
3.2. “Х ” ХХК-ийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2.5 тэрбум төгрөгт хүргэсэн байх шаардлагыг хангаагүй буюу 1.9 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байсан. Иймд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг зохих түвшинд хүргэж ажиллагаагүй “Х ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа албан мэдэгдлүүдийг хүргүүлж, хугацаа олгож байсан бөгөөд улмаар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 482 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хүчингүй болохыг тухайн тогтоолд заасан мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2-т “зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй” бол хүчингүй болгох заалтын дагуу тухай байгууллага хүчингүй болгох арга хэмжээ авагдахыг мэдэж байсан.
3.3. Мөн түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор “Х ” ХХК-иас гомдол гаргаагүй байдаг. Улмаар түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд “Х " ХХК-аас зөрчлөө арилгаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/4831 дугаар албан бичгээр хүчингүй болох нөхцөл бүрдсэн талаар мэдэгдэж, холбогдох тайлбараа ирүүлэх талаарх мэдэгдлийг 1 хүргүүлсэн. Гэвч “Х ” ХХК-аас зөвшөөрлийг хүчингүй болгуулахтай холбоотойгоор буюу хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхтэй холбоотой ямарваа нэгэн ажиллагаа хийгээгүй бөгөөд зөвхөн хойшлуулах хүсэлтийг л ирүүлж байсан.
3.4. ... Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хууль тогтоомж адил тэгш үйлчлэх зарчимтай бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдсан гэдэг үндэслэлээр бусад байгууллагаас илүү эрх эдлэх, төрийн байгууллагаас хөнгөлөлт үзүүлэх талаар хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 540 орчим банк бус санхүүгийн байгуулагад хууль тогтоомж адил үйлчлэх зарчмын дагуу Зөвшөөрлийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийн холбогдох нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй зэрэг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангахгүй болсон “Х ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юм.
3.5. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үндэслэсэн баримтуудын дунд “Х ” ХХК-аас Хаан банканд хүргүүлсэн гэх 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24/05 дугаар албан бичгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн бичгийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус байгууллагаас Хаан банканд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, Хаан банк тухайн бичгийг хүлээн авсан эсэхийг тогтоогоогүй анхан шатны шүүх хэргийг тал бүрээс бүрэн бодитойгоор тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2. Анх Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор “Х ” ХХК-д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, ТЗ101/470 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна.
2.3. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод Банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагааг дагнан эрхлэхээс бусад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор үе шаттайгаар нэмэгдүүлсээр 2,500,000,000 төгрөг хүргэх хуваарийг баталжээ.
2.4. Нэхэмжлэгч компани нь хувь нийлүүлсэн хөрөнгөө дээрх үнийн дүнд хүргээгүй тул Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 482 дугаар тогтоолоор “Х ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уг түдгэлзүүлсэн хугацаанд өөрчлөлт гараагүй тул Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолоор тус компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэснээр энэхүү маргаан үүссэн байна.
2.5. Анхан шатны шүүх “...хариуцагчийн шаардаж буй хөрөнгийн хувь хэмжээг хөрөнгө оруулалт татах эсхүл компанийн үйл ажиллагаагаар олсон орлогоор нэмэгдүүлэх боломжтой. Гэвч эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тохиолдолд хэнд ч итгэл үнэмшил төрж өөрийн хөрөнгөө тус компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаанд итгэж байршуулах, үйлчилгээ авах боломжгүй. Хариуцагч байгууллагаас дээрх хуульд заасан нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан асуудлыг нягтлан нотлох баримт цуглуулах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргалгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус” гэж дүгнэн, нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.6. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ”, 19.2-т “Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна”, 19.2.4-д “зөвшөөрлийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 441 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх бүхий этгээд байх бөгөөд нэхэмжлэгч компани уг тогтоолд заасан банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүрч чадаагүй байх тул хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “Авлигатай тэмцэх газраас манай байгууллагын үйл ажиллагааг шалгаж байсан. Шалгалтын хүрээнд манай байгууллагын харилцах болон хадгаламжийн бүх дансыг битүүмжилсэн” гэх боловч Нийслэлийн Прокуроын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай” 01 дүгээр тогтоолоор … хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хязгаарлах эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгэж болзошгүй гэж үзэж дансны шилжилт хөдөлгөөнийг цуцалсан байна. Үүнээс хойш маргаан бүхий тогтоол буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэх талаар авсан арга хэмжээнүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
2.9. Өөрөөр хэлбэл, зөвхөн эрүүгийн хэрэгт шалгагдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хууль тогтоомж адил тэгш үйлчлэх зарчимтай. Эрүүгийн хэрэгт шалгагдсан гэдэг үндэслэлээр бусад байгууллагаас илүү эрх эдлэх, төрийн байгууллагаас хөнгөлөлт үзүүлэх талаар хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй” гэх гомдлыг хүлээн авч, хангах хууль зүйн үндэслэлтэй.
2.10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ