Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 125/ШШ2020/0010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хавсралтын “Цагаан толгой” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-нийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Эрдэнэбүрэн сумын Засаг даргад даалгах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар “Албадан буулгах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга*******ын өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад  “*******” ХХК зохих баримт бүрдүүлэн өрсөлдөж, шалгарсан. Улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Алтан уул-2 нэртэй 4972.23 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар “*******” ХХК нь хайгуулын талбайдаа ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй.

Гэтэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга болон түүний ажлын албанаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх хууль бус шалтаг заан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлаагүйгээс гадна хайгуулын ажлын баг, тоног төхөөрөмжийг хууль бусаар албадан нүүлгэх зэрэг хууль бус үйлдэл гаргаж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д заасныг баримталж зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг шийдвэрлэсэн. Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар олгогдсон. Гэхдээ энэ нь хуулийн хэмжээ хязгаартай. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж заасан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг харахад яг энэ хуулийн 4 заалттай хамааралгүй байдлаар газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь уг тогтоолын нэг дэх заалтаас харагдаж байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан буюу Ашигт малтмал, газрын тосны газарт энэхүү тогтоолоо хүргүүлэх ёстой. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргаас энэхүү тогтоолоо хүргүүлээгүй нь өнөөдрийн маргаан гарах үндэслэл болсон. Хэрэв энэхүү тогтоолоо эрх бүхий байгууллагад хүргүүлсэн бол уг газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явагдахгүй байсан. Энэ тогтоолыг өнөөдрийг хүртэл хүргүүлээгүй байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон.

Тусгай хэрэгцээнд авч байгаа газрыг ямар журмаар ашиглах, хэмжээг тодорхой зааж өгөөгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтооно гэж заасан. Мөн тусгай хэрэгцээнд авч байгаа газрын аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зайлшгүй тусгадаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тусгай хэрэгцээний газар гэж байхгүй.

Хуульд зааснаар Байгаль орчны төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэгтэй. Түүний дараа байгаль орчны хяналтын албанд бүртгүүлж зөвшөөрөл авна. Нэхэмжлэгч компанийн тухайд сумын засаг дарга дээр очоод гацсан.  Анх 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулахаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргатай удаа дараа очиж уулзсан. Гэтэл уг төлөвлөгөөг алдаатай байна гэсэн. Дахин уг төлөвлөгөөг засаад батлуулахаар очиход дахин батлахаас татгалзсан. Сумын засаг дарга нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзах хуулийн зохицуулалт байхгүй. Сумын Засаг даргаар төлөвлөгөөгөө батлуулсны дараагаар бусад ажиллагаа хийгдэх боломжтой. Байгаль орчны төлөвлөгөөг татгалзах ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгээ сумын Засаг дарга хүлээн зөвшөөрдөг.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд хийгдэх ажиллагааны дарааллыг зааж өгсөн. Тиймээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын ******* ХХК-ийн байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг  батлахыг даалгаж өгнө үү.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар хууль бус үйл ажиллагаа явуулж буйг зогсоох тухай захирамж гаргасан. Бодит байдал дээр хэдэн гэрүүдийг л буулгасан. Ямар ч хайгуулын үйл ажиллагаа эхлээгүй байсан. Бэлтгэл ажилтай холбоотой хэдэн гэр болон тоног төхөөрөмж л байсан. Энэ захирамж нь бодит байдалтай тохирохгүй байна. Газрыг хууль бусаар ашигласан гэж үзэх боломжгүй. Маргаан бүхий захирамжаас харахад Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг баримталсан байна. Гэтэл уг заалт нь энэ харилцаанд хамааралгүй хуулийн заалт юм. Иймд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга******* шүүхэд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1заалтыг удирдлага болгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар 47 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Төлөөлөгчдийн өдөр тэмдэглэх тухай” асуудлыг хэлэлцэн сумын ИТХ-ын ээлжит дугаар хуралдаан хуралдуулахаар зарласан юм.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 47 дугаар тогтоолын нэгийн 2-т: Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай сумын Засаг дарга*******ын илтгэлийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно. Сумын ИТХ-ын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанд ирвэл зохих 20 төлөөлөгчөөс хуралдаанд 16 төлөөлөгч оролцон 80.0 хувийн ирцтэйгээр сумын соёлын төвд хуралдсан болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг удирдлага болгон Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаанаар зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай сумын*******ын илтгэл хэлэлцээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 6/03 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолыг тус хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 саналаар баталсан.

Дээрх 2017 оны 6/03 дугаар тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын ИТХ-ын 2017 оны баримт бичиг хүлээлцэх дэвтрийн 198 дугаарт бүртгэн, хэрэгжилтийг хангуулахаар 2 хувийг сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Мөнхжаргалд хүргүүлсэн болно гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга******* шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар тогтоолын 47.1.2-т Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай сумын Засаг даргын илтгэл хэлэлцэхээр баталсан юм. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дагуу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сумын Засаг дарга******* миний бие Эрдэнэбүрэн сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай илтгэл тавьсан болно. Оршуулгын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлаар сум, багийн иргэдээс санал хүсэлт удаа дараа гаргаж байсан

Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “б" заалтыг үндэслэн Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг холбогдох байгууллага, ажилтны саналыг нэгтгэн сумын ИТХ-д өргөн барьж, сумын ИТХ-ын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэн Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 6/03 дугаар тогтоол гаргасан юм. Уг тогтоолын 1 дүгээр заалтын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал, газрын тосны газарт сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 1/254 тоот албан бичгээр тогтоолыг бүртгүүлэхээр уламжилсан билээ. Гэтэл уг тогтоол бүртгэгдсэн эсэх нь мэгдэхгүйгээр 1 жил 8 сарын хугацаанд ямар ч хариу ирээгүй болно.

Гэтэл тус тогтоолоор хамгаалагдсан зарим газарт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хайгуул хийх зорилгоор “*******” ХХК-ны төлөөлөл  ирж уулзсан юм. Уг компани нь “Алтан уул-2” нэртэй хайгуулын тусгай талбайн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах хүсэлт тавьсан бөгөөд дараах үндэслэлээр батлахаас татгалзсан.

Үүнд: 1.“*******” ХХК-ний ХV-021232 тоот “Алтан уул-2” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2019 оны 01 дүгээр сарын 24-нд олгогдсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн гаргасан нь “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ” гэсэн энэ хүчингүй болгосонд тооцсон зүйл заалтаар тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзсэн.

2. ”*******” ХХК-ийн Байгаль хамгаалах төлөвлөгөөнд суманд хамааралгүй Алтай сумын газрыг заасан нутаг, уул, гол усны нэршил орсон нь Алтай сумын байгаль хамгаалах төлөвлөгөөг хуулбарласан хуурамч бичиг баримт тул батлах боломжгүй. Жишээ нь: Байгаль орчныг хамгаалал төлөвлөгөөний 4 дүгээр хуудсанд “Судалгааны талбай нь Ховд аймгаас баруун тийш 100км-т байрлана, Ярантын гааль явах засмал замаас 20км-д байрлана” гэсэн, 5 дугаар хуудсанд “Судалгааны талбайн зүүн хэсэгт 1.3 км-т хөндлөнгийн гол урсдаг бөгөөд голын ус нь татарч ширгэсэн байна” гэсэн, мөн Монгол алтайн уулархаг их мужийн өмнөд хэсэгт Үенч, Бодончийн эх өндөр уулсын бүсэд оршино. Монгол Алтайн нурууны үргэлжлэл болох Баян, Их нуруу, Цахир, Харгайтын нурууд нь судалгааны талбайн орчмоос зүүн урагш сунаж тогтсон байдаг гэж бичсэн байсан.

З. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт зааснаар орон нутгийн зүгээс санал аваагүй, дээрх хуулийн зүйл заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон.

4. Сумын ИТХ-ын 2017 оны 09 сарын 15-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдааны 6/03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Намарзан багийн Цагаан толгойн оршуулгын цэгийн 10 га газар хайгуулын талбайд орсон.

5. Байгаль хамгаалах ажлын төлөвлөгөөнд хайгуулын талбайдаа палеонтологийн хайгуул судалгааг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судалгааны багаар хийлгэхээр төлөвлөж хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч судалгаа хийлгээгүй байсан.

6. Мөн эртний үеийн эд өвийг хамгаалах зорилгоор талбайн нийт хэмжээнд археологийн судалгааг ШУТИС-ийн харьяа Нийгмийн технологийн сургуулийн археологийн судалгааны багаар хийлгэхээр төлөвлөж байгаа болно гэж заасан мөртлөө Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх нийгмийн ухааны танхимын судлаачдаар судалгаа шинжилгээ хийлгэсэн нь төлөвлөгөөгөө зөрчсөн.

7. Хайгуул хийх талбайн археологи хайгуулын судалгааг хийж гаргасан ажлын тайланд “Алтан уул-2” хайгуулын талбайд 38 түүх соёлын үл хөдлөх дурсгал байгаа нь хайгуул хийлгэх боломжгүй.

8. “*******” ХХК нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.1-д заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй.

 Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 тоот алан бичгээр дамжуулан нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж эсэргүүцсэн 200 гаруй иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн. Уг хүсэлтийг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны 4 сарын 22-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр тус компанид газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч холбогдох арга хэмжээ авч ажиллаагүй. Дээрх зөрчлүүдээ арилгаагүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй хэрнээ үйл ажиллагаа явуулсан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “М” “Н” заалтыг тус тус үндэслэн албадан буулгуулах, газар чөлөөлүүлэх арга хэмжээ авсан болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хавсралт хэсгийн “Цагаан толгой” гэх хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. “*******” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргад даалгах, мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар албадан буулгах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилсөн.

Бид анх 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хэргийн оролцогч нарын мэтгэлцэх боломжийг хангалттай хангасан. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтуудаа гаргаж өгч байсан боловч хариуцагч нарын зүгээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. “*******” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2 төлөвлөгөөг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дараа нь дахин байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө өөрчлөөд дахин шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө засаж хүргүүлсэн боловч сумын Засаг даргад хууль бусаар батлахаас татгалзсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6-д зааснаар сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас хуульд заасан үүргээ биелүүлсэн боловч хариуцагч талаас төлөвлөгөө батлах үүргээ биелүүлээгүй. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй үндэслэлээ Цагаантолгой гэх газар нь оршуулгын газар буюу соёлын өв байгаа гэх үндэслэлээр татгалзсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгч хайгуул хийх боломжгүй болсон байгаа. Анх Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалт зарлаж уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч компани өрсөлдөөд шалгарсан. Уг сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж “*******” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Энэ зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй байгаа учир шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон.

Засаг дарга болон ажлын албанаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх хууль бус шалтгаан заадаг, байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй гэж хясан боодог, компанийн тоног төхөөрөмжийг албадан буулгадаг, хайгуулын талбайд ашигт малтмал эрэх хайх эрхийг зөрчсөн.

Дээрх нөхцөл байдлаас болоод нэхэмжлэгч компанийн хэвийн үйл ажиллагаа тасарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Энэ хуулийн заалтыг хариуцагч нар хэрэгжүүлээд явсан бол өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч компаний захирал байнга очиж сумдын удирдлагуудтай уулздаг. Одоог хүртэл тоног төхөөрөмжийн түрээс, ажилчдын цалин олгож байгаа ба хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч компанид хор уршиг, хохирол учраад байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй гэжээ. Гэтэл Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гарсан нь тогтоолоос харагдахгүй байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Газрын тухай хуулийг илтэд зөрчсөн. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр албадан буулгах захирамж гаргасан ба  нэхэмжлэгч уг газарт ямар ч хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, зүгээр л хайгуул хийх бэлтгэл ажил хангасан байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамж гаргасан атлаа нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй. Мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.  Нэхэмжлэгч компанийн эд хөрөнгө одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга*******ын өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол нь ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас өмнө гарсан. Энэ тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч талаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэдэг үндэслэлээр хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах боломжгүй. Уг тогтоолыг хүчингүй болгох нь нэхэмжлэгч талд ямар ашигтай нь ойлгомжгүй. Урд нь гарсан тогтоолыг манай газартай давхацсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгох гэж байгаа нь хууль хэрэглээний хувьд боломжгүй. “*******” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдлийг эс үйлдэхүй гэж нэхэмжлэл шаардлага гаргасан. Яг хэзээний байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа талаар тодруулаагүй.

Нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад байгаль орчны төлөвлөгөөг дахин засаж ирүүлсэн. Сүүлийн төлөвлөгөөг өгснөөс хойш ямар байдлаар яаж татгалзсан талаар нэхэмжлэгч талаас дурдахгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөөгүй учир нэхэмжлэл гаргахаас өмнө ирүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй гэж миний хувьд ойлгож байна.

 Анхны өгсөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан хаана, ямар газарт хайгуул явуулах, цаашид яаж нөхөн сэргээх талаар төлөвлөгөөнд тусгасан байх ёстой. Гэтэл хаа байсан баруун талын сумын нутаг дэвсгэрийн байрлалыг заасан байсан учир хүлээж аваагүй нь үндэслэлтэй.

Хуульд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй ч гэсэн тухайн төлөвлөгөөнд өөр газрыг заагаад ороод ирсэн учир батлахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-д Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд мэргэжлийн байгууллагаар эдгээр судалгаануудыг хийж тусгасан байх ёстой. Мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй байж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй. Хэрэв нэхэмжлэгч компани мэргэжлийн байгууллагаас зөвшөөрлөө аваад судалгаа шинжилгээгээ хийлгээд алдаагүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг оруулж ирсэн бол хариуцагчийн зүгээс батлах байсан байх. Тухайн газарт түүх соёлын 48 гаруй төрлийн эд зүйл байгаа. Эдгээрийг үндэслээд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй үйлдэл нь хууль ёсны юм. Хуулиараа сумын Засаг дарга хууль ёсны байгаль орчныг төлөвлөгөөг батлахаас хууль бус төлөвлөгөөг батлахгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Мөн хайгуулын ажил эхлүүлэх зөвшөөрлийг байгаль орчны газраас олгогдоогүй. Гэр орон барьж тоног төхөөрөмж байршуулсан байсан тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн шүүхэд гаргасан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хавсралтын “Цагаан толгой” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-нийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах, Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар “Албадан буулгах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, түүний өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Эрдэнэбүрэн сумын Засаг даргаас шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн,түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар ирсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагч нараас шалтгаалж олон удаа шүүх хуралдаан хойшилсон талаар тайлбарлаж, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба хариуцагч Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын урьд бичгээр шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн дүгнэлтийг хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ .

 

Нэг. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хавсралтын “Цагаан толгой” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 47 дугаар тогтоолоор  сумын Хурлын хуралдааныг 09 сарын 15-ны өдөр хийхээр товлож, хэлэлцэх асуудалд зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал багтжээ.

2017 оны 09 сарын 15-ний өдөр хуралдсан сумын Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах илтгэлийг  хэлэлцэж 6/03 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолыг гаргасан болох нь хэрэгт авагдсан хуралдааны материалын товъёог , хуралдааны тэмдэглэлээр  нотлогдож байна.

Сумын Хурлын 6/03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Цагаан толгой гэх газар нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалтай болохыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 522 дугаар албан бичиг  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 7/4694 дүгээр албан бичгээр  тус тус тогтоожээ.

Нэхэмжлэгчээс тогтоолыг хуульд заасан үндэслэлээр гаргаагүй буюу ямар үндэслэлээр уг газрыг тусгай хэрэгцээнд авсан нь тодорхойгүй, мөн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж бүртгүүлээгүйгээс тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуулын газартай давхацсан гэж маргаж, хариуцагчаас тогтоолыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан, тогтоолын хэрэгжилтийг сумын Засаг даргад даалгасан гэж тайлбарлана.

 Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын к-д зааснаар нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх, газрын харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох эрхтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-д улсын тусгай хэрэгцээнд хамаарах газрыг хуульчилснаас сум нь улсын тусгай хамгаалалттай газар, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бичил уурхайн зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохоор заажээ.

Сумын Хурлын хуралдааны тэмдэглэлээс үзвэл 6/03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудад оршуулгын газар болон ойр орчмын бүс нутгийг хамааруулсан нь дээрх хуулийн үндэслэлд хамаарахгүй байна. Мөн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар 2017 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан.            

Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 6/03 дугаар тогтоолын хоёр дахь заалтаар  тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг холбогдох байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг даргад даалгаж, сумын Хурлын ажлын албанаас тогтоолын хувийг сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсыг байцаагч Х.Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн болох нь гэрч Ц.Отгонбаатарын мэдүүлэг , 2017 оны баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлд  тэмдэглэгджээ.

Сумын Засаг даргаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудыг бүртгүүлэхээр 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 1/254 дүгээр албан бичгийг  Ашигт малтмал, газрын тосны газарт явуулсан болох нь сумын Засаг даргын Тамгын газрын 2017 онд явуулсан бичгийн бүртгэлээр  нотлогдож байх хэдий ч уг албан бичиг холбогдох захиргааны байгууллагад очоогүй, бүртгэл хийгдээгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 7/4694 албан бичиг , гэрч Д.Одончимэгийн мэдүүлгээр  тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 6/03 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул тогтоолын хавсралтын “Цагаан толгой” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. “*******” ХХК-нийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг даалгах гэж тодорхойлсон ба шүүх хуралдаанд эхний алдаатай болон дараагийн шинэчлэн боловсруулсан гэх төлөвлөгөө гэж тодруулахгүйгээр 2019 оны төлөвлөгөөг батлаагүй гэх байдлаар тодорхойлсон, мөн 2020 оны төлөвлөгөөг батлуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болно.

Нэхэмжлэгчээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Эрдэнэбүрэн сумын Засаг даргад хандахад хууль бус үндэслэлээр батлахаас татгалзсан гэж, хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, байгаль орчны хамгаалах төлөвлөгөө нь алдаатай, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан зарим газартай давхцалтай тул батлах боломжгүй гэж тайлбарлан маргана.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах; 38.1.3-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах үүрэгтэй гэж, 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Алтан уул-2  нэртэй газарт 4792.23 га талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгож, 2019 оны 01 сарын 24-ний өдрийн XV -021232 дугаартай гэрчилгээг  нэхэмжлэгч 2019 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авсан байх тул 2019 оны 02 сард багтаан Эрдэнэбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Засаг даргатай уулзаж зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах ёстой байжээ.

Нэхэмжлэгч компани байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд боловсруулаагүй, холбогдох албан тушаалтантай зөвшилцөөгүй болох нь Эрдэнэбүрэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Даваацэрэнгийн “... “*******” ХХК 2019 оны 03 сарын сүүлээр сумын Засаг даргатай уулзаж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө өгсөн байсан. Тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын судалгааны ажлын тайланг тус компанийн геологич Д.Алтанхишигт 2019 оны 4 сард Засаг даргад өгсөн байсан. Энэ компаний хүмүүс надтай уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг , хариуцагч Эрдэнэбүрэн сумын Засаг дарга*******ын “... 2019 оны сарын 03 сарын 28-ны өдөр хайгуул хийх зорилгоор “*******” ХХК-нийн төлөөлөл ирж уулзсан ....” гэх тайлбар , нэхэмжлэгчийн боловсруулсан 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө , Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимийн 2019 оны 04 сарын 03-наас 17-ны хооронд хийсэн хайгуулын судалгааны ажлын тайлан  зэрэг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгчээс хариуцагч Эрдэнэбүрэн сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй гэж маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-д зааснаас үзвэл сумын Засаг дарга нь төлөвлөгөө хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянаж батлахаар байна. Өөрөөр хэлбэл хянаж батлах гэдгийг төлөвлөгөөг хуульд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж үзсэний дараа батлах үүрэгтэй гэж ойлгоно. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 -д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан эсэх болон Байгаль орчныг хамгаалах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж үзэх үүрэгтэй.

Хариуцагч Эрдэнэбүрэн сумын Засаг даргаас “*******” ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Алтан уул-2 нэртэй газрын 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл тус бүрээр хууль зүйн дүгнэлт хийвэл:

1. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Ашигт малтмалын тухай хуулийн хүчингүй болсон зүйлийн заалтыг үндэслэж олгосон;

“*******” ХХК-д олгосон XV-021232 дугаартай тусгай зөвшөөрөл нь бичиглэлийн алдаатай байсныг залруулж 2019 оны 04 сарын 30-ны өдөр дахин олгосон болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 7/4697 дугаар албан бичгээр  ирүүлсэн. 

2. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд өөр сумын нутаг дэвсгэрт хамаарах газар нутгийн нэршил орсон алдаатай.

Төлөвлөгөө алдаатай байсныг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрч дахин шинэчлэн боловсруулсан.

3. Хайгуулыг тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгийн удирдлагаас санал аваагүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь тусгай зөвшөөрөл олгосны дараах үйл баримттай холбоотой байх тул энэ тайлбар хамааралгүй.

4. Хайгуулын талбайд Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 6/03 дугаар тогтоолоор орон нутгийн хэрэгцээнд авсан газарт Цагаан толгойн оршуулгын цэг орсон.

Тухайн үед сумын хурлын тогтоолтой маргаагүй, хүчин төгөлдөр болсон байсан.

5. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд палентлогийн хайгуулын судалгааг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судалгааны багаар хийлгэхээр төлөвлөж хамтран ажиллах гэрээ байгуулсан гэсэн ч судалгаа хийлгээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 401 зүйлийн 401.2-д “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.” гэж заажээ.

Судалгааг хийлгэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар дурдсан ч гэрээ болон судалгаа хийгдсэн талаар баримт байхгүй .

6. Эртний үеийн эд өвийг хамгаалах зорилгоор археологийн судалгааг ШУТИС-ийн харъяа Нийгмийн технологийн сургуулийн археологийн багаар хийлгэхээр төлөвлөсөн гэсэн атлаа Ховд Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны танхимын судлаачдаар судалгаа шинжилгээ хийлгэж төлөвлөгөөгөө зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 401 зүйлийн 401.2-д “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.” гэж заасан ба судалгааг хийлгэхээр төлөвлөсөн багаар хийлгээгүй ч өөр мэргэжлийн судалгааны багаар хийлгэснийг буруутгах үндэслэлгүй.

7. Хайгуулын талбайд 38 түүх соёлын үл хөдлөх дурсгал байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 401 зүйлийн 401.1-д”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 402, 46 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.” гэж заасан тул хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах бус зохих үүргийг биелүүлэхийг шаардах үндэслэлтэй.      

8. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үүрэг хүлээнэ…” гэж заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай байна.

            Иймд хариуцагч Эрдэнэбүрэн сумын Засаг даргаас “*******”  ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянаж үзэж, батлахаас татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, “*******” ХХК-нийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав. Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар “Албадан буулгах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, бэлтгэл ажил хангуулсан байхад албадан буулгасан нь хуульд нийцээгүй гэж маргаж, хариуцагчаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлаагүй байхад үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлана. 

 “*******”  ХХК-иас 2019 оны 03 сарын 29-ний өдрийн 14 дүгээр албан бичгээр  2019 оны 04 сарын 05-ны өдрөөс хайгуулын ажлыг эхлүүлэхээр болсон талаар Эрдэнэбүрэн сумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тус компаниас хайгуулын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангаж орон байр, машин, техник хэрэгслүүдийг байршуулсныг эсэргүүцэж нутгийн иргэдээс санал хүсэлт  ирсэнийг сумын Хурлын даргын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр  Засаг даргад хүргүүлсэн тул сумын Засаг даргаас 2019 оны 04 сарын 22-ний өдрийн 1/108 дүгээр албан бичгээр  “*******”  ХХК-д хайгуулын ажлыг хийхээр бэлтгэсэн гэр, техник тоног төхөөрөмжийг мөн өдрийн 19.00 цагт багтаан нүүлгэж, газрыг чөлөөлөхийг мэдэгджээ.

Мэдэгдлийн тухайн өдөр компанийн геологич Алтанхишигтэд гардуулж өгсөн болох нь гэрч сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Даваацэрэнгийн мэдүүлгээр  тогтоогдож байх ба мэдэгдлийг хүлээн авсан хэдий ч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тул сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, албадан буулгасан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө гэсэн 3 баримт бичгийг  хайгуулын үйл ажиллагаа явуулах газар дээрээ байлгах үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаа явуулахын тулд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д  зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах, 37 дугаар зүйлийн  37.2-д зааснаар байгаль орчны албанаас зөвшөөрөл авсан байхыг шаардана.

Гэтэл нэхэмжлэгч компани нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй атлаа хайгуулын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж гэр, машин, техник хэрэгслийг байршуулсныг зөвтгөх үндэслэлгүй гэж үзлээ.

Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н-д зааснаар “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох эрхтэй байх тул нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна.

Албадан буулгасан үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар тайлбарлаж маргаагүй болно.

Иймд Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар “Албадан буулгах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэлийн гурван шаардлагаас нэгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 46800 /дөчин зургаан мянга найман зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 23400 /хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч Эрдэнэбүрэн сумын Хурлаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-нийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/03 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хавсралтын “Цагаан толгой” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Эрдэнэбүрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах, Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/32 дугаар “Албадан буулгах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгөөс 46800 /дөчин зургаан мянга найман зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 23400 /хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч Эрдэнэбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ