Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1564

 

 

 

 

 

 

                                                                                                                   

 

  2022         10         27                                  2022/ШЦТ/1564

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч А.Өсөхбаяр,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Б.Ж-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............. өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, халх, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдийн хамтаар .......... тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ....... овогтой Б.Ж /РД: ЗЮ0000000/. 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 29- ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайм Таур хотхоны 217 дугаар байрны 155 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Т, М.А нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Б.Т-ын зүүн нүд рүү цохиж түүний биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М.А-ын хамар луу хөлөөрөө 3 удаа өшиглөж түүний биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, шарх буйланд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ 2 буюу түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Хохирогч М.А-ын шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайд Д, Т нар 2022 оны 05 дугаар сарын 28-ний орой 22 цагийн үед ирсэн. Мөн тэр 2-ыг ирсний дараа удалгүй /Жамка/ буюу Ж ирсэн. Тэгээд бид 4 манайд мах шарж идээд, пиво уугаад сууж байгаад 02 цагийн үед Дөлгөөн, Туул нар явна, гэртээ харьж амарна гэж байсан юм. Тэгээд Туул хаалга руу явъя гэсэн чинь Жамка ----/ хаалган дээр очоод явуулахгүй гээд хаасан, тэгэхээр нь би босож очоод наад хүмүүсээ явуулаа, ажил төрөлтэй гэсэн чинь Туулыг цохиод намайг хөлөөрөө хамар луу 2-3 удаа өшиглөөд гараад явсан. Би тухайн үед толгой манараад юу болсныг сайн мэдээгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 9 дэх тал/

Хохирогч Б.Т-ын шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д-й хамт 2022 оны 05 дугаар сарын 28-ний оройн 20 цагийн уед А-ын гэрт нь очсон. Тэднийд мах шарж идье гээд Амгаланбаатар дэлгүүр гарч мах, пиво авахаар гарсан. Тэгээд Амгаланбаатар найз Жамкагийн хамт орж ирсэн. Тэгээд бид 4 мах шарж идээд пиво уугаад байж байгаад шөнийн 02 цагийн найз Дөлгөөнийг аваад явлаа гэсэн Жамка явуулахгүй гээд ариун цэврийн өрөө лүү чирч ороод энд хоноод явчих гэхээр нь би явна байж байсан чинь Дөлгөөн ариун цэврийн өрөөний хаалгыг онгойлгоод яагаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би хаалга руу явсан чинь Жамка хаалга хааж зогсоод явуулахгүй гээд байхаар Дөлгөөн явъя гэж байхад нь явуулаач гэхээр нэг удаа алгадахаар нь Дөлгөөн орилсон чинь Амгаланбаатар босож ирээд Жамка чи яагаад байгаа юм, өөрөө гуйчхаад гэсэн чинь Жамка А-р луу дайраад дараа нь утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхээр нь би утсыг нь түлхсэн чинь намайг гараараа зүүн нүд рүү нэг удаа цохисон, гарахдаа толгой руу нэг удаа цохичхоод гарсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 6 дахь тал/

Гэрч Б.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд А чи яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ гэж хэлээд тэр 2 барьцалдаж авахаар нь Э  тэр 2-ыг салгах гэж оролдож байхад тэр залуу Э-ын нүд рүү цохисон бөгөөд А-ын хамар руу цохичхоод гараад явсан, тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7858 дугаартай дүгнэлтээр иргэн М.А-ын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, шарх буйланд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт, 

/хавтаст хэргийн 18-19 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7859 дугаартай дүгнэлтээр иргэн Б.Т-ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий дүгнэлт,

/хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 29- ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайм Таур хотхоны 217 дугаар байрны 155 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ту , М.А  нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Б.Туулын зүүн нүд рүү цохиж түүний биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М.А-ын хамар луу хөлөөрөө 3 удаа өшиглөж түүний биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, шарх буйланд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2, түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан нь.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ---дугаартай дүгнэлтээр иргэн М.А-ын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, шарх буйланд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7859 дугаартай дүгнэлтээр иргэн Б.Т-ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий дүгнэлт, шинжээчийн дүгнэлт

Шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Б.Т М.А  нарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Ж нь хохирогч М.А , Б.Т  нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь хохирогч М.А , Б.Т- нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Жийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах, хохирогчид хөнгөн гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй байна гэсэн саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөөс төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Ж нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М.А-т 800.000 төгрөг, Б.Т-д 100.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нар нь хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй тул Б.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ---------- овогт Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 буюу түүнээс олон  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жид нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ